Монгол Голланд өвчин тусахгүй
Сүүлийн үед бүүр төр засгийн хэмжээнд тусахгүй өвчнөөс сэргийлэх тухай ярьж эхэлсэн тул өөрийн бодлоо сийрүүлэв.
Голланд өвчин гэдгийн тодорхойлолт нь “Байгалийн баялагийн экспортоос эдийн засагт их хэмжээний гадаад валют орж ирсэнээр үндэсний валютын ханш өсч, улмаар экспортын бүтээгдэхүүн гадаадын зах зээл дээр илүү үнэтэй болж өрсөлдөх чадвар нь муудах, цаашлаад байгалын баялагаас бусад экспортын салбар уналтанд орох явдал” гэж ерөнхийд нь томъёолсон байх юм.
Сүүлийн үед Монгол Голланд өвчин тусах нь ойлгомжтой гэсэн үзэл газар авч, тэрхүү зайлшгүй өвчнөөс хамгаалах аян хүртэл өрнөөд байгаа нь үнэн хэрэгтээ шаардлагагүй зүйл юм.
Голландад суралцсан хүний хувьд би мэдэх юм. Голланд улс бол маш том экспортлогч жижиг дунд үйлдвэрлэлийн орон. 1959 онд байгалийн хий нээж, экспортлож эхэлснээс хойш тэрхүү салбар нь уналтанд орсон. Учир нь Голландын жижиг дунд үйлдвэрүүдэд Герман, Белги, Франц, Англид маш олон ижил төстэй өрсөлдөгч нар байв. Голландын валют чангарахтай зэрэгцээд эдгээр жижиг дунд экспортлогч нарын доллараар олсон орлого нь улам бага үндэстний валюттай тэнцэж, өрсөлдөх чадвар муудах нь ойлгомжтой. Гэтэл Монголын эдийн засгийн бүтэц нь тухайн үеийн Голландтай төстэй билүү.
Тухайн үед Голландын экспортын 60 гаруй хувийг байгалийн баялагаас бусад экспорт бүрдүүлж байв. Харин 2011 оны 11-р сарын байдлаар Монголын экспортын ердөө 10 хувийг байгалийн баялагаас бусад сектор бүрдүүлж байх юм. Цаашид энэ хувь өсөхгүй. Манайд мануфакторингийн салбар хөгжөөгүй тул Голланд өвчин тусахгүй. Ер нь Голланд өвчинд эцсийн бүтээгдэхүүн, нэмэгдсэн өртөг үйлдвэрлэгч улсууд илүү мэдрэг. Манайх шиг таваар голдуу үйлдвэрлэдэг улсад мэдрэгдэх нь бага.
Гэхдээ үндэстний валют чангарахтай зэрэгцээд тодорхой бэрхшээлийг мэдэрч болзошгүй сектор бол ноолуурын экспортийн сектор юм. Хугацааны туршид ноолуурын дотоод эрэлт тун боломжийн хэмжээнд өсч ирсэн. Нөгөө талаас Монголын ноолуур олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нь төгрөгийн ханшийн чангаралтаас бус харин нэгдсэн маркетингийн бодлого, брэндинг, олон улсын түгээлтийн суваг ашиглах зэрэг асуудлаас шууд хамааралтай. Учир нь ноолуур бол тансаг хэрэглээний бүтээгдэхүүн мөн. Манай ард иргэдийн тодорхой хувь нь ноолуурын циклд хамрагдаж амжиргаагаа залгуулдаг. Холбогдох тооцооллыг хийж үзэхэд дотоод эрэлт хүчтэй, гадаад идвэхжүүлэлтийн бодлого сайн байгаа нөхцөлд төгрөгийн ханш чангарах нь энэ циклийн оролцогчидод мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй байхаар харагдаж байгаа юм.
Голланд өвчин замын дунд буюу уул уурхай ид идвэхижих үед гарч ирнэ. Одоо бол дөнгөж л эхэлж байна. Тэр үед манай бусад салбарууд хаахна байх вэ.
Одоогийн парадигмаас (тодорхой эдийн засгийн олон улсад өрсөлдөх стратеги, төлөвлөлт байхгүй ) харахад уул уурхайн баялаг дуусах хүртэл бидэнд ердөө уул уурхай, дэд бүтэц, барилга гэсэн үндсэн хэдхэн л салбар байна. Уул уурхайн салбараас эдийн засгийн хүндийн төвийг холдуулж олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх тухай хаа нэгтээ хэн нэгэн эрдэмтэн дурсахаас бус төрийн болон ард түмний сэтгэл санааг огтхон ч зовоохгүй байгаа нь заримдаа гайхалтай санагдана.
Уул уурхайн баялаг шавхагдах үе буюу 2040-2050 онд дэлхийд өрсөлдөх нарийн технологийн үйлдвэрлэлтэй байхын тулд бид өнөөдөр эхлэхээс өөр зам үгүй. Үүнийг олон улсын туршлагаас тодорхой харж болно.
Бид олон улсын тавцанд өргөн хэрэглээний бараагаар өрсөлдөнө гэдэг боломжгүй зүйл. Харин ахисан төвшний, бусад улс орнууд яг одоогийн бидэнтэй адилхан шалтгаанаас (залхуурал?) болж хангалттай төвшинд барьж аваагүй байгаа секторуудад хөрөнгө оруулалт хийх ёстой. Энэтхэгийг 1980 онд IT салбарт хүч хаяж эхлэхэд хүн бүр дооглож инээж байсан. Өнөөдөр Энэтхэг IT-н хувьд ямар том зах зээл болов.
Монгол Голланд өвчин тусахгүй. Нэгэнт Монголд уул уурхай ба түүнийг дагасан хэдэн салбараас өөр зүйлгүй байх тийм ирээдүй ирж байгаа юм бол Монголын ард түмэнд төгрөгийн ханш чанга байх нь харин ч ашигтай. Авдаг цалин улам бүр л худалдан авах чадвар сайтай болно.
Нэгэнт өвчин ярьж эхэлсэнийх, манайх Голланд биш, Африк биш, Араб ч биш харин Монгол өвчин тусч харин магадгүй харагдаж байгаа.
Төрийн үүрэг бол аливаа иргэн шудрага замаар өөрийнхөө хоолыг олж идэх боломжыг нь тэгш бүрдүүлэх явдал болохоос биш харин хүн бүрийн аманд нь амин дэмийн шаардлага хангахгүй хоёрын хооронд бантан хутгаж өгөх явдал биш юм. Амин дэмийн шаардлага хангахгүй хоол зөвхөн гэдэс дүүргэх зорилгоор удаан идсэн хүн урт наслалгүй зүрхний шигдээсээр нас бардаг.
No comments:
Post a Comment