:::Фундаментал Сэтгэлгээ::: Шинж чанарыг үл тоож, Мөн чанарыг хайна. Туйлын үнэн байна гэдэгт итгэнэ. Үзэгдлийг хуйвалдаан, нэг бүлэг, нэг хүн, бурхан биш харин фундаментал зүй тогтол бий болгодог гэж үзнэ. Төгс бүтээл, төгс системд тэмүүлнэ.
Monday, March 30, 2015
Төрийн философи
Интернет орчинд "Төрийг урлах" тухай нэгэн хүүрнэл хийсч явахтай таарав. Халамжийн төр, хамжлагын төр гэх мэтээр төрийг ангилжээ. Мөн саяхан ерөнхийлөгчийн гадаад хүнд үзүүлсэн уучлалтай холбоотой баахан маргаан дэгдсэн билээ. Шүүгчийн шийдвэрийг ерөнхийлөгч өршөөсөн нь ер нь зөв үү буруу юу? Цэвэр философи нь юу вэ.
Энэ бүгдээс үүдээд төрийн философийн мөн чанарын талаар бичье гэж бодлоо.
Би нэг газар лекц уншиж яваад, "Хэрэв та анх шууд л Кораныг уншсан бол Лалын шашинтан болчихсон байх байсан юм." гэж нэг лалын шашинтай залуугаас сонсч билээ. Энэ логикоор 18 настай хүүхдэд шууд л Либертарианизм уншуулвал тэр хүн Либертариан болох нь.
Саяхандаа, "төр эдийн засагт огт оролцож болохгүй" гэсэн маргаан бас хэсэг дэгдэв дээ. Ард нь өөрсдийгөө либертариан гэж үзэгч хүмүүс байх шиг байсан.
Төрийн шинж чанарыг бид ийнхүү нэг нэгээр нь тоочоод, маргаад баршгүй билээ. Тийм учир төр гэж юмны цор ганц учир шалтгаан болох нэг л мөн чанарыг нь олохыг хичээцгээе.
Би өмнөх нийтлэл дээрээ "Нийгэм байхгүй нөхцөлд буюу арал дээр цор ганцаар амьдарч өөрөөс нь өөр хүмүүс байдаг тухай мэдэхгүй хүн хүн мөн үү" гэж асуусан. Энэ асуултаараа би хүн бол нийгмийн амьтан мөн гэдгийг харуулахыг зорьсон юм.
Нийгэм бол хүний философийн утга учир нь болдог. Харин түүний бие махбодь нь амьтан талыг нь харуулж байдаг.
Нийгэмд зорилго, чиглэл бий болдог. Үүнийгээ дагаад нийгэмд харилцаа үүсдэг. Нийгэмд хөдөлмөрийн хуваарь тогтдог. Өөрөөр хэлбэл зорилгод хүрэх ажлыг хувааж үүрнэ гэсэн үг.
Эндээс эхлээд философийн төвөгтэй асуудлууд гарч эхэлнэ. Тухайлбал "ижил хүйстний гэрлэлт зөв үү, үр хөндүүлэх нь зөв үү." гэх мэтчилэн философийн ахисан төвшний асуултууд гарч ирнэ. Ийм асуултын хариултыг зүгээр нэг Либертариан үзлийн тухай 2 ном уншаад л хариулчихдаггүй юм. Аль эсвэл Коран эсвэл Библи судараас ч хариулж болохгүй.
Зорилго бол цор үнэн байдаг. Гэтэл түүнд хүрэх арга зам маш олон салаа (үр хөндөлттэй зам ба үр хөндөлтгүй зам?) учир, аль нь зөв болохыг хариулах хэрэгтэй болдог.
Бид зөв бурууг ялгах хэрэгтэй болж байна гэсэн үг.
Төр гэхээр бидэнд ихэвчлэн эзэн бие төсөөлөгддөг. Цэрэг, цагдаа, сонгууль, хууль нүдэнд буудаг. Гэтэл үнэн хэрэгтээ эд нар чинь төрийн шинж чанарууд болохоос биш мөн чанар огтхон ч биш. Шинж чанар байнга өөрчлөгдөнө, түр зуурынх. Цагдаагүй төр байж болно.
Хүмүүс ухамсарын дээд төвшинд хүрэх тэр мөчид цагдаагүй, хуульгүй утопи төр оршиж болно гэдгийг санах хэрэгтэй.
Төрийн мөн чанар юу вэ? Агуйд 100,000 жилийн өмнө төрийг бий болгосон мөн чанар - учир шалтгаан юу вэ.
Энэ бол нийгэмд зөв бурууг шийдэх хэрэгцээ шаардлага юм. Нийгмийн цор үнэн зорилгыг биелүүлэхийн тулд олон салаа замаас дандаа зөв замыг нь сонгох тухай асуулт юм.
Энэ асуултын хариулт нь ардчилал байсангүй. Харамсалтай нь.
Агуйн 30 сармагчин санал хураалтаар олонхийг дагаад бүтэлтэй юм болоогүй юм. Олонх дандаа олонх л байдаг. Тийм ч учраас нийгэмд - философид Меритокраси (гавъяатанд эрх мэдлийг өгөх) тухай ойлголт гарч ирсэн. Гавъяатай нэг буюу нэг хэсэг хүмүүс нь зөв ба бурууг ялгаж эхэлсэн.
Энэ гавъяатнууд (агуйд суугаа хэсэг хөгшдийг төсөөл) бол төр юм. Тэд нар зөв ба бурууг дэнслэхийн тулд хуулийг, зөвийг мөрдүүлж, бурууг хаахын тулд цагдааг бий болгосон. Энэ бол төр юм.
Философийн ухаан тэр чигтээ зөв ба бурууг ялгахад байдаг гээд хэлчихвэл хилсдэхгүй байх. Тийм учраас төр бол филосфийн ухааны чухал судлагдахуун юм.
Төрийн философи ийм байхад бид Төр Эдийн засагт оролцох нь зөв үү, буруу юу гээд яриад сууж байж болох уу.
Дашрамд хэлэхэд би өөрөө либертари чиг хандлагатай хүн бөгөөд, аливаа философийн ахисан шатны салаа замуудыг заасан ухааныг авч үзэхдээ суурь ойлголтын талаар сайтар бясалгасан байвал зохино.
Төр олон хэлбэрийг туулсан нь үнээн. Гавъяатан нь гэнэт хаан болж хувираад, гавъяа нь цус дамжиж балайраад 6000 жил хүн төрлөхтөний хөгжлийг сааруулсан нь ч үнэн. Нөгөө талд нь Черчилийн хэлсэн шиг "Ардчилал бол муу төр, гэхдээ одоохондоо нээгдээд байгаа хамгийн сайн нь" гэж. Ямар ч гавъяагүй хүн их мөнгө зараад сонгогдож болдог төр нь ардчилал юм.
Гэхдээ мөнгө гэж юмны философийн утга учир нь уг нь гавъяаг хэмжих хэмжүүр юм. Гэвч тэр утгыг нь зөв хэрэгжүүлэхийн тулд сайтар хөгжсөн санхүүгийн зах зээл байх хэрэгтэй. Үгүй бол мөнгө буруу хүний гарт орж "зөв ба бурууг" шийдэх философийн утга учираа төр үндсэндээ алдаж төр биш болно.
Tuesday, March 17, 2015
Боловсролын философи 2
Боловсрол гэж бид их ярьдаг. Ойлгох, ойлгохгүй нь их. Хүүхдийн боловсрол, их сургуулийн боловсрол, ард иргэдийн боловсрол гээд л хөвөрнө.
Би арван жилдээ хичээлдээ сонирхолгүй хүүхэд байв. Тийм олон л хүүхэд байсан. Одоо бодоход тэрийг ч сурахгүй яав, энийг ч ойлгохгүй яав гэж бодогдох.
Боловсролыг бид бүхэлд нь харахын тулд жаахан философийн асуудал хөндөх ёстой.
Ухаандаа. Хүний суурь дизайн нь боловсрох явдал юм гээд философийн томъёолол хэлчихэж болж байна.
Ерөөсөө хүн гэж амьтаны анхдагч өгөгдөл нь боловсрох байдаг учир өнөөдөр бид агуйгаас гараад ийм өндөр хөгжилд хүрээд явж байна.
Би өмнө нь бичсэн. Аливаа юманд олон шалтаг байж болох хэдий ч 2 л шалтгаан байна гэж. Тэр нь 1рт философийн, 2рт эдийн засгийн шалтгаан юм.
Зарим хүмүүс ярьдаг. Хөгжил дэвшил чинээндээ туллаа, одоо хүн төрлөхтөн мөхөх нь гэж. Харамсалтай нь тийм биш. Хүн гэж амьтаны боловсрох философийн шалтгаан нь мөнхийн учир ханаж зогсоно гэж байхгүй.
Энэ нь боловсрох философийн учир шалтгаантай нь холбоотой.
За тэгэхээр, хүүхэд бүр боловсрох философийн шалтгаантай юм байна. (боловсролтой хүн их мөнгө олдог гэвэл эдийн засгийн шалтгаан ч бас байна)
Тэгээд яагаад анги бүрт муу сурагч нар байдаг билээ. Их дээд сургуулиуд муу оюутнуудаар хахдаг билээ. Энэ сурагч нар, оюутнуудад буруу байхгүй л юм байна ш дээ.
Миний бодлоор заах арга технологи, өгч байгаа боловсролын контентод их асуудал байна. Дэлхий даяар шүү.
1 настай хүүхдүүдийг ажиглахад тэс ондоо характерууд харагддаг. Түүнтэй адил хүний боловсрох арга барил нь хандлагаасаа хамаарч өөр өөр байх нь тодорхой. Ийм байсаар байтал хэнд зориулж боловсруулсан нь мэдэгдэхгүй масс заах технологи, масс контент чихээд байхаар хүн яаж юм сурах.
Тааруу сурлагатай байсан сурагч нар том корпораци байгуулаад, том дарга хийгээд явах тохиолдол зөндөө л байдаг. Эд нар тэгэхээр боловсролын системийн гадуур боловсрол олж авсан болж таарах гээд байна. Оюуны чадамж сул учраас тааруу сурлагатай байсан биш, ердөөсөө л систем таарахгүй байж.
Дэлхийд боловсролын систем ялангуяа нүсэр, ойлгомжгүй, хуучны, хөшүүн болсон гэдэгтэй хэн ч маргахгүй байх.
Тэгвэл Монгол улсын хөгжил нь боловсролын системийг цоо шинээр реформ хийхээс эхэлнэ. Ингэж чадвал бид дэлхийд тэргүүлэгч гүрэн болж болно.
Дэлхийн сурган хүмүүжүүлэх нөөцийг харъя. Хамгийн хөгшин их сургууль 1000 орчим жилийн настай гэж үзвэл төдийлэн эрт биш л байна. Хамгийн ахмад сурах бичиг болох Библи (хамгийн олон найруулга засварт орж, олон зуун жилийн шүүлтүүр орсон цорын ганц сурах бичиг юм) 1700 (тийм байхаа) орчим жилийн настай. (Буддын Библээс ч эртний олон судрууд бий боловч Библи шиг энгийн, ойлгомжтой, түгээмэл болж шалгараагүй гэж үзэв.)
Бид үсэг, 4 аргын тоо заахаас эхэлдэг боловсролын системтэй (Орос ч юмуу Англи ч юмуу Франц ч юм уу суурьтай). Бидний гүйцэж очих гэж буй гүрнүүд бүгд энэ, үүнээс ч илүү аргаар заадаг. Бид яаж тэдний аргаар тэднийг гүйцэх.
Миний санаа бол хүүхдийг бага гэж гололгүй фундаментал төвшнөөс нь боловсролыг олгож эхлэх нь зөв. Эхлээд 18 хүртэл, дараа нь 22 хүртэл нь хэнд, юунд хэрэгтэй, яаж хэрэглэх гээд байгаа нь ойлгогдохгүй "мэдээллээр" бөмбөгдчихөөд боловсрол олгосон гэж нэрлэж болохгүй байх.
Бид "мэдлэг" олгодог боловсролын системтэй байх ёстой. 23X32= гэдэг бол мэдээлэл болохоос мэдлэг биш юм. "Мэдлэг" ухамсарлагдсан байдаг, түүнийг хүн өөрийн амьдралд бүрэн ашиглаж болохоор байдаг бол "Мэдээлэл" нь цээжлэгдсэн байгаад мартагддаг жамтай юм.
Шууд амьдралын утга учир, зорилго чиглэл, хайр, бүтээл, нөхөрлөл, өрсөлдөөн, урлаг, соёлын сэдэврүү орвол яахав. Амьдрал гэж юмны суурь утга учрыг нь заахгүйгээр логарифм заагаад яана. Түүнийг юунд хэрэглэх?
Барилга гэж зүйлийг бүтээл талаас нь, урлаг талаас нь, бахархал талаас нь заахгүй - Барилгын инженерээр төгсгөж болох уу?!
Тийм л учраас хазгай муруй ханатай, аюулгүй байдал хангаагүй, оршин суугчид гоё мэдрэмж өгөхгүй барилгууд дүүрэн Монголоор босоогүй юу.
Энэ бүх л мэргэжилд хамаатай.
Гиппократын тангарагынхаа философийг ойлгоогүй 10 жил сурсан эмчээр яг юу хийх вэ. Хэнийг, яаж эмчилнэ гэж найдаж суух вэ. Эд ,эсийн ангилал зүйн мэдээллийг тархиндаа хүчээр цээжлээд онц дүн авсан эмч шинэ эмчилгээний арга зохиож барах уу?
Гэтэл эмчлэхүйн философи, хүнийг энэрэхүй, өөрийгөө олны төлөө цөлхүй, бахархалыг бүтээх, бүтээх, урлах философийг заалгасан хүн тэр эд эсийн ангилалыг чинь нэг хараад цээжлэх бус ухамсарлах юм шиг санагдана.
Дахиад хэлэхэд Боловсрол гэдэг бол хүний суурь өгөгдөл. Хүн бүр боловсрох дуусашгүй эрмэлзэлтэй.
Би сая хөдөө явлаа. Нэг малчин залуу хонио туун зам гарна. Би бодов. Энэ залуу өглөө гараад орой гэртээ орж байгаа. Энэ хооронд ямар ч шинэ мэдлэг нэмэгдэхгүй. Хэрэв залуугийн боловсрох философийн өгөгдлийг нь ямар нэгэн байдлаар хангаж чадсан бол энэ залуу биотехнологийн лабораторид суугаад нээлт хийж суух ч билүү хэн мэдлээ.
1-р ангид А үсэг заахад төвлөрөх биш харин "Боловсрох суурь дизайнтай - түүнийгээ хангах нь чухал юм" гэдгийг л хүүхдэд ухамсарлуулбал барна.
Малчин залуу энэ суурь дизайнаа мэдэрсэн байсан бол яах вэ. Би үргэлжлүүлж бодсон юм. "Энэ залуу өдөрт 10, үгүй 30, ер нь өдөржин мал дагаж яваа юм чинь 50 англи үг өлхөн цээжлэх юм байна. Энэ маягаараа сард 1500, 1 жилийн дараа гэхэд толь бичгийг дуусгахнээ."
3-5 өдөрт 1 номыг цааш харуулна гэж бодвол жилд 50 гаруй номны ард гарна. Малчин залуу үнэхээр боловсрох дизайнаа мэдрээд, арга барилаа заалгачихсан байсан бол 2 жилийн дотор суут ухаантан болох нь.
Мэдээж ярих амархан хийх хэцүү. Хэрэв миний хэлсэн шиг боловсролын системийг бүхэлд нь мэдээлэл өгөхөд биш харин мэдлэгийг өөрөө олж авах сэдлийг бий болгоход чиглүүлбэл юу болох вэ. Интернет дээр бүх мэдээлэл орчин цагт байхад - бид хүүхдүүдийг шийтгэж байгаа юм шиг модон сандал дээр өдөржин хадах эдийн засгийн утга учир байна уу ер нь.
Боловсрох эрмэлзлээ нээчихсэн хүүхэд, арга барилаа эзэмшчихсэн хүүхэд тэр хэдэн сар үздэг логарифмийг чинь 5 минутанд л ютюбээс сурна ш дээ одоо. Дэлхийн газарзүйг 1 баримтат кино үзээд л 3-4 жил алдаг оног халтуурдсанаас давуулна ш дээ одоо.
Мэдээж иймэрхүү санаа, ярианд хамгийн том хаалт хийх хүмүүс бол манай боловсролынхон өөрсдөө байх болно.
Monday, March 2, 2015
Дийп Вэйн Тромбосис
Монголчуудын нас баралтын номер нэг шалтгаан бол Зүрх, судасны өвчин билээ. Хэн нэгэн танил, садан нь зүрх судсаар яваагүй - тийм уншигч байна уу.
Жилдээ 6000 орчим хүний амийг авч оддог, зүрх судасны өвчин нь гэнэтийн үхэлд хүргэдэгээрээ онцлогтой. Эмнэлэг юу ч хийж чаддаггүй гэж хэлж болно.
Зүрх судасны өвчлөл дотор зүрхний инфаркт/ишеми, тархины цус харвалт, уушигны инфаркт/судасны бөглөрөлт тэргүүн эгнээнд орно.
Төрөлхийн зүрхний ямар ч асуудалгүй, тархины судас хэвийн хүн гэнэт нас барж болохыг мэдэх үү?
Тэгвэл биеийн хаа нэгтээ цусны бүлэн үүсч, энэ бүхэллэг бүлэн нь гол судсаар дамжин зүрх, тархи, эсвэл уушигны гол судсыг бөглөснөөр хүн гэнэт нас бардаг байна.
Зүрх судасны нас баралт Монголд номер 1. Тэгвэл энэ дотроо энэхүү цусны бүлэн (тромбосис) нь номер 1 шалтгаан нь юм.
Бүлэн/Тромбосис ихэнх тохиолдолд хөлөнд үүсдэг. Хөдөлгөөнгүй удаан сууснаас болж хөлөнд буй цус эргэлтэнд орохоо больж, бүлэгнэдэг байна. (мөн механик гэмтэл гэх мэт шалтгаанууд бий)
Энэ өвчин гэнэтийн байдаг тул эмнэлэгт очоод ямар нэг тусламж авч чадалгүй (Монголд ш дээ) нас барцгаадаг.
Яг ийм оношоор, эмнэлэгт очсон боловч тусламж авч чадалгүй нас барсан хэд хэдэн тохиолдлыг би хувьдаа мэдэх юм. Харин миний Англи найзын ээжид өөр хувь заяа ногдсон байна.
Түүний ярьсан нь...
"Ээж маань Лондон дахь гэртээ эв эрүүл байж байгаад гэнэт ухаан алдаж унасан. Түргэн ирж аваад эмнэлэгт очих үед зүрх нь цохихоо больж амьсгал хурааж байв. Эмч нар шууд Зүрхний Тромбосис гэсэн онош тавиад, цусны бүлэнг задалдаг маш хүчтэй тариа тарьсан. Ингээд үхэж байна гэж бодож байсан ээж маань тариа судсаар нь гүйж эхэлмэгц би амьдрах юм байна гэж бодсон гэсэн."
Хүний цус бол амьд эрхтэн юм. Ноцтой асуудал, цочрол болоход цус алдахгүйн тулд шууд бүлэгнэдэг. Харин энэ бүлэгнэлийг задалдаг хэд хэдэн төрлийн фермент бий.
Ноцтой бус тохиолдолд цусны бүлэнг сулавтар задлах үйлчилгээтэй Гепарин, Варфарин гэх мэт тарилгууд Монголд бий. Харин дээр ярьсан шиг гэнэтийн тохиолдолд /6000 хүн жилдээ авч оддог/ хэрэглэх TPA буюу түгээмэл хэрэглэгддэг Alteplase нэртэй тарилга буй. Энэ нь маш хүчтэй үйлчлэл үзүүлж бүлэнг тарьсан дариуд задлаж эхэлдэг.
Монголд 2 сая орчим төгрөгний үнэтэй.
6000 хүнээс хэд нь насаараа Эрүүл мэндийн даатгал төлж байсан, 2 байтугай 20 саяын эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй иргэд байдаг бол. Энэ хүмүүсийн төлсөн даатгалын хариуд төр эмнэлгүүддээ жил бүр 3000 - 4000 (ердөө 6-8 тэрбумхан төгрөг гээд боддоо) Alteplase аваад хадгалж байх ёстой бус уу?
Тархи, зүрх эсвэл уушигны гол судас бөглөрсөн бол Alteplase хийлгүйгээр өөр ямар ч арга хэмжээ нэмэргүй - мэдээж тэр дор нь цээжний хөндийг нь нээхгүй бол шүү дээ.
Хүчтэй цохилт авснаас болж цусны гол судас гэмтэж бүлэн үүсч болно. Тухайлбал машинд мөргүүлэх үед хөл, гуянд бүлэн үүсч болно. Энэ үед шүүх эмнэлгээс хөнгөн гэмтэл гээд прокурор хэргийг хэрэгсэхгүй болгоно. Харин сарын дараа гайхал бүлэн уушигны гол судсыг тагласнаар өвчтөн гэнэт бие барна. Машинд мөргүүлсэнээс улбаатай зүрхний дутагдлаар нэг хүн хорвоогоос халина. Шалтгааныг нь харин хэн ч мэдэхгүй.
Хэрэв бүлэн судсыг бүрэн таглаагүй бол шинж тэмдгүүд үзэгдэнэ. Үүнийг маш сайн оношлуулах шаардлагатай.
Тухайлбал уушигны гол судсыг бөглөсөн үед амьсгаадна, цустай ханиалгана. Харин өвчтөн хатгаа эсвэл ханиад тусчихаж гээд уушигаа баахан үзүүлнэ. Уушигны эм ууна. Гэнэт нэг өдөр зүрхний дутагдалд орно.
Ийм учраас Alteplase авах 2 саяаа бэлд (тэртэй тэргүй ЭМД-с төлөхгүй, эмнэлэгээс гаргаж өгөхгүй юм чинь), удаан битгий суу, хөл гараа сайн хөдөлгөж биеийн тамираар хичээллэж бай.
Зүрхний дутагдалд ороод хэзээ мөдгүй болсон мэт нөхцөл байдал үүсвэл олон юм бодолгүй энэ ферментийг тариул.
Эрүүл мэндийн хоббитой уншигчид миний өмнөх "Ходоод дурандуулах техниологи"-г бас сонирхож уншаарай.
Subscribe to:
Posts (Atom)