Sunday, January 17, 2016

2D, 3D, 4D, 5D - Мэдлэг

МЭРГЭН УХААН (WISDOM)

Мэдлэг бол Боловсролоос том ойлголт билээ.

БОЛОВСРОЛ бол сургуулийн орчинд олж авсан МЭДЛЭГ  юм. Мэдлэгийг хүн насан туршдаа сургуулиас боловсрол хэлбэрээр, харин амьдралаас туршлага хэлбэрээр олж авч байдаг.

Мэдлэг хуримтлагдаж тодорхой төвшинд хүрэхээр МЭРГЭН УХААН болно.

Боловсролын дипломтой гэдэг нь МЭРГЭН УХААНТАЙ, эсвэл өндөр МЭДЛЭГТЭЙ гэсэн үг биш.


Би дээхнэ нэгэн их сургуулийн төгсөлтийн шалгалтын комисст сууж билээ. Харамсалтай нь ихэнх оюутнууд билетийнхээ хариуг зүгээр л цээжилсэн байв. Мэдлэгтэй биш, харин МЭДЭЭЛЛИЙГ цээжилсэн байлаа. 4 жил сураад Мэргэжил эзэмшсэн нэртэй боловч МЭДЛЭГГҮЙ, БОЛОВСРОЛГҮЙ гарч байна гэсэн үг. Эргэж санахад би ч гэсэн сурагч байхдаа тийм л байж.

Оюу толгой төслийг ямар хэлбэрээр явуулах хэрэгтэй вэ? Энэ асуултыг хариуг мэдлэгтэй хүн л хариулна. Харин мэдлэггүй хүн мэдээлэл дээр үндэслэнэ.

Мэдээлэл өөрөө мэдлэг биш учир СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙГ бий болгоно. Сэтгэл хөдлөл бол "зөв юм шиг" эсвэл "буруу юм шиг" санагдахыг хэлнэ.

Аль нэг улс төрч маш хар дүр зураг будаж харуулбал сэтгэл хөдлөл үүсээд дагана. Эсрэгээр сайн талаас нь их пи-ар хийж чадвал мөн л эерэг сэтгэл хөдлөл үүснэ.


Мэдлэггүй хүн амьдралаа Сэтгэл хөдлөлд захируулна. Харамсалтай нь сэтгэл хөдлөл өөрөө хамгийн сүүлд авсан мэдээлэл дээр л үндэслэнэ.

Гэхдээ сэтгэл хөдлөлөөр явах тутам маш олон алдаа гаргаж туршлага үүснэ. Тухайлбал гадаадын хөрөнгө оруулагч нарыг хөөгөөд явуулсны дараа эдийн засаг ямар байдалд орж байгааг бид хэдэн жил харж мэдэрсний дараа л сая туршлага дээр суурилсан мэдлэг үүсч байна. Гадаадын хөрөнгө оруулагч нарыг хөөгөөд явуулах нь зөв юм шиг санагдаж байсан бол. Одоо алдаа гаргасныхаа дараа гадаадын хөрөнгө оруулагч нар ямар хэрэгтэйг ойлгоно.

Тийм ч учраас агуйд удирдагч нь хөгшин хүн байдаг байв. Учир нь Хөгшин хүн МЭРГЭН УХААНТАЙ байдаг.

Мэдлэгийг залуу насанд хүчээр бий болгохгүй бол яваандаа сэтгэл хөдлөлүүдийн алдаа нь туршлага маягаар хуримтлагдсаар хөгшин болоход мэдлэгтэй болдог байна.

Монгол улсад Улс орныг чөлөөт зах зээлийн орчинд хэрхэн хөгжүүлэх талаар мэдлэг алга. Учир нь туршлага алга. Настай хүмүүс нь Оюу толгой, Гадаадын хөрөнгө оруулалт гэх мэтийг яг залуучуудтайгаа адил анх удаа л үзэж, сонсож байна. Яагаад гэвэл бид 25 жилийн өмнө өөр системээс гэнэт чөлөөт зах зээлт системд шилжсэн шүү дээ.

Тийм ч учраас Сэтгэл хөдлөл бол геометрээр авч үзвэл Хавтгайд орших бүдүүлэг мэдлэг юм. Мэдээлэл дээр суурилсан сэтгэл хөдлөл бол МЭДЛЭГ биш юм.


2D МЭДЛЭГ

Өнөөдөр Монгол улс тэр чигтээ Мэдээлэл дээр суурилсан Сэтгэл хөдлөлөөр шуурч байна.

ШУДРАГА гэж ойлголтыг авч үзье. Хүн гэж амьтан Шудрагын талаар мэдлэгтэй байх ёстой.

Гэтэл шудрага гэдэг "зөв байхыг хэлнэ." гэж 2D буюу 2 хэмжээст хавтгай цаасан дээр тодорхойлчихоор тийм энгийн мэдлэг мөн үү.

Пифагорын теором бол 2 хэмжээст мэдлэг байна. Гурвалжны бага хоёр талын квадратын нийлбэр их талын квадраттай тэнцэнэ гээд бид хавтгай цаасан дээр, шугаман өгүүлбэрээр буюу 2 хэмжигдэхүүнээр тодорхойлчиход хэн ч ойлгоно.

Шудрага гэж юу вэ.

Өнөөдөр манай 10 жил төгсч байгаа сурагчаас эхлээд мундаг том Шүүгч хүртэл ШУДРАГА гэх энэ мэдлэгийг бүрэн ойлгохгүй байгаа нь нууц биш.

Энэ Шудрагын тухай мэдлэгийг 10 жилийн сурагчид хэрхэн бид заах вэ.

Социализмийн үеийн "Төмөр ба Түүний нөхөд" зохиол яах гэж гарсан юм бэ. Учир нь Шудрага гэдэг бол өөрөө 3D хэмжээс, огторгуйн биет, маш комплекс мэдлэг юм. Хүүхэддээ Шудрагын талаар яриад ойлгуулах гээд үз. Ном уншуулаад үз. Хангалтгүй л байх болов уу.

Өөрийн биеэр үлгэрлэж үзүүлэх, өөрийнх нь арьс маханд мэдрүүлэх гээд олон зүйл хийх хэрэгтэй болох байх даа.


3D МЭДЛЭГ

ШУДРАГА бол 3D мэдлэг юм.



Бидний тархи 3D бүтэцтэй. Тийм учраас бидний тархи 3D буюу 3 хэмжээст огторгуйд сэтгэдэг. Бидний сэтгэлгээ 3 хэмжээстэй. Тийм байхад бид 3 хэмжээстэй ШУДРАГЫН талаарх мэдлэгийг яаж 2D хэмжээс дээр (цаас, лекц) суурилсан боловсролын системээр дамжуулж олгох болж байна?

Дан ном уншуулаад, ангид модон сандал дээр суулгаад хүүхдүүдээ ШУДРАГА хүмүүс болгох гээд үз. Бүтэхгүй л болов уу. Тэд логарифм яаж хувиргах тухай, дэлхий 5 тивтэй байдаг тухай 2D мэдлэгүүдийг бол аваад л гарч ирэх байх. Харин хамгийн чухал 3D мэдлэгүүд яах вэ.

ШУДРАГА, ҮНЭН, ЗӨВ/БУРУУ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ЭРХ ЧӨЛӨӨ.

Хүн боловсролын системд баахан цаг алдаж алдаж амьдрал дээр гарч ирээд 3D мэдлэгүүдийг туршлага маягаар бага багаар олж авч эхэлдэг.

ШУДРАГА бол 3D учраас эхлээд нэг өнцгөөс нь харна, дараа нь тойруулж хараагүй өнцгөөсөө хараад гайхна. Хүрч үзнэ. Өргөж үзнэ. Ингэсээр яваад насан эцэслэх үедээ л 80 хувийг нь ойлгож чадвал их юм. (би ч бас)

Ийм л учраас ФИЛОСОФИ дээр суурилсан цоо шинэ, дэлхийд байхгүй боловсролын системтэй болох тухай би ярьж байгаа.

Яахав хүмүүс 2D мэдлэгээс эхлээд ямартай ч 3D мэдлэг хүртэл явдаг юм биз. Тэгвэл 4D мэдлэг гэж бас байна.


4D МЭДЛЭГ

Би дээр хэлсэн. Хөгшрөх тусам хүмүүс 3D мэдлэгтэй болдог юмаа гэж.

Гэтэл ШУДРАГЫГ тал талаас нь туршлагаараа харж мэдлээ гээд юу өөрчлөгдөх вэ.

Ер нь 3D мэдлэгийг заавал цаг хугацааны эрхээр олж мэдэх ёстой юу гэдэг асуулт гарч ирнэ.

Бид 3D-н дараах шатны буюу 4D мэдлэгтэй байсан хүмүүсийг мэднэ. Чингис хаан, Будда, Ганди, Есүс зэрэг мэдлэгийг амьдралын эрхээр алгуур биш харин араас нь хөөцөлдөж, залуу насандаа дараагийн хэмжүүрт нь хүрч чадсан хүмүүс зөндөө л байдаг.

Тэгвэл 4D мэдлэг гэж юу вэ.



4 хэмжээст мэдлэг гэдэг нь ЦАГ ХУГАЦААНЫ хэмжүүрийг өөртөө нэмсэн 3D мэдлэг юм. Өнгөрсөн, Одоо, Ирээдүйг нэгэн дор багтаасан, аль ч цаг үед үнэн байх мэдлэг гэсэн үг.

ШУДРАГА гэдэг ойлголтыг орон зайн аль ч үед үнэн байхаар 3D хэмжээст тодорхойлсон бол одоо цаг хугацааны аль ч үед үнэн байхаар тодорхойлно гэсэн үг. Тийм ойлгож ядаад байх зүйл биш. Хүн төрлөхтөн мэдлэгийн 4D төвшинд хүрэхээр цаг ямагт л тэмүүлж ирсэн нь харагддаг.

Хамгийн энгийн жишээ хэлэхэд КОМПАНИ байна.

Алсын хараа (Vision), Эрхэмсэг оршихуй (Mission), Үнэт зүйлс (Values)  зэрэг нь тухайн компанийн Өнгөрсөн, Одоо, Ирээдүйг нэгэн зэрэг үнэн тодорхойлж, тэр компанийн талаар зөв мэдлэг бий болгох зорилготой л ойлголтууд юм.

Хүн боловсролын систем, амьдралын хар туршлагаар яваад 200 жилд ч олохгүй 4D мэдлэгийг 20 настайдаа олж болно. Тэгэхийн тулд хүн философич байх хэрэгтэй болдог.

Дэлхийн агуу том нээлтүүд хийсэн эрдэмтэд бүгд Философичид байдагт гайхах зүйлгүй. Кант, Ньютон, Адам Смит гээд бүгдийг нь нэрлэж болно.

Бидний тархи 3 хэмжээстэй бөгөөд 4 дэх хэмжээс буюу цаг хугацааг төсөөлөлдөө бий болгож чадах боловч 5 дах хэмжээс гэж бас бий.


5D МЭДЛЭГ

Уг нь бол бидний тархины суурь бүтэц нь 5 хэмжээстэй боловч бид 3 хэмжээс дээр л ажилладаг.

Чулуу, хүн хоёрын хамгийн суурь, нэгж бүтэц нь ав адилхан. Бүх бодис, юмсын суурь Атомын өөрийнх  нь дотоод бүтэц 5 хэмжээстэй.







Цөмийн физик буюу Квант физик нь Атомоос цааш бүтэц буюу ертөнцийн бодис, юмс үзэгдлийн хамгийн суурь бүтцийг судладаг.

Одоогийн байдлаар физикч нарын хамгийн зөв болов уу гэж бодож байгаа нь дээрх зураг буюу Стандарт Модел юм. Стандарт модел нь зөвхөн бодисийг тайлбарлаад зогсохгүй Ертөнцийг өөрийг нь тэр чигт нь тайлбарлах гэж оролддог.

Бидний мэдэх электроноос авахуулаад нийт 16 бодислог/долгиолог нэгжүүдийн харилцан үйлчлэлээс ертөнц тогтдог гэж "таамагладаг". Өөрөөр хэлбэл бид ертөнцийн бодислог тал нь молекул, атомоос тогтож байгааг баттай мэдэх боловч түүнээс цааш тун боломжийн таамаглалтай л сууцгааж байгаа гэж хэлж болно.

Квант эрдэмтэдийн тайлж чадахгүй байгаа гол нууц нь Таталцал/Татах хүч юм. Энэ бол ертөнцийн тавдах хэмжээс гэж хэлж болно. Гэтэл харамсалтай нь Стандарт Модел Таталцалыг тайлбарлаж чадахгүй байна.

Яагаад бид одоо болтол ертөнцийн сууриа нээж чадаагүй явна вэ. Яагаад гэвэл бидний тархи 3 ба 4 хэмжээс дээр л сэтгэж чадна. 5 дахь хэмжээс дээр сэтгэж чадахгүй байгаа юм.

Таталцалыг бид нээж чадвал магадгүй мэдлэгийн 5D хэмжигдэхүүнд хүрэхийг үгүйсгэхгүй.

Ер нь чадах уу? Мэдэхгүй.

Миний мэдэж байгаа цорын ганц зүйл бол бид дэлхийд тэргүүлэгч байр сууриа эргүүлэн олж авъя л гэж бодож байгаа бол Философи дээр суурилсан цоо шинэ Боловсролын системд шилжиж 3 ба 4-р хэмжээс дээр сэтгэдэг, Мэргэн ухаантай хүүхдүүдийг бэлтгэж гаргах хэрэгтэй.


No comments: