Tuesday, November 22, 2016

Хиймэл Оюун Ухааны - Философийн зарим асуудлууд

Фундаментал Сэтгэлгээний өнцгөөс Хиймэл Оюун ухааныг авч үзье.

Юуны өмнө орчин үеийн философи болон технологийн салбарт хиймэл оюун ухааны талаар ширүүн маргаан өрнөж байгааг та бид мэднэ.

Хиймэл Оюун Хүний Оюунаас давж гарч чадах уу. Хиймэл Оюунд эмоци, сэтгэл байж болох уу. Хүний оюун гэж яг юугаараа гоц гойд юм бэ гэх мэт.

Энд философичдийн маргааныг хөндөх гэсэнгүй. Харин фундаментал сургуулийн үүднээс 2 оригнал өнцөг гаргаж тавих гэсэн юм.

Зарим философичид Хиймэл Оюун буюу Компьютер ба Хүний Оюун буюу Тархины бүтэц яг адилхан (адилхан л атом, электроноос бүтдэг) учраас Хүний Оюун ухааны хуулбарлаж хийх боломжтой гэж маргадаг. Маш боломжийн аргумент.

Бид Хиймэл Оюун гэхээр бие даасан робот, түүний толгойн дотор байрлах компьютер гэж ойлгодог. Гэтэл компьютер бол өөртөө программыг агуулна. Өөрөө суралцаж хөгждөгч бай, ямар ч бай ийм робот хүнтэй өрсөлдөнө гэхэд үнэмшилгүй сонсогддог.

Харин орчин үед бид Хиймэл оюун гэхээр шууд Интернет (world wide web) гэж ойлговол зохино. Эсвэл интернет дээр суурилсан ухаалаг систем гэж бас ойлгож болно. Интернет дээр юу байдаг билээ? Асар их хэмжээний мэдлэг агуулагддаг. Үүнээс гадна интернет дээр маш чухал зүйл болох --- ЭМОЦИ байдаг. Тэр олон фэйсбүүк, твиттер, коммент, инстаграм, захидал, мессежүүд тэр чигтээ эмоци. Энэ бүх мэдлэг болон 3 тэрбум хүний эмоцид нэг зэрэг холбогдсон өөрөө суралцагч ухаалаг систем байна гэж төсөөлөөд үз.

Дэлхийн 7 тэрбум хүнээс - яг хайр гэж юу юм бэ? - гэж асуувал хэд нь итгэлтэй хариулж чадах вэ. Харин интернетэд холбогдсон хиймэл оюун ухаан тун тодорхой хариулт өгч магадгүй шүү.

Дараагийн нэг философийн оригнал өнцөг бол. Хүний сэтгэлгээ тэр чигтээ өөрийн гэсэн сэтгэл зүйн хязгаартай - тэр бол ҮХЛЭЭС АЙХ АЙДАС юм. Үхлээс айдаггүй хүн бол сэтгэцийн өвчтэй л хүн байж таардаг. Тэгэхээр бидний бүх сэтгэлгээ, эмоци, бодол, үйлдэл ҮХЛЭЭС АЙХ АЙДАСТ захирагдаж байдаг гэж философи болон психологийн үүднээс томъёолж болно.Бид үхлээс айдаг учраас л биеэ "зөв" авч явж, эрээ цээргүй байдлаа татдаг.

Гэтэл 3 тэрбум хүний сэтгэл хөдлөл, хүн төрлөхтөний бүх мэдлэгт холбогдсон +++ дээрээс нь үхлээс айна гэдгийг мэдэхгүй --- ухаалаг өөрөө суралцагч систем байна гэж төсөөлөөд үз. Ингэснээрээ Хиймэл Оюун Ухаан хүнээс давж гарах философийн нөхцөл бүрдэж байх эрсдэлтэй.

Бид түүний хор уршиг юу байж болох талаар төсөөлж ч чадахгүй байна.

Философичид та бүгд үргэлжлүүлэн бодолхийлнэ үү.

No comments: