Sunday, November 27, 2016

Зөв хүн, Буруу хүн

Олон жилийн өмнө, гадаад сургуулийн элсэлтийн ярилцлагын үеэр надаас "Чи манай сургуульд юу өгөх вэ?" (value) гэж асууж билээ.

Би тухайн үед учрыг нь олоогүй юм. Би тэр сургуулиас юм авах гэж очиж байгаа хүн юугаа өгөх вэ дээ гэж бодсон хэрэг. Ер нь сүүлийн үед, барууны томоохон сургуулиуд элсэгч нараасаа чи нийгэмд, нийтэд сайн дурын ямар ажил хийсэн бэ, юу өгсөн бэ гэж асуух болжээ.

Бид зөв ба буруу хүний талаар тасралтгүй ярьж, бичих боловч яг ямар хүн нь зөв юм. Яг ямар хүн нь буруу юм гэдэг тал дээр нэгдсэн ойлголт үгүй.

Эцэг эх бүр хүүхдээ зөв хүн болгочих санаатай л цэцэрлэг, сургууль, коллежид төлбөр төлж явуулдаг. Гэтэл тэр газрууд нь хүүхдийг нь зөв хүн болгох талаар яг юу хийдэг юм бол?

Зөв хүн гэж хэн юм? Бид мэдэхгүй. Учир нь тэр хүнийг зөв болгох ёстой боловсролын систем нь бидэнд зөв ба бурууг зааж чадсангүй. Тэгсэн хэрнээ л бид хүүхдүүддээ "миний хүү зөв хүн болоорой" гэдэг. Хачирхалтай. Ойлгомжгүй.

Өөрийнхөө амь насыг бусдын төлөө зориулсан хүмүүсийн тухай бид бишгүй л сонссон. Тэр ч байтугай өөрийгөө бусдын төлөө зориулсан амьтдын тухай түүх хүртэл ямар их билээ. Гэтэл ихэнх хүмүүс өөрийгөө бусдын төлөө зориулж чаддаг билүү?

Ер нь хүн өөрийгөө бусдад зориулах ёстой юм уу, эсвэл амин хувийн эрх ашгийн төлөө амьдрах ёстой юм уу? Эндээс зөв ба буруугийн асуудал эхлэх юм. Би хүүхэд математикийн олимпиадад түрүүлснээр зөв болно, эсвэл сэргэлэн байснаар зөв болно гэх мэтийн шинж чанарын ярианд чиглэхгүй шууд фундаментал асуудалд оръё.

Биднийг бодвол философичид олон мянган жилийн турш зөв хүн, буруу хүний талаар бясалгаж, номлосоор иржээ. Өнөөг хүртэл үндсэндээ зөв ба буруу хүний тал дээр 2 байр суурь гарч иржээ.

Нэг хэсэг нь хүн бол төрөлхийн зөв амьтан, өөрөөр хэлбэл хүн өөрийгөө бусад хүмүүст зориулдаг бөгөөд бусад хүмүүст хэрэгтэй зүйл хийснээр зөв болно гэж үздэг.

Харин нөгөө хэсэг нь хүн бол төрөлхийн амин хувиа хичээгч амьтан, бүх зүйлийг өөрийнхөө төлөө л хийдэг. Бусдад хэрэгтэй зүйл хийж байгаа нь ч гэсэн алсдаа эргүүлж өөртөө ашиг авах гэж л тэр гэх мэт.

Тэгвэл хариу нэхээгүй хайрыг юу гэх вэ. Хүн байтугай, амьтад хүртэл бие биендээ хариу нэхээгүй тус хүргэж байдаг. Жишээ нь бид эхийн хайрыг ярьж болно. Эсвэл улс үндэстнийхээ төлөө гаргасан улс төрчийн золиосыг бид ярьж болно. (Би энд хайр гэдэг бол шууд өгөх тухай асуудал гэдгийг хөндсөнийг анзаараарай. Хайр гэдэг хэзээ ч нөгөө хүнээсээ авах тухай байдаггүй.)

Философич Адам Смит нэгэнтээ "Хүн хэдий амин хувиа хичээсэн амьтан мэт боловч, өөрт нь ямар ч ашиг тус үгүй байхад, бусдын аз жаргалаас баяр хөөр олж авдаг ажээ" гэсэн байдаг.

Манай философийн фундаментал сургууль бол нэгдэх үзэл баримтлалыг гол мөрдлөгөө болгодог.

Нийгэмд ажиглалт хийж олон янзын хүмүүсийг үнэлж, цэгнэж байхад хүмүүс фундаментал төвшинд үндсэндээ 2 хуваагддагийг мэдэж болно.

1 - өгөгч, 2 - авагч.

Энд харамсалтай нь нас, туршлага, боловсрол, олон хэл мэддэг, сэхээтэн гэр бүлээс гаралтай зэрэг нь ямар ч хамааралгүй болохыг харна.

Өөрөөр хэлбэл хүн ӨГӨГЧ эсвэл АВАГЧ  болж төлөвшихөд дээрх хүчин зүйлс ямар ч нөлөөгүй.

Фундаментал сургууль хүний амьдралын утга учир нь бусдын төлөө өөрийн амьдралыг зориулахад оршино гэж үздэг.

Тийм ч учраас хүний амьдралын АЗ ЖАРГАЛ нь зөвхөн бусдын төлөө хийж бүтээсэн зүйлээс л олдоно. ИХ эсвэл БАГАДАА биш харин байгаа бүхнээ зоруилсан уу, үгүй юу гэдгээр л хүний амьдрал аймшигт шудрага шүүхээр шүүгдэнэ гэж Фундаментал сургууль үздэг.

Тийм учраас Фундаментал сургууль хүн бүр ӨГӨХӨӨР төрдөг. (хүн бүр зөв хүн төрдөг гэсэн үг) Харин тал нь будилж, төөрч АВАГЧ дүрд хальтирч ордог гэж үздэг.

АВАГЧ хүн бол буруу хүн юм. ӨГӨГЧ хүн бол зөв хүн юм.

АВАГЧ хүнийг олж танихад философич эсвэл сэтгэл зүйч байх огт хэрэггүй. Энэ нийтлэлийг уншсаныхаа дараа нүдээ нээгээд эргэн тойрноо харахад л болоо.

Ханиасаа, найз нөхдөөсөө, хамт олноосоо, тэжээлгэдэг байгууллагаасаа, нийгмээсээ, улс орноосоо, хүн төрлөхтнөөс дандаа авч байдаг хүнийг харахад андашгүй.

Харамсалтай нь ийм хүмүүсийг эргүүлээд ӨГӨГЧ болгож, гэгээрлийн-зөв-гэрэлтэй замд нь тавихад туйлын бэрхшээлтэй.

ӨГӨГЧ буюу зөв дүртэй 5 настай хүүхэд, АВАГЧ буюу буруу дүртэй - мөнгөтэй, туршлагатай, хэргэм зэрэгтэй, ганган хувцасласан 50 настай хүн хоёрын хооронд зарчмын ямар том ялгаа байгааг харж байна уу?

Ажил, амьдралын замнал дундаа би ийм хэд хэдэн АВАГЧ хүнтэй таарч байлаа. АВАГЧ хүн хэзээ ч авснаа тооцож үздэггүй. Авах тусмаа улам шунаглаж, хэмжээ хязгааргүй аашилдагаараа танигдана. Тийм ч учраас Монголчууд эртнээс Хүн тэжээхэд Толгой цусдана гэж хэлдэг нь ийм учиртай. АВАГЧ хүний гол онцлог ердөө л тэр. Аваад л эхлэсэн бол зогсоно гэж байхгүй, хамгийн сүүлд нь ӨГӨГЧ хүн хамгийн гол буруутан болж үлддэг.

Бизнес хийхдээ хөгшин-залуу, хэлтэй-хэлгүй, боловсролтой-боловсролгүй, элит-бор гаралтай нь үнэндээ сонин биш. Харин АВАГЧ хүн үү (буруу хүн), ӨГӨГЧ хүн үү (буруу хүн) гэдгийг нь л нягт харах учиртай. Тэгвэл та хамтрагчаа зөв сонгож чадна. Хань ижил дээр ч мөн ижил.

Одоогийн улс төрчдийг харъя. Сонгогдож гармагцаа л хувьдаа юу авах вэ гэж л бодохоос биш ард түмэндээ юу өгөх вэ гэж боддоггүйн нотолгоо нь өнөөдрийн бидний нийгэм-эдийн засгийн байр байдал билээ.



5 comments:

Unknown said...

Сайн байна уу? Надад асуулт байна. АВАГЧ нь зөвхөн эд зүйл, хөрөнгө мөнгө гэх мэт материаллаг зүйлс дээр яригдах ойлголт уу? Бусад хүмүүсийн төлөө өөрийгөө зориулснаар, бусдад хэрэгтэй зүйл хийж байна гэдгээ өөрөө мэдрэх үедээ АЗ ЖАРГАЛ, БАЯР ХӨӨРийг АВАХ бус уу? Өөртөө аз жаргал, баяр хөөрийг авахын тулд бусдын төлөө өөрийгөө зориулж байвал яах вэ?

Unknown said...

goe asuult bna

Anonymous said...

Фундаменталь сэтгэлгээ болон шинж чанарт тулгуурлах гэсэн 2 ойлголтын ялгааг уг нь олон талаас нь тайлбарлажээ. Асуулт асуусан хүн өнөөх фундаменталь буюу мөн чанарыг гээж шинж чанарт анхаарч асуусан байна гэж бодлоо. Аз жаргал баяр хөөр АВАХ үйл явцын мөн чанар, суурь үйлдэл нь ӨГӨХ үйлдлээр үүсч байгаа учир Өгөгч хүний жишээ гэж ойлгогдох учиртай болов уу. Би ч мөн асуултны эзэн шиг сэтгэсээр ирсэн ч өнөө өглөөжин блогийг уншсны үр дүнд төөрөгдөж явснаа гадарлахтайгаа боллоо ххэ

Unknown said...

Хэт dependent эсвэл independent байх хоёулаа асуудалтай. Бид бүгд угаасаа interdependent. Хүн өгөх үедээ өгөөд авах үедээ авч сурах хэрэгтэй. Өгөөд байдаг мөртлөө авч чаддаггүй, авах болохоороо (тусламж хүсэх, аргадуулж тэврүүлэх хүртэл авахад орно ) муу хүн болох гээд байгаа мэт санагдаад асууж сураагүй хүмүүс байна (далд ухамсарт суусан буруу мэдээллээс болоод тэгдэг. Гэхдээ энэнээсээ болж бас авч байгаа буюу өөрөө юм өгч байгаа хүнээ өөрийн мэдэлгүй дотроо "judge" болж байдаг,жишээлбэл хүчгүй арчаагүй тусламж хэрэгтэй гэж хардаг). I am the great giver and I am the great reciever geed l ugleed yawna. Avch surmaar bn. Balance tai bmaar bn. Zuv hun gej ooriihoo dotoodiig sonsdog huniig helbe. Tusalmaargui dotroosoo tiim durgui hureed bval bi teriigee l sonsdog (at least I try, its hard with loved ones) Tuslah yostoi ued uneheeer dotroosoo tusalmaar bdg. Bas ih ur duntei ch bdg. Zuv hun gej zun sovingoo sonsdog oortoo hairtai huniig helnee. Dotroo taivan bval ta ch gsn, hen ch bsn hamgiin tom zurhtei saihan hun bolj huvirna. Bi bas huniig fundamentally good natured gej uzdeg surguuliin hun yumshig bn shoo. Thanks for the read. Nice article.

コカ・ガリド said...

Өгөгч Авагч гэсэн нь зөвхөн материаллаг зүйл дээр яригдах ойлголт биш сэтгэл, мэдрэмж дээр ч гэсэн яригдах ойлголт юм бол МИНИЙ ХУВЬД хүн болгон АВАГЧ. (Сэтгэл ханамж, аз жаргал) Авахын тулд бусдад өгдөг. Мөн чанар нь АВАХ үйлдэл, шинж чанар нь ӨГӨХ үйлдэл. Хүн яагаад
бусдын төлөө өөрийгөө зориулдаг вэ? Өөрөөсөө өөр хүнийг яагаад аз жаргалтай байлгах гээд байдаг вэ? Яагаад гэвэл бусдын аз жаргалаас өөрөө аз жаргал АВДАГ учир. Харин Зөв хүн, Буруу хүн гэдэг нь АВАХ үйлдэлээ хэрхэн илэрхийлж байгаагаар шийдэгдэнэ.
ЗӨВ ХҮН нь бусдад ӨГЧ тэрнээсээ сэтгэл ханамж, баяр баясал, аз жаргал АВДАГ хүнийг хэлнэ.
БУРУУ ХҮН нь өөртөө л ӨГЧ тэрнээсээ сэтгэл ханамж, баяр баясал, аз жаргал АВДАГ хүнийг хэлнэ.