Monday, July 27, 2015

Ли Күэн Еү

Орчин үеийн Сингапур улсыг босгосон ерөнхий сайд асан Лигийн дурсамж номонд ингэж бичиж.

"...Америкийн том корпорацын CEO нарт Сингапурт хөрөнгө оруулах итгэл төрүүлэхийн тулд Онгоцны буудлаас тэдний буусан зочид буудал, зочид буудлаас миний өргөө хүртлэх зам толигор, бут, модоор хүрээлэгдсэн байх ёстой гэж би бодож байлаа..."

Манай онгоц буудлаас хотын төв орох зам ямар байдгийг санацгаая. Сая харин арай гэж зассан. Гэхдээ үзэгдэх орчин чухал. Баруунд ихэвчлэн том самбар эсвэл өндөр мод тарьж гэр хорооллоо нуудаг. Санаандгүй биш л юм байна. Гэхдээ харамсалтай нь Яармагийн шинэ зам нь дундаа 4-5 гэрэл дохиотой. Манайхны юмыг дандаа дутуу сэтгэдэгийн тод жишээ. Дэлхийн ямар ч эрүүл улсад нисэх буудлаас хотын төв орох замдаа явган хүний гарцан дээр гэрэл дохио асаадаггүй номтой. Явган зорчигчоо нэг бол зам доогуур эсвэл дээгүүр нь хөндлөн гаргадаг. 

"...Хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэх нь маш чухал...Нью Йоркийн эдийн засгийн клубт очиж 80 гаруй томоохон корпорацийн CEO нарт илтгэл тавихдаа би маш тодорхой тоо баримттай ярьж, асуусан асуултанд нь бүрэн төгс хариулж чадсан юм..."

Манайхан сүүлийн үед ийм оролдлого хийж байгаа гэхдээ гадныхан арга хэмжээний талаар ихэвчлэн тохуурхаж л ярих юм билээ. Бас сүүлийн үед манай улс төрчдийн хэлний чадварын талаар видеонууд тархаад байсан уу үгүй юу. Зүгээр нэг хувь хүн биш, 21-р зуунд улс удирдах хүмүүс гэдгийг нь бодоорой.  

"...Америкийн том корпорациудын CEO нар яаж боддог, хөрөнгө оруулахдаа юуг чухалчилж үздэгийг бид маш сайн судладаг байв..."

Манайхны соёл нь хүний хүсэл эрмэлзэлийг сонирхох биш харин өөрийн эрх ашгийг хангахад илүү оршдог. Хүний юу сонирхож хүсч буйг огт сонин биш. Тийм соёлтойгоор гадны хөрөнгө оруулалт татна гэж гонж. 

"...Манай Хөрөнгө оруулалтын агентлаг Америк Европийн том корпорациудруу тасралтгүй холбоо барьж Сингапурт ирэхийг урьж байв. Тэд ихэнхдээ Сингапур гэж улс байдгийг ч мэддэггүй байсан. 50 компанитай утсаар яриад 1 компанийг Сингапурт авчрах хүртлээ манай ажилтнууд цөхөрөлтгүй ажилладаг байв..."

Ингэхэд энэ номыг нь орчуулсан билүү. Орчуулаагүй бол сайн санаат хүмүүс минь мөнгө төгрөг босгож яаралтай орчуулж 2016 оны сонгуульд орох гэж байгаа улс төрч нартаа өгье. Улс төр гэж юу байдаг талаар ядаж ганц хоёр санаа авцгааг.  

"...Эхлээд Texas Instruments, дараа нь Hewlett Packard гээд араасаа цуварч 1970 онд эдийн засгийн яаж хөл дээр нь босгох вэ гэж өдөр шөнөгүй ажиллаж байсан Сингапур 1980 он гэхэд дэлхийн хамгийн том электрониксийн экспортлогч нарын нэг нь болсон билээ..."





Tuesday, July 14, 2015

CEO парадигм

Ер нь Ерөнхий сайдын дайны хүнийг ЕС болгодог юм уу, эсвэл хүн ЕС болчихоод юу хийх тухайгаа бодож эхлэх үү?

Яг үүнтэй ижил эцэг болоход бэлэн биш хүү хүүхэдтэй болвол өнчрүүлж хаяна. Хүүхэдтэй болоод эцэг болдог юм биш, эцэг болох парадигмийг (төлөвийг) өөртөө төлөвшүүлсэн хүн л хүүхэдтэй болох нь зүйтэй.

Сэлэнгэ ах маань нэг удаа хэлсэн юм. "Манай компанийн эзэд, сайн ерөнхий ня-богоо гүйцэтгэх захирал болгочихдог. Тэгээд нөгөөх нь ажлаа хийж чадахгүй болохоор толгойгоо маажаад гайхаад суудаг." гэж. Яг үнэн.

Монгол улс бол ерөөсөө гүйцэтгэх захирлын дутагдалд, ерөнхий сайдын дутагдалд орчихсон улс юм.

Бид сайн ажиллаж байсан ня-бо, эсвэл сайн борлуулагчаа гүйцэтгэх захирал болгон дэвшүүлдэг. Ихэнх тохиолдолд нөгөө хүний маань парадигм аль төвшинд яваа вэ гэдгийг бодолцож үздэггүй. Гүйцэтгэх захирлын зангараг суусан уу, үгүй юу, анхаардаггүй.

Мэдээж нөгөөх нь "миний өмнөх арга барил сайн байсан учраас л дэвшлээ, яг энэ хэвээрээ үзээд байна аа." гэж бодно. Ажил цалгардана. Эзэн гайхна. Сайн байсан хүн гэнэт асар муу хүн болон хувирч эзэн бүүр учраа олохоо болино.

Ингээд нэг хүний карьер баларч байгаа нь тэр. Зүй нь сайн ня-бо гүйцэтгэх захирал болж дэвшмэгцээ өөрийн парадигмийг өөрчлөх ёстой юм л даа. (уг нь бол ГЗ болохоосоо өмнө бэлэн болсон байх)

Гүйцэтгэх захирал хүн хорвоо ертөнцийг ямар өнцгөөр харах вэ. Өмнө нь харж байсан 90 градусын хурц өнцгөө дэлгэж 180 градус болговол ямар вэ. Яаж бодох вэ. Яаж хөгжих вэ. Гэх мэтчилэн парадигмаа тохируулж өөрчлөх ёстой.

Харамсалтай нь манай дунд боловсрол хүүхдүүдэд боловсрол олгож чаддаггүй. Дээд боловсрол нь оютнуудад боловсрол олгож чаддаггүй. Хэсэг бусаг мэдээлэл цээжлүүлээд гаргадагаас энэ улс манлайллын, удирдлагын, менежментийн хямралд орчихоод байгаа юм.

Дунд сургуульд хүүхдийг эцэг эх болгож парадигмийг нь бэлтгэх ёстой. Үүнийг л хүний БОЛОВСРОЛ гэдэг юм. Ийм парадигмийг өөртөө төлөвшүүлсэн хүнийг л боловсролтой хүн гэнэ. Түүнээс логарифм яаж хувиргахыг 5 минутанд ютюбээс сурах цаг үед амьдарч байна бид. Өмнө нь хүн төрлөхтөн 15 - 16-тай хүүхэдтэй болоод эцэг шиг эцэг, эх шиг эх болоод амьдардаг л байв. Одоо 25 хүрч хуучны цагаар бол бараг үхэх шахсан хэрнээ л (дээр үед дундаж наслалт 35 - 40 байв) хүүхдээ өсгөж чадахгүй хаяж байна. Энэ бол боловсролгүйн харгай. Залуучууд мэдлэгтэй байж болно, боловсрол алга.

Дээд боловсролын системд нь мянга мянгаар нь менежмент, маркетинг, бизнесээр 4 жил сургаж төгсгөх боловч ГЗ парадигм суулгахгүй юмаа гэхэд, ядаж л парадигмаа өөрчлөх, хөгжүүлэх чадвартай болгож чадахгүй байна. Менежментийн 5 функцийг википедиягаас 10 минутанд уншдаг цаг үед амьдарч байна бид. Тэрийг бүтэн 4 жил цээжлүүлэх ямар хэрэг байна. Түүний оронд менежер хүний парадигмтай хүмүүсийг л төгсгөе.

Нам дагасан залуус нь хүртэл, "эхлээд төрд гараадхая, дараа нь юу хийхээ бодъё." гэх маягаар хөдөлж байна.

Энэ бол нэг талаас залуучуудад асар их боломжийг (ГЗ) илтгэх нийтлэл, нөгөө талаас манай боловсролын систем хэрхэн хамаг асуудлын үүр уурхай, уг үндэс нь болж байгааг харуулж байгаа юм.

Чингис хаан бидэнтэй харьцуулахад мэдлэггүй боловч биднээс хавгүй илүү боловсролтой хүн байв. Боловсрол агуу амжилтанд хүргэдэг, мэдлэг бол боловсролгүй хүнд хог.

PS: Энэ чаддаг хүнийг чадахгүй болтол нь дэвшүүлдэг үзэгдлийг Peter Principle гэж нэрлэдэг бөгөөд үүнийг Уншигч Батбилэг маань шэйр хийсэн тул линкийг нь үзэж сонирхоорой. https://en.wikipedia.org/wiki/Peter_Principle

Sunday, July 5, 2015

Эдийн засгийн философи

Эдийн засаг бол үзэгдэл болохоос байгалийн хууль биш. Эдийн засаг бол хүний шинж чанар болохоос мөн чанар биш юм. Тийм учраас эдийн засгийг ойлгохын тулд хүний философийн мөн чанарыг авч үзэхээс өөр аргагүй.

Ингээд Эдийн засаг гэж чухам юу болох талаар ярилцацгаая.

Хүн ямар нэг хөдөлмөр бүтээж (модон сандал хийх, үс засах, айл нүүлгэх, програм бичих г.м.) нөгөө хүндээ зарж, орлого олохоос эдийн засаг эхэлж байгаа юм.

Орлогыг яах гэж олдог юм бэ. Мэдээж хэрэглэх гэж. Тэгэхээр эдийн засгийн суурь нь хэрэглээ юм. ( Үүнийг эрэлт гэж эдийн засагт хэлдэгийг санаж буй бизээ). Хэрэглэх хэрэглэхдээ хангалуун идэж ууж, өмсөж зүүхийг хичээдэг, хүн.

Тэгэхээр хөдөлмөр байж орлого олох тухай асуудал яригдах нь. Энэ орлого олж чаддаг хөдөлмөрийг БҮТЭЭГДЭХҮҮН (product and services) гэж нэрлэнэ.

Бүтээгдэхүүн нь хүний ур ухаан шингэсэн байдаг.

Нүүрс бол бүтээгдэхүүн биш. Зэс, алт, ноос, ноолуур ч бүтээгдэхүүн биш. Эдгээр нь түүхий эд (commodity) юм.

Монгол улсын хэмжээнд авч үзвэл манай жилийн экспортын 97 хувь нь түүхий эд. Бид БҮТЭЭГДЭХҮҮН экспортолдог улс биш. Байгал эхийн бидэнд өгсөн бэлэн түүхий эдийг зарж орлого олж, хэрэглээгээ зохицуулдаг улс юм.

Дээр дурьдсан хүнээр авч үзвэл, эцэг эхээс өвлүүлсэн хөрөнгөө бага багаар зарж, хоногийн хоолоо залгуулдаг. Өөрөө бол юу ч хийдэггүй залуутай адил гэсэн үг. Энэ бол Эдийн засгийн бодит үнэн.

Яагаад манай улс бүтээгдэхүүн огт хийдэггүй, хийж чадахгүй байна вэ?

БҮТЭЭГДЭХҮҮН байхын тулд БҮТЭЭМЖ (productivity) хэрэгтэй. Хятад хүн цагт 2 хадаас үйлдвэрлэдэг байхад Монгол хүн цагт 1 хадаас хийж байвал энэ маш муу бүтээмж гэсэн үг. Ийм бүтээмжийн дүнд бий болсон бүтээгдэхүүн хэнд ч зарагдахгүй хог болно. Монголд үйлдвэрлэсэн аливаа зүйлс гаднаас тээврийн зардал, татвар, цаг хугацаа шингэж импортлосон бүтээгдэхүүнээс дандаа үнэтэй байдгийг анзаарч байсан уу, та? Бүтээмж муу байна л гэсэн үг.

Улс орны төвшинд БҮТЭЭМЖИЙГ бий болгодог институцийг КОМПАНИ гэж нэрлэнэ. Тиймээ, компани бол хүн төрлөхтөний бодож олсон бүтээмжийг хурдасгаж, бүтээгдэхүүнийг гаргадаг институц юм.

Тэгэхээр Монгол улс бүтээгдэхүүн гаргаж зарж чадахгүй (ердөө 3 хувь) байгаа гэдэг чинь КОМПАНИУД нь туйлын дорой, буурай байна аа л гэсэн үг.

Тэгвэл компанид хэн ажиллаж бүтээмжийг бий болгож байдаг юм бэ. ХҮН. Тийм ч учраас Менежментийн ухаанд компанийн нөөцийг ХҮН, ТЕХНОЛОГИ, КАПИТАЛ гэж авч үздэгийг сануулах юун.

Эдийн засгийн ухаанд хамгийн чухал ойлголтуудыг би дээрээс эхлээд дэс дарааллан бичиж байна. Хүн бол маш чухал хүчин зүйл билээ.

Өнөөдөр эдийн засагчийн өнцөгөөс авч үзвэл Монгол хүн бүтээмжгүй, бүтээгдэхүүн гаргаж чаддаггүй болсон нь тоогоор нотлогдох аж.

Би эдийн засгийн философи ярина гэж хэлсэн билээ. Философи ярилгүйгээр улс орны эдийн засгийг удирдах боломжгүй.

Хүний амьдрал утга учиртай өнгөрөх ёстой. Хүн бүр амьдралдаа утга учир хайж байдаг. Аз жаргалтай амьдрал гэдэг бол чухамдаа мөнгөтэй эсвэл байнга инээсэн амьдрал биш харин утга учиртай амьдрал болно. Үүнийг олон философичид хэлжээ.

Нөгөө талаас хүн ба амьтны ялгаа нь хорвоо дэлхийд үлдээх ул мөр нь юм. Зөвхөн хүн л бусад амьтнаас ялгарч өөрийн гэсэн бүтээлийг (Форд, Ай-Фон, Пушкин) хорвоо дэлхийд үлдээж чаддаг. Тийм ч учраас хүний амьдралын утга учрыг түүний бүтээл (би энд бүтээгдэхүүнийг бүтээл гэж нэрлээд эхэлсэн болно) тодорхойлно. Хүн бүтээл хийж байхдаа л аз жаргалтай байдаг гэж хэлж ч бас болно.

Энд л Эдийн засаг ба Философи хоёр холбогдож байгаа юм. Хүний философийн утга учир нь бүтээл бүтээх байдаг бол, Харин нөгөө талд нь үнэ цэнэтэй бүтээгдэхүүн экспортлодог улс баян байдаг.

Мэдээж хэн нэгэн нь асууж болно. Түүхий эдээ экспортлоод л, орж ирсэн орлогоор нь хэрэглээгээ хангадаг эдийн засагтай байж болохгүй юу гэж. Зөв асуулт.

Хариулт нь. Түүхий эд аюулгүй байдлыг батладаггүй. Түүхий эд дуусна. Харин хүн төрлөхтөнд хэрэгтэй, өвөрмөц бүтээгдэхүүнтэй улс гүрэнд хэн ч халдахгүй. Түүхий эд баянтай, харин бүтээгдэхүүнгүй улс түүхийн турш дандаа эзлэгдэж, газар нутгаасаа хөөгдөж байсан. Энэ бол геополитик, нарийн өргөн төмөр зам гэхээсээ цэвэр эдийн засгийн учир шалтгаан байдаг гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй.

Чихрийн шижинг эмчлэх технологийг (бас л нэг бүтээгдэхүүн) эзэмшдэг улс оронд хэн ч халдахгүй. Учир нь энэ бол глобал эдийн засаг.

За эргээд үндсэн асуудалдаа оръё.

Хүн өөрийн бүтээлч мөн чанараа нээж чадахгүй бол амьдрал нь утга учиргүй өнгөрнө. Амьтнаас ялгаагүй, үр зулзгаа үлдээх төдийгээр л хорвоо дэлхийгээс тасарна. Монгол улсын эдийн засгийн бодит асуудал тодорхой болсон байхаа гэж бодож байна.