Monday, July 18, 2011

Монголчууд дунд ер нь их өчүүхэн амбицтай, том яриатай улсууд дүүрч.

УИХ, ард түмэн угаасаа огт ойлгохгүй байхад, өөрсдийнхөө сонгогдох тухай хуулийг жил дамнуулан хэлэлцэж байна. Яг үнэндээ бол юу шудрага, юу шудрага бусын тухай асуудал биш, харин аймаг, сумдыг хэрхэн хувааж авах тал дээр л толгой нь ажилламар аядаж, ажиллах ч биш сүүлдээ тархи нь эргээд ингэж буй.

Элдэв хурал цуглаан нь өчүүхэн амбицтай, том яриатай мэргэдээр дүүрч. "Улс орныг хөгжүүлэхийн тулд эдийн засгийг л сайн хөгжүүлэх учиртай юм шүү дээ" эсвэл "Зөв тогтолцоо нь улсын тулгуур мөн" гэх мэтчилэн огт утга учир бага, чихэнд наалдаж, тархинд шингэхгүй үгсийг хэдэн цагийн турш бурахдаа л гаргууд болсон юм шиг. Дорвитойхон судлагаа хийгээд ир гэхээр 100-хан мянган төгрөгний хэрүүл хийгээд зогсож байх жишээтэй.

Ийм худал - улсыг жолоодогч, эсвэл мэргэний дүр эсгэгчийг өчүүхэн амбицат, том яригч гэж нэрлэвэл зохилтой.

Зүй нь Монголчууд агуу амбицтай, өчүүхэн яригч нар байвал зохино.

Юу шудрага, юу шудрага бус юм бэ?

Гурвалжингийн гүүрийг засах гэж бүтэн 3 сар хаахдаа тэр гүүр хүрдэг замыг нь огт засалгүй үлдээсэн нь шудрага бус юм. Тэгээд тэр хүрдэг зам нь асар олон машиныг эвдэлсэний хойно тэр замыг засах гэж дахиад хаахдаа дахиад дутуу хуудуу зассан нь шудрага бус юм.

Сонгууль ямар арга хэлбэрээр явах нь яг үнэндээ ард түмэнд сонин биш байна. Тэрийг намуудаас өөр сонирхож байгаа хүн огт алга. Төр баригч нөхдүүд фундаментал байдлаар сэтгэж чадахгүй, үе нь өнгөрсөн нь тодорхой ч, ядаж ард иргэд юу хүсч байгааг 4 туслахынхаа нэгийг гүйлгэж жилдээ нэг удаа асуух хэрэгтэй.

Агуу амбицтай байх нас, үе нь социализмтайгаа цуг булшлагдсан байлаа гэхэд өчүүхэн ярьж эхэлмээр байна. УИХ дээр Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Жолоочын заавал даатгал, Компанийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх араам нь хүрэхгүй нь нэгэнт тодорхой тул ядаж Гурвалжингийн гүүрний засварыг яаж хийх талаар ярьдаг болмоор байна.

Энэ хачин парадокс нь хадлварлаад одоо бүүр зурагтаар 10 настай хүүхэд хүртэл "Би улс орноо хөгжүүлмээр байна" гэх мэтийн юм ярьж сонсогдох юм. Өчүүхэн амбиц, том яриа нийгэмд их газар аван хадлварлах юм бол ард түмний нүд сохорч тэдний хэн нэгэн бурангуй этгээд хүссэн зүгтээ залах боломжтой болно. Үндэсний аюулгүй байдал гэж энийг л хэлэх байх. Тэрнээс биш Хятад, Оростой байлдах тухай асуудал биш л байлтай.

Та ямар шашин шүтдэг вэ гэхэд захын Монгол "Буддыг шүтдэг" гэж хэлнэ. За Буддын ямар философийг нь та юу гэж ойлгож байна вэ гэхээр - таг. Өөрийнхөө огт ойлгохгүй юмыг шүтнэ гээд яриад эхлэхээр итгэл үнэмшил гэдэг ойлголт утгаа алдаж, үнэ цэнэгүй болов.

No comments: