Wednesday, June 5, 2013

Хүний нөөц

Аливаа бизнес үйл ажиллагаагаа амжилттай явуулахад шаардлагатай үндсэн 3 нөөц бол - Хүн - Мөнгө - Мэдээлэл юм.

МУ-н өрсөлдөх чадварын тайланд Монголын компаниудад тулгарч буй хамгийн том бэрхшээл нь Хүний нөөцийн асуудал (авилга, хөрөнгө оруулалт гэх мэт олон бэрхшээлээс) гэж тодроод удаж буй. 

Компанийн эзэн, захирлуудтай уулзаад ярьж байхад "Яаж сайн хүн олно доо" гэж халаглахыг хичнээн ч жил, хичнээн ч олон хүнээс сонсов доо. 

Монгол улсын боловсролын системийн бүтээгдэхүүн "Хүн"-ийг түүний хэрэглэгчид нь ингэж үнэлж байгаа юм. Боловсролын системиийн бүтээгдэхүүн хүнийг Компани эсвэл Төр ажилд авдаг. Төрийн байгууллагад яваад ороход ажлаа мэддэггүй, авилга авдаг хүмүүс бол энэ боловсролын системийн бүтээгдэхүүнүүд шүү дээ. 

Фундаментал байдлаар сэтгээд үзвэл Монгол улсын хөгжлийн асуудал, уур уцаар, стресс, ядуу дорой байдал бол энэ боловсролын системийн бүтээгдэхүүн болох ХҮН-тэй хамаатай юм. 

Нэгэнт системийн бүтээгдэхүүн ийнхүү муу үнэлгээ авсан тул. Системийг шинэчилэх шаардлагатай нь ойлгомжтой. Савирч гоожсон тараг үйлдвэрлэдэг системийг шинэчилдэг шиг л солих ёстой. 

Хачирхалтай нь Боловсролын систем хэмээх том үйлдвэрийн дарга, инженер технологичид нь Хэрэглэгчид болох компанийн захирлууд, төрийн дарга нараасаа ирж ямар бүтээгдэхүүн хэрэгтэй байгаа талаар огт асуухгүй юм. 

Чухамдаа залхуу хойрго, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаггүй, үнэт зүйл үгүй, итгэл үнэмшил байхгүй, зөв бурууг ялгаж чадахгүй, бусдад хүндэтгэлтэй хандах чадваргүй буюу суурь хувь хүний төлөвшил хүмүүжлийн асуудалтай... хүний яриаг дүгнэх чадвар сул, уншиж ойлгохдоо муу, бодол санаагаа бусдад цэгцтэй илэрхийлж чаддаггүй, бусдыг сонсох тэвчээргүй буюу харилцаа холбооны асуудалтай... компьютер дээр хурдан шивж чадахгүй, англи хэл мэдэхгүй, эксел дээр наад захын тооцоо хийж барахгүй буюу техник дадал зуршил суугаагүй ийм хүмүүс маш ихээр боловсролын системээр үйлдвэрлэгддэг.

Энэ хүмүүс эцсийн эцэст эдийн засагт БҮТЭЭМЖ-н асуудал үүсгэдэг. Бүтээмж муутай хүмүүс, компанийн бүтээмжийг муутгана. Бүтээмж муутай компаниуд улс орны өрсөлдөх чадварыг доройтуулна. Дээхнэ дээ, Монголын эдийн засгийн форум дээр Монгол улсын өрсөлдөх чадвар сэдвийн дор малын ноолуур, ноос ярьцгааж байсныг нь санаж байна. Өрсөлдөх чадвар бол ноолуур бишээ. Өрсөлдөх чадвар бол Хятад хүн цагт 2 хадаас хийж байхад Монгол хүн 1 хадаас хийх үү, 3 хадаас хийх үү гэдэг ийм л эдийн засгийн ойлголт. Одоо манайхан 1-г л арай чүү хийж байвал их юм болоод байна.

Эдийн засгийн асуудлыг фундаментал төвшинд шийдэхгүй бол - "Сайн уу муу юу аль нь вэ хө" гэж зөв бурууг ойлгуулдаг байсан социалист үнэт зүйлсээ таягдан хаяхдаа ардчилсан үнэт зүйлсийг заах аргачлалыг боловсролын системд оруулаагүйгээс болж бид маш том хохирол амсах болно. Энэ хохиролыг буцаахад л 20 жил хэрэгтэй гэж бодохоор эдийн засгийн хохиролын цар хүрээ нь төсөөлөгдөнө. 

Дунд сургуульд философи заах хэрэгтэй гэж намайг хэлэхэд "тийм багад нь огт болохгүй, 25 хүрвэл яадаг юм гэхээс биш" гэх мэтчилэн ярих. Чухамдаа философи гэж бол ЗӨВ, БУРУУ-ийн ухаан шиг санагдах. 

Зөв (virtue) ба Буруу (vice) ялгаж салгаж чаддаг, Үнэт зүйлтэй (value), түүндээ итгэх Итгэл үнэмшилтэй (belief) ийм л хүмүүс улс оронд хэрэгтэй байгаа. Үүнийг цэцэрлэгт нь заадаг юм. Юун 18, юун 25. 

"Америкт тэтгэвэрийн сангууд алдагдал хүлээчихээд байхад чи Монголд тэтгэвэрийн сан хэрэгтэй гэж ярьж болохгүй ш дээ" гэж гэнэглэх хүмүүс нь үлгэрлэвээс "Хөрш айлын жийпний дугуй нь хагарсан байгаа учраас Морин тэргээсээ ер салж болохгүй" гэж хэлэхтэй агаар нэгэн буй. Чухамхүү хямрах санхүүгийн сектортой Америк улсад би атаархнам. Алдагдал хүлээх хөрөнгө оруулалтын сан, тэтгэвэрийн сантай Европыг би бахаднам. Агуйд амьдрагч бидэнд бол харин алдая ч гээд алдах юм алга. Алдах юмтай, сарвайх зүйлтэй байх нь өөрөө Хүн гэж амьтаны философи мөн чанарын нэг хэсэг болой. 

No comments: