Monday, November 28, 2016

Аз Жаргал: Фундаментал философи


Шинээр бүтээгдэхүүн хөгжүүлэх, харилцагчийн хүслийг мэдэхийн тулд байгууллагууд санал асуулгыг ихээр ашигладаг.

Тухайлбал Та манай бүтээгдэхүүнийг ямар байвал илүү сонирхох вэ? а. Хямд, б. Хамгийн чанартай, в. Дээрх бүгд гэх мэт. Ингээд дүгнэлтээ хийж, харилцагч нар маш хямд, тэгсэн мөртөө хамгийн чанартай бүтээгдэхүүн сонирхож байгаа юм байна гэхчилэн захирлууддаа танилцуулна.

Стив Жобс энэ санал асуулгыг огт хэрэггүй зүйл гэж үздэг байсан. Яагаад 160 өөр төрлийн загвартай Нокиа дампуурч байхад, ганцхан загвартай Ай-фон дэлхийд ноёлов. Стив Жобс товчхондоо харилцагч өөрийнхөө юу хүсч байгааг ч мэдэхгүй явж байгаа гэж үздэг байв.

Домогт Х.Форд - """Хэрэв Америкчуудаас чи ямар унаа хүсч байна вэ гэж асуусан бол "Илүү хурдан давхидаг морь" (үнэн хэрэгтээ олон зуун жил үржил селекцийн аргаар илүү хурдан морь л гаргаж авцгааж байсан юм чинь) гэж хариулах байсан юм. Харин би тэд нарт хүн бүрт авч чадах машин бүтээж өгсөн юм даа""" гэж хэлсэн байдаг.

Тэгвэл манай нөгөө л Харвард, Колумбын эрдэмтэд маань судлагаа хийж гэнэ. (судлагаа гэж баахан санал асуулгын хуудас, ажиглалт энэ тэрхэн)

Тэгээд АЗ ЖАРГАЛ гэдгийг тодорхойлжээ. Аз Жаргал гэдэг бол "харьцангуй" (манайхны хэлдэгээр биш шүү) ойлголт юм байна. Өөрөөр хэлбэл хүн өөрийгөө бусадтай харьцуулж байж аз жаргалтай гэдгээ мэдэрдэг гэжээ. Санаа нь бусад хүмүүсээс арай дээр амьдарч байгаа бол хүн Аз Жаргалтай байдаг юм байх.

Мөн хүмүүсийн аз жаргалд хүргэдэг гэж боддог олон ойлголт нь бас л "харьцангуй" (манайхны харьцангуй биш шүү) юм байна. Тухайлбал мөнгө бол, америк хүний хувьд жилийн 80 мянган долларын орлого хүртэл л аз жаргалд нөлөөлнө. 100 мянгын орлоготой хүн, 200 мянгын орлоготой хүн хоёрын хооронд Аз Жаргалын зөрүү үүссэнгүй.

Бас цаг агаар ч гэсэн түр зуурынх. Байнга бүрхэг, бүүдгэр байдаг Англичууд, үргэлж нартай, дулаахан байдаг Калифорничуудаас дутахгүй аз жаргалтай гэнэ шүү. Гэхдээ Англичууд эхлээд Калифорнид очиж амьдарсан эхний хэдэн сардаа бол илүү аз жаргал мэдрэх юм байна.

Дээрх бүгд яг л цоо шинэ тоглоом авсан хүүхэд хэсэг баяртай байгаад уйддагтай адил юм. Ер нь бол мэдээжийн дүгнэлтүүд хийжээ.

Энэ бүгд мэдээж утопи, ойлгомжгүй сонсогдож байна. Ойлгомжгүй байна гэдэг чинь ойлгомжгүй байна аа л гэсэн үг. Өөрөөр хэлбэл Аз Жаргалыг тодорхойлж чадаагүй, шинж чанар, материаллаг эд ахуй төдийхэнд энэ эрдэмтэдийн судлагаа эргэлдээд зогсчээ.

Яагаад?

Яагаад гэвэл Аз Жаргал бол Философийн ойлголт. Шинж чанарт суурилсан судлагаагаар энийг тодорхойлох ямар ч боломжгүй. Хүмүүсээс Аз Жаргал гэж юу вэ гэж өөрсдөөс нь асуухад тэд мэдэх үү?

Философийн Фундаментал сургууль харин Аз Жаргалыг "харьцангуй" байдлаар биш, мөн чанарын төвшинд тодорхойлдог.

Хүн өөрийгөө бусадтай харьцуулж үзээд аз жаргалтай болно гэдэг нь парадокс.

Хүн аз жаргалтай байхын тулд өөрийнхөө хувьд утга учрыг мэдрэх ёстой. Утга учиргүй амьдрал (утга учир бол философи болохоос эд баялаг хэзээ ч утга учир болж чадахгүй) хичнээн баян цатгалан, алдар нэртэй байгаад ч аз жаргалыг авчрахгүй. Утга учир өөрөө аз жаргалд хөтлөнө.

Амьдралынхаа утга учрыг олсон хүн л аз жаргалтай байж чадна.

Та бидний Аз Жаргал гэж боддог зүйл яг л Хайртай адил (ихэнх хүмүүс дурлал, шохоорхолыг хайр гэж андуурч ярьдагтай адил) жинхэнэ Аз Жаргал биш юм. Харин дотроо 2 хуваагддаг.

Аз Жаргал бол Философийн сэдэв боловч Таашаал гэж Психологийн сэдэвтэй андуурагддаг. Хүн түр зуур таашаал авч болно. Тайвшруулах, хөгжөөх эм уухад л тархинд химийн элементүүд ялгарч хүн баяртай, хөөртэй юм шиг мэдрэмж авч болно. Эмний үйлчлэл зогсоход энэ бүхэн замхран одно.

Хүн хар тамхинд хэзээ ч донтдоггүй. Маш буруу ойлголт. Хүн харин бодит-хар бараан амьдаралаасаа зугатааж, тэр түр зуурын баяр, хөөрийг (тэр хүмүүс Аз Жаргал гэж бодож байгаа) мэдрэх гэж тасралтгүй хар тамхи хэрэглэдэг. Бодит амьдралдаа Аз Жаргалтай хүн хэзээ ч мансуурах бодис хэрэглэх шаардлагагүй.

Тэгэхээр бид Аз Жаргал гэхээр Психологийн буюу сэтгэл зүйн баяр, хөөр, таашаалтай хольж хутгаж андуурч боддог.

Жинхэнэ Аз Жаргал бол Философийн ойлголт байдаг. Хүний психологид эм, мансуурах бодисоор амархан нөлөөлж болно. Харин хүний философид юугаар ч нөлөөлөх боломжгүй.

Тэгэхээр Аз Жаргал гэдэг бол тэр чигтээ тухайн хүний амьдрал утга учиртай байгаа эсэх тухай асуудал мөн. Амьдралынхаа утга учир, зорилгыг ухамсарлаж таньсан, түүнийхээ төлөө ажиллаж, амьдарч, тэмцэж байгаа хүний амьдрал л Аз Жаргалтай байж чадна.

Ийнхүү бид тодорхойлсноор Аз Жаргал гэдэг ойлголтоос 1рт материаллаг хүчин зүйлсийг бүрэн авч хаялаа. 2рт тэр бүр ном зохиолд дурдагддаггүй сэтгэл зүйн/психологи хүчин зүйлийг бүрэн салгаж чадлаа. Ингээд цэвэр, жинхэнэ Аз Жаргалыг үлдээж байгаад тодорхойлж байгаа юмаа.

Аз Жаргалтай хүний хувьд УУЛЫН ОРГИЛ ОРОЙД НЬ БИШ БЭЛД НЬ ОРШМОЙ.

3 comments:

Unknown said...

Wow , az jargaliin ereld ywaad l bn

Unknown said...

Сайн байна уу Ганзориг багшаа. Би таньтай анх 2011 оны СЕО коллежид хичээлд сууж байхдаа танилцсан ба тэр цагаас хойш таны өгсөн ярилцлага нийтлэл болон блогуудыг унших болсон. Тэр дундаа таны өөрийгөө таних тал дээр бичсэн нийтлэлүүд болон философийн талаарх ойлголтуудыг би улам их сонирхож судлах хүсэлтэй байгаа ба учир нь одоог хүртэл би өөрийгөө бүрэн дүүрэн олж таньсан гэдэгтээ маш эргэлзэж явдаг хүн юм. Хэрвээ та боломжтой бол таньтай энэ талаар имэйлээр санал бодолоо хуваалцах хүсэлтэй байгаа ба миний хаяг энэ комментоор дамжуулан танд хүрж байгаа байх. Таниас хариу ирнэ гэдэгт итгэн хүлээж байна.

Баярлалаа

Anonymous said...

Ямар олон "ба" вэ. Хэхэ