Tuesday, October 25, 2016

ТогТолцоо

Фундаментал Сэтгэлгээний аргачлалыг мэдэхгүйгээс том боссуудаасаа эхлээд соён гэгээрүүлэгч нар нь хүртэл төөрөлдөж эхлэв.

Өмнө нь би Цогцрол (Complexity)-ын тухай бичсэн билээ. Орчин үеийн нийгэм эдийн засгийн Тогтолцоо нь цогцрол учраас хараад ойлгох нь битгий хэл, тэр сэдвээр нь докторын зэрэг хамгаалаад ч ойлгоход хэцүү болж.

Зээлийн хүүг банк тогтоодог, үгүйгээ хүртэл мэдэхгүй болтлоо, энэ улсын элит давхарга нь төөрч будилсан байхад улс төрч нарыг буруутгаад ч яахав.

Зээлийн хүү ч яахав. Санхүүгийн тогтолцоо сайтар хөгжөөгүй байгаагийн нэг л илрэл. Гэтэл жилд хэдэн мянган хүний амь насыг авч одож буй УТААГ яахав. Энэ талаар ямар соён гэгээрүүлэгч, ямар босс ярив? Эрчим хүчний тогтолцоо нь болохгүй байгаа учраас л УТАА үүсээд байгааг хэн харж, хэн ярив.

Угтаа бол элит хүн гэж улс орны өмнө тулгамдсан асуудлыг олж харан, ТОГТОЛЦООГ засах, өөрчлөх замаар ард иргэдээ жаргаадаг л хүн шүү дээ. Гэтэл манай лүмпэн элитүүд тогтолцоогоо ойлгох нь битгий хэл, нийгэм эдийн засаг тэр чигээрээ тогтолцооноос бүрддэг гэдгийг ч мэдэхгүй явж байгаа нь илт.

Угтаа улс төрчид нь шунахай луйварчин, хувийн эрх ашгаас бусдыг огоорсон бэртэгчингүүд болсон нь БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО бүхэлдээ дампуурсны үр дүн гэдгийг бид ойлгохгүй. Улс төрчдийг бид хичнээн буруутгаад ч энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй нь гэдгийг Монголын иргэд 25 жилийн туршид ойлговол ойлгохоор л боллоо.

Тогтолцоог ойлгоход хэцүү. Тогтолцоон дотор нь олон жил ажилласан хүн бүүр ч ойлгохгүй талруугаа орж эхэлдэг. Нэгэн хэвийн мэт санагдаж. Тогтолцоогоо хамгаалж эхэлнэ.

Тийм ч учраас ФУНДАМЕНТАЛ СЭТГЭЛГЭЭНИЙ СУРГУУЛЬ үүссэн.

Гадаадад магистр, доктор хийгээд, худалдаа наймаа хийж мөнгөтэй болчихоор, эсвэл 50 насыг зооглочихоор тогтолцоог ойлгочихдоггүй юм байна гэдгийг бид одоо сошиал медиад ороод бэлхнээ харж болно.

"Боловсролын Тогтолцоо болохгүй болчихлоо, Реформ хийх цаг нь болжээ." гэж хэлэхэд өөдөөс "Монголын 30 мянган багш нарыг доромжилдог чи хэн бэ" гэх утгатай юм ярьж суугаа Боловсролын яамны түшмэлтэй улс яаж хөгжих билээ?

Эрүүл Мэндийн Тогтолцоо болохоо байсан учраас, коммунист-чөлөөт зах зээлийн хооронд таг гацаж, аль ч үгүй болсон учраас өнөөдөр иргэд эмч нартаа итгэхээ больж, эмч нараа шоронд хийдэг харгис хууль гаргаад сууж байгаа бус уу. Тогтолцоонд реформ хийх талаар хэн гэж сайд, хэзээ ярив?

700 мянгын цалинтай сумын төвийн бичээч хүүхэн жилд 1.6 сая төгрөгийг улсад тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалд төлж байна. Гэтэл түүнээс 20 километрийн цаана амьдрах баян мянгат малчин жилд ердөө 80 мянган төгрөг төлөөд л бичээч хүүхэнтэй ижил хэмжээтэй тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээ авна. Малчин учраас тэр. Малчид татвар огт төлдөггүй, дээрээс нь малчдын тэтгэвэр нийгмийн даатгалыг нь сумын төвийн мань бичээч хүүхэн даагаад байдаг. Үүнийгээ нийгмийн даатгалын тухай хуулийндаа "Эв санааны нэгдэл" гэж нэрлэжээ.

Өөрөөр хэлбэл сумын төвийн бичээч хүүхнийг луйвардаж байгаагаа эв санааны нэгдэл гэж халхавчилсан гэсэн үг. Энэ бол Буруу Тогтолцоо. Гэтэл Монгол улсад ажил хийж сар бүр цалингийнхаа 20 хувийг Нийгмийн даатгалын Буруу тогтолцоонд эргэж олж авахгүйгээр төлж байдаг 600,000 хүний хэд нь юунд, яагаад 20 хувиа төлж байгаагаа мэддэг бол? Сонирхдог болов уу.

Фундаментал Сэтгэлгээний Сургуулийн үнэнч дагагч маш сониуч байх учиртай. Бүх тогтолцоо, бүх системийг сонирхож, сөхөж үзэх зоригтой байх хэрэгтэй.

Би мал хариулж өссөн хүн. Мал хариулж өссөн учраас малчдыг өмөөрөх юм биш. Шудрага, Хүмүүнлэг, Иргэний ардчилсан нийгмийн эсрэг байгаа бүх тогтолцоог сөрөх болно.

Тиймээ, хүн бүр л ямар нэг буруу тогтолцооны золиос болох боловч хэн ч тэр талаар сонирхдоггүй, судладаггүй. Учир нь Тогтолцоо том, цогц, нарийн, олон бүтэцтэй, харахад эхлээд нэг гариг, тэгээд нарны систем, тэгээд оддын бөөгнөрөл, цаашлаад галактик шиг маш олон, өөр хоорондоо холбоотой хэсгүүдээс бүрэлддэг. Тийм ч учраас хүн ойлгоход хэцүү.

Фундаментал Сэтгэлгээний аргачлалаар ямар ч тогтолцоог хялбархан ойлгож болно.

Авилгал бол тогтолцоо. Энэ тогтолцоог нурааж болно. Авилгалын эсрэг хууль, газрыг энэ тогтолцоог нураах гэж бий болгосон. Ажлаа хийж чадаж байна уу?

Боловсрол бол тогтолцоо. Хувийн сургууль нь математикийн олимпиадад түрүүлдэг 3-хан хүүхдээ анхаараад бусад төлбөрөө төлсөн 997 хүүхдийг нь ор тас хаядаг. Тухайн сургуулийн 1 сурагч математикийн олимпиадад түрүүлснийг мэдээгээр хараад - эцэг эхчүүд хүүхдээ өгөх гэж хуйларцгаадаг. Юутай эмгэнэлтэй, юутай тэнэг. Улсын сургууль нь 1980 оны агуулгаар хичээл заадаг бол тэр буруу тогтолцоо. Тэндээс өөртөө итгэлгүй, чадваргүй, аймхай, бусдыг буруутгадаг нэгэн л үйлдвэрлэгдэн гарна. Энэ Тогтолцоог өөрчилж болно. Реформ хийхэд амархан.

Гэхдээ тогтолцоо буруу байхад авилгал хэмээх өөр тогтолцоо наалдан орж ирж, хөгжиж эхэлдэг. Тогтолцоог зөв болгох, реформ хийх хүсэл эрмэлзлийг үгүй хийдэг.

Даатгал бол тогтолцоо. Улс оронд даатгалын тогтолцоо хангалттай сайн нэвчээгүйгээс л болж хүний амьдрал эрсдэлд өртөмтгий болдог. 40-тэй залуу хорт хавдраар өвдөж, эхнэр нь яалт ч үгүй байраа заран байж гадагш явуулах боловч нэмэргүй өнгөрөхөд - байр ч үгүй, нөхөр ч үгүй өрх толгойлсон эмэгтэй үлдэж байгааг шийдэж болно. Тэр нь даатгал. Гэтэл даатгалын тогтолцоог хөгжүүлэх тал дээр ямар элит, ямар босс, хэзээ дуугарахыг сонсов? Харин оронд нь амтай болгон л "даатгал худлаа, даатгал луйварчин" гэж цуурцгаах. Даатгал байхгүй байгаа учраас л амьдрал эмгэнэлтэй байгааг хэн, хэзээ зааж өгөх юм бэ?

Хөмөрсөн тогоо мэт, харанхуй, бүдүүлэг мэдлэгийнхээ цар хүрээнд өөрийгөө элит гэж цээжээ дэлдэж одоо болсон юм шиг санагдах юм.

Тогтолцоог ойлгож, шинэчлэхэд нас гай л болдог юм байна. Туршлага бол бүүр хэрэггүй эд байдаг аж. Боловсролын диплом бол хоосон пээдийлгэхээс юм хийлгэдэггүй бололтой.

Тийм учраас фундаментал сэтгэлгээний сургуулийг дагагч нар улс орны өмнө тулгамдаад байгаа 10 гаруй тогтолцоог бүгдийг нь реформ хийх хариуцлагыг гардаж авах хэрэгтэй байна.

2 comments:

Luna Khaliun said...
This comment has been removed by the author.
Luna Khaliun said...
This comment has been removed by the author.