Monday, August 22, 2011

Pillars of knowledge

Арав орчим жилийн өмнө банкинд ажилд ороод би алтны дилер гэдэг албан тушаал дээр газардсан юм. Ер нь банк гэдэг амаргүй газар, бүгдээрээ завгүй, хүн бүр аль нэг ширээн дээр суусан бол ширээн дээр овоорсон ажлыг бүрэн хийж дуусгахыг шаарддаг, тэгэхээс ч өөр аргагүй байдаг. Би мэдэхгүй, би чадахгүй, би сураагүй гэдэг үг банкирын үгийн санд байх ёсгүй. Ер нь банкир ч гэлтгүй бүх л ажил хийж буй хүмүүсийн хувьд ижил болов уу.

Би Үнэт цаасны арилжаа давхар хариуцдаг байсан боловч ерөнхийдөө оны төгсгөлрүү ажлын ачаалал эрс багасав. Ингээд 5 хоног ажлын цагаар компьютер тоглосны эцэст дотроос нэг юм зулгааж, ямар ч гэсэн би энэ байгууллагын хоолыг хороож байгаа учраас ядаж цалингаасаа илүү орлого оруулж байх ёстой гэж бодов. Энэ үед би 21 настай, сард 80 доллартай тэнцэх цалин авдаг байв.

Захирлынхаа өрөөнд орж, "миний хийх ажил дууслаа, би одоо юу хийх вэ" гэж асуув. "Чи харин юу хиймээр байгаа юм бэ?" гэхэд нь "Би бодчихоод таньд хэлье" гэлээ.

2 хоног бодож, интернет ном зохиолоос судлагаа хийсний эцэст захирал дээрээ дахиад орлоо.
"Долоо хоног бүр банкны харилцагч нарт олон улсын санхүүгийн захын талаар анализ судлагаа өгч байя, ингэх юм бол олон харилцагч нарыг татах боломжтой болов уу" гэж хэллээ. Ингэж Монголд анх удаа олон нийтэд хандсан, долоо хоног бүрийн, тогтмол олон улсын зах зээлийн судлагаа төрсөн түүхтэй юм. Эхэн үедээ манай боссууд үнэ ханшийн тодорхой таамаглал дэвшүүлж болохгүй гэж хориглодог, харин би нэгэнт дилер, бичсэн юм нь анализ нэртэй л юм бол заавал ирээдүйд үнэ хэд болохыг таамаглаж бичдэг байх ёстой гэж зөрөн ямар нэгэн байдлаар ил, далд утгаар өөрийнхөө ханшийн таамаглалын шингээж бичдэг байлаа.

Тэр үед манай банк Монголын алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн ердөө 10 орчим хувьтай харилцаж арилжаа хийдэг байв. Бид нийтдээ Монголын томоохон 200 аж ахуйн нэгжүүдэд судлагаагаа тогтмол тарааж олон харилцагч татах тал дээр мэрийж ажилласан. Ингээд 3 жилийн дотор бид Монгол улсад эргэлдэж буй нийт алтны 70 хувийг хянаж, арилжаа хийдэг болсон юм.

Эхлээд мөнгө, дараа нь ажил гэдэг философи манай залуусын 99 хувьд нь бий. Энэ бол өөрийгөө сүйтгэж байгаа хэрэг. self-destruction.

Зүй нь эхлээд ажил дараа нь мөнгө философиор ажиллах ёстой. Би хэдийгээр банкиндаа хэдэн тэрбумаар нь ашиг (орлого биш) хийж өгч байсан боловч түүндээ бонус авсан нь үгүй. Банкныхаа дундаж, түүнээс доогуур төвшинд цалинждаг байлаа. Гэхдээ би хэзээ ч өгсөн мөнгөнд нь тааруулан ажиллаж, үлгэн салган, авах ч хэцүү, байх ч хэцүү юм захирлууддаа бэлдэж өгдөггүй байсан. Эцсийн эцэст чиний гаргасан хичээл зүтгэл чинь хэзээ нэгэн цагт заавал шагнагдах болно гэдэгт би одоо бат итгэлтэй болсон. Гэтэл залуучууд дандаа байгууллагадаа юу ч хийгээгүй, ямар ч хувь нэмэр оруулаагүй байж мөнгө нэхэж, удирдлагаа муулдаг. Ийм хүмүүсийг ямар хувь заяа хүлээж байгааг би маш тодорхой, алган дээрээ тавьсан мэт харагдаж байна. Би амлая, чи хэрэв хичээл зүтгэл гаргаж, хариу нэхэлгүй- бусдын төлөө мэрийж ажиллавал чи заавал шагнагдах болно.

---------------------

Алив мэдлэгийг би маш өндөр, эртний грек хийцийн баганатай зүйрлүүлэн төсөөлөх дуртай. Мэдлэг бүр нэг багана, гэхдээ дэлхийн бүх мэдлэг тэр маш олон багана дээр тогтож буй дээврээр холбогддог.

Алив мэдлэгийг эзэмдэхийн нууц нь тэдгээр багануудаас аль нэгнийх нь орой дээр гарах явдал болой. Ингэж чадсан цагт чи дээвэрт хүрнэ. Нэгэнт дээвэрт хүрсэн бол чи аль ч мэдлэгийн баганад хэдхэн алхаад л (энэ удаад чи авирах хэрэггүй) хүрдэг.

Тэгэхээр хүн болох багаасаа аль нэг мэдлэгийн баганыг барьж аван тасралтгүй зүтгэсээр оройд нь, улмаар дээвэр дээр гарах хэрэгтэй.

Алив хүн дээш авирахад өөрийнхөө жинг даах хэрэгтэй болдог. Гэтэл өөрийнхөө жинг ийнхүү даан авирахад насны хязгаар гэж байна. Хэрэв чи аль нэг баганын дунд хэсэгт залхуураад зогсож байгаа бол чи хэзээ ч түүний оройд гарч чадахгүй. Яагаад гэвэл чи хожимдож ухаарсан ч гэсэн чиний гар биеэ цаашид өргөж дийлэхээ больсон байна. Үүнийг насны доройтол гэнэ.

Би мэдлэг хуримтлуулахад физиологийн боломжтой насыг 20-27 гэж хардаг. 27-оос цаашаа маш гүнзгий ухамсарлал, аймшигтай хатуу итгэл үнэмшилгүй бол баганын орой, цаашлаад дээврийг мөрөөдөөд ч хэрэггүй болдог талтай.

Тухайн мэргэжлээрээ 20-30 жил ажилласан боловч мэргэжлээ бүрэн таньж мэдээгүй хүмүүс маш олон байдаг. Мэдээж амьдралд буруутан хайхад захаасаа авахуулаад олдоно. Харамч өөдгүй дарга, тэнэг мангар төр баригчид гээд. Яг үнэндээ энэ сонин гэж үү.

Би ня-бо мэргэжлээр төгссөн. Би 3-р курстээ энэ бол миний хүсэл эрмэлзэл биш байжээ гэдгийг мэдсэн. Гэхдээ би нэгэнт мөнгөө, 4 жилээ зарцуулаад дипломон дээрээ нөхөр Ганзориг нягтлан бодогч мэргэжилтэй гэж бичүүлэх учраас - нягтлан бодох бүртгэлийг хаанаас нь ч харсан бүрэн төгс мэддэг байх ёстой юм байна гэсэн тийм ч нарийн төвөгтэй биш, аягүй энгийн шийдвэрийг гаргасан. Сонирхолтой нь би өнөөдрийг хүртэл ня-бо мэдлэгээ маш олон зүйлст үр ашигтай хөшүүрэг болгон хэрэглэж байна.

Мэдлэг илүүддэггүй. Гэхдээ үлгэн салган, мэдсэн ч юм шиг мэдээгүй ч юм шиг мэдлэгтэй байж болохгүй. Аль нэг мэдлэгийн багана дээр гарсан цагт өөр бусад бүх мэдлэгийг хоромын дотор олж болно.

2 comments:

Unknown said...

Баярлалаа Ганзориг захирлаа. Залуус бид тэр болгоно ийм мэтийн зүйлсийг тунгаан бодож ойлгодоггүй. Харин таны фундаментал философи олон залуусын оюун санааг цэгцлэж байгаа гэдэгт би итгэдэг. Амжилт хүсье!

Anonymous said...

Пялдага коммент вэ