Saturday, September 24, 2011

Louis Vuitton

Харвардын MBA-д хүмүүс яах гэж суралцдаг вэ.

- Эдийн засгийн хямрал болж, ажлаасаа халагдсан хүмүүс толгой хоргодох гэж суралцах нь бий. Тэгэхээр эдийн засгийн хямралын жилүүдэд МВА моодонд ордог нь тэр.

- Эсвэл ажлын туршлагагүй, өөрийн гэсэн бүтээл - ярих, бахархах зүйлгүй хүмүүс хүнд харуулах цаастай болох гэж сурах нь бий.

- Зарим хүмүүс МВА-д сурвал дутагдлын шокноосоо гарч гэнэт гэгээрнэ гэж бодож ч сурдаг байх.

- Магадгүй хэсэг нь өөрийн чадал чансаагаа бусадтай харьцуулж үзэх гэж сурдаг болов уу.

- Ба бусад...

Гэхдээ энэ бол ярианы сэдэв биш юм. Ямар ч гэсэн Харвардад сурдаг хүмүүсийн багадаа дийлэнх олонх нь Who am I асуултандаа хариулт хайж очдог нь тодорхой.

Эрхэмсэг оршихуйгаа тодорхойлсон хүний хувьд тэнд очиж амьдралынхаа хайран 2 жилийг алдах утга учир байхгүй. Мэдээж Харвардад амрах зорилгоор хэсэг зуур очиж болох л юм л даа.

Харвардад хэнд ч хэрэггүй маркетингийн 5С заах болохоос биш маркетингийн урлаг заахгүй. 5С-р бол юу ч хийж чадахгүй. Юм хийлээ л гэж бодно. Үнэндээ тэр нь юу ч биш байна. Урлаг бол зорилгоо бүрэн ухамсарласан хүний хувьд агуйд ч төрнө.

Зорилгоо бүрэн ухамсарласан хүн түүндээ хүрэхийн тулд өдөр бүр шинээр юм сурна. Тэр зүйлсийг нь даан ч Харвард заахгүй. Гэхдээ Харвард хүмүүсийг зорилгоо тодорхой болгоход нь маш их тусалдаг байх. Тийм ч учраас бид Монголын сургуулиудыг Харвард шиг сайн болгох ёстой биз.

Магистрийн дипломтой хүмүүс энэ улсад хэрэггүй. Энэ улсад зорилго тодорхой түүндээ хүрэх итгэл үнэмшил дүүрэн л хүмүүс хэрэгтэй. Тэр хүмүүс нь Харвард төгссөн байна уу, Ховдод төгссөн байна уу ямар ялгаа байна аа. Тийм ч учраас хүмүүс "би гадаад сургууль төгссөн учраас", эсвэл "гадаад төгссөн хүн нь дээр", "гадаадад төгссөн хүмүүс эх орондоо тусална" гэх мэт жоохон инээдтэй ярианаасаа салаад - нөгөө гадаад сургууль төгссөн хүмүүс нь зорилгоо ойлгочихоод, түүндээ хүрэх ганц хоёр технологийн дүр суугаад ирж байна уу, эсвэл зүгээр цаас бариад ирж үү гэдгийг нь харвал дээр ч юм шиг.

Яг үнэндээ тэр цаас нь LV цүнхнээс ямар ч ялгаагүй эд болж хувирсан хүмүүс л харин олшроод байгаа юм шиг харагдах юм.

Европууд LV цүнх санжигануулж явахаа болиод удсан. Найзууд "хүн гэдэг чинь цүнхэн дээр тавьсан логогоор биш харин хийсэн бүтээсэн зүйлээрээ илэрхийлэгддэг юм байна шүү дээ" гэдгийг эцэст нь ойлгох аядсан бололтой. Харин манай Азиуд бол яаж хүний дор орохгүй байх вэ гээд үхэн хатан үзнэ. Япон, Хонг Конгийн охидууд цалингаа цуглуулж цуглуулж нөгөө алдарт LV цүнхээ авна. Өдөржин тэр цүнхээ бодсоор, ажилдаа үр бүтээл гаргаж чадалгүй - юун хийсэн бүтээснээрээ гайхуулах, би хэн бэ асуултандаа ч хариулт авч чадалгүй насыг барна. Хайран залуу насаа дуусгах үед хэдэн хуучин LV, 2011 оны өвгөрсөн Range Rover-той сууж байх юм биз дээ тэгээд. Одоо энэ үзэгдэл манайд харин халдварлан ид явж байх шиг байна даа.

Дүүрэн лого шивсэн цүнх, байнга эвдэрдэг машин, хоосон Харвардын диплом гуравын хооронд зарчмын ялгаа алга.

Гадаадад төгссөн учраас өндөр цалин авах ёстой, тэгэхдээ өдөржин фэйсбүүкдэж сууж байгаад шүү дээ. Ийм хүмүүс гадна төгсөөд ирж буй хүмүүсийн 95 хувийг нь эзэлдэг. Жоохон ажил өгөхөөр дийлэхгүй тавьчихдаг, харин хэл ам, хэрүүл уруул хийхдээ жигтэйхэн гарамгай залуучууд л олшироо юу даа. Тэгсэн мөртлөө англи хэлээ мэдэхгүй. Бичгийн хэл нь гэж авах юм байхгүй.

No comments: