2012 оны сонгуулиас хойш гадаадын хөрөнгө оруулалт - уул уурхай ч бай өөр бусад 15 салбар ч бай - ерөнхийдөө зогсонги байдалд орсоныг бид мэднэ.
Бидний холбоо анх 2007 онд "Монголын Хөрөнгө Оруулалтын Банкны" конференцийг Ройтерстой хамтран зохион байгуулж Хонг Конгийн хөрөнгийн бирж, Стандарт Чартеред банк, Софт банк болон хөрөнгө оруулалтын сангуудыг Монголд анх урьж авчиран яаж хувьцаа, бонд гаргадаг, яаж гадаадын хөрөнгийн бирж дээр мөнгө босгодог талаар хурал хийсэн юм. Хуралд оролцсон хүмүүсээс мөнгө аваагүй.
Түүнээс хойш нэг хэсэг бүгд хөрөнгө оруулалтын банк байгуулж, бүгд Хонг Конгод хувьцаа гаргах юм болсон доо. Мэдээж би наанатай цаанатай ярьж байна. Түүх үнэнээрээ л сайхан.
Бид ашгийн бус холбоо гэхэд хэдэн сая төгрөгний зардал гаргаад л явж байв. Ройтерсийн захирлууд болох Кеннет, Фиделия, Урнаа нар гол үүрэг гүйцэтгэсэн үнэхээр буянтай хүмүүс билээ.
Түүнээс хойш олон хурал зохиожээ. Хэзээ ч оролцогчоос мөнгө авч байсангүй. Хурал дээр компанийн тухай танилцуулга презентац тавьж байсангүй. Харин хуралд оролцогсодод зориулж, ажил үйлсэд нь хэрэгтэй тийм л презентациуд миний оролцоотой байгууллагуудын зохиосон хурлууд дээр тавигдаж ирлээ.
Энэ бүх хурлууд мэдээж дан нэг талын санхүүжилтээр явах боломжгүй. Олон арван сая төгрөгний зардал гардаг. Гэтэл бид удахгүй болох ёстой Эрсдлийн Форумаа хийх гэж нэмэлт спонсорууд хайх явцдаа нэг тэнэг зүйлийг ойлгов.
Өнөөдрийг хүртэл бидний санаачилсан хурлуудыг Гадаадын тал эсвэл гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд дэмжиж, мөнгөн санхүүжилт хийж, захирлууд нь ирж маш сонирхолтой илтгэл тавьж ирсэн байх юм.
Нэгэнт гадаадын хөрөнгө оруулалт зогссонтой зэрэгцэн Эрсдлийн форумыг дэмжих спонсор илт цөөрсөн нь ийм хэтэрхий энгийн зүйлийг ойлгох боломжыг олгов. Гэтэл манайд Монголын аварга том корпорациуд ийм нийгмийн хариуцлагатай, компаниудад (хуралд энэ Монгол компаниуд л ирж үнэгүй суудаг шүү дээ) хэрэгтэй конференциудыг ивээн тэтгэдэггүй байх юм. Харин "өнөөх л нэг", "Монголд хөрөнгө оруулцгаая" конференцэд бол харин маркетингийн зорилгоор мөнгө гаргаж логогоо харуулдаг юм байна.
Яагаад нэг удаа нийгэмд, улсад, эдийн засагт хэрэгтэй конференц байгаад, тэрэнд нь хүмүүс ирж үнэгүй сууж чанартай мэдлэг аваад - компаниуд нь нийгэмдээ хэрэгтэй зүйл хийлээ гэж сэтгэл хөөрөөд явж болдоггүй билээ.
Бид одоо бас асуудлыг өөрөөр харах цаг болжээ. Нийгмийн хариуцлага гэхээр хэдэн мод тарьдаг, хог түүдэг - тэрийгээ жилийн тайлан дээрээ харуулах гэж дүр эсгэдэг байдлаа халах цаг болжээ. Бид олон мянган хүн ажиллуулдаг, олон тэрбумын ашиг олдог корпорациуд - арай илүү - нийгэмдээ оюуны хөрөнгө оруулалт хийдэг болох цаг иржээ.
Төр засгаа, ард түмнээ муулаад, муулаад л гэхдээ тэднийгээ боловсруулах, сайжруулах тал дээр болохоор юу ч хийдэггүй байж болохгүй ээ.
No comments:
Post a Comment