Sunday, July 16, 2017

Хөгжлийн онол: Хөгжил бол Цаг хугацааны бүтээгдэхүүн биш


Манай эриний 500 оноос 1000 он хүртэл Европ тивд нүүрлэсэн ухралтыг Харанхуй үе буюу Dark Age гэж нэрийддэг билээ. Энэ үед эртний Грек, Ромын философи, шинжлэх ухаан, уран барилгын хөгжил дэвшлээс ухарч, бичиг үсэг ховордож, урлаг соёл уналтанд орсон байдаг. Ямар сайндаа л Ромчуудын зохиосон цементний жороо хүртэл мартаж орхих вэ дээ.

1300 орчим оноос л Ром, Грекийн философио эргэн санагалзаж, Христийн шашны бурангуй (тухайн үед манай одоогийн буддизм шиг хэт туйлширсан байв) хүлээснээс ангижирч (протестант гэх мэт илүү либерал урсгалууд гарч Христийн шашин шинэчлэгдсэн) шинэ хөгжил дэвшлийг эхлүүлсэн ба үүнийгээ Сэргэн Мандалт буюу Renaissance үе гэж түүхэнд тэмдэглэдэг билээ.

Яг үүнтэй адил Хятад улсын уран зохиолын оргил тэртээ 800 оны үед буюу Сон гүрний үед байсан гэдэг. Түүнээс хойш дэлхийд анхны цаас, дарь, торго, сургууль тэргүүтнийг байгуулж явсан Хятадууд 1800 он гэхэд доройтож Европчуудын хаана ч хүрэхгүй болсон байдаг.

1990 оноос хойш Монголын төрийг түшилцэж яваа ахмадууд нийтлэг мессеж цацна. Хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө ч тэр, уулзахад ч тэр цухалзуулах нэг санаа байдаг.  

Тэрийг нь тоймловоос "...Ардчилал угаасаа ингэж удаж бүрэлддэг байхгүй юу...", "...Хөгжил дэвшил чинь алгуур ирдэг юм...","...Америкийн 200 гаруй жилд туулсан бүх зүйлийг бид ч гэсэн нэг нэгээр нь туулаад гарна шүү дээ...","Бүх юм сайхан байна, бүгдээрээ эрх чөлөөтэй боллоо..." гэх мэт.

Уг санаа нь ХӨГЖИЛ бол ЦАГ ХУГАЦААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН юм л гэж хэлээд байгаа хэрэг.

Өөрөөр хэлбэл Монгол орны өнөөгийн байр байдалд биднийг битгий шүүмжлээрэй. Ердөө 27-хон жилд хөгжинэ гэж юу байхав дээ. Цаг цагаараа л явна шүү дээ л гэсэн санаа.

Үнэхээр ХӨГЖИЛ бидний боддог шиг цаг хугацааны бүтээгдэхүүн юм уу?

Хүн төрхт үүсээд 3 сая жил, яг орчин үеийн хүний анатоми үүсээд 300 орчим мянган жил болж байна.

Хүмүүс хот байгуулж амьдарч эхлээд ердөө 5 мянган жил. Харин гар утас хэрэглээд 20 жил л болж байна.

Энэ бүгдийг цаг хугацаа бий болгов уу.

Бидний тархи толгойноос огт дутахгүй тархи толгойтой хүмүүс 50 мянган жилийн өмнө байж л байв. Тэд 70 мянган жилийн өмнө байж л байлаа. Тэд нар 20 мянган жил өмнө байсаар л байв.

Юунаас болж хөгжив?

Яагаад 2500 жилийн өмнөх Грекчүүд маш ахисан төвшний философитой байгаад гэнэт бурангуй шашинд цохиулж оюун санааны хувьд мөхөв. Энэ цаг хугацааны асуудал уу, эсвэл хүний хүчин зүйл үү?

Яагаад хамгийн эртний соёл иргэншлийг бий болгож байсан Хятадууд 400-500 жил унтаж орхив. Энэ хүний хүчин зүйл биш үү?

Бид Америктай ижил төвшинд очиж хөгжихийн тулд дахиад 170 жил хүлээх юм байна л даа, тэд нарын логикоор бол.

Хөгжил цаг хугацааны бүтээгдэхүүн юм уу? Эсвэл хөгжлийг хүн (хүмүүс) хүчээр авчирдаг юм уу.

Дунд сургуулийн түүхийн хичээлд юу заах ёстой вэ. Он, цаг, үйл явдлын дарааллыг цээжлэх биш л байлтай. Харин хүн төрлөхтөний түүхээс бидний авч ойлгох ёстой философийг заах учиртай шүү дээ. Тэрнээс Наполеон хэдэн онд төрөөд, хэдэн онд ялагдсан нь бидний өнөөдрийг болон ирээдүйн амьдралд огтхон ч чухал биш.

Түүх бидэнд юу зааж байна?

Түүх бидэнд "хөгжил бол цаг хугацааны бүтээгдэхүүн биш. харин хөгжлийг хэсэг хүмүүс хүчээр авчирдаг юм аа." л гэж зааж байна.

27 жил хэр богино хугацаа вэ? Үнэхээр улс орон хөгжихөд хангалтгүй бага хугацаа юу. Сингапур, Өмнөд Солонгосыг харвал үнэхээр л их урт, хэдэн удаа хөгжчихөөр л хугацаа бололтой юм. Харин бид л хий дэмий өнгөрүүлчихлээ дээ.

Өөрийнхөө алдааг хамгаалах, өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөхгүй байх явдал бол хүн төрлөхтөнд байдаг л сэтгэл зүйн гажуудал. Үүнийг сэтгэл зүйн ухаанд Confirmation Bias гэж нэрлэдэг. Бидний өвөг дээдэс Ичсэн хүн хүн ална ч гэж хэлдэг.

Дундаж хүний сэтгэл зүй ийм л байдаг.

Яагаад гэвэл дундаж хүнд үнэн бол харьцангуй ойлголт юм. Нэгэнт үнэн харьцангуй учраас худал зүйлийг үнэн гэж хүчээр дайраад үнэн болгож болноо л гэж боддог юм.

Харин гэгээрсэн хүн үнэн бол туйлын ойлголт гэдгийг мэднэ. Цор ганц үнэний өмнө бүгд хүчгүй гэдгийг ч ойлгоно. Тийм учраас гэгээрсэн хүн цор ганц үнэнийг л хайдаг.

Дундаж хүний хувьд үнэн бол өнгөрсөн цагт байдаг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн цагт мэдсэн зүйлс, авсан мэдээлэл, хийсэн зүйлс нь тэр хүний хувьд үнэн болдог юм.

Харин гэгээрсэн хүний хувьд үнэн бол дандаа ирээдүй цагт байдаг. Гэгээрсэн хүн амьдралынхаа сүүлчийн мөчид үнэнг хайж олвол баяртай үхнэ. Тэр үнэн нь өнгөрсөн цагт үнэн гэж бодож явсан бүх зүйлсийг нь худлаа гэж нотлосон ч гэсэн машид баярлах болно. Яагаад гэвэл үнэн бол туйлын, тэгээд ирээдүйд оршдог.

Дундаж хүн өнгөрсөн цагт үнэн гэж ойлгож, харж явсан зүйлс нь худлаа болох вий гэдгээс үхтлээ айна. Сэтгэл зүйгээ удирдаж чадахгүй, философийн анхан шатны мэдлэггүйн шинж л дээ.

Өнгөрсөн 27 жилд бид Сингапур шиг, Хятад шиг, Солонгос шиг хөгжиж болох байсан. Энэ л үнэн юм. Гэтэл тэгэж чадаагүйгээ яаж ч өмөөрөөд, үнэнийг шороогоор булаад, мэлзээд нэмэргүй.

Бид яг энэ маягаараа дараагийн 27 жилд хаана байхыг би маш тодорхой харж байна.

1 comment:

Зочин said...

Бага гэж бодсон цог ч түймэр болж чаддагтай адил таний хийж буй үйл хэрэг, үзэл санаа хүмүүст хүрч чаднаа гэдэгт итгэлтэй байна. Таньд амжилт хүсье...