Хамгийн анх Монгол улсын хөгжлийн стратеги нэртэй 3 хуудас бичсэнээс хойш даруй 10 жил өнгөрчээ.
2009 он гэхэд Монгол улс салаа замын эхэнд ирсэн нь тун ойлгомжтой болсон. Гэвч миний бодсоны, зөвлөсний эсрэгээр буруу замыг сонгон эргэлт буцалтгүй алхаж эхэлсэн.
Бид хоёр ч удаагийн баялагийн хуваарилалтыг буруу хийсэн. Боловсрол, Эрүүл мэндийн салбарыг унагаасан. Бид Шинжлэх ухааныг хөсөрт хаясан. Тийм ч учраас бидний гадаадад экспортолдог нийт барааны 97 хувь нь түүхий эд. Үлдсэн нь ноолуур төдийхэн болхи маягийн бүтээгдэхүүн юм.
Бид бол бүтээгдэхүүн бүтээдэг улс биш. Түүхий эдэд хүний ур ухаан шингэдэггүй. Бүтээгдэхүүн харин хүний авъяас чадвар, хүн гэж амьтан өөрийн утга учраа гүйцэлдүүлэх явцад, хөдөлмөрийн дүнд үүсдэг.
Ийм учраас бидэнд Хөгжлийн шинэ философи, Хөгжлийн онол хэрэгтэй. Энэ онол нь биднийг харанхуй хонгилоос гэрэл мэт хөтлөж гаргах учиртай.
Анх 1990 онд Чөлөөт зах зээлийг хэрхэн бий болгохыг, ирж бидэнд зөвлөсөн Америк зөвлөхүүд. Энэ хүмүүс амьдралдаа Коммунист нийгмээс Ардчилсанд хэрхэн шилжих, Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг чөлөөт болгохыг харж үзээгүй, төсөөлөөгүй хүмүүс байв. Харин өөрсдийн одоо ажиллаж буй моделио шууд тулгасан юм. Үр дүнд нь Хувьчлал нэрээр юу болж өнгөрснийг бид мэднэ.
Одоо ч гэсэн, 1950, 1960 онд буюу дэд бүтэц, санхүүгийн зах, боловсрол, эрүүл мэнд, ардчилал, чөлөөт зах зээл хөгжөөд 200-500 жил болсон хойно төрсөн. Хөгжчихсөн орны ХЭРЭГЛЭГЧ (Зохион бүтээгч биш) дүртэй Харвардын эдийн засгийн докторууд бидэнд яаж хөгжихийг зааж чадах уу? Бидний бэрхшээлийг ойлгох уу. Чадахгүй. Боломжгүй.
1770 оны Адам Смитэд бид өөрсдийн одоогийн бэрхшээлийг яривал сайн ойлгоно. Магадгүй үнэтэй зөвлөгөө өгөх байх. Харин 1950 оны Жон чадахгүй.
Нөгөө талаас Монгол ба түүнтэй төстэй олон улс орны эрдэмтэн мэргидэд хангалттай мэдлэг туршлага алга.
Хэн нэгэн нь Хөгжлийн Онол - Монгол ба түүнтэй төстэй гацаанд орчихоод яахаа мэдэхгүй байгаа олон улс орнуудад зориулсан - Хөгжлийн онол гаргах хэрэгтэй.
Хөгжлийн онолын суурь үндэс нь 1. Орших уу, эс орших уу 2. Хүн төрлөхтөний хөгжил дэвшилд гүйцэтгэх Монгол үндэстний үүрэг гэсэн хоёр хэмжүүрээр тодорхойлогдох юм. Нэг нь нөгөөгөөсөө ургаж гардаг хэмжүүрүүд л дээ.
Бид энэ маягаараа удаан явбал Орших уу, эс орших уу гэдэг асуулт бидний өмнө тавигдах нь цаг хугацааны л асуудал болно. Тийм учраас үндэсний аюулгүй байдлын асуудал Хөгжлийн онол болоод Эдийн засгийн онолд суурь асуудал болж холбогддог. Энэ Харвардын ихэнх докторуудын хувьд шинэ парадигм болно. Гэхдээ гайхах хэрэггүй. Энэ энгийн.
Эдийн засгийн хувьд Баян гүрэн оршиж чадна. Баян гүрэн гэдэг нь цөөхөн хэсэг баячуудтай биш харин нийтээрээ баян гүрнийг л хэлдэг. Эдийн засгийн утгаараа.
Тийм ч учраас Хөгжлийн онолыг гаргахын тулд хийгдэх эхний судлагааны ажил МОНГОЛЫН БАЯН ХООСНЫ ЯЛГАА байх учиртай.
No comments:
Post a Comment