Дурандуулах технологи
Монголчууд ходоод, хоол боловсруулах системийн өвчтэй байх нь элбэг. Улаан хоолой (esophagus), Ходоод (Stomach), Ходоодны гарах хэсэг (Duodenum) нарыг Япон инженерийн анх зохиосон дурангаар (endoscopy) амаар оруулах замаар дурандаж оношилно. Дуран нарийссаар буй. Гэхдээ энэ бол Бүдүүн гэдэсний дурангаас гаднах хамгийн тааламжгүй, эрсдэл ихтэй оношлогооны арга билээ.
Учир нь амаар, ходоодны уг хүртэл дуран орсон байхад огих хүндрэл гардаг ба ингэх явцдаа ходоодны хана, улаан хоолойгоо гэмтээх, урах, улмаар халдвар авах эрсдлүүд бий.
Огихгүй байхын тулд нэг бол бүрэн мэдээ алдуулалт хийлгэж болно. Энэ нь бас л өөр төрлийн эрсдлүүдтэй. Гэхдээ нэгэнт энэ блогийг олон хүн уншдаг болсон тул доорхи зөвлөгөөг өгье. Анхааралтай цээжилж аваад ходоодоо дурандуулах гэж буй хэн нэгэнд буян болно бизээ.
Ходоодны агшилт буюу огилт нь гадны биетэд ходоодны хана хүрэлцсэнээс болно. Гэтэл ихэнх өвчтөнүүд дуран амаар орохтой зэрэгцэн хүчтэй, ойрхон ойрхон амьсгалж эхэлдэг. Энэ нь уушигийг огцом тэлж цаашлаад ходоодыг шахаж, огилтыг улам хүчтэй болгодог.
Үүнээс зайлсхийх арга нь дуранг амаар оруулж ходоодруу гулсуулахтай зэрэгцэн маш алгуурханаар амьсгалах явдал бөгөөд хангалттай хэмжээний амьсгаа авсан хойноо амьсгалаа түгжих хэрэгтэй. Ингэснээр цээжний хөндий хөдөлгөөнгүй болж огилт бүр мөсөн зогсоно.
Дурандалт ердөө 1-3 минут л үргэлжлэх тул нэг удаа амьсгаа зугуухан аваад амьсгалаа нэлээн удаан түгжээд, мөн аажуухан гаргаж байтал бараг дуусна. Шаардлагатай бол дахиад аажуухан амьсгална. Ингэж чадвал ходоодоо дурандуулах нь маш хялбар, зовиургүй ажилбар болох бүрэн боломжтой.
No comments:
Post a Comment