Стив Жобс Монголд төрсөн байна гээд бодоод үз. Юу болох бол.
Мань эр Америкт хийсэн зүйлүүдээ давтаж хийж чадах байсан болов уу.
Tesla, Space X, Hyperloop, Paypal зэрэг олон төслөөрөө алдартай Элон Маскийг авч үзье. Өмнөд Африкийн иргэн. Цэрэгт явахаас зугтаж Канад гарсан. Дараа нь Америкт ирсэн. Тэгээд гайхамшиг тохиолдож эхэлсэн.
Жишээ нь Өмнөд Африк баагий 20 гаруйхан насандаа Америкийн төлбөр тооцооны асар хүчтэй, туршлагатай системийг ганц алхаад урд нь гарсан. Үүнийг л disruptive innovation буюу баригдмал, хүн бүр хүлээн зөвшөөрсөн системээс илүү гарч гарах сэтгэлгээ гэнэ.
Бас жишээ нь Өмнөд Африк баагий дэлхийн хамгийн мундаг НАСА-д пуужин нийлүүлж байна.
Бас жишээ нь түүний бүтээсэн бүтэн электрон машин нь 100 км/ц-г ердөө 2.8 секундэд авч байна. Энэ бол 1 сая шахам долларын үнэтэй дотоод шаталтат спорт машинуудын гаргадаг үзүүлэлт л дээ. 100 жил хөгжиж ирсэн дотоод шаталтат хөдөлгүүр, феррари, порше, ламборгиниг нэг алхаад л урьд нь гарч байгаа нь тэр.
https://www.youtube.com/watch?v=LpaLgF1uLB8
Мань эр Өмнөд Африктаа байсан бол энэ бүгдийг хийж чадах байсан болов уу.
Сүүлийн үед алдаршаад байгаа Пикетти, Капитал номондоо дэлхийн улс гүрнүүдийн баян хоосны ялгаа түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг сүүлийн 250 жилийн хугацаанд дата цуглуулж судлаж үзсэн. Өмнө нь ийм өргөн цар хүрээтэй бүтээл гарч байсангүй.
Мань эрийн дүгнэлтээр баян хоосны ялгааг багасгадаг гол хүчин зүйл нь боловсрол, ур чадвар.
Машин гэж яг ямар машин бэ. Тесла шиг үү, порше шиг үү. Эсвэл приус үү. Яг үүнтэй адил Пикетти боловсрол, ур чадвар гэж яг ямар боловсрол, ур чадвар вэ гэдгээ хэлсэнгүй. Аргагүй мань эр эдийн засагч болохоос биш философич эсвэл психологич биш юм чинь.
Бид дэлхийд байхгүй disruptive боловсролын системтэй болох ёстой. Яг paypal шиг, эсвэл Ливан цагаачийн хүү Стив Жобсын iphone шиг. Стив Жобс шиг, Элон Маск шиг нөхдүүд төрөн гарах магадлал нь Нью Йоркийн эсвэл Лондонгийн боловсролын системтэй харьцуулахад маш өндөр тийм системтэй болох тухай би ярьж байна.
Яг л Америкийн аварга том банкууд paypal-н орон зайг огт олж харахгүй улирсан баларсантайгаа зууралдаж байсантай ижил. Оксфордын боловсролын системийг бид дунд сургуулиуддаа хуулахгүй ээ. Найзуудаа. Тэгэж инноваци хийдэггүй. Тэгэж урд нь гардаггүй юм. Араас нь явж урд нь гардаг тийм зарчим дэлхийд хаана байна.
Стив Жобс өнөөгийн Монголд төрлөө гэж бодъё. Мань эр чадах уу. Чадахгүй. Юу дутуу байна. Түүнээс хэдүүлээ эхэлцгээе.
Нэгдүгээрт мань эрт чадвартай, бүтээмжтэй боловсон хүчин олдохгүй. Түүнээс эхэлнэ. Пикеттгийн хэлсэнтэй адил. Гэхдээ энэ дангаараа хангалтгүй. Мань эрд санхүүжилт хэрэгтэй.
Баялагийн төвлөрөлийн гурван парадигм.
Баялаг төвлөрөх нь буруу юм уу. Үгүй зөв. Бодоод үз. Монгол улсын жилийн орлого бүх иргэнд тэгш хуваагддаг байлаа гэж бодъё. Тэгвэл баялаг хүчгүйднэ. Нэг аятайхан том үйлдвэр байгуулчих мөнгөний төвлөрөл хэрэгтэй. Нэг сургууль байгуулах, нэг судлагаа хийхэд төвлөрөл хэрэгтэй.
Зөвхөн баялагийн төвлөрөл би яриад байгаа юм биш. Эрх мэдлийн төвлөрөл зайлшгүй байх ёстой. Хэн нэгэн нь алс ирээдүйг харсан, том хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах ёстой. Үгүй бол бүгдээрээ багахан мөнгөөрөө луй вуттон цүнхээ аваад мөрөндөө дүүжилчихнэ. Тэгэж хөгждөггүй.
Баялагийн төвлөрөл маань хүн төрлөхтөний түүхэнд 3 парадигм дамжсан шиг, одоо санагдаж байна.
Нэгдүгээр. Хүн дээр. Дээр үеийнхээр бол феодал ноёд ба худалдаачид гэсэн үг. Энэ огт яваагүй. Нэг ухаантай философич хаан төрөөд л, хүүхэд нь хог. Угаасаа манлайлал цус дамждаггүй. Нүүр царай төстэй байдал цус дамждаг байж магадгүй. Удирдагч лав биш.
Хоёрдугаарт. Компани дээр. Чухамхүү нэг хүн биш харин нэг хүний наснаас онолын хувьд урт настай компанийг хүн төрлөхтөн бодож олсноороо аймшигтай том хувьсгал хийсэн юм. Үүнийг ойлгох хэрэгтэй. Адам Смит мундаг нээлт хийчихсэн ч юм биш. Нэр нь үл мэдэгдэх санхүүчид, бизнесмэнүүд, компанийн эзэд нээлт хийгээд, Адам Смит сургуулийнхаа цонхоор ажиглаж бичсэн хэрэг. Гэхдээ баялаг компани дээр төвлөрөх нь өөрөө бас төгс хуваарилалт биш. Тийм ч учраас Карл Марк алдарт Капитал зохиолоо бичиж, Ленин хувьсгал хийсэн. Гэхдээ компанитай улсад зориулж бичсэн номоор тариачидтай улсад хувьсгал гарсан нь инээдтэй.
Гуравдугаарт. Зах зээл дээр. Тухайлбал санхүүгийн зах зээл дээр.
Эртээд нэг бацаан Ротшилдийн гэр бүл одоо болтол дэлхийг атгаж байгаа тухай ярьж инээд хүргэж билээ. Нэг хүн дээр, эсвэл нэг компани дээр баялаг төвлөрдөг тэр цаг үе өнгөрөөд их удаж байна. 1900 орчим оны ном их уншихаар тийм дэмий балай юм бодохоос өөр аргагүй.
Баялаг орчин цагт зах зээл дээр төвлөрдөг болсон. Зах зээлд нэг хүн, нэжгээд компани нөлөөлөх боломжгүй.
Чухамхүү Стив Жобс, Элон Маск хоёрт мундаг санаа, сайн боловсон хүчин байгаад. Санхүүгийн зах байгаагүй бол энэ хоёр юу ч хийж чадахгүй байсан юм. Үүнийг л сайтар ойлго.
Санхүүгийн зах дээр баялаг төвлөрнө. Санхүүгийн зах эзэн биегүйгээр хамгийн авъяастай санаануудад баялагийг хуваарилна. Үр дүнд нь хүн төрлөхтөний амьдрал ахуйг дээшлүүлэх бүтээгдэхүүн төрнө.
Тийм ч учраас Америк бол Орос эсвэл Хятадтай огт харьцуулшгүй төвшинд хүрч хөгжсөн гүрэн юм. Тэнд хазгай муруй хэлтэй Герман нөхөр хамгийн том Калифорни мужийнх нь амбан захирагч хийх бол юу ч биш.
No comments:
Post a Comment