Thursday, April 18, 2013

Ажлын цаг


Илүү цагийн мөнгө өгсөн, өгөөгүй гэсэн гомдол Монголын байгууллагуудад их гардаг даа.

Залуучууд бас сүүлийн үед ийм зүйл их ярьдаг болсон нь анзаарагдана. 90-ээд он, 2000-д онд бол юун илүү цаг, тэр үеийн залуучууд "нохой" шиг л зүтгэдэг байж. Харин сүүлийн үеийн залуучууд хүний эрх чөлөө их ярьдаг болжээ.

Би энэ тал дээр хэдэн санаа бодлоо хэлье.

Америкт дөнгөж банкинд орсон 23 настай банкир залуу 7 хоногт дунджаар 80-100 цаг ажилладаг. Хэрэв "илүү цагийн мөнгө" ярьж гоншигоновол шууд ажлаасаа халагдана. 80 цаг гэдэг нь ням гаригт бүтэн амарлаа гэж бодвол 6 өдөр, өдөрт 13 цаг ажиллана гэсэн үг.

Хүний тархи бол яг л биеийн булчин шөрмөстөй адил тасралтгүй хичээл сургуулилт шаарддаг. Хүн налайж амарч, хэвтээд олимпийн аварга болдоггүй. Өдөр бүр 10 цаг булчин шөрмөсөө зовоож байж тийм амжилтанд хүрдэг. Тархи ч яг адил. Тасралтгүй зовоож байж илүү хурдан ажилладаг болно, илүү "ухаантай" болно.

Ялангуяа оффисын ажил хийдэг залуус аливаа зүйлийг маш хурдан уншдаг, маш тодорхой дүгнэлт хийдэг, маш хурдан санаа боловсруулдаг, түүнийгээ маш хурдан бичиг болгон буулгаж чаддаг - ийм наад захын шаардлагуудыг хангах ёстой байдаг. Тийм учраас тархийг зовоож бүтээмжийг нь сайжруулах хэрэгтэй - залуу байхдаа. 20-н хэдтэй залуу байхдаа үүнийг хийж чадаагүй бол тархи дараа нь ачаалал авч чадахгүй залхуу болдог.

Тэгэхээр залуучууд бол илүү цагийн талаар яриад ч хэрэггүй байх нь. Яагаад гэвэл ажлаа цагт нь хурдан хийж чадахгүй байгаа учраас л илүү цагаар сууж байна гэсэн үг.

No comments: