Сүүлийн үед бичлэгүүд маань негатив маягтай болоо юу даа. Юу ч гэсэн үүнийг бичье дээ.
Хужаа пийжүүнд айхтар хордсоноос хойш ходоод болохгүй явсаар оюутан байхад нэлээнд өвдсөн юм. Гүрийгээд яваад байсан чинь сүүлдээ бүүр нүднээс гарав. Дурандуулсан чинь бөөн шархтай, 1-р эмнэлэгт очоод мундаг эмчид нь үзүүлээдэхсэн чинь өө тэгээд яахав насаараа антибиотек уугаад л явна шүү дээ маягийн юм яриад явуулчихав аа.
Түүнээс хэдэн жилийн өмнөхөн нь муу аав минь гэнэт зүрх нь муудаад эмнэлэгт очсон юм. Ер нь хараад байхнээ хүн өөрөө л амьдрахгүй бол тэгэсхийгээд амруу нь амьсгалдаг гуурс хийгээд гараараа насосдож байгаад л үхүүлэх юм билээ л дээ. Тийм юм харчихсан байсан болохоор баахан сүжиг төрж өгдөггүй - тэгээд ч надад бараг л наадах чинь эмчлэгдэхгүй дээ хүү минь ухааны юм хэлчихсэн болохоор өөрөө баахан интернэтээс хайж үзсэн юм.
Харин азаар 1998 онд буянтай хоёр эмч Ходоодны шарх нь ерөөсөө сэтгэл санаа, энээ тэрээ биш харин Хэлико Бактери гэгч гайхалаас болдог юм байна гэдгийг нээж Нобелийн шагнал авчээ. Ходоод уг нь маш их хүчиллэг орчин тул хэр баргийн бактери, вирус тэнд устдаг. Харин хэлико нь ходоодны салстын өнгөн хэсгийн дор байрлах тул хүчлээс хамгаалагддаг юм байна. Ингээд тэндээ хорлон сүйтгэх ажиллагаагаа явуулна биз дээ.
За тэгээд хэлико бактерийг дардаг эм хайв. Монголд аптек нь байтугай эмч нь ч тийм юмны талаар мэдэхгүй байгаа юм чинь яаж байхав. Хэлико дарагдаж өгдөггүй золиг тул 2 төрлийн антибиотекийг хавсруулаад 7 эсвэл 14 хоног маш хүчтэй бөмбөгддөг юм. Ер нь эмэнд түүний үндсэн орц ба маркетингийн нэр гэж хоёр юм яваад байдаг. Би харин хэликог устгах аргыг нь харж байгаад орцоор нь хайж 2 төрлийн антибиотекоо олоод, нээсэн аргынх нь дагуу ууж ходоодоо гайгүй болгож билээ.
Саявтархан даа манай гадаадад сурдаг найз залгаж, -За чи л явалгүй болохгүй, аав минь болохоо байлаа - гэв. Гүйгээд очтол муу аав минь өнгөрдөг эмнэлэг байна. Хүйт даасан бохир орчин, яахаа мэдэхээ байсан ар гэрийнхэн, "энэ хүн өнгөрсөн" гэсэн харцтай эмч сувилагч нар наагуур цаагуур хөлхөлдөнө. Цус харвачихжээ. Миний бодоход цус харвасан хүний тархийг MRI эсвэл рентгенээр харах ёстой. Тэгээд цусны бөөгнөрөл үүссэн хэсэгрүү өрөмдөж, тархийг цэвэрлэх ёстой баймаар. Манайд бол нөгөө хардаг аппарат нь ч байхгүй, мэс засалч нь ч байхгүй (тархины тэр, зүрхний энэ гээд бүхэл бүтэн улс сэдэв сэдэвээр ганц ганц эмчтэй юм уу хаашаа юм) - тэгээд л шууд амруу нь гуурс углаад л нэг сувилагч гараараа насосдоод л байж байна. Ухаандаа ар гэрийнхэнд нь эмнэлэг бүх чадах зүйлээ хийсэн шүү гэж харуулж байгаа юм байна, эсвэл залхааж байгаа юм байна гэж ойлгогдохоор.
Саявтархан "Цоорхой зүрхтний тэмдэглэл" гээд аятайхан нийтлэл сурвалжлага нэг сонин дээр гарсан байсан. Уул нь бол бид нар сар бүр цалингийнхаа 30 хувийг улсад татвар болгож өгдөг. (Орлогын татвар 10, НДШ 10, Ажил олгогчоос НДШ 10)Үүнээс 20 хувь нь бидний эмнэлэг, тэтгэвэрийн үйлчилгээнд явдаг ухаантай юм. Яг үнэндээ хамгийн том халтуур бол тэр гээд хэлчихмээр байна. Тэр сурвалжлага дээр их тодорхой бичсэн байна билээ. Манай ажилладаггүй Эрүүл мэндийн даатгалын системийн талаар.
http://mongolianeconomy.mn/mn/p/3274 - Энэ Сайханбилэг гээд хүүг зайлуул хичнээн ч удаа хагалсан юм бэ дээ. Эхлээд цөсийг нь авч хаяад, дараа нь дэлүүг нь аваад, өргөссөн судсуудыг нь боогоод гэхчилэн. Цөсний төрөлхийн битүүрэлтэй гэж оношилсон гэнэ - за үнэн байлаа гэхэд яахаараа элэг нь хатуурчихдаг байна. Миний санахад лав л миний таньдаг нэлээн олон хүмүүсийн авахааргүй цөсийг нь авч хаячихсан байдаг юм билээ. Дараа нь гадаадад үзүүлэхэд эмч нар нь толгой сэгсрээд ингэж хагалгаа хийх ч гэж дээ гэдэг юм гэсэн. Би эмч биш - гэхдээ шууд л эхний хагалгаагаараа хүүд халдвар оруулчихаж дээ гэж сэрдэж байна.
Би энд Монголынхоо эмч нарыг муулах гэсэнгүй. Ур чадварыг нь шүүмжлэх ч гэсэнгүй. Зүгээр л Монголд тархины эсвэл элэгний "тэрнийг" танихгүй бол үхнэ. Бодит байдал ийм л байгаа. Энэ бол эмч нарын ур чадварын асуудал биш. Мэдээж тодорхой хэмжээгээр бий бий - ходоод эмчилж байж Хэлико бактериа мэдэхгүй өчнөөн жил явж байна гэдэг бол үнэхээр ой гутам хариуцлагагүй явдал мөн. Гэхдээ энэ бүгдийн цаана хөрөнгө оруулалтын асуудал байгаа юм.
Энэ эмнэлэгийн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулахгүй бол болохоо байлаа. Эрүүл мэндийн салбарыг "төсөв-идэх" гэсэн байдлаар хараад, өөрсдөө гадагшаа явж эмчлүүлчихээд - энэ салбараас хусаад байвал энэ байдлаараа л үлдэнэ. Цэвэрлэгчээс бага цалинтай хүнээр эмчлүүлж байна гээд төсөөл л дөө. Цэвэрлэгчээс бага цалинтай хүн хүүхдэд чинь эрдэм ном зааж байна гээд төсөөл л дөө. Асуудлыг эдийн засгийн үүднээс нь шийдэхэд амархан байна аа. 5 жилийн дотор энэ улсыг орвонгоор нь эргүүлээд авилгач нарт ид шидийг үзүүлж ч болно. Гэхдээ авилга гэдэг систем нь эзэн биегүй маш том мангас билээ. Энэ мангасаас ангижрахын тулд ухамсарын хувьсгал хийх ёстой.
Гэтэл бидний ухамсар өдөр өдрөөр доройтсоор. Гал гаргадаг Өнөрөө, нисдэг таваг, дэлхийн сүйрэл, эзотерикийн балай үедээ буцаад очиж байх шиг байна.
Ер нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж үзээгүй, хүний хийсэн юмыг авчирч дамлаж зардаг наймаачид баахан мөнгө олчихоод өөрсдийгөө учиргүй шилдэг бизнесмэн энэ тэр гэж сэрүүн зүүдэлж эргүүтдэг юм шиг байна даа хараад байхад. Мөнгөтэй гэдэг чинь гэгээрсэн гэсэн үг огтхон ч биш, мөнгөтэй гэдэг чинь элит ч гэсэн үг, мөнгөтэй гэдэг чинь олон түмэнд амны зоргоор чалчих зиндаанд хүрсэн ч гэсэн үг биш, мөнгөтэй гэдэг чинь УИХ-д сууж ард түмнийг хувь зохиолыг бичнэ гэсэн үг ч биш.
Инжинаш 200 орчим жилийн өмнө бичсэн байна.
-Богд хүн тэнгэр газарт итгэмжилмүй
- Мэргэд Сайд өршөөл журамд итгэмжилмүй
- Үтэл ард эрх хүчинд итгэмжилмүй
- Өчүүхэн хүн эд ашигт итгэмжилмүй... гэжээ.
Энэ тэнгэр газар гэдэг нь бөө мөө огт биш юм шүү. Мөчид мэдлэгтэй хүн ахисан шатны юм уншихаараа шууд хэллэгээр нь ойлгоод цааш нь дэвэргээд буруу зөрүү юм их ярицгаах юм. Богд хүн гэж гэгээрсэн хүнээ хэлж байна. Хүн гэгээрэхийн наад алхам нь бусад хүмүүсийг нигүүлсэх, мөн ёс журмыг ягштал баримтлах байдал байдаг учраас тэр.
Хамгийн дорд буюу эд ашигт итгэмжилэгч гэдэг нь зөвхөн гадна харагдах байдал, өнгө мөнгөний боол бологсодыг хэлж буй юм. Ийм хүмүүс мөнгийг хурааж чадах боловч их үйлийг бүтээж хэзээ ч эс чадна. Тийм учраас манай ард түмэнд сонголт хийхдээ үүнийг нь харах ёстой юм даа.
Одоогийн байдлаар дэлхий дээрх хамгийн агуу маркетерууд бол Луи Вуитоны маркетингийнхан юм шиг байна.
Яаж тэд нар Монголын наймаачин баячууд өчүүхэнээр сэтгэж эд ашигт итгэмжилнэ гэдгийг мэдэж манайд дэлгүүрээ нээв ээ. Харилцагчийг бараг өөрөө өөрийгөө ойлгоогүй байхад нь танина гэж энэ дээ. Бүүр ахисан шатны маркетинг бол харилцагчийг манипуляц хийхэд оршдог. Жишээ нь эд ашигт итгэмжлэгч өчүүхэн хүмүүнд Луи Вуитоны логог дарвайтал нялсан резинэн цүнх мөрөндөө өлгөвөл эсвэл логотой бүсийг нь ташаандаа хэдэрвэл арай гэж хүн шиг харагдана гээд тархийг нь угаачихаж байгаа юм.
Монголд ер нь яг өөрөө бүтээлээ бүтээдэг хэдэн компани байдаг юм бол. Бэлэн байгалийг эсвэл хүний хийсэн юмыг л наймаалдаг нь олонх юм шиг.
No comments:
Post a Comment