:::Фундаментал Сэтгэлгээ::: Шинж чанарыг үл тоож, Мөн чанарыг хайна. Туйлын үнэн байна гэдэгт итгэнэ. Үзэгдлийг хуйвалдаан, нэг бүлэг, нэг хүн, бурхан биш харин фундаментал зүй тогтол бий болгодог гэж үзнэ. Төгс бүтээл, төгс системд тэмүүлнэ.
Sunday, February 17, 2013
Эдийн засгийн ба ухамсарын хувьсгал
ТВ үзэж суув аа. Нэгэн эрхэм ярих юм. "Бид 1998 онд тооцохдоо 2012 он гэхэд Монголын нийт машины тоо 200 мянга л болно гэж тооцсон, гэтэл одоо түүнээс хамаагүй даваад явсан байна. Ийм учраас энэ замын түгжрэл чинь өндөр төвшинд байна шүү дээ." гэж УИХ дээр айлдав аа.
Энэ эрхэм болон ер нь олон бусад эрхэмүүд - Монгол улс үргэлж л үгээгүй ядуу байх юм байна даа гэж 90-ээд онд тооцжээ. Хөгжүүлэх, хөтлөх, манлайлах ёстой эрхэмүүд ингэж тооцсон байхад бид өнөөдөр яагаад ийм хөгийн дэлхийд дандаа доороосоо байранд ордог вэ гэж гайхах учиргүй юм шиг.
Хэрэв улсын чинь лидерүүд, сангийн яамтайгаа нийлээд 10 жилийн дараа ч Монгол ядуу байх юм байна гээд тооцчихвол улс ер нь хөгжих үү, нөхдөө?
Монголд Ухамсарын хувьсгал хийх цаг болсон гэж би үздэг. Ухамсарын доройтолд орчихсон байгаа ийм бэлхэн жишээ байхад Ухамсарын хувьсгал хийж байж л үүнээс гарна.
Монголчууд бид өөдлөх айлын өнгө үүднээсээ гэж ярьж ирсэн, түүх, соёл, үндэс угсаагаараа бахархах юмтай ард түмэн. Ганц хоёр зуу татчихаараа Чингисийн үр сад гэж цээжээ дэлддэг, ярих түүхтэй, түүх нь тодорхой ийм л ард түмэн.
Гэтэл ганц Олон улсын нисэх буудлаас нь Нийслэл хотруу явах зам нь Хятадын хамгийн мухарын тосгоны замын хаана ч хүрэхгүй...
Би өөрөө хүн тосч яваад Монголчууд бид амралтаараа хөдөө офф-роад явах дуртай гэж хэлээд "Уучлаарай, бид нар одоо офф-роад явж байгаа юм биш үү" гэж хэлүүлж амруугаа алгадуулж байлаа.
Монгол хүмүүс бардам зантай, бахархах зүйлтэй гэж хэлэхэд гадны хүн миний өмнөөс тэнэг хүн харж байгаа аятай харахад нь ойлгохгүй бухимдах үе ч надад байлаа.
Бид ирээдүйгээ барьж байгуулах нь битгий хэл, өнөөдрөө, бүүр түүхээ ч ойлгох ухаангүй болтлоо доройтсон гэж үү. Үгүй гэж би итгэнэм. Бид ийм замтай, тийм утаатай, тэгээд дэлхийд дандаа сүүлчийн 100-н хэдэд ордог статистиктай байж эзэн Чингис, бидний өвөг дээдэс тэр хүмүүсийн нэрийг нь дурсах ч эрхгүй.
Бидний удирдагчид, 10 жилийн дараа гэхэд Монголын 2.7-хон сая ард түмэн - айл бүр хоёр машинтай, тэгээд тэр нь дандаа бенз, бүгдээрээ хаустай, эрүүл мэнд, боловсролоороо дэлхийд дээгүүрт байна гэж төсөөлж чадахгүй, харж чадахгүй ухамсар нь сохорчихсон тэнд 20 жил сууж байгаа бол - энэ бол ухамсарын доройтол мөн.
Үнэтэй машинаас илүү татвар авах хууль батлаад, тансаг хэрэглээнээс татвар авах тухай донгосч байгаа бол - энэ бол Монголчууд үүрд ийм ядуу чигээрээ үлдэх бөгөөд, тэд нарыг сайн сайхан зүйлс эдлүүлж хэрэглүүлэхгүй байлгах гэсэн ухамсарын доройтолтой санаа мөн.
Адам Смитийн далд гарын онолыг буруу зөрүү ойлгож - Хэн нэгэн далд гар Монгол улсыг хөгжүүлэх бөгөөд харин өөрөө бол бөө, ламд сайн мөргөж албан тушаалдаа үлдэхийн сацуу ахиухан хувьдаа хусах маягаар өндөр сэнтийд суудаг бол тэр чинь ухамсарын доройтол мөн.
Хятад бол коммунист орон. Монгол бол харин ардчилсан орон. Машиныг дугаараар хязгаарлаж байна аа гэдэг нь төр засаг үндсэндээ замын бөглөрөлийг шийдэж чадалгүй бууж өгөн, хариуцлагыг ард түмэнд тохоож буй хэрэг мөн. Тийм учраас дугаараар хязгаарлах явдал нь ердөө түр зуур л үргэлжлэх ёстой.
Гэтэл хамгийн хачирхалтай нь, ардчилсан Монгол оронд - нэгэн ийм явдал байна. Машиныхаа дугаарыг солиулахын тулд өөр бас яг ижил дугаартай машинтай байх ёстой гэнэ шүү. Хэрэв таны машин энэ "түр" журмаас болж (class action хийхэд Хотын захиргаа унана л даа) Даваа гаригт явдаггүй, харин та зөвхөн Даваа гаригт заавал явах хэрэгтэй, нэг машинтай дундаж иргэн - тэгээд тэр машинаа банкны зээлээр авсан бол яахав.
Ийм ухамсарын доройтолтой дундаж албан тушаалтнууд - ардчилсан оронд амьдараад байгаа юм уу, хөдөө амьдраад байгаа юм уу гэдгээ ойлгохоо больтол төөрөлдчихсөн этгээдүүд өндөр сэнтийд суусантайгаа нийлээд энэ ард түмнийг чадаж байгаа юм.
Монгол улсад ухамсарын хувьсгал хэрэгтэй байна. Түүнтэй зэрэгцүүлээд эдийн засгийн хувьсгал хийлгүй болохгүй нь. Энэ эдийн засаг нь утгаа алдлаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment