Monday, March 25, 2013

cont.d


Фундаментал сэтгэлгээний талаар би ярьдаг билээ. Энэ нь аливаа өнгөц, харагдах шинж чанар биш харин түүний мөн чанарыг таних сэтгэлгээний нэг хэлбэр юм.

Мэдлэгийн талаар бид ярьдаг. Мэдлэг бол хоёр хэлбэртэй байж болох юм.

Нэг төрлийн мэдлэг нь дан шинж чанарын талаарх мэдлэг. Ангилал зүй, нэр томъёо олныг цээжлээд докторын зэрэг авч болно. Мөн чанарыг харин огт мэдэхгүй.

Харин нөгөө төрлийн мэдлэг нь мөн чанарын талаарх мэдлэг. Мөн чанарыг фундаментал байдлаар ойлгохын тулд шинж чанарын мэдлэгийг мэдээж зохих төвшинд хуримтлуулсан байвал зохино.

Орчин үеийн эдийн засгийн ухаан нь чухамдаа шинж чанарын талаарх мэдлэгийг хуримтлуулж мөн чанарыг таних оролдлогууд дээр суурилна. Мөн чанарыг таньж бүрэн чадвал тэр нь эдийн засгийн онол болно. Гэтэл одоог хүртэл ямар ч онол мөн чанарыг бүрэн тайлбарлаж чадахгүй байгааг харахад эдийн засгийн ухаан маань шинж чанар дээр илүү суурилсаар байгаа юм болов уу гэж бодогдоход хүргэдэг.

Фундаментал сэтгэлгээ бол харин эсрэг. Мөн чанарыг хайж тоймгүй олон шинж чанаруудыг математик загварт оруулан бүдчихийн оронд харин Фундаментал сэтгэлгээний аргаар  Мөн чанарыг шууд философи үндэс, эрхэмсэг оршихуй буюу мөн чанар талаас нь хайж олж болно. Мөн чанарыг шууд мөн чанар талаас нь барьж авах гэсэн санаа.

Шинж чанарт хязгаар гэж үгүй. Тэгвэл шинж чанарын нэгээхэн хэсгийг л мэдээд доктор болж болох уу. Тэр шинж чанар дээр үндэслэсэн мэдлэг нь огт худлаа байвал яахав.

Жишээлбэл мөс бол ус. Уур бол ус. Мөсийг л судлаад усыг таньж чадах уу. Уурыг л судлаад усыг таньж болох уу. Гэтэл хүн гэдэг чинь юу билээ. Нийгэм, эдийн засаг бүүр ч төвөгтэй болох бус уу.

Олон хүмүүсийн бөөгнөрөл хийгээд шийдвэр гаргалт байтугай өөрийнхөө хэн бэ ч гэдгийг таньж чадаагүй хүн яаж эдийн засгийг удирдах билээ.

Математик загвар бол аливаа шинж чанарын нэг хэлбэр болох тоон үр дүнгүүдийг цуваанд оруулж, эсвэл олон хувьсагч хэлбэрт шилжүүлэн мөн чанарыг танин мэдэх гэсэн оролдлого юм.

Би өмнөх бичлэгээрээ жаахан ойлгомжгүй бичсэн байж болно. Ер нь би гадаадад сургууль төгссөн хүмүүсийн эсрэг этгээд биш гэдэг нь ойлгомжтой.

Гол хэлэх гэсэн миний санаа бол ... Шинж чанарын зарим мэдлэг цуглуулсаныгаа Мөн чанарыг ойлгосон мэтээр эндүү буруу бодох үзэгдэл маш өргөн байна. Ялангуяа гадаадад маш өндөр боловсрол - ялангуяа докторын зэрэг хамгаалсан боловч баахан шинж чанар дунд эргэлдэж төөрөлдөх тохиолдол байгааг би анзаараад өмнөх бичлэгээ бичсэн юм.

Мэдээж энэ чинь нийт гадаадад сурч төгсөөд эгэн ирж байгаа хүмүүст бүгдэд нь хамаатай гэсэн үг биш.

Эдийн засгийг ойлгохын тулд өөрөөсөө эхлэх ёстой. Философи уншихаас эхлэх ёстой. Би хэн бэ гэдэг өөрийнхөө мөн чанарыг таньж мэдэхээс эхлэх ёстой. 20 гаруйхан настай байж мастер доктор хамгаалах гэж яарах огтхон ч хэрэггүй. Эхлээд өөрийнхөө учрыг ол. Дараа нь өрөөлийн учрыг ол. Тэгээд хэдэн сая хүний талхыг шийдэх эдийн засгийн ухааны учрыг олох нь зүй бус уу л гэсэн юм.

1 comment:

Anonymous said...

Яг зөв, би тэгээд л алдаад бж. Яг үнэндээ өөрийгөө олох гэж л гадаадад сури гэж бодод бсим