Monday, November 28, 2011

RISK FORUM II - NOV 30 - riskforum.mn

Форумын үндсэн үзэл баримтлал

Төрийн онолын дагуу түүний үндсэн үүргүүдийн нэг нь амар тайван, аюулгүй нийгмийг цогцлооход оршдог. Нийгэмд буй олон төрлийн эрсдлийг бууруулж чадсанаар ард иргэдэд амар тайван амьдрах орчныг бүрдүүлдэг.

Үүнтэй адилаар бизнесийн орчинд буй эрсдлийг бодлого, зохион байгуулалттайгаар бууруулж чадсанаар хохирлыг бууруулж, ашгийг нэмэгдүүлэх, улмаар нийгэмд буй эрсдлийг бууруулах эхний зорилгыг биелүүлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл бизнесийн байгууллагуудыг эрсдлийг бууруулах нэгдсэн үйл ажиллагаанд амжилттай татан оролцуулах шаардлагатай.

Эрсдлийн форумын үндсэн зорилго нь Төрөл бүрийн эрсдлийг бууруулах, эрсдлийг удирдах тэргүүний туршлага, практикийг судлах, цаашид түгээх, ард иргэдийн эрсдлийн боловсролыг дээшлүүлэх зэрэг олон талт зорилтыг хангах явдал мөн.

Хүний амьдралын алхам бүр, бизнесийн үйл ажиллагааны явц бүр өөртөө эрсдлийг агуулж байдаг. Тэрхүү эрсдлийг бууруулж, бага эрсдлээр ихийг бүтээж чадаж байвал тэр нь өөрөө зөв нийгмийн шинж чанар юм.

Олон улсын эдийн засгийн хямралаас гарч буй дүгнэлт нь тэр чигтээ эрсдлийн удирдлагыг сайжруулах тухай асуудал юм. Санхүүгийн захын хямрал, Улаанбаатарын утаа - түүний шалтгаан, Японы цунами хийгээд улбаалсан цөмийн цахилгаан станцын хямрал зэрэг бүхий л эрсдлийг удирдах нэгдсэн, нийтлэг аргачлал бий, түүний суралцаж, түгээж, сайжруулж болно.

Засгийн газрын зүгээс бизнесийн орчин дахь эрсдлийг бууруулах, улмаар нийгэмд буй системийн эрсдлүүдийг тодорхойлох, бууруулах талаар шат дараатай арга хэмжээ, санаачлагуудыг авч хэрэгжүүлэх учиртай. Тухайлбал даатгалын компаниудаар дамжуулан хийж буй Малын индексжүүлсэн даатгал нь байгалийн гамшгийн эрсдлээс малчдыг хамгаалах, хохирол тохиолдсон үед нь нөхөн төлөх зорилго бүхий шинэлэг эрсдлийн удирдлагын арга хэрэгсэл юм. Энэ нь олон улсын хэмжээнд сүүлийн үед гарч ирж буй индексийн даатгалын нэгэн онцлог хэлбэр.

Жил бүр маш олон иргэд, байгууллагууд зам тээврийн осолд хохирч, ослын улмаас учирсан мөнгөн зардлаа олж авч чадалгүй хохирдог. Харин саяхан батлагдсан жолоочын заавал хариуцлагын даатгалын хууль хэрэгжиж эхэлснээр энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой болж байна. Цаашлаад хариуцлагагүй, төлбөрийн чадваргүй жолооч нарт даатгалын сектороор дамжуулан эдийн засгийн торгууль ногдуулах замаар хөдөлгөөнд оролцуулахгүй байх, нэгэнт хохирол учирсан тохиолдолд төлбөрийг даатгалын сектор хариуцах зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм.

Засгийн газар өөрийн яамдын харъяа институциүдээр дамжуулан өдөр тутам ард иргэдийн амар амгалан, эрсдэлгүй амьдрах орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байдаг. Эдгээр институциүдээс зарим та бүгдэд хэдийнэ танил болсон байгууллагуудаас дурьдвал - Мэргэжлийн хяналтын ерөнхий газар – хүний сайн сайхны амьдрах нөхцлийг бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр, Онцгой байдлын ерөнхий газар – ард иргэдийг гамшгаас хамгаалах үндсэн үүрэгтэйгээр, Цагдаагийн ерөнхий газар – хүний эрхийг хамгаалж, амар тайван амьдралын баталгааг хангах зорилготойгоор , Эрүүл мэндийн газар – хүн ардад эмнэлгийн тусламж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хүргэх зорилготойгоор тус тус ажиллаж байгаагаас үзэхэд эдний ажил, зорилго та бүгдэд маш тодорхой болох болов уу.

Мөн тухайлбал Сангийн яам нь “иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах” үндсэн чиг үүрэгтэй бодлого боловсруулж, хэрэгжүүлэгч байгууллага билээ. Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгын хүрээнд нийгэм, бизнесийн орчинд байгаа эрсдлийг олж тодорхойлох, түүнийг системтэйгээр бууруулах ажилд Засгийн газрын бусад байгууллагууд, өөрийн харъяа байгууллагууд, мөн олон нийт, олон улс, бизнесийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах учиртай.

Ингээд нарийвчлан үзвэл Төр нь тэр чигтээ эрсдлийн удирдлагын нүсэр том аппарат гэдэг нь харагдаж байна. Форумыг улам улам өргөжүүлэн хийж, Монголын ард иргэд, байгууллагуудын орчин дахь эрсдлийг шат дарааллан бууруулах зорилготой.

No comments: