Monday, September 21, 2015

Стив Жобс Монголд - хөгжлийн онолд орох сэдэв

Стив Жобс Монголд төрсөн байна гээд бодоод үз. Юу болох бол.

Мань эр Америкт хийсэн зүйлүүдээ давтаж хийж чадах байсан болов уу.

Tesla, Space X, Hyperloop, Paypal зэрэг олон төслөөрөө алдартай Элон Маскийг авч үзье. Өмнөд Африкийн иргэн. Цэрэгт явахаас зугтаж Канад гарсан. Дараа нь Америкт ирсэн. Тэгээд гайхамшиг тохиолдож эхэлсэн.

Жишээ нь Өмнөд Африк баагий 20 гаруйхан насандаа Америкийн төлбөр тооцооны асар хүчтэй, туршлагатай системийг ганц алхаад урд нь гарсан. Үүнийг л disruptive innovation буюу баригдмал, хүн бүр хүлээн зөвшөөрсөн системээс илүү гарч гарах сэтгэлгээ гэнэ.

Бас жишээ нь Өмнөд Африк баагий дэлхийн хамгийн мундаг НАСА-д пуужин нийлүүлж байна.

Бас жишээ нь түүний бүтээсэн бүтэн электрон машин нь 100 км/ц-г ердөө 2.8 секундэд авч байна. Энэ бол 1 сая шахам долларын үнэтэй дотоод шаталтат спорт машинуудын гаргадаг үзүүлэлт л дээ. 100 жил хөгжиж ирсэн дотоод шаталтат хөдөлгүүр, феррари, порше, ламборгиниг нэг алхаад л урьд нь гарч байгаа нь тэр.

https://www.youtube.com/watch?v=LpaLgF1uLB8

Мань эр Өмнөд Африктаа байсан бол энэ бүгдийг хийж чадах байсан болов уу.

Сүүлийн үед алдаршаад байгаа Пикетти, Капитал номондоо дэлхийн улс гүрнүүдийн баян хоосны ялгаа түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг сүүлийн 250 жилийн хугацаанд дата цуглуулж судлаж үзсэн. Өмнө нь ийм өргөн цар хүрээтэй бүтээл гарч байсангүй.

Мань эрийн дүгнэлтээр баян хоосны ялгааг багасгадаг гол хүчин зүйл нь боловсрол, ур чадвар.

Машин гэж яг ямар машин бэ. Тесла шиг үү, порше шиг үү. Эсвэл приус үү. Яг үүнтэй адил Пикетти боловсрол, ур чадвар гэж яг ямар боловсрол, ур чадвар вэ гэдгээ хэлсэнгүй. Аргагүй мань эр эдийн засагч болохоос биш философич эсвэл психологич биш юм чинь.

Бид дэлхийд байхгүй disruptive боловсролын системтэй болох ёстой. Яг paypal шиг, эсвэл Ливан цагаачийн хүү Стив Жобсын iphone шиг. Стив Жобс шиг, Элон Маск шиг нөхдүүд төрөн гарах магадлал нь Нью Йоркийн эсвэл Лондонгийн боловсролын системтэй харьцуулахад маш өндөр тийм системтэй болох тухай би ярьж байна.

Яг л Америкийн аварга том банкууд paypal-н орон зайг огт олж харахгүй улирсан баларсантайгаа зууралдаж байсантай ижил. Оксфордын боловсролын системийг бид дунд сургуулиуддаа хуулахгүй ээ. Найзуудаа. Тэгэж инноваци хийдэггүй. Тэгэж урд нь гардаггүй юм. Араас нь явж урд нь гардаг тийм зарчим дэлхийд хаана байна.

Стив Жобс өнөөгийн Монголд төрлөө гэж бодъё. Мань эр чадах уу. Чадахгүй. Юу дутуу байна. Түүнээс хэдүүлээ эхэлцгээе.

Нэгдүгээрт мань эрт чадвартай, бүтээмжтэй боловсон хүчин олдохгүй. Түүнээс эхэлнэ. Пикеттгийн хэлсэнтэй адил. Гэхдээ энэ дангаараа хангалтгүй. Мань эрд санхүүжилт хэрэгтэй.

Баялагийн төвлөрөлийн гурван парадигм.

Баялаг төвлөрөх нь буруу юм уу. Үгүй зөв. Бодоод үз. Монгол улсын жилийн орлого бүх иргэнд тэгш хуваагддаг байлаа гэж бодъё. Тэгвэл баялаг хүчгүйднэ. Нэг аятайхан том үйлдвэр байгуулчих мөнгөний төвлөрөл хэрэгтэй. Нэг сургууль байгуулах, нэг судлагаа хийхэд төвлөрөл хэрэгтэй.

Зөвхөн баялагийн төвлөрөл би яриад байгаа юм биш. Эрх мэдлийн төвлөрөл зайлшгүй байх ёстой. Хэн нэгэн нь алс ирээдүйг харсан, том хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах ёстой. Үгүй бол бүгдээрээ багахан мөнгөөрөө луй вуттон цүнхээ аваад мөрөндөө дүүжилчихнэ. Тэгэж хөгждөггүй.

Баялагийн төвлөрөл маань хүн төрлөхтөний түүхэнд 3 парадигм дамжсан шиг, одоо санагдаж байна.

Нэгдүгээр. Хүн дээр. Дээр үеийнхээр бол феодал ноёд ба худалдаачид гэсэн үг. Энэ огт яваагүй. Нэг ухаантай философич хаан төрөөд л, хүүхэд нь хог. Угаасаа манлайлал цус дамждаггүй. Нүүр царай төстэй байдал цус дамждаг байж магадгүй. Удирдагч лав биш.

Хоёрдугаарт. Компани дээр. Чухамхүү нэг хүн биш харин нэг хүний наснаас онолын хувьд урт настай компанийг хүн төрлөхтөн бодож олсноороо аймшигтай том хувьсгал хийсэн юм. Үүнийг ойлгох хэрэгтэй. Адам Смит мундаг нээлт хийчихсэн ч юм биш. Нэр нь үл мэдэгдэх санхүүчид, бизнесмэнүүд, компанийн эзэд нээлт хийгээд, Адам Смит сургуулийнхаа цонхоор ажиглаж бичсэн хэрэг. Гэхдээ баялаг компани дээр төвлөрөх нь өөрөө бас төгс хуваарилалт биш. Тийм ч учраас Карл Марк алдарт Капитал зохиолоо бичиж, Ленин хувьсгал хийсэн. Гэхдээ компанитай улсад зориулж бичсэн номоор тариачидтай улсад хувьсгал гарсан нь инээдтэй.

Гуравдугаарт. Зах зээл дээр. Тухайлбал санхүүгийн зах зээл дээр.

Эртээд нэг бацаан Ротшилдийн гэр бүл одоо болтол дэлхийг атгаж байгаа тухай ярьж инээд хүргэж билээ. Нэг хүн дээр, эсвэл нэг компани дээр баялаг төвлөрдөг тэр цаг үе өнгөрөөд их удаж байна. 1900 орчим оны ном их уншихаар тийм дэмий балай юм бодохоос өөр аргагүй.

Баялаг орчин цагт зах зээл дээр төвлөрдөг болсон. Зах зээлд нэг хүн, нэжгээд компани нөлөөлөх боломжгүй.

Чухамхүү Стив Жобс, Элон Маск хоёрт мундаг санаа, сайн боловсон хүчин байгаад. Санхүүгийн зах байгаагүй бол энэ хоёр юу ч хийж чадахгүй байсан юм. Үүнийг л сайтар ойлго.

Санхүүгийн зах дээр баялаг төвлөрнө. Санхүүгийн зах эзэн биегүйгээр хамгийн авъяастай санаануудад баялагийг хуваарилна. Үр дүнд нь хүн төрлөхтөний амьдрал ахуйг дээшлүүлэх бүтээгдэхүүн төрнө.

Тийм ч учраас Америк бол Орос эсвэл Хятадтай огт харьцуулшгүй төвшинд хүрч хөгжсөн гүрэн юм. Тэнд хазгай муруй хэлтэй Герман нөхөр хамгийн том Калифорни мужийнх нь амбан захирагч хийх бол юу ч биш.

Sunday, September 13, 2015

Emotional Blackmailing 1


Бодит байдлыг бид бодитоор нь харж чаддаг уу. Эсвэл зүүд манан дунд явдаг уу.

Сэтгэцийн олон өвчлөл байдаг. Cкизофрения (шизо) бол бодит байдлаас хурцадмал байдлаар тасарч хий ертөнцөд очсон хүний синдром. Гэтэл нөгөө талаас эрүүл хүмүүс бүгд л ямар нэг байдлаар бодит байдлаас тасарч л явдаг.

Хайр гэж юу болох тухай мэдэхгүй хэрнээ, "би чамд хайртай, үхлээ хатлаа" гэх охин/хөвгүүн. Эсвэл "хайр" гэж юмны тодорхойлолт нь гэр бүлийн хүмүүжлээсээ болоод хоёр өөрөөр ойлгогддог эхнэр нөхөр хоёрын үл ойлголцол. Бодит байдалд "хайр" нэг л утгатай. Хүн бүрт өөр өөрөөр бууж буй нь тэр.

Тэгэхээр бодит байдлыг бодитоор нь харж чаддаг хүн бол бараг л гэгээрсэн хүн юм. Хүмүүс харин тэгэж чаддаггүй.

Хайрнаас болж үхдэггүйг 30 настай бүх хүн мэднэ. Харин 18-тай залууд яаж ч хэлээд ойлгохгүй. Хүн хөгшрөх тутам бодит байдлыг илүү ойрхон харж эхэлнэ. Үхэл бол яагаад ч маргашгүй бодит байдал. Тийм учраас хүн үхэлд дөхөх тутам бодит байдлыг илүү бодитоор нь харж эхэлдэг бололтой юм.

Бодит байдлыг бодитоор нь хүлээж авах чадваргүй, хүлээж авахыг хүсээгүй хүмүүс архинд, хар тамхинд донтдог. Нөгөө талаас амьдралын зорилго нь үгүй болсон хүмүүс хар тамхи, архинд донтдог гэж хэлж ч болно.

Тэгэхээр хар тамхи ба архинаас хүнийг гаргах эмчилгээ нь хүнд бодит байдлыг хүлээн авах сэтгэлийн хат өгөх, хүнийг амьдрах зорилготой болгоход орших юм л даа. Хүн зорилгогүй удаж, бодит байдлаас зугатах тутам сэтгэцийн эмгэг нь өвчин болж хувирч скизофрения онош тавигдана. Скизофрениятай хүмүүсийн 1/3 нь амиа хорлохоор завддаг нь ойлгоход бэрх зүйл биш.

Бодит байдлыг бодитоор нь хүлээж авах чадвар бол боловсрол юм. Боловсролын систем ийм боловсролтой хүмүүсийг бэлтгэж гаргах ёстой болохоос биш, юунд хэрэглэгдэх нь мэдэгдэхгүй логарифм цээжилж улсын математикийн олимпиадад медал авсан хүүхдүүд бэлтгэхэд гол анхаарлаа хандуулах хэрэггүй. Боловсролгүй хүн математикийн аварга байгаад ч амиа хорлож л таарна.

Бид өнөөдөр боловсрол мэдлэг хоёрынхоо ялгааг ойлгох хэрэгтэй байгаа юм. Логарифм хувиргах, 100 хүний нэрийг нэг хараад цээжлэх чадвар бол мэдлэг болохоос биш боловсрол биш юм.

Бодит байдлыг бодитоор нь харж чаддаг хүнийг л боловсролтой хүн гэнэ.


Wednesday, September 9, 2015

Зорилго, стратеги, хэрэгжүүлэлт

Ер нь Монгол улсын зорилго юу юм бол. 2030 онд хаахна харайлгаж явах юм бол.

Дэлхийн банк болон НҮБ-с хэлдэг "Ядуурлыг бууруулах" явдал юм болов уу. Эсвэл Дэлхийн эдийн засгийн форумаас 2014 онд тодорхойлсон шиг "Хятад өсвөл, Хятад буурвал" гэдэг өөр орноос хамаарах хувь заяа юу.

Магадгүй 2011 онд Монголын Эдийн засгийн форумд "Монгол улсын өрсөлдөх чадвар" нэртэй салбар хуралдаан дээр намайг яваад ороход ярьж байсан шиг "Ямааны ноолуур уу, хонины нэхий юу".

Америк улсад жилд 12 мянган доллараас доош орлоготой хүнийг ядуу гэж ангилдаг. Харин Монголд жилд 1 мянган доллараас доош орлоготой хүнийг ядуу гэнэ. Ядуусын хувь хэмжээ 30 хувиас доошоо орлоо гэж алгаа ташиж суух бид эрүүл үү. Америк стандартаар хэмжээд үзвэл ядуурал хэдэн хувь болж таарах билээ.

Ер нь бидний зорилго юу юм бэ.

Эсвэл зарим залуусын ярьдаг шиг Адам Смитийн далд гар биднийг жолоодож яваа юм болов уу. Өнгөрсөн 25 жилд бид далд гарны удирдлагаар явсан шиг.

Монгол улсын их хурлаас томилж Үндэсний хөгжлийн хүрээлэн (Шинжлэх ухааны академийн харъя) нэгэн баримт бичиг дээр ажиллаж байгаа юм байна. Монгол улсын 2040 он хүртлэх Хөгжлийн бодлогын драфт гарчээ. 200 гаруй хуудастай энэ сүрхий бүтээлийг уншиж үзлээ.

5 зорилго дэвшүүлжээ. Гэтэл бизнест ажилладаг надад эдгээр нь огт зорилго шиг сонсогдохгүй юм.

Монгол улсад 2 том асуудал нүүрлээд байна гэж би бодно.

1. Зорилго үгүй.
2. Зорилго гэж юу болох тухай ойлголт үгүй.

Энэ талаар 2030 нэвтрүүлгээс үзэж сонирхоно уу.