Tuesday, September 6, 2011

dialogue

Нэг сэтгүүл дээрээс сонин өгүүлбэрүүд харав.

"... Хувь хүнд л тархи гэж байдаг... хамт олны тархи гэгч зүйл байхгүй... А.Смит үндэсний баялаг зохиолдоо бичсэнчлэн хүн өөрийгөө бодохын тулд заавал бусдыг бодох шаардлагатай тулгардаг. Сайхан сэтгэлтэйдээ биш энэ бол орших арга... Хүн төрлөхтөний энэ нийгэм чинь амиа бодохын тулд бусдыг бодохоос аргагүйд хүрдэг тийм зохион байгуулалттай..." гэжээ.

Үүнийг философич хүн (ажлыг нь философич гэж тэр сэтгүүл дээр тавьж) хэлжээ.

Хэрэв хүн өөрийн эрх ашгийн төлөө бусдад нийцүүлж амьдардаг - өөрөөр хэлбэл нийгмийн утга учир нь хүн гэдэг амьтан зөвхөн хувьдаа ашиг тус бий болгохоор харилцаанд орж буй хэрэг. Тэгээд тэнд хамтын үзэл бодол, итгэл үнэмшил, зүрх сэтгэл байддаггүй юм бол бид юу вэ. Ахисан төвшний хонинууд уу.

Азарга өөрийн үр удмаа хамгаалан чонотой тэмцэлдэхдээ хувийн эрх ашгийн төлөө тэмцэлдэж буй хэрэг юм уу. Хэрэв одоо тэр унагыг хамгаалчих юм бол ирээдүйд хөгшин болсон хойно нь унага өвс дөхүүлж өгөх үү тээ.

Хүний хийж буй бүтээл нь бүгд ашиг олохын төлөө, хувийн эрх ашгийн төлөө бүтээгддэг юм уу. Тэгээд өөрийнхөө төлөө бусдад туслаж буй мэт "дүр" үзүүлж амьдардаг хэрэг үү. Тэгвэл урлагийн бүтээл чинь мөнгөний төлөө бүтээл болох нь ээ.

Хэрэв тийм байсансан бол нийгэм энэ хүртэл явж чадах байсан гэж үү.

Би А.Смитийн томъёололыг огт өөрөөр хүлээж авдаг.

Яг л библийг хүн бүр уншаад өөр өөрөөр ойлгодог шиг.

Гэтэл библи өөрөө маш олон эсрэг тэсрэг утгыг агуулах гэж бичигдээгүй нь лавтай.

Ертөнцийн мөн чанар, түгээмэл үнэн цор ганц. Түүн дээр л суурилж асуудлыг ярих ёстой. Түүнээс биш өөрийн хязгаарлагдмал мэдлэг, хангалтгүй туршлага дээр суурилан асуудлыг ойлгож, тайлбарлаж болохгүй.

Шинж чанар дээр суурилан мөн чанарыг тайлбарлах нь өөрөө ийм сүйрлийн сэтгэхүй авчирдаг. Асуудлыг тайлбарлаж байгаа хүн өөрийгөө бүх асуудлыг ойлголоо гэж бодмогц сүйрэл нь өөрөө сунжирсан гамшиг болж хувирдаг. Нөгөө хүн өөрөө дутагдлын гүн шоконд ордог.

Эртээд нэг сэтгүүлч надаас асуусан. "Би одоогоороо жаргалтай байж болохгүй юу" гэж... Үгүй ээ болохгүй.

Одоогоороо жаргалтай хүн гэж жилийн 365 хоног согтуу эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай хүнийг л хэлэх байх.

Шинж чанар дээр хэт суурилан мөн чанарыг хүлээн авсан хүн зарчмын хувьд дээрхээс ялгаа багатай.

Жаргал - өнгөрсөн, ирээдүй хоёрт өнөөдрийг бодвол илүү түшиглэдэг. Өнгөрсөн цагт хийж бүтээсэн зүйлээрээ бахархах сэтгэл, ирээдүй цагт амьдралыг утга учиртай болгох хийж бүтээх зүйлс... Одоо цагт ирээдүйгээ барьж байгуулахуй.

No comments: