Thursday, August 23, 2012

Better than them


Бид илүү

Бид өөрсдийгөө илүү сайн ойлгохын тулд заримдаа бусдыг сайтар ажиглах хэрэгтэй байдаг.

Би өнгөрсөн хугацаанд олон тооны гадны зөвлөхүүд, банкир, хөрөнгө оруулагч нартай харилцаж ирэв. Маш мундаг мэдлэг боловсролтой, дэлхийн олон оронд ажиллаж үзсэн туршлагатай хүмүүс байдаг. Хэзээ ч тэд нарыг гүйцэж чадахгүй юм шиг санагддаг байв. Гэхдээ би маш чухал зүйлийг ойлгосон юм.  

Бид ба тэдний хоорондын ялгаатай талуудыг ажиглаж байхдаа би Монголчууд  үнэн хэрэгтээ тэднээс хамаагүй илүү байж болохыг харсан.  

Бидэнд тэднээс хуулах зүйлс олон бий. Харин тэдэнд биднээс хуулж чадахгүй нэг зүйл байна.

Нью Йоркийн Вол Стритэд ажилладаг банкир хэзээ ч ард түмнийхээ төлөө сэтгэл зовнидоггүй. Улс орноо сэтгэлдээ тээж явдаггүй юм шиг надад харагддаг.

Харин дээрх хүнээс мэдлэг боловсролоор хамаагүй дутмаг боловч ихэнх Монголчууд маань ядарсан, ядуу ард түмнээ сэтгэл зүрхэндээ тээж, улс орноо хөгжүүлчих юмсан гэж бодолхийлж явдаг нь илт. Америкийн элит Монголын элит хоёрын хооронд ийм асар том ялгаа байна.

Америкийн элит магадгүй Харвард төгссөн, харилцах, уран илтгэх чадварыг төгс эзэмшсэн кариерист байж болох юм. Харин Монголын элит бол ядарсан ард түмнийхээ өмнө “өртэй” учраас, Монгол улсыг 120-р байрнаас 800 жилийн өмнө байсан 1-р байранд нь аваачих үүрэг хариуцлагыг сэтгэл зүрхээрээ (мөнгө хийх тооцоондоо биш) хүлээн авсан учраас илүү юм.

Магадгүй дэлхийн хамгийн том банкны захирал ба бидний хооронд чанарын олон ялгаа байдаг байх. Гэхдээ Монголчууд бидэнд тэднээс “БИД ИЛҮҮ” гэж хэлэх зарчмын нэг л ялгаа байгаа юм.

Гагцхүү бид түүнийгээ, ойлгож хурцалж чадвал Болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй бөгөөд, хүрэхгүй газар байхгүй болно.

Бид Америк улсыг байгуулсан, байгуулах явцдаа асар олон бэрхшээл туулсан тэдний эцэг өвгөдийг гүнээ хүндэтгэж байна. Гэхдээ яг бидний одоо туулж байгаа бэрхшээлийг туулж үзэх нь байтугай түүхийн номон дээрээс хальтир уншсан хүмүүс бидний хооронд бол харин зарчмын ялгаа бий.

10-аадхан насандаа өглөө 5 цагаас босоод талханд оочерлож, бяцхан бодолдоо хэрэв “алалцаан” дундаас талх авч чадахгүй гэртээ хоосон харивал юу болохыг төсөөлөн ядан явж өдий хүрсэн бид тэднээс илүү. Бэрхшээлтэй нөхцөл дунд амьдарч, түүнийг даван гарч, өдөр тутам дассан бидний ойлгоцыг дуртай цагтаа Макдональдс орж, улсын чанартай боловсролын системд дулдуйдан, эрүүл мэндийн хувьд огт санаа зоволгүй явж ирсэн тэднээс бид илүү. Бид хатуужилтай.

Тийм ч учраас тэдэнд биднийг ойлгоход хүнд. Харин бид тэднийг сайн ойлгож байна. Ялангуяа бид үүнийг сайтар ойлгож байгаа учраас тэднийг гүн хүндэтгэж, тэднээс өнгөрсөн 200 жилд юу хийснийг нь сайтар суралцана. Гэхдээ дэлхийн дараагийн түүхийг тэд биш бид бичилцэхэд бидэнд цаас, үзэг, сэтгэл гурав нь бэлэн байна.

Гагцхүү ийм гайхамшигтай, нэг л удаа тохиолдох давуу талыг өмнөө байгааг олж харах нь бидэнд чухал юм.   

No comments: