Tuesday, August 26, 2014

education

Абстракт
2014 оны 8-р сарын 23-ны өдөр Хятадын ерөнхийлөгч ноён Ши Жинпин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр үг хэлэхдээ “Хятадын ард түмэн хоёр 100 жилийн зорилт биелүүлэхийн төлөө хүчин зүтгэж байна.” гэж тэмдэглэсэн.

Аливаа улс орны эдийн засгийн хөгжил дэвшил нь эдийн засгийн нөөцийн төлөвлөлттэй салшгүй холбоотой. Эдийн засгийн хөгжил дэвшлийг хэдий чинээ урт хугацаанд харж, төлөвлөж чадна, өнөөдрөөс эхлээд нөөцийн хуваарилалт зөв хийгдэнэ. Тухайлбал энд хүний нөөцийг авч үзье.

Хэрэв Монгол улс 50 жилийн дараа гэхэд электроникийн салбарт дэвшил гаргаж, улмаар дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх эдийн засгийн хөгжлийн тухай төлөвлөж байгаа тохиолдолд, өнөөдрөөс эхлээд хүний нөөцийг бэлтгэх хэрэгтэй болно. Бид 50 жилийн дараа гэхэд дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн 50 настай эрдэмтэд, бизнесмэнүүдтэй байх боломжтой.

Гэтэл хүний нөөцийг ингэж төлөвлөөгүйгээс болж жил бүр хэдэн арван мянган хүүхдийн ирээдүй харамсалтайгаар хохирч байна.  

Үнэн хэрэгтээ Монгол улс эдийн засгийн төлөвлөлтөө иймэрхүү маягаар харж ирсэнгүй. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэсэн сэтгэхүйгээр хандаж ирлээ. Үүний гол учир шалтгаан нь эдийн засгийн нэгдсэн төлөвлөлт хийдэг байсан аппаратаа 1990 онд нурааж орхисон оршино. Оронд нь зөвхөн төсвийн зарцуулалт хянадаг Сангийн яам, богино хугацааны ханшийн савлагааг зохицуулах үүрэгтэй Монголбанк хоёрыг байгуулснаар эдийн засгийн урт хугацааны төлөвлөлт, түүнд нөөцийн өнөөдрөөс эхлэн хуваарилах тухай асуудал орхигдсон болно.

Энэ хооронд ердөө 4 жилийн хугацаатай сонгогдсон улс төрчид эдийн засгийн циклийг 4 жилийн хугацаанд харж, баялагийн хуваарилалтыг 4 жилийн мөчлөгтэй хийж, нөөцийн төлөвлөлтийг 4 жил тутам өөрчилж ирсэн нь Монголын эдийн засгийн хамгийн чухал нөөц болох хүний нөөцийг үнэгүйдүүллээ. Бид 1990 онд дэлхийд дээгүүр бичигдэх мэргэжилтнүүдтэй улс байснаа ердөө 20 жилийн дотор гулсан бууж хамгийн доогуур жагсах болов.

Хамгийн өндөр цалинтай байсан багш, хамгийн бага цалинтай хэрэггүй ажил болж хувирснаар эдийн засгийн ирээдүйн үнэтэй нөөц болох бидний хойч үеийн боловсрол ангалын ирмэгээс түлхэгдэн унав. Одоо жил бүр хэдэн арван мянган монгол хүүхэд ирээдүйд өрсөлдөх чадвар үгүй боловсролыг авч байна.


Энэ эмгэнэлтэй нөхцөл байдал нь эдийн засгийн анхан шатны мэдлэггүй, 4 жилийн амьдралын мөчлөгтэй, эдийн засагч мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсдоггүй улс төрчдөөс болов. 

Wednesday, August 20, 2014

Макдоналдсын Маркетингийн алдаа

2000-2001 оны үед дээ. Вагнер Ази Монголд Форд Экспедишн гэх бандгар жийп 200 гаруйг зарж, Фордын оны хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр тодорч. Вагнер Азийн дилерүүд гэх хүмүүс сард 10 20 саяын бонус авдаг гээд л ёстой домог шиг яригддаг байв.

Тэр дилерүүд гэх хүмүүс нь бараг л тэнгэрээс төрсөн тусгай хүмүүс байдаг мэтээр ойлгогдож. Тэр хүмүүс л тийм өндөр борлуулалт хийгээд байгаа мэтээр сэтгэгдэж.

Яг үүнтэй адилаар 2010 оны үед Монголд Луи Вуттон нээгдсэний дараа борлуулалтын өсөлт нь бүс нутагтаа дээгүүр хэмжигдэж ам дамжин яригдаж байв. Гэтэл нөгөө талд 2008 оны үед шиг санана, МакДоналдсынхан Монголд ирээд энэ зах зээлд салбараа нээх тохиромжгүй юм гэж дүгнэчихээд явсан.

МакДоналдс Биг Мак нь зарагдахгүй гэж айсан хэрэг л дээ.

Хэрэглэгчийн сэтгэл зүйг моделчилж болдоггүй төвөгтэй эд. Ямар сайндаа л Эдийн засгийн ухааны эрэлт нийлүүлэлтийн хууль нь бүх талаар цохилтонд орж байхав. Би өмнө нь бичсэн шиг санагдана - "намайг алтны дилер хийж байхад алтны үнэ өсөх тусам л эрэлт нь нэмэгдээд байхыг харсан" гэж. Амьдрал дээр хэрэгждэггүй бол хууль гэж нэрлэх хэрэг юусан билээ.

Асуудлын гол нь хэрэв 2008 онд Макдоналдс Монголд салбараа нээсэн бол үнэхээр бүтэлгүйтэх байсан гэж үү. Макдоналдс аливаа улс оронд салбараа нээх шийдвэрээ гаргахдаа тухайн улс орны эдийн засгийн нөхцөл байдал, хүн амын худалдан авах чадварыг харгалздаг гэж байгаа. Мэдээж чанартай бүтээгдэхүүн хүргэх боломж нөхцөл зэргийг бас харгалзана.

Макдоналдсын менежерүүд маш муухай, бүдүүлэг алдаа гаргаж байх шиг санагдана. Ер нь тэднийд хэрэглэгчийн сэтгэл зүй ойлгодог хүн байна уу?

Гол асуудал нь нөхцөл байдлын ялгаанд оршиж байна гэж бодном.

Тухайлбал дэлхийд хөгжлөөр тэргүүлэгч Америк улсад Макдоналдс брэндийг цоо шинэ бүтээгдэхүүн болгож гаргахад хэрэглэгчийн худалдан авах чадвар ямар түвшинд байх ёстой вэ? Гэтэл нөгөө талд нь хэдийгээр ядуу ч гэсэн Америкийн кино зохиолоор хүмүүжиж, Макдоналдсыг хэрэглээний охь манлай гээд ойлгочихсон ард түмэнд Макдоналдсыг хүргэх нь ямархуу байх бол.

Хүн ер нь хэрэглээг чухалчилдаг амьтан юм шиг. Учир нь хүн хэрэглээнээсээ таашаал авч байдаг шүү дээ. Сүүлчийн мөнгөө шавхаад Луй Вуттоны цүнх авч байгаа хүнийг харж байлаа.

Ер нь Монголын ард түмэн дэлхийн хөгжилтэй орнуудаас хэрэглээгээрээ яажшуухан хоцорсон байгаагаа мэдэхийн дээдээр мэдэж л байгаа шүү дээ. Дутуугаа мэдэрсэн хүн түүнийгээ гүйцээхийн тулд юу ч хийхээс буцахгүй. Өр зээл тавьж байгаад ч болсон хэрэглэхийг л бодно.

Бидний хэрэглээний иймэрхүү хандлагыг ойлгож чадсан Луй Вуттоныхон мундаг байхад, Макдоналдсынхан үнэхээр арчаагүй л байна даа.