Магадлалтай хүн төрлөхтөн их эртнээс танил боловч түүний математик гаргалгаа ердөө 1500-аад оны үед л гарч эхэлсэн байдаг.
Магадлалын матетматик тооцооллыг одоо мөрийтэй тоглоомноос эхлээд цаг уурын таамаглал, санхүүгийн зах зээл хүртэл өргөн дэлгэр ашиглаж байна.
Магадлалын математик тал нь түүнийг хэмжихэд л чиглэгддэг боловч цаанаа бас нэгэн өвөрмөц санаа агуулж байдаг юм. Ерөнхийд нь авч үзвэл энэ нь...
1. Магадлал тухайн үзэгдлийн хувьд "хэзээ ч" 0-тэй тэнцдэггүй. (Квант механикийн онолоор бол аливаа электрон өгөгдсөн моментод ертөнцийн хаана ч байж болно)
2. Магадлалыг хүн өөрөө ихэсгэж болно. Жишээ нь Дартс тоглоомын тоглогч ур чадвараа ухамсартайгаар дээшлүүлснээр Бухын нүдийг онох магадлалыг мэдэгдэхүйц дээшлүүлж чадна.
Тэгэхээр ирээдүйд тохиолдох үзэгдлийн хувьд магадлал 0-тэй тэнцдэггүй, өөрөөр хэлбэл учрах боломж үргэлж оршдог байх нь, мөн хүний үйлдлээс хамаарч энэ магадлал нь өсч, буурч болно.
Тэнэг сонсогдож магадгүй ч манайханд Магадлалыг Тэгэлдэг сэтгэл зүйн синдром өргөн дэлгэр байна.
Том дарга нараас "Бид ер нь Америк шиг баян болж чадах болов уу" гэж асуувал өөдөөс нүд нь хэзээ ч төсөөлж үзээгүй юмыг нь асуусан мэт болж дүрлийнэ. Ингээд л эд нар Монголын Америк шиг баян болж болох уг нь онол ёсоор бол 0-с их магадлалыг Тэгэлээд хаячихаж байгаа юм. Нэгэнт тэгэлчихсэн магадлалд юун хичээл зүтгэл гаргаж магадлалыг өсгөх.
Залуучууд ч бас нэг иймэрхүү байна, "Чи Оджаргалын байгуулнаас том корпорацыг бий болгож чадах уу" гэвэл бас л утопи, огт боломжгүй юм сонсоод эгдүүцэж байгаа мэт харцаар өөдөөс харна даа. Энэ залуучууд харин энэ харцаараа өөрсдийнхөө ядуу орны дундаж амьдралтай ирээдүйгээ бат нягт зураад тавьчихаж байгаа юм.
Ер нь магадлалын онол гадарладаг хүн Монголд тун чадварлаг Зөн билигтэн болчихно шүү. Юу хийж болох вэ гэхээсээ юу хийж чадахгүй вэ, хаана хүрч чадахгүй вэ гэдгийг нь тун тодорхой хэлнэ дээ.
Монгол хүнд итгэдэггүй Монгол боссуудтай, улсдаа итгэдэггүй их хурлын гишүүдтэй, өөртөө итгэдэггүй боловсон хүчинтэй үхлийн тойрог маягийн, өндөг тахианы проблем сонгодог утгаараа нүүрэлсэн ийм л цаг үед бид амьдарна.
Би бодоход 50 жилийн дотор Монгол улс Америк шиг баян болох магадлал бодитой байна (Чингисийн үр сад учраас эсвэл бид нар мундаг ухаантай Монгол гентэй учраас биш, зүгээр л магадлалын математик онол ёсоор), хэрэв бид өөрсөддөө итгээд хөл гараа хөдөлгөөд урагшаа зүтгэвэл энэ магадлал нь хамгийн багаар бодоход 85% болж өсөх боломж нь илт нээлттэй байна гэж буугаад байх юм.
1 comment:
Yes
Post a Comment