Friday, April 4, 2014

Корпорацийн нийгмийн хариуцлагыг дахин нээхүй

Корпорацын Нийгмийн Хриуцлага гэхээр хэдэн мод тарих, хог цэвэрлэх, өнчин хүүхдүүд мөнгө тараах төдийхнөөр л Монголд ойлгодог болж.

Аргагүй, анх баруунаас хуулахдаа л ингэж явцууруулж хуулсан учраас.

Төрийн албанд нь ёс суртахуунтай хүн ордог, улс төрч чинь мэргэжил болчихсон, дэд бүтэц, технологийн хөгжилийг дэмждэг зах зээл нь бий болчихсон Баруунд бол аргагүй мод тарих, хог цэвэрлэхээс өөр ажил үлдэхгүй.

Тэртэй тэргүй зөв системгүй учраас тун удахгүй нэл хог болох нь тодорхой газрын хогийг нэг удаа түүх төдийхнөөр Корпорацын хариуцлагаа хийж болохгүй нь ээ.

Монголын компаниудын бүтээмж гамшгийн төвшинд байна. Хүний нөөц нь чадвахгүй байгаа учраас тэр. Баялаг бүтээгч (компаниуд) нарт баялаг бүтээх хүний нөөц буюу боловсон хүчин бэлтгэж өгдөг БОЛОВСРОЛЫН систем нь дампуураад удаж байна. Монголын компаниуд бизнесээ хийх, шинэ бүтээл бүтээгдэхүүн гаргах нь битгий хэл сургуулиуд болоод удаж байна.

Хэн ч харсан ойлгомжтой ийм л асуудалтай. Боловсролын яамны сайд нь 2-4 жил тутамд солигдож байхад энэ систем ийм дампуу хэвээрээ үлдэх нь маш ойлгомжтой. Энэ системийн хохирогч нь эхлээд компаниуд, улмаар Монгол улс юм.

Цэцэрлэгээс авахуулаад 20 гаруй жил боловсролын системээр явж явж компани дээр ирж буй ажилтаны яг юу нь болохоо байчихаад байгааг КОМПАНИйн захирал, хүний нөөцийн захирлууд л мэднэ.

Тэр мэдлэгээ ашиглаад, анализ тоо баримт судлаад, яавал бүтээмж өндөртэй хүн бэлддэг боловсролын системтэй болох тухай БОДЛОГЫН баримт бичиг боловсруулаад тэр лоббиддог, холбоотой байдаг УИХ гишүүн, сайд дарга нартаа өргөн барихыг орчин үеийн КОРПОРАЦЫН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА гэж нэрлээд байгаа юм.

Зээлийн хүү 20 хувь байдаг учраас Монголын компаниудын бүтээгдэхүүн үргэлж л 7 хувь дээр зээл авдаг Хятадын компаниас үнэтэй байх болно. Тэгвэл яавал зээлийн хүүг 1 оронтой тоонд оруулж болохыг БАНКНЫХанаас өөр хэн мэдэх юм бэ? Зээлийн хүү өндөр байгаа нь компаниуд санхүүжилтийн зардлын дарамтанд орж дампуурч хаалгаа барьдаг нэг шалтгаан шүү дээ, гэтэл.

Кока колагийн Корпорацын хариуцлагаас илүү гүнзгий, илүү далайцтай хариуцлагыг Монголын компаниуд хэрэгжүүлэхгүй бол бид нар одоо шигдсэн шавраасаа гарч чадахгүй.

Одоо бид нар зөвхөн амин хувиа борлуулаад, жижигхэн довоо шарлуулаад явбал хэзээ ч энэ улс хөгжихгүй. Дөнгөж 1 сарын өмнө яамны сайд болох байтугай УИХ-д орох үгүйгээ ч мэдэхгүй явж байсан хүн яаж ердөө 4хөн жилийн дотор тухайн салбарыг босгох билээ? Амжихгүй ш дээ. Компанийн эзэн, захирлууд юу хүлээж, ямар боломжгүй юманд найдаж явна вэ?  

Ажиллаж буй салбар бүрийнхээ асуудлыг тэртэй тэргүй нэвт шувт мэдэж байгаа юм чинь, гараа хөдөлгөж бодлогын бичиг баримт боловсруулаад салбарын холбоогоороо дамжуулаад лоббидмоор байна. Одоо өмнө нь ажиллаж ирсэн аргаа өөрчилмөөр байна. Хууль зүйн яамнаас илүү сайн, илүү өндөр цалинтай хуульч нар авч ажиллуулчихаад юунд гараа хумхин сууна вэ.

1 comment:

Anonymous said...

Agree