Leadership-д ганц л чанар бий. Тэр бол хариуцлага хүлээх ухамсар юм гэж би дээр бичсэн.
Гадаадад 2 магистр хийчихсэн хүн Монголд буцаж ирээд гуравдах магистраа хөөцөлдөж байгааг хараад би гайхдаг байв.
Хүн тасралтгүй сурах ёстой. Хүн насан туршдаа өөрийгөө сайжруулах ёстой. Гэхдээ юуны тулд? Шарил дээр чинь тэгээд энд мундаг олон магистр, доктор хамгаалсан хүн хэвтэж байна гэж бичих юм уу.
Хүн ухамсартай, сэдэлтэй, зорилготой сурах ёстой. Эдгээр нь хариуцлагаас үүддэг. Сурахын тулд сурдаггүй юм. Доктор хамгаалахын тулд докторын ажил бичдэггүй юм. Докторын дайны ажил бичсэн учраас нь доктор гэж тэрхүү эрхэм хүндтэй зэрэг цолыг олгодог юм.
--- 14 настай хүү, 7 буудалд амьдардаг, өнчин хоёр дүүгээ зах дээр тэрэг түрж хооллолдог. Хааяа урд айлын хазгар эмээд усыг нь дөхүүлж өгдөг.
--- 35 настай залуу, сайхан гэр бүлд төрж өссөн, аав ээжийн буянаар гадаадад эхлээд магистр, дараа нь доктор хийсэн. Хэнд ч юу ч өгч үзээгүй.
Алинд нь Монгол улсын Лидершипийн жолоог атгуулах вэ. Мэдээж 14 настай хүүд.
Амьдрал гэдэг чинь математикийн томъёо биш. Ард түмний зүрх сэтгэлийг эдийн засгийн тоон цуваанд оруулж боддоггүй юм. Амьдралдаа 7 буудал гэж хаана ч байдгийг мэдэхгүй доктороос амьдралын амт шимтийг бяцхан нуруундаа сайнтай муутай нь үүрч явдаг тэр хүү ард түмний төлөө шийдвэр гаргаж чадна.
Чухал шийдвэр гаргах болоход доктор аль номны хэд дүгээр хуудсанд байсан билээ гэж бүдчинэ. Хүү харин тэгэхгүй. Тэр амьдрал гэж юу болохыг мэднэ.
Яагаад гэвэл тэр хүний төлөө, өөр дээрээ хариуцлага хүлээж үзсэн.
Амьдралдаа нэг хүнд "май хөгшөөн" гээд талх авч өгч үзээгүй хүн бүхэл бүтэн ард түмний харуицлагыг нуруун дээрээ хүлээж авч чадахгүй.
Дүү нарынхаа баяр баясгаланг нуруун дээрээ үүрч, өдөр болгон өөр хүний төлөө амьдарч явсан тэр хүү л Монгол улсыг удирдаж чадна.
Сайн ойлгож ч чадаагүй, хэдэн онол дундаа хайрцаглагдсан, эдийн засгийн мундаг мундаг өөрөөс нь өөр хэн ч ойлгохгүй жаргоноор хүн амьтанд хийрхсэн тийм удирдагч гэж байдаггүй юм. "Хэрэв чи цөмийн физикийг тэнэг хүнд ойлгогдохоор ярьж чаддаггүй бол чи цөмийн физик огт мэддэггүй юм байна" гэж Эйнштэйн хэлсэн. Цөмийн физикийн хажууд эдийн засаг бол өчүүхэн муу салбар. Цөмийн физик байдаг учраас хүн төрлөхтөн оршин тогтнодог болохоос эдийн засаг байдаг учраас хүмүүс байдаг юм биш.
Ингээд гадаадад "мундаг боловсрол" эзэмшсэн, ард түмэнтэйгээ attachment байхгүй, sense of responsibility байхгүй хүн Монгол улсын бодлогыг тодорхойлж эхэлвэл яахав. Монгол улс хаашаа явхав. Эдийн засгийн математик загварын тоонууд нь Монголын ард түмнийг, 7 буудалд байгаа тэр нэг хүүгийн хүсэл мөрөөдөл, дүүгээ хайрлах хайрыг нь төлөөлөх үү.
"Азаар" хотын төвд гайгүй айлын хүүхэд болж төрөөд, эцэг эхийнхээ танил талаар гадаад дотоодод боловсрол эзэмшчихэнгүүтээ хаднаас ургаж, тэнгэрээс унасан хүн шиг байх шаардлагагүй. Монгол хүн ухаантай юм бол Монголын ард түмнийхээ эрх ашгийг хамгийн тэргүүнд тавьж, тэдний зовлон жаргалынх нь өмнөөс хариуцлага хүлээж чаддаг байх ёстой.
Лидер хүн гэж бусад хүний өмнөөс өөр дээрээ хариуцлага хүлээдэг хүнийг л хэлнэ. Өөр хэн ч биш. Ингэж чаддаггүй бол ард түмний хувь заяаг тодорхойлох позиц дээр очих эрх байхгүй. Харвард төгссөн байсан ч хамаагүй.
Аа харин тэр дипломын мэдлэгийг чинь википедиа 3 сар уншаад л олно. Тэр 7 буудлын хүүд англи хэл заагаад, википедиа асаагаад өгөхөд 1 жилийн дотор мундаг удирдагч болно.
Нээрэн бас википедиа гэж ийм агуу, тэгсэн мөртлөө тийм хямдхан юмыг хийсэн орчин үеийн Будда таньд баярлалаа.
1 comment:
Нийтлэлүүдийг унших тусам санал нийлж, дотор Монголыг өөдрөгөөр харах,удахгүй хөгжинө гэдэгт итгэх итгэлийн гал асах шиг болох юм. Тань шиг ийм хүмүүс өшөө олон байгаасай
Post a Comment