Saturday, June 8, 2013

Авилга

Corruption, Bribery, Kick-back, Cronyism, Nepotism...

Монгол улс 2006 онд Авилгын эсрэг хуулиа баталсан. Авилга өөрөө толгойлогчгүй, асар том систем болтлоо хөгжсөн Монгол улсад "Авилга бол бизнесийн нэг л хэлбэр шүү дээ", "Тэртэй тэргүй ашиг олж байгаа компаниудын ашгийг авилгын системээр хуваарилж байна" гээд олон хүний дунд ярих нь энүүхэнд.

Авилга яг яагаад болдоггүй юм бэ гэдгийг тоочвол өдөр хоног багадна. Гэхдээ хэд хэдэн гол шалтгааныг хэлье.

Юуны өмнө Монгол улсын Авилгын эсрэг хууль бол зөвхөн төрд өгөгдөж байгаа авилгын эсрэг гэдгийг тэмдэглэе.

Гэтэл бизнесийн байгууллагууд хоорондын авилга гэж бас байна. 10 хувь гээд ерөнхийдөө сектор дамнаж тогтсон ханш үүссэн байна. Хэрэвээ ажилтануудаа манай Англи хэлний курст сургавал 10 хувийг нь өгье гэх мэт. Үүнийг kickback гэдэг. Манай зарим томоохон корпорациуд авилгалд идэгдэж бүүр яам тамгын газрыг давж гарсан тухай яригддаг.

БҮТЭЭМЖ
Эдийн засгийн өрсөлдөх чадварын гол хэмжүүр нь бүтээмж гэж би өмнө нь бичсэн. Тэгвэл авилга эдийн засгийн бүтээмжийг үгүй хийдэг. Авилгад идэгдсэн эдийн засаг хэзээ ч өрсөлдөх чадвартай болж чадахгүй. Өөрөөр хэлбэл Монгол улс авилгаа дарж авахгүй бол хэзээ ч хөгжихгүй гэсэн үг.

Аливаа бизнесийн байгууллага, төрийн байгууллага нь чанартай, бүтээмж, ашигт ажиллагаа өндөртэй бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлж байж цаашид хөгждөг. Гэтэл зөвхөн шудрага өрсөлдөөн л энэ нөхцлийг бүрдүүлж өгч чаддаг.

Харин авилгач албан тушаалтан ямар бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахыг шийдэж байгаа үед чанар, бүтээмж, ашигт ажиллагаа огт учир утгаа алдаж зөвхөн - хэдэн төгрөгний авилга, (kickback)-  хэр нууц хадгалах эх сурвалж вэ - хамаатан садан, найз нөхөд мөн үү (cronyism, nepotism) гэсэн шалгуураар шийдвэр гарч эхэлдэг.

Бүтээгдэхүүн нийлүүлж байгаа талаас морал хазард үүсэх учир цаашид хөгжил явагдахаа больж эхэлнэ. Мөн чанаргүй бүтээгдэхүүнийг нийлүүлж эхлэх болно.

Тэгэхээр бүтээгдэхүүний бүтээмжтэй холбоотой авилгыг авч үзэж байгаа нөхцөлд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ба бүтээгдэхүүн авч байгаа хоёр талыг хоёуланг нь авилга алж байж дуусдаг.

ЗАРДАЛ
Замын том тендер 20 орчим хувийн ашигтай гэж үзье. Тэгвэл гэрээний үнийн дүнгийн 10 хувийг авилгалд өгөх тохиолдолд компанийн зардал тэр хэмжээгээр өснө. Эцсийн дүндээ энэ зардлыг эцсийн худалдан авагч буюу ард иргэд нуруундаа үүрч таардаг. Орон сууцны барилга, замын тендер, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, элдэв үйлчилгээнд авилга шингэж ард түмний нуруун дээр зардал болж орж ирнэ.

ТАТВАР
Авилгалд төлсөн зардал, авилгалд авсан орлого нь татвар ногдохгүй учраас далд эдийн засаг юм.

АШГИЙН ХУВААРИЛАЛТ
Нэгэнт компани ашиг олж байгаа юм чинь тэрний зарим хэсгийг хэн нэгэн албан тушаалтан авснаар ашиг хуваарилагдана гэж ярих тохиолдол байдаг.
Жишээлээд үзье. 10 тэрбумтай тендер, гэрээнээс Авилгач 1 тэрбум авилгалаар, компани 1 тэрбумын ашиг НББ-н тайланд тусгагдсанаар олсон. Тэгвэл Компанийн 1 тэрбум ил эдийн засагт орж, цаашид тоног төхөөрөмж авах, үйл ажиллагаагаа тэлэх, ажилтнуудаа сургах, шинээр ажлын байр бий болгоход зарцуулагддаг. Харин авилгалд очсон 1 тэрбум нь Хонг Конгод байр авах, Луй Вуттоны хэрэггүй цүнх хэдийг авах, гадаадын оронд тансаглах зэргээр далд эдийн засагт орж үндсэндээ монголын эдийн засагт наалдацгүй зүйл болж хувирдаг. Тийм учраас компани 2 тэрбумын ашгаа хэн нэгэнтэй хуваалцахгүй олох нь Ард түмэнд, Монгол улсад маш давуу талтай.

Адаглаад машин аваад унахдаа л компанийн захирал үр өгөөж, ашигт ажиллагааг нь бодоод Ланд Круйзер 200 авч байхад, Авилга авсан хүн огт хариуцлагагүй зарцуулалт хийх жишээтэй.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Хумсалсаар хулгайч гэж бид ярьдаг. Бага зэрэг дэвийн түшмэл, компанийн ажилтан байхаасаа л авилгалд идэгдсэн хүн, дээш өгсч явсаар (дээш өгсөх замаа бас авилгалаар засна) төрийн өндөр албан тушаалд хүрнэ.

Улсын, ард түмний төлөө шийдвэр гаргах хэрэгтэй болно. Ирээдүйд 20, 50, 100 жилийн дараах ард түмний амьдралыг шийднэ. Жижиг бэлтгэн нийлүүлэгчид биш гадаадын улс орнуудтай харилцана.

Ингээд улсаа худалдаж эхэлдэг. Логикоор бол барааны савангийн шахаа, уул уурхайн том төслийн эсвэл боловсролын системийн хэмжээний том тендерийн шахаа хоёр яг ижил. Тоо, дүн өөр боловч хандлага нь ижил. Харин үр дүн нь аймшигтай эмгэнэлтэй, хохиролтой зүйлийг дагуулна.

Ийм л учраас Авилга авдаг компаниа ч, өгдөг компаниа ч --- Авилга авдаг төрийг ч, өгдөг төрийг ч бүгдийнх нь ирээдүйг залгидаг мангас юм.

Авилгад олон шалтгаан бий. Ойлгомжгүй, албан тушаалтанд их эрх мэдэл өгсөн хууль дүрмээс эхлээд хэрэгждэггүй биелдэггүй хууль дүрэм гээд, ер нь дотроо "авилгагүй орчин бодлого" хэрэгжүүлдэг хэдэн компани байна.

Жишээ нь Татварын хуулинд орлогын 30 хүртэл хувиар торгоно гэсэн заалт байдаг. Тэгэхээр орлогынхоо 30 хүртэл хувиар торгуулах уу, байцаагчид хэдэн цаас өгөөд салах уу гэдэг маш тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй болно. Хамгийн гол нь бүх юмаа шудрагаар тайлагнаад байхад л орлогын 30 хувиар торгуулах гэмт этгээд болгож хальтилж болохоор хуулиа бичсэнд байх жишээтэй. Энэ мэтчилэн урт дараалал хөвөрнө.

Авилгатай тэмцэх газар авилга авсан хүмүүстэй тэмцэхдээ биш харин авилга ургуулдаг хөрсийг хуулж хаяхад илүү анхаарлаа хандуулах ёстой юм даа.








No comments: