Monday, November 28, 2011

RISK FORUM II - NOV 30 - riskforum.mn

Форумын үндсэн үзэл баримтлал

Төрийн онолын дагуу түүний үндсэн үүргүүдийн нэг нь амар тайван, аюулгүй нийгмийг цогцлооход оршдог. Нийгэмд буй олон төрлийн эрсдлийг бууруулж чадсанаар ард иргэдэд амар тайван амьдрах орчныг бүрдүүлдэг.

Үүнтэй адилаар бизнесийн орчинд буй эрсдлийг бодлого, зохион байгуулалттайгаар бууруулж чадсанаар хохирлыг бууруулж, ашгийг нэмэгдүүлэх, улмаар нийгэмд буй эрсдлийг бууруулах эхний зорилгыг биелүүлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл бизнесийн байгууллагуудыг эрсдлийг бууруулах нэгдсэн үйл ажиллагаанд амжилттай татан оролцуулах шаардлагатай.

Эрсдлийн форумын үндсэн зорилго нь Төрөл бүрийн эрсдлийг бууруулах, эрсдлийг удирдах тэргүүний туршлага, практикийг судлах, цаашид түгээх, ард иргэдийн эрсдлийн боловсролыг дээшлүүлэх зэрэг олон талт зорилтыг хангах явдал мөн.

Хүний амьдралын алхам бүр, бизнесийн үйл ажиллагааны явц бүр өөртөө эрсдлийг агуулж байдаг. Тэрхүү эрсдлийг бууруулж, бага эрсдлээр ихийг бүтээж чадаж байвал тэр нь өөрөө зөв нийгмийн шинж чанар юм.

Олон улсын эдийн засгийн хямралаас гарч буй дүгнэлт нь тэр чигтээ эрсдлийн удирдлагыг сайжруулах тухай асуудал юм. Санхүүгийн захын хямрал, Улаанбаатарын утаа - түүний шалтгаан, Японы цунами хийгээд улбаалсан цөмийн цахилгаан станцын хямрал зэрэг бүхий л эрсдлийг удирдах нэгдсэн, нийтлэг аргачлал бий, түүний суралцаж, түгээж, сайжруулж болно.

Засгийн газрын зүгээс бизнесийн орчин дахь эрсдлийг бууруулах, улмаар нийгэмд буй системийн эрсдлүүдийг тодорхойлох, бууруулах талаар шат дараатай арга хэмжээ, санаачлагуудыг авч хэрэгжүүлэх учиртай. Тухайлбал даатгалын компаниудаар дамжуулан хийж буй Малын индексжүүлсэн даатгал нь байгалийн гамшгийн эрсдлээс малчдыг хамгаалах, хохирол тохиолдсон үед нь нөхөн төлөх зорилго бүхий шинэлэг эрсдлийн удирдлагын арга хэрэгсэл юм. Энэ нь олон улсын хэмжээнд сүүлийн үед гарч ирж буй индексийн даатгалын нэгэн онцлог хэлбэр.

Жил бүр маш олон иргэд, байгууллагууд зам тээврийн осолд хохирч, ослын улмаас учирсан мөнгөн зардлаа олж авч чадалгүй хохирдог. Харин саяхан батлагдсан жолоочын заавал хариуцлагын даатгалын хууль хэрэгжиж эхэлснээр энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой болж байна. Цаашлаад хариуцлагагүй, төлбөрийн чадваргүй жолооч нарт даатгалын сектороор дамжуулан эдийн засгийн торгууль ногдуулах замаар хөдөлгөөнд оролцуулахгүй байх, нэгэнт хохирол учирсан тохиолдолд төлбөрийг даатгалын сектор хариуцах зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм.

Засгийн газар өөрийн яамдын харъяа институциүдээр дамжуулан өдөр тутам ард иргэдийн амар амгалан, эрсдэлгүй амьдрах орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байдаг. Эдгээр институциүдээс зарим та бүгдэд хэдийнэ танил болсон байгууллагуудаас дурьдвал - Мэргэжлийн хяналтын ерөнхий газар – хүний сайн сайхны амьдрах нөхцлийг бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр, Онцгой байдлын ерөнхий газар – ард иргэдийг гамшгаас хамгаалах үндсэн үүрэгтэйгээр, Цагдаагийн ерөнхий газар – хүний эрхийг хамгаалж, амар тайван амьдралын баталгааг хангах зорилготойгоор , Эрүүл мэндийн газар – хүн ардад эмнэлгийн тусламж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хүргэх зорилготойгоор тус тус ажиллаж байгаагаас үзэхэд эдний ажил, зорилго та бүгдэд маш тодорхой болох болов уу.

Мөн тухайлбал Сангийн яам нь “иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах” үндсэн чиг үүрэгтэй бодлого боловсруулж, хэрэгжүүлэгч байгууллага билээ. Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгын хүрээнд нийгэм, бизнесийн орчинд байгаа эрсдлийг олж тодорхойлох, түүнийг системтэйгээр бууруулах ажилд Засгийн газрын бусад байгууллагууд, өөрийн харъяа байгууллагууд, мөн олон нийт, олон улс, бизнесийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах учиртай.

Ингээд нарийвчлан үзвэл Төр нь тэр чигтээ эрсдлийн удирдлагын нүсэр том аппарат гэдэг нь харагдаж байна. Форумыг улам улам өргөжүүлэн хийж, Монголын ард иргэд, байгууллагуудын орчин дахь эрсдлийг шат дарааллан бууруулах зорилготой.

Thursday, November 24, 2011

Хэрэглээ

Олон жил ажиглахад хэрэглэж үзээгүй хүн төсөөлөхөд хэцүү байдаг.

Нью Йоркийн банкиртай харьцаж, дугтралцаж, дэгээдэлцэж үзээгүй хүн Нью Йоркийн банкиртай өрсөлдөхөд ямархуу байх талаар төсөөлөхөд бэрх. Яг л чанартай хувцас мэдэхгүй хүн чанаргүй хувцсыг ялгахгүйтэй адил.

Тийм учраас би Монголчуудыг бүгдийг нь хэрэглүүлэх, бүүр тансаг хэрэглээг мэдрүүлэхийн төлөө байр суурьтай байдаг. Ядаж л талхны мөнгөнд худалдагдахгүй. Тийм ч учраас Монголбанк мөнгөний хатуу бодлого явуулж эхлэхэд нь би эсрэг байр суурьтай байдаг. Яадаг юм хэрэглэцгээж л байг. Харин нийлүүлэлтийг нь нэмээд өгвөл инфляци өсөхгүй байж болно.

Тийм учраас машины, тэр тусмаа том мотортой машины татварыг нэмж болохгүй. Том мотортой машин гэдэг бол тансаг машин. Ухаан нь монгол хүн тансаг машин унаж болохгүй гээд байгаа юм уу. Огцом баяжигч, шинэ цагийн монгол бол тэр татвар нь хэд ч байсан аваад унана. Би харин тэгэж чадахгүй, шудрага иргэдийг нь яриад байна. Тэд нар бас савхин салонтой, 4500 мотортой спорт машин унаж болохгүй юу.

Үгүй юм бол метрогоо шийдээд өгчих. Ахисан төвшний нийгэмд угаасаа машин хог. Тэгвэл метрогоо шийдчих, дараа нь татвараа ярилцацгаая. Жаахан дэс дараатай, логиктой, фундаментал, про-шудрага иргэн байцгаамаар байна.

Saturday, November 19, 2011

Thursday, November 17, 2011

Дараалал

Хүн эхлээд өөрийгөө жинхэнэ утгаар нь хайрлаж сураад, дараа нь ханиа хайрлаж сурах учиртай юм (мэдээж энд эцэг эх, ах дүүсийг оруулчихая), тэгсний дараа өөртөө огт хамаагүй хүмүүсийг хайрлах тухай асуудал ярина. Харин түүний дараа л эх орныг хайрлах, эх дэлхийг хайрлах тухай асуудал ярих ёстой юм болов уу.

Ганц бие хүн 5 сарын цаадхыг л харж чадах бол, Айл гэр 5 жилийн цаадхыг, институц 50 жилийн цаадхыг, харин улс орон 500 жилийн цаадхыг харж чаддаг/чадах ёстой. Тийм учраас хүмүүс нэг нэгээрээ агуйд биш, нийлж айл болоод, нэгдэж групп болоод, олширч улс болон амьдардаг жамтай. Гэтэл улс 500 жилийн цаадхыг харж чадаж байна уу. Үгүй бол улс өөрийн зорилгыг биелүүлэхгүй байна гэсэн үг. Энэ л миний санааг зовоож байна. Монгол хүн, монгол айл, монгол групп, Монгол улс 500 жилийн дараа хаана байх вэ гэдгийг хэн бодож, хэн тэрэнд зүглэж явах вэ...

Wednesday, November 16, 2011

Politician

Танил эрхэм тв-ээр ярьж байнаа. Улс төрчид нь улс төрөө, бизнесменүүд нь бизнесээ л хийдэг баймаар байна. Хоорондоо холилдмооргүй байна гэнэ.

Улс төрч гэж мэргэжил дэлхийн монголд л байдаг юм болов уу даа. Бизнесмэн ч гэсэн уул нь тухайн үеийн статус болохоос мэргэжил биш байлтай.

Ер нь бол бие хүний хувьд төлөвшсөн, өөрөөр хэлбэл философич болж гүйцсэн, өөрийн эрх ашиг биш бусдын эрх ашгийг хамгаалахын тулд бүх сэтгэлээрээ шийдчихсэн этгээд л улс төр хийдэг зүй тогтолтой юм даа. Тэр хүн нь бизнес хийж яваад тийнхүү боловсорсон уу, багшилж байгаад ингэж боловсорсон уу, эсвэл мал хариулж явсан уу энэ тэр нь огт хамаагүй юм л даа. Яг энэ чиглэлээрээ топ боловсролтой хүн нь ингэж ярихаар бусад нь яах юм бол доо.

Өмнө нь би буруу хандлага гэж үгүй, зөв үр дүн л гэж бий гэсэн маань санагдаж байна. Өөрөөр хэлбэл оргилд аль ч замаар яваад хүрч болох юм.

Tuesday, November 15, 2011

Төв банкны орлого үр дүнд ханшийн тэгшитгэл суух ёстой юу

Төв банкны нөөц ба ханшийн тэгшитгэл
Саяхан сонин дээрх өгүүлбэрүүд анхаарал татав. Утгачлан сийрүүлбэл “...Монголбанк 2010 онд 145 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Ингэхдээ төгрөгийн ханшийн өөрчлөлтөөс 183 тэрбум төгрөгний алдагдал хүлээж. Үүнийг 2011 онд олсон ашгаараа нөхсөн ч 145 тэрбум төгрөгийн алдагдал хуримтлагдан үлдсэн байна... Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны явцад УИХ-н гишүүд алдагдалтай ажилласан төв банкинд хариуцлага хүлээлгэх ёстой, хэрэв арилжааны банк байсан бол Монголбанк аль хэдийнэ дампуурлаа зарлах болсон байна гэцгээж, Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв... “

Төв банкны нөөц – доллар ба бусад валют график
Ханшийн тэгшитгэл
Монгол улсын компани санхүүгийн тайлангаа төгрөгөөр илэрхийлж гаргадаг. Хэрэв энэ компанийн кассанд 1,000 доллар байгаа, мөн бусдад доллараар төлөх өр төлбөр үгүй бол үүнийг “долларын урт позицтой” гэж нэрлэдэг. Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу энэхүү 1,000 долларыг санхүүгийн тайланд тусгахдаа өдөр бүр mark-to-market буюу ханшийн тэгшитгэл хийж төгрөгөөр илэрхийлэгдэх дүнгээр нь бүртгэж явах ёстой.
Төв банкны нөөц
Гэхдээ би Төв банкны гадаад валютын нөөцөнд ханшийн тэгшитгэл хийх учиргүй гэж эртнээс үзсээр ирсэн. Өөрөөр хэлбэл орлого үр дүнгийн тайландаа нөөцийн дахин үнэлгээний өөрчлөлтийг тусгах учиргүй. Дэлхийн олон том банкууд баланс дээрээ ханшийн тэгшитгэл хийдэггүй. Мэдээж балансаас гадуурх ханшийн тэгшитгэлийг өдөр тутам хийх нь зөв. Хэдийгээр Төвбанк ханшийн тэгшитгэл хийх нь зүйтэй гэж үздэг зарим томоохон эдийн засагч нар байдаг ч, тэдний гаргаж ирдэг аргумент нь надад хангалттай санагддаггүй.
Төв банк бол ашгийн төлөө бус, мөнгө хэвлэх эрхтэй, зах зээл дээрх мөнгөний эрэлт нийлүүлэлтийг зохицуулах үүрэгтэй, ард түмэн, хүн ардын сайн сайхны төлөөх эрхэмсэг оршихуй бүхий онцгой статустай байгууллага. УИХ буюу ямар ч статустай байгууллага энэ байгууллагын үйл ажиллагааны зардал талыг хэлэлцэхээс биш орлого талыг, тэр тусмаа гадаад валютын нөөцөн дэх ханшийн тэгшитгэлийн ашиг, алдагдлыг хэлэлцэх ёсгүй. Бүр түүгээр нь дарамт шахалт үзүүлж ч болохгүй.
Учир нь бид ардчилсан дэглэмтэй, чөлөөт зах зээлт орон. Ийм зах зээлд валютын ханш нь эрэлт нийлүүлэлт болон макро эдийн засгийн суурь хүчин зүйлийн зарчмаар тогтоогдох ёстой. Төв банк нь ханшийн огцом савлагааг бууруулах, макро хүчин зүйлсийн тогтвортой байдлыг хангах л байдлаар оролцохоос биш зах зээлийн хандлагыг тогтоохгүй юм. Хэрэв төгрөгийн ханш макро шалтгааны улмаас чангарах ёстой бол чангарах л учиртай. Эсрэг тохиолдолд мөн үнэн.
Хэрэв та анзаарсан бол төгрөгийн ханш бусад гадаад валютын эсрэг чангарах тусам Монголбанк ханшийн тэгшитгэлийн маш их алдагдал хүлээхээр харагдаж байна. Яагаад гэвэл Монголбанкны нөөцөд байгаа нөгөө 1,000 доллар чинь өмнө нь орлого үр дүнгийн тайлангаас харахад 1,300 төгрөгтэй тэнцэж байснаа харин одоо 1,200 төгрөг болоод ирж байна. 100 төгрөгийн алдагдал хүлээж байна. Эсрэгээр төгрөгийн ханш суларсанаар Монголбанкны орлого үр дүнгийн тайлан ашигтай гарна. Гэтэл Монголбанк суурь зарчмаараа ашгийн төлөө бус байгууллага, эдийн засгийн онцгой субъект байдаг. Хэрэв Монголбанк ашгийн хойноос хөөцөлдөж, жил бүрийн эцэст төгрөгийн ханшийг зохиомлоор сулруулах сэдэлтэй болвол энэ нь макро эдийн засаг, бизнес, цаашлаад ард иргэдэд маш хортой зүйл болох болно. Энэ бол зарчмын асуудал. Энэ бол сонирхлын зөрчлийн тухай асуудал.

Friday, November 11, 2011

Малчны сонголт

Малчин сонголтоо хийчихсэн. Малчин 1921 онд Сонголтоо хийж баталгаажуулсан. Малчин 2011 онд ч сонголтоо хийсээр л байна. Малчид хөгжил дэвшлийг л сонгоод байгаа. Худлаа гэвэл Их дээд сургуульд сурч байгаа, хөдөө нутгаас ирж байгаа оюутны тоог хар.

Гэтэл үүнийг ойлголгүй, өөрөө орчин үеийн хувцас, хурдан унаа, гар утас барьж компьютерийн ард суучихаад "Уламжлалт мал аж ахуй, соёлоо байгаа тэр чигээр нь хадгалцгаая" гэх мэтийн 1204, 1500-аад онуудад бидний өвөг дээдсийн өөрөөр шийдчихсэн юмыг эргүүлж буцаагаад байх шаардлага үгүй. Худал гэвэл Мандухай Сэцэн хатан, Чингис хаан, Хувилай хаан, Монголын эзэнт гүрний түүхийг бүхэлд нь судлаж үзтүгэй. Өвөг дээдэс маань яаж хоцрогдсон мал аж ахуйгаа хөгжүүлэх, мануфактуринг эхлүүлэх талаар үеийн үед сэтгэлээ чилээж байсныг мэдтүгэй. Ам байдаг учраас ярих ёстой юм биш. Тархи байдаг учраас харин бодох ёстой юм.

Мал хариулж өссөн учраас би сонголтоо хийж байна. Би оюунлаг, орчин үеийн, дэлхийд өрсөлдөх боломжтой тэр Монголчуудыг мал хариулуулж уулын мухарт үрмээргүй байна. Монгол хүн бахархах, "омогших" дуртай. Хүн түүхээрээ омогшихгүй юм. Харин хүн ирээдүйд хийж бүтээх, түүний тулд өнөөдөр хийж буй ажлаараах гайхуулах ёстой юм.

Уламжлал өв соёлоо хадгалж үлдэнэ. Хадгалдаг арга нь байна. Хадгалахын тулд Монгол иргэнд сонголт хийх эрх өгөлгүйгээр Малчин хэвээр нь хадгалж хэрхэвч болохгүй. 500-600 мянган иргэнээ уламжлал хадгалах нэрийдлээр хамгийн бүдүүлэг амьдралын хэлбэрт цөлж болохгүй. Тийм л их уламжлалаа хадгалах гээд байгаа юм бол 10,000 жилийн өмнөх шигээ агуйд амьдарцгааж бас болно. Уламжлал хадгалах, хоцрогдсон хэлбэрээр амьдрах хоёрын хооронд хэдэн километрийн зай бий.

Би Монгол хүн 50 жилийн дараа мал хариулах биш харин Орчин үеийн лабораторид суугаад дэлхийд Монгол хүнээс өөр хүний хийж чаддаггүй өндөр технологийн бүтээгдэхүүнийг гаргадаг байхыг мөрөөддөг. Монгол хүн дэлхийн тавцанд сэлэм эргүүлж цахиур хагалахгүй ээ. Харин хийж бүтээж, босгож мандуулж шинэ Монголын шинэ бахархалыг төрүүлэх хэрэгтэй.

-----------------

Гадны этгээд Монгол хүнийг доош нь харах харцыг олон жил мэдэрч ирлээ. Харанхуй нэг нь мэдрэхгүй өнгөрнө. Харин юм ойлгодог хүн бүр тэр харцыг мэдэрдэг буй заа. Монгол хүнийг дэлхийд хүндэлдэг болгохын тулд өнөөдөр бид ажиллах хэрэгтэй.

Онгоцноос буугаад раллид оролцох гэж буй мэт эндүй сундуй замаар, эсрэг урсгалаар явж буй машинтай ердөө тохой хэрийн зайнд зөрсөөр хотын төвд хүрч ирсэн гадаад эрхэм монгол хүнийг хэзээ ч хүндэтгэж харахгүй. Ийм замтай улс, ийм замтай хүмүүс бол яг бизнесийн уулзалтанд жинс өмсч ирсэн хүнтэй адил үзэгдэнэ. Бид хорт хавдарын өвчлөлөөр дэлхийд тэргүүн байр эзэлж, олон улсын онгоцны буудлын зам нь Африкийн нэг ядруухан орноос долоон дор, хүний хөгжлийн үзүүлэлтүүдээр дэлхийд дандаа сүүл мушгиж, сонин телевизэрээр нь хагас солиотой, хийрхэлтэй мэт тархи угаалт тасралтгүй явж байгаа энэ үед Монгол омогшил, Монгол бахархалын тухай ярихгүй. Хэн мал аж ахуйгаа хадгалж үлдэе, хэн Монгол омогшил гээд цээжээ дэлдээд байна, тэр хүмүүс "но"-той. Бид бөөгийн сүсгийг аль 800 жилийн тэртээ халж орхисон. Яагаад бидний өвөг дээдэс 800 жилийн өмнө эхлүүлж 500 орчим жилийн өмнө бүрэн халж орхисон бөөгийн ёс өнөөдөр эргэж дэлгэрэв ээ. Шашин, мухар сүсэг хоёрын ялгааг ойлгохгүйд хүртлээ ухамсарын доройтолд орлоо гэж үү дээ. Хүн нийгэмшиж, иргэншиж амьдрахын тулд шашин байдаг, иргэншилд философи хэрэгтэй, харин мухар сүсэг хэзээ ч философитой байдаггүй юм.

50 жилийн дараа дэлхийд гайхуулах, Монгол бахархалыг бий болгохын тулд өнөөдөр бид өөрсөд дээрээ оногдсон хариуцлагыг ухамсарлан хэрэгжүүлж, дуудлагыг хүлээн авах ёстой билээ.

Улс төрийн хүүр, бизнесийн хүүр, нийгмийн хүүр, албан тушаалын бөглөөс хүүр, найз нөхөддөө садаа хүүр, ханилж яваа ханьдаа таглаа хүүр болцгоодгоо зогсоох ёстой.

Малчин порш унах эрхтэй. Харин түүнд сонголтыг нь өгсөн үү?