Махны үнэ яагаад өндөр байна?
Өчигдөр Авсрали улс Хятадын махны хэрэгцээг хангах гээд 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийлээ. Байгалиасаа хонь, үхэр байгаагүй Авсрали шүү дээ.
Манайх хамгийн сайн чаддаг гэж "бодоцгоодог" Мал Аж Ахуйн салбартаа яажшуухан хоцрогдсон бэ гэдэг нь гадаадаас Үнээ, Морь авчирч байгаагаар нь батлагддаг.
Яг 10 мянган жилийн өмнө байсантайгаа адил, гэрээ бариад, малаа хариулаад явахаар малын сүү, мах, ноос, ноолуур, арьс ширний гарц нь олон улсад өрсөлдөж чадахаа байсан хэрэг. 50 сая малтай боловч махны үнэ нь малгүй газрынхтай жишиж очихоор энэ салбарыг үндсэнд нь өөрчлөх хэрэгтэй болсныг харуулна. Нэгдэлжүүлэх гэж, хамтралжуулах гэж, үржил селекц хийх гэж, фермжүүлэх гэж 1990 он хүртэл үзэж байсан эрдэмтэдээ нүд анихаас нь өмнө арвин их туршлагыг нь баримтжуулж авахгүй бол 1960 онд гаргасан алдаагаа удахгүй давтаж эхлэх байх.
Хувийн юм л бол хамгийн сайн хөгждөг юм байна гээд, нэг Харвардын профессор юугаа ч мэдэхгүй тархи угааж, энд байсан хэд нь бас юуг нь ч ойлголгүй тархиа угаалгаснаар малыг хувьд шилжүүлж, Мал аж ахуйн хүрээлэн, Хөдөө Аж ахуйн сургуулиа гаргуунд нь хаяж, ферм, нэгдэлийн хөрөнгийг нь сайн дурынхан тонон дээрэмдээд, 1990 онд энэ улсын МАА-н салбар дууссан. 1990 онд МАА-н салбарт 60 жил хийж явсан ололтоосоо шууд гулсаад 1923 ондоо очсон.
Ямар сайндаа л 2010 онд малын эмч нарыг шинээр бэлтгэх нь зөв тухай ойлгоцгоож байхав дээ.
Хувьд очсон, хувийн өмч болох ямаанд мөнгө тарааж, харин хувийн машинтай хүнд нь бензиний мөнгө өгдөггүй, ийм л улс, бид. Уг нь тэр ямаанд өгсөн 30 тэрбум төгрөгөөр Ямааны Эрдэм Шинжилгээний хүрээлэн өлхөн барих, эсвэл Монгол ноолуурыг дэлхийн зах зээлд гаргах стратегийн судлагааг дэлхийн хамгийн том байгууллагуудаар хийлгэх (бид чадахгүй л дээ) хангалттай мөнгө байв.
Аливаа Феодализм, Социализм, Ардчилсан нийгмийн зорилго нь ижил байдаг юм. Тэр нь хүн төрлөхтөний сайн сайхны төлөө чиглэгддэг юм. Тийм учраас систем нь нэг байдаг билээ. Гагцхүү арга хэрэгсэл нь өөр байдаг учиртай. Гэтэл Социалист нийгмээс Ардчилсан нийгэмд шилжих гээд, ердөө арга хэрэгслээ солиод болох байтал, системээ бүхэлд нь нурааж хаясан учраас бид өнөөдөр хөгжлийг өндөр шилэн байшин төдийхнөөр ойлгож суугаа нь шившиг.
Одооноос эхлээд "Цонхоороо хар л даа, 1990 онд ямар байлаа, бид одоо хөгжөөд байна шүү дээ" гэж сайд дарга нар телевизээр хээв нэг ярьдагаа больцгоох хэрэгтэй. Яагаад гэвэл дэлхийн ямар ч улс оронд хөгжлийг шилэн барилгаар хэмждэггүй билээ. Хятад эсвэл Солонгосын хөрөнгө оруулалтаар нэг шилэн тауэр бариа л биз. 1990 онд эрүүл мэнд, боловсрол, эрдэм шинжилгээний төвшинд дэлхийн хаана байсан, өнөөдөр хаана байгааг эрдэмтэд л хэлэхээс биш хувьсгалчид хэлэхгүй шүү дээ.
Улс орныг чинь философичид, эрдэмтэд авч явдаг болохоос биш хулигаанууд авч явсан түүх дэлхийд байхгүй. "Багадаа атаман явлаа ш дээ" гээд ямар ч жишимгүй төрийн дээд эрх мэдэлтнүүд телевизээр нь бурж байдаг улс дэлхийн хаана байна? Залуу үедээ ямар үлгэр дуурайл үзүүлж байгаа юм? Онц сурах, сурлагадаа шамдах огт хэрэггүй, зодоон хийгээд архи уугаад явбал над шиг эрх мэдэлтэй, баян тарган болно гэж хэлж байгаа ухаантай юм уу.
Хэзээнээс эхлээд булчин, тархинаас илүү болчихсон юм, Монголд?
No comments:
Post a Comment