Monday, January 30, 2012

доллар төгрөг

Манай улс гадаад худалдааны алдагдалтай гарч буй. Өөрөөр хэлбэл экспорт импортын өнцгөөс нь харвал манайхаас илүү их доллар гадагшаа гарч буй. Тэгэхээр долларын ханш өсч таарна.

Гэтэл яагаад яг үүнтэй зэрэгцээд Монголбанкны валютын нөөц өсөөд байж таарах вэ. Монголбанк төгрөг л хэвлэдэг болохоос биш доллар хэвлэдэггүй.

Манайд орж ирж буй долларын хөрөнгө оруулалт нэмэгдэж байж л ийм байх боломжтой. Өөрөөр хэлбэл эцсийн дүндээ төв банкны валютын нөөц өсөөд байна гэдэг нь эдийн засагт орж ирж байгаа доллар нь гарч явж байгаа доллараасаа илүү байхад л боломжтой.

Энэ тийм хүнд, нарийн төвөгтэй асуудал биш шүү дээ.

Үндэстний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангана гээд томоос томоор биччихээд тэр тогтвортой байдал нь захын санхүү мэддэг хүний хэмжүүрээр мэдээжийн байдлаар алдагдаад байхад, яг үнэндээ эдийн засагт ямар ч нөлөө үзүүлдэггүй "ченжүүд" гэсэн хий хоосон хадны мангаа зохиогоод пи-ар хийгээд сууж болохгүй.

Захын дилер хэлнэ. Ченжүүд ханшийн зөрүүнээс л ашиг хийдэг хүмүүс болохоос биш ханшийг хөдлөгөж мөнгө хийх тийм философигүй. Тэгээд ч тэдний валютын захад эзэлдэг хувь оролцоо нь үнэмлэхүй бага. Ингэж ханшийг савлуулах төвшинд яагаад ч хүрэхгүй.

Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав дээ. Гэхдээ шаазгайнд бүх бурууг чихээд өнгөрч бас болохгүй л дээ.

Tuesday, January 17, 2012

Gastro endoscopy

Дурандуулах технологи

Монголчууд ходоод, хоол боловсруулах системийн өвчтэй байх нь элбэг. Улаан хоолой (esophagus), Ходоод (Stomach), Ходоодны гарах хэсэг (Duodenum) нарыг Япон инженерийн анх зохиосон дурангаар (endoscopy) амаар оруулах замаар дурандаж оношилно. Дуран нарийссаар буй. Гэхдээ энэ бол Бүдүүн гэдэсний дурангаас гаднах хамгийн тааламжгүй, эрсдэл ихтэй оношлогооны арга билээ.

Учир нь амаар, ходоодны уг хүртэл дуран орсон байхад огих хүндрэл гардаг ба ингэх явцдаа ходоодны хана, улаан хоолойгоо гэмтээх, урах, улмаар халдвар авах эрсдлүүд бий.

Огихгүй байхын тулд нэг бол бүрэн мэдээ алдуулалт хийлгэж болно. Энэ нь бас л өөр төрлийн эрсдлүүдтэй. Гэхдээ нэгэнт энэ блогийг олон хүн уншдаг болсон тул доорхи зөвлөгөөг өгье. Анхааралтай цээжилж аваад ходоодоо дурандуулах гэж буй хэн нэгэнд буян болно бизээ.

Ходоодны агшилт буюу огилт нь гадны биетэд ходоодны хана хүрэлцсэнээс болно. Гэтэл ихэнх өвчтөнүүд дуран амаар орохтой зэрэгцэн хүчтэй, ойрхон ойрхон амьсгалж эхэлдэг. Энэ нь уушигийг огцом тэлж цаашлаад ходоодыг шахаж, огилтыг улам хүчтэй болгодог.

Үүнээс зайлсхийх арга нь дуранг амаар оруулж ходоодруу гулсуулахтай зэрэгцэн маш алгуурханаар амьсгалах явдал бөгөөд хангалттай хэмжээний амьсгаа авсан хойноо амьсгалаа түгжих хэрэгтэй. Ингэснээр цээжний хөндий хөдөлгөөнгүй болж огилт бүр мөсөн зогсоно.

Дурандалт ердөө 1-3 минут л үргэлжлэх тул нэг удаа амьсгаа зугуухан аваад амьсгалаа нэлээн удаан түгжээд, мөн аажуухан гаргаж байтал бараг дуусна. Шаардлагатай бол дахиад аажуухан амьсгална. Ингэж чадвал ходоодоо дурандуулах нь маш хялбар, зовиургүй ажилбар болох бүрэн боломжтой.

Saturday, January 14, 2012

Good Strategy/ Bad Strategy

Richard Rummelt-н номыг уншихыг зөвлөж байна.

Монгол Голланд өвчин тусахгүй

Монгол Голланд өвчин тусахгүй

Сүүлийн үед бүүр төр засгийн хэмжээнд тусахгүй өвчнөөс сэргийлэх тухай ярьж эхэлсэн тул өөрийн бодлоо сийрүүлэв.

Голланд өвчин гэдгийн тодорхойлолт нь “Байгалийн баялагийн экспортоос эдийн засагт их хэмжээний гадаад валют орж ирсэнээр үндэсний валютын ханш өсч, улмаар экспортын бүтээгдэхүүн гадаадын зах зээл дээр илүү үнэтэй болж өрсөлдөх чадвар нь муудах, цаашлаад байгалын баялагаас бусад экспортын салбар уналтанд орох явдал” гэж ерөнхийд нь томъёолсон байх юм.

Сүүлийн үед Монгол Голланд өвчин тусах нь ойлгомжтой гэсэн үзэл газар авч, тэрхүү зайлшгүй өвчнөөс хамгаалах аян хүртэл өрнөөд байгаа нь үнэн хэрэгтээ шаардлагагүй зүйл юм.
Голландад суралцсан хүний хувьд би мэдэх юм. Голланд улс бол маш том экспортлогч жижиг дунд үйлдвэрлэлийн орон. 1959 онд байгалийн хий нээж, экспортлож эхэлснээс хойш тэрхүү салбар нь уналтанд орсон. Учир нь Голландын жижиг дунд үйлдвэрүүдэд Герман, Белги, Франц, Англид маш олон ижил төстэй өрсөлдөгч нар байв. Голландын валют чангарахтай зэрэгцээд эдгээр жижиг дунд экспортлогч нарын доллараар олсон орлого нь улам бага үндэстний валюттай тэнцэж, өрсөлдөх чадвар муудах нь ойлгомжтой. Гэтэл Монголын эдийн засгийн бүтэц нь тухайн үеийн Голландтай төстэй билүү.
Тухайн үед Голландын экспортын 60 гаруй хувийг байгалийн баялагаас бусад экспорт бүрдүүлж байв. Харин 2011 оны 11-р сарын байдлаар Монголын экспортын ердөө 10 хувийг байгалийн баялагаас бусад сектор бүрдүүлж байх юм. Цаашид энэ хувь өсөхгүй. Манайд мануфакторингийн салбар хөгжөөгүй тул Голланд өвчин тусахгүй. Ер нь Голланд өвчинд эцсийн бүтээгдэхүүн, нэмэгдсэн өртөг үйлдвэрлэгч улсууд илүү мэдрэг. Манайх шиг таваар голдуу үйлдвэрлэдэг улсад мэдрэгдэх нь бага.
Гэхдээ үндэстний валют чангарахтай зэрэгцээд тодорхой бэрхшээлийг мэдэрч болзошгүй сектор бол ноолуурын экспортийн сектор юм. Хугацааны туршид ноолуурын дотоод эрэлт тун боломжийн хэмжээнд өсч ирсэн. Нөгөө талаас Монголын ноолуур олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нь төгрөгийн ханшийн чангаралтаас бус харин нэгдсэн маркетингийн бодлого, брэндинг, олон улсын түгээлтийн суваг ашиглах зэрэг асуудлаас шууд хамааралтай. Учир нь ноолуур бол тансаг хэрэглээний бүтээгдэхүүн мөн. Манай ард иргэдийн тодорхой хувь нь ноолуурын циклд хамрагдаж амжиргаагаа залгуулдаг. Холбогдох тооцооллыг хийж үзэхэд дотоод эрэлт хүчтэй, гадаад идвэхжүүлэлтийн бодлого сайн байгаа нөхцөлд төгрөгийн ханш чангарах нь энэ циклийн оролцогчидод мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй байхаар харагдаж байгаа юм.

Голланд өвчин замын дунд буюу уул уурхай ид идвэхижих үед гарч ирнэ. Одоо бол дөнгөж л эхэлж байна. Тэр үед манай бусад салбарууд хаахна байх вэ.
Одоогийн парадигмаас (тодорхой эдийн засгийн олон улсад өрсөлдөх стратеги, төлөвлөлт байхгүй ) харахад уул уурхайн баялаг дуусах хүртэл бидэнд ердөө уул уурхай, дэд бүтэц, барилга гэсэн үндсэн хэдхэн л салбар байна. Уул уурхайн салбараас эдийн засгийн хүндийн төвийг холдуулж олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх тухай хаа нэгтээ хэн нэгэн эрдэмтэн дурсахаас бус төрийн болон ард түмний сэтгэл санааг огтхон ч зовоохгүй байгаа нь заримдаа гайхалтай санагдана.
Уул уурхайн баялаг шавхагдах үе буюу 2040-2050 онд дэлхийд өрсөлдөх нарийн технологийн үйлдвэрлэлтэй байхын тулд бид өнөөдөр эхлэхээс өөр зам үгүй. Үүнийг олон улсын туршлагаас тодорхой харж болно.

Бид олон улсын тавцанд өргөн хэрэглээний бараагаар өрсөлдөнө гэдэг боломжгүй зүйл. Харин ахисан төвшний, бусад улс орнууд яг одоогийн бидэнтэй адилхан шалтгаанаас (залхуурал?) болж хангалттай төвшинд барьж аваагүй байгаа секторуудад хөрөнгө оруулалт хийх ёстой. Энэтхэгийг 1980 онд IT салбарт хүч хаяж эхлэхэд хүн бүр дооглож инээж байсан. Өнөөдөр Энэтхэг IT-н хувьд ямар том зах зээл болов.

Монгол Голланд өвчин тусахгүй. Нэгэнт Монголд уул уурхай ба түүнийг дагасан хэдэн салбараас өөр зүйлгүй байх тийм ирээдүй ирж байгаа юм бол Монголын ард түмэнд төгрөгийн ханш чанга байх нь харин ч ашигтай. Авдаг цалин улам бүр л худалдан авах чадвар сайтай болно.
Нэгэнт өвчин ярьж эхэлсэнийх, манайх Голланд биш, Африк биш, Араб ч биш харин Монгол өвчин тусч харин магадгүй харагдаж байгаа.
Төрийн үүрэг бол аливаа иргэн шудрага замаар өөрийнхөө хоолыг олж идэх боломжыг нь тэгш бүрдүүлэх явдал болохоос биш харин хүн бүрийн аманд нь амин дэмийн шаардлага хангахгүй хоёрын хооронд бантан хутгаж өгөх явдал биш юм. Амин дэмийн шаардлага хангахгүй хоол зөвхөн гэдэс дүүргэх зорилгоор удаан идсэн хүн урт наслалгүй зүрхний шигдээсээр нас бардаг.

Нүүдэлчин философиор эдийн засгийг удирдахуй

2009 онд сонинд тавьсан нийтлэлээ иш дурьдлаа.

Яг одоо улс оронд яригдаж байгаа зүйлсийг тухайн үед урьдчилан таамаглахаар оролдсон нь тэр. Хэр таарсан нь уншихад харагдах байх.

http://www.purplebook.mn/get-file.php?id=25

2-3 хоногийн дараа 2012 онд анхаарал хандуулбал зохих гол үйл явдлуудыг харуулсан нийтлэл. purplebook дээр тавигдах болно.

Saturday, January 7, 2012

Macro economy dialogue

Макро эдийн засгийн хэдэн ч онол гаргаж, хичнээн ч тэгшитгэл бичиж болно. Маш олон ойлгомжгүй, бизарр зүйлс тохиолддог ч эцсийн эцэст энгийн л зүйлс болж таардаг. Макро эдийн засаг бол нийгмийн хамгийн комплекс харилцаануудын нэг.

Гэхдээ эцсийн эцэст ганц л зүйл дээр макро эдийн засаг бүхэлдээ тодорхойлогддог. Энэ нь "Хангалттай бөгөөд хүрэлцээтэй хэрэглээ нь хүний хувьд юу юм бэ?" гэж асуултын хариулт.

Макро эдийн засаг бол үнэн хэрэгтээ тусдаа салбар, ухаан юм биш - энэ бол механизм юм. Макро эдийн засаг бол нийгмийг залуурдах механизм. Заримдаа мөнгийг зохиосон хүмүүс маш том алдаа гаргасан юм шиг санагдах нь ч бий.

Мөнгө бол ухамсар доогуур хүн төрлөхтөний "бүтээмж"-г нэмэгдүүлэх шалгарсан, гэхдээ төгс биш хэрэгслүүр. Энэ төгс биш учраас л бид ийнхүү байн байн эдийн засгийн хямралд ордог юм.

Хүний хэрэглээг хангахын тулд бүтээх хэрэгтэй. Тийм учраас эдийн засгийн ухаан хангалттай бөгөөд хүрэлцээтэй хэрэглээ гэж юу вэ, түүнд хүртэл бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн суурь хоёр асуулт дээр очдог юм.

Хязгааргүй хэрэгцээ гэж үгүй. Тийм учраас хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэглээг хангах нь эдийн засгийн ухааны зорилго мөн гэх мэтчилэн утопи, парадокс юм байхгүй.

Хэрэгцээ бүр хязгаартай. Хязгаарыг нь материаллаг чанар биш харин ухамсарлахуй тодорхойлж өгдөг.

Энэ 7 тэрбум амны хязгааргүй хэрэгцээг тэжээх биш харин тархинд нь ухамсарлахуйг төрүүлэх, хэрэгцээний хязгаарыг мэдрүүлэх нь 2020 оны макро эдийн засгийн онолын суурь үндэслэл байх болно.

Энэ бол гарцаагүй бодит байдал, ирэх ирээдүй, түүнээс зугтаж үл чадна. Үгүй бол дэлхийн нөөц 9 тэрбум хүнийг даахгүй.