Өнөөдөр эдийн засаг, санхүүгийн нэгэн энгийн мөртлөө чухал асуудлыг бичнэ.
Олон улсын санхүүгийн захад Зээлийн Зэрэглэл (Credit Rating) гэж юм байх.
Moody's, Fitch, Standard and Poors гэсэн үндсэн 3 компанийг Америкийн засгийн газар дефакто хүлээн зөвшөөрснөөс хойш эдгээр гурван байгууллага олон улсын санхүүгийн зах дээр зээлийн зэрэглэл тогтоож ноёрхож буй.
Санхүүгийн зах дээр хөрөнгө оруулалтын олон бүтээгдэхүүн бий. Тэдгээр бүтээгдэхүүнийг гаргагч байгууллагууд мөн хэдэн зуун мянгаар тоологдоно. Гэтэл энэ олон бүтээгдэхүүн аль нь найдвартай, аль нь эрсдэлтэй вэ гэдгийг нэг бүр ялгаж салгаж судлана гэдэг бол хөрөнгө оруулагч нарын хувьд хүсээд байх ажил биш нь ойлгомжтой.
Тухайн байгууллага/улс орон, эсвэл гаргаж буй бонд, өрийн бичигт нь зэрэглэл тогтоодог.
ААА, АА, А, ВВВ, ВВ, В, ССС, СС, С ба D гэсэн ерөнхий дараалалтай. ААА бол хамгийн сайн буюу ийм зэрэглэлтэй бондыг худалдаж авахад нэг жилийн дотор энэ бондыг гаргагч нь дампуурах магадлал бараг 0-тэй тэнцүү. Харин D үнэлгээ авагч нь үндсэндээ дампуурсан бөгөөд авсан зээлээ эргүүлж төлөхгүй гэж ойлгож болно.
ВВВ бол хөрөнгө оруулах зэрэглэл (investment grade) юм. Энэ зэрэглэл болон түүнээс дээшээ зэрэглэл бүхий хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд мөнгөө хийхэд тохиромжтой гэж олон улсын зах үздэг байна.
Манай улсын хувьд 3 агентлагийн хоёр нь В, нэг нь ВВ гэсэн зэрэглэл өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулах зэрэглэл биш, харин эрсдэлтэй зэрэглэл гэсэн үг.
Зураг дээр Америкийн засгийн газрын бонд буюу ААА зэрэглэлтэй бондтой харьцуулахад манай орных шиг ВВ зэрэглэлтэй бондын хүү нь хэдэн пунктээр илүү байгааг 1986 оноос 2009 он хүртэл харуулсан байна.
Хэрэв чи ААА биш харин ВВ зэрэглэлтэй нөхөр бол олон улсын санхүүгийн захаас мөнгө босгохын тулд даруй 332 пункт буюу 3.32% хүү жилд нэмж төлөх ёстой гэсэн үг.
Хэрэв ААА-тай нөхөр 5% дээр мөнгө босгодог бол чи ВВ-тэй нөхөр багаар бодоход 8.32% дээр л мөнгө босгоно гэсэн үг.
Манайх олон улсын захаас Засгийн газар 2 тэрбум доллар, Худалдаа Хөгжлийн Банк 300 сая доллар, за тэгээд бас бус босгосон мөнгө нь нийлээд хэдэн тэрбум доллар дөхнө. Үүний хүүгийн зөрүү буюу 3.32% маань жилд 100 орчим сая доллар болох нь байна. Овоо их мөнгө шүү.
Саяхан даа, манай нэг танил олон улсын Мөнгөний захын сангийн менежер (Money market fund) "хэрэв танайх хөрөнгө оруулах зэрэглэл буюу ВВВ болчихвол олон улсын зах дээр Мөнгөний захын сангуудад эргэлдэж байгаа хэдэн триллион доллараас орж ирэх боломжтой доо. Мөнгөний захын сангууд зөвхөн ВВВ зэрэглэл буюу түүнээс дээш үед л орж ирдэг гэдгийг чи мэдэх хойно." гэж хэлсэн юм. Үүний үр дүнд олон улсын санхүүгийн захаас их хэмжээний мөнгө орж ирнэ, зээлийн хүү нэг оронтой тоонд шилжинэ. Засаг гүйж очиж нэг оронтой тоонд зээл өгөх, хувийн секторын өмнүүр далдаганах хэрэг байхгүй.
Зээлийн зэрэглэл ойлгогдож эхэлж байгаа байх. Эдийн засгийн үр дагавар нь асар их эерэг болох нь ойлгомжтой байна.
Манайхаас ХХБ, Голомт, Хаан, Хас нарын 4 банк зээлийн зэрэглэл тогтоолгосон. Тэр зэрэглэл дээрээ үндэслэж олон улсын захаас мөнгө босгох оролдлого хийдэг. Гэтэл банк ямар ч сайн байгаад улсынхаа зэрэглэлээс хэтэрч гардаггүй номтой. Логик нь ойлгогдож буй байх. Тэгэхээр энэ 4 банк бүгдээрээ В зэрэглэлтэй буюу - эрсдэлтэй зэрэглэлтэй гэсэн үг. Хүүгийн зардал өснө, эргээд зээлийн хүү өндөр л байгаад байна.
За тэгээд зээлийн зэрэглэл тогтоодог нөхдүүдтэй мэр сэр ярилцаж асуув аа. Тэгсэн өөдөөс "танай улсын мэдээлэл нь олддоггүй, яам, агентлаг болгон нь өөдөөс өөр юм ярьдаг, тийм учраас бид зэрэглэл тогтооход бэрхшээлтэй байдаг" гэж байгаа юм.
Улс маань vision гэж юм байхгүй, зүгээр л ганц муу оюу толгой гээд орд дээр яаж ахиу хэдэн төгрөг хусах вэ гээд даруй 10-аад жил яриад, хааяа халамцахаараа "Чингис хааны үр сад" гэж хашгирчихаад сууж байхад яам тамгын хурган дарга нар бүгд өөр өөр юм ярьж ангайлгах нь энүүхэнд байлгүй.
Нэг талаас бидний байгаа байр суурийг бэлхэнээ илчилээд өгч байна. Нөгөө талаас бид зээлийн зэрэглэлээ дээшлүүлж, хүүгийн зардлаа бууруулж - асар их хөрөнгө оруулалт татах боломжыг хормойгоороо сул асгаад байгааг харуулж байгаа юм даа.
Зүй нь Гадаадын хөрөнгө оруулалтын газар маань Гадаадын компани бүртгэх газар маягаар ажиллахаа болиод харин Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Гадаадын хөрөнгө оруулагч нарыг дэмжих газар гэж нэрээ өөрчлөөд ажиллавал зохино.
Дэлхийн бүх л улс орон "Манай гайхамшигт улсад ирж хөрөнгө оруулаарай, тогтвортой орчин, найрсаг ард түмэн таныг хүлээж байна" гэдэг - манайх л харин булаана, дээрэмдэнэ гэдэг болоо юу даа. Уг нь 2013 он болчихоод байгаа юмсан.
Тэр зээлийн зэрэглэл тогтоогч байгууллагуудын аналистууд Монголд жил бүр ирж байгаа. Ирэхэд нь урьдчилж сайхан бэлдээд - "цагаан халадаа өмсөөрэй, цагаан бүтээлгээ дэвсээрэй" гэдэггүй юмаа гэхэд ядаж үг хэл, ам хөлөө нийлүүлчихээд аятайхан шиг байж байгаад зэрэглэлээ дахиад нэг шат буюу ВВВ болгох - асар их мөнгөний үүд хаалгыг нээх боломж байж л байна.
Оюу толгой бол байдаг л олон толгойн нэг л. Оюунтай толгой бол харин их хол байна шүү. Мөнгө бол харин зүгээр хажуугаар горхи шиг урсаж байна. Ухамсар төрвөл утгаад аваад байж дээ.
No comments:
Post a Comment