Юманд учир суманд начир байх. Энэ хорвоо дэлхий өөрийн гэсэн зүй тогтолтой. Санаатай болон санамсаргүй хэмжигдэхүүн дунд хөврөх.
Би захирлын хувьд олон хүн халж, олон хүн ажилд авсан. Олон ч залуусыг сургасан даа. Намайг анх ажиллуулж байсан боссын нэг хэлсэн үг байдаг юм. "Чи хүнд 1, бас 2 дугаар боломжыг олго - харин чи 3дах боломжыг олгож байгаа бол чи өөрөө тэнэг бөгөөд захирал хийх эрхгүй" гэж.
Хүн ажлыг биш харин ажил хүнийг голдог юм. Харин ажилд гологдсон хүмүүс дандаа л шалтаг хайна. Унасан бөхөд ямар шалтаг мундах биш. Мэдээж ихэнхдээ өөрийг нь бусдын эрх ашгийн төлөө халсан захиралд гомдоно.
Би нэг найзыгаа ажилд авсан юм. Хэсэг ажилласныхаа дараа мань эр "Ганзо, хэрэв чи намайг халвал би огт гомдохгүй бид найзаараа үлдэнэ шүү. Яагаад гэвэл чи компанийн эрхэм зорилго, хамт олны эрх ашгийн төлөө намайг огт эргэлзэхгүй халж чадах юм байна гэдгийг би ойлголоо." гэж хэлж билээ. Нэг бодлын маш хүндэтгэлтэй нөгөө бодлын аймшигтай хариуцлага.
Би ийм л захирал байхыг зорьдог, хичээдэг. Заримдаа онодог л байх. Заримдаа зөрдөг ч биз. Нас залуу байна. Сурах зүйл ч их байна. Миний удирддаг компани, байгууллага, холбоо, клуб аль нь ч бай асрамжын газар болж хувирахыг би хүсдэггүй. Миний хүслээс дээр чөлөөт зах зээлт дэлхий дээрх ардчилсан бизнесийн зарчим гэж юм байна - ёс суртахуун гэж юм байна - тэд нар тэгэж шаарддаг юм.
Ганзориг гэж хувь хүн нэг байна. Харин Ганзориг гэж удирдагч нэг хүн байна. Энэ хоёрыг хольж хутгаж холион бантан болгохгүй байвал тэр чинь корпорацын зөв засаглал, бизнесийн зөв ёс суртахуун мөн.
Би хувь хүнийхээ хувьд таашаадаг хүнээ байгууллагынхаа буюу олны эрх ашгийн төлөө халж чаддаг байх ёстой. Ингэснээрээ би хэрцгий хүн болохгүй. Энийг шүүж дүгнэнэ гэдэг нь дэлхий ертөнцийн төв юм уу эсвэл од гаригсийн систем юм уу гэж өнөөдөр маргаж байгаатай яг агаар ижил.
Дотроо хатуу сахилга бат, эцэш цуцашгүй хөдөлмөр, дүрэлзсэн эрчилсэн хамт олон, зорилгын төлөөх нэгдэл, сул тоглогчид хайр найргүй байдал --- Харин гаднаа зөөлөн - харилцагч, ард түмэнд хэрэгтэй, сайшаалтай зүйлийг хийж бүтээсэн тийм л байгууллагуудыг байгуулах гэж би хичээдэг. Тэрнээс нөхөртөө хаягдагсадын уйлж, унжиж зовлонгоо ярьдаг бүлгэм байж болохгүй нь ойлгомжтой.
Би хэрэв Америкт гүйцэтгэх захирал эсвэл Японд байгууллага удирддаг байсан бол хамаагүй амар байхсан. Яагаад гэвэл тэнд ур чадвартай, дуулгавартай, мэдлэгтэй ажиллах хүчийг улс бэлдээд хөдөлмөрийн зах зээл дээр тавьчихсан байдаг юм. Монголд харин гүйцэтгэх захирлууд юугаа ч мэдэхгүй хүүхдүүд нэг талд юм заах гэж, нөгөө талд бүтээгдэхүүнээ сайжруулж, маркетингаа хийж, бас дээрээс нь харилцагч нараа боловсруулах гэж махаа иддэг юм. Нөгөө хүүхдүүд нь энийг ойлгохгүй бас байнга гомдож, захирал намайг ойлгодоггүй муу хүн гэж олон юм ярихыг нь яана. Тэр хүүхдүүдэд сургууль, цэцэрлэгт нь заагаад өгчих ёстой байсан юмыг нь Монгол захирлууд заагаад, дээрээс нь цалин төлөөд явдаг шүү дээ. Ямар ч Монгол захирал тэрийг хэлнэ дээ.
Тийм ч учраас би Монгол хүн болж төрсөндөө олзуурхдаг юм. Нью Йоркод, эцэг өвгөдийн нус нулимсаар 100, 200 жилийн өмнө бий болгосон боловсролын, эрүүл мэндийн, нийгмийн ёс суртахууны систем нь бүх юмыг нь бэлдээд өгчихсөн - тийм орчинд - ганц хоёрхон үйлдэл хийгээд л жилд хэдэн сая долларын цалин авдаг тэр эрхмүүдээс - бид нар илүү хэцүү, тааварлагдашгүй, заримдаа давагдашгүй ч юм шиг нөхцөлд хүмүүсийг удирдаж, сэдэлжүүлж, урам зориг өгч, сургаж, чиглүүлж, зохион байгуулах ажил хийдэгтээ бахархалтай явдаг юм.
Тэр дунд хэлээд, заагаад байхад ойлгохгүй, хамт олны дунд сөрөг уур амьсгал үүсгэж, дандаа болохгүй бүтэхгүй юм ярьж явдаг нөхдүүдийг бол нэг хэлээд, хоёр тайлбарлаад, гуравдах дээр нь халаад л явна шүү дээ. Энэ бол миний бодол биш, энэ бол бизнесийн зарчим юм.
No comments:
Post a Comment