Tuesday, December 25, 2012

Луис Вуттон

Сүүлийн үед бичлэгүүд маань негатив маягтай болоо юу даа. Юу ч гэсэн үүнийг бичье дээ.

Хужаа пийжүүнд айхтар хордсоноос хойш ходоод болохгүй явсаар оюутан байхад нэлээнд өвдсөн юм. Гүрийгээд яваад байсан чинь сүүлдээ бүүр нүднээс гарав. Дурандуулсан чинь бөөн шархтай, 1-р эмнэлэгт очоод мундаг эмчид нь үзүүлээдэхсэн чинь өө тэгээд яахав насаараа антибиотек уугаад л явна шүү дээ маягийн юм яриад явуулчихав аа.

Түүнээс хэдэн жилийн өмнөхөн нь муу аав минь гэнэт зүрх нь муудаад эмнэлэгт очсон юм. Ер нь хараад байхнээ хүн өөрөө л амьдрахгүй бол тэгэсхийгээд амруу нь амьсгалдаг гуурс хийгээд гараараа насосдож байгаад л үхүүлэх юм билээ л дээ. Тийм юм харчихсан байсан болохоор баахан сүжиг төрж өгдөггүй - тэгээд ч надад бараг л наадах чинь эмчлэгдэхгүй дээ хүү минь ухааны юм хэлчихсэн болохоор өөрөө баахан интернэтээс хайж үзсэн юм.

Харин азаар 1998 онд буянтай хоёр эмч Ходоодны шарх нь ерөөсөө сэтгэл санаа, энээ тэрээ биш харин Хэлико Бактери гэгч гайхалаас болдог юм байна гэдгийг нээж Нобелийн шагнал авчээ. Ходоод уг нь маш их хүчиллэг орчин тул хэр баргийн бактери, вирус тэнд устдаг. Харин хэлико нь ходоодны салстын өнгөн хэсгийн дор байрлах тул хүчлээс хамгаалагддаг юм байна. Ингээд тэндээ хорлон сүйтгэх ажиллагаагаа явуулна биз дээ.

За тэгээд хэлико бактерийг дардаг эм хайв. Монголд аптек нь байтугай эмч нь ч тийм юмны талаар мэдэхгүй байгаа юм чинь яаж байхав. Хэлико дарагдаж өгдөггүй золиг тул 2 төрлийн антибиотекийг хавсруулаад 7 эсвэл 14 хоног маш хүчтэй бөмбөгддөг юм. Ер нь эмэнд түүний үндсэн орц ба маркетингийн нэр гэж хоёр юм яваад байдаг. Би харин хэликог устгах аргыг нь харж байгаад орцоор нь хайж 2 төрлийн антибиотекоо олоод, нээсэн аргынх нь дагуу ууж ходоодоо гайгүй болгож билээ.

Саявтархан даа манай гадаадад сурдаг найз залгаж, -За чи л явалгүй болохгүй, аав минь болохоо байлаа - гэв. Гүйгээд очтол муу аав минь өнгөрдөг эмнэлэг байна. Хүйт даасан бохир орчин, яахаа мэдэхээ байсан ар гэрийнхэн, "энэ хүн өнгөрсөн" гэсэн харцтай эмч сувилагч нар наагуур цаагуур хөлхөлдөнө. Цус харвачихжээ. Миний бодоход цус харвасан хүний тархийг MRI эсвэл рентгенээр харах ёстой. Тэгээд цусны бөөгнөрөл үүссэн хэсэгрүү өрөмдөж, тархийг цэвэрлэх ёстой баймаар. Манайд бол нөгөө хардаг аппарат нь ч байхгүй, мэс засалч нь  ч байхгүй (тархины тэр, зүрхний энэ гээд бүхэл бүтэн улс сэдэв сэдэвээр ганц ганц эмчтэй юм уу хаашаа юм) - тэгээд л шууд амруу нь гуурс углаад л нэг сувилагч гараараа насосдоод л байж байна. Ухаандаа ар гэрийнхэнд нь эмнэлэг бүх чадах зүйлээ хийсэн шүү гэж харуулж байгаа юм байна, эсвэл залхааж байгаа юм байна гэж ойлгогдохоор.

Саявтархан "Цоорхой зүрхтний тэмдэглэл" гээд аятайхан нийтлэл сурвалжлага нэг сонин дээр гарсан байсан. Уул нь бол бид нар сар бүр цалингийнхаа 30 хувийг улсад татвар болгож өгдөг. (Орлогын татвар 10, НДШ 10, Ажил олгогчоос НДШ 10)Үүнээс 20 хувь нь бидний эмнэлэг, тэтгэвэрийн үйлчилгээнд явдаг ухаантай юм. Яг үнэндээ хамгийн том халтуур бол тэр гээд хэлчихмээр байна. Тэр сурвалжлага дээр их тодорхой бичсэн байна билээ. Манай ажилладаггүй Эрүүл мэндийн даатгалын системийн талаар.

http://mongolianeconomy.mn/mn/p/3274 - Энэ Сайханбилэг гээд хүүг зайлуул хичнээн ч удаа хагалсан юм бэ дээ. Эхлээд цөсийг нь авч хаяад, дараа нь дэлүүг нь аваад, өргөссөн судсуудыг нь боогоод гэхчилэн. Цөсний төрөлхийн битүүрэлтэй гэж оношилсон гэнэ - за үнэн байлаа гэхэд яахаараа элэг нь хатуурчихдаг байна. Миний санахад лав л миний таньдаг нэлээн олон хүмүүсийн авахааргүй цөсийг нь авч хаячихсан байдаг юм билээ. Дараа нь гадаадад үзүүлэхэд эмч нар нь толгой сэгсрээд ингэж хагалгаа хийх ч гэж дээ гэдэг юм гэсэн. Би эмч биш - гэхдээ шууд л эхний хагалгаагаараа хүүд халдвар оруулчихаж дээ гэж сэрдэж байна.

Би энд Монголынхоо эмч нарыг муулах гэсэнгүй. Ур чадварыг нь шүүмжлэх ч гэсэнгүй. Зүгээр л Монголд тархины эсвэл элэгний "тэрнийг" танихгүй бол үхнэ. Бодит байдал ийм л байгаа. Энэ бол эмч нарын ур чадварын асуудал биш. Мэдээж тодорхой хэмжээгээр бий бий - ходоод эмчилж байж Хэлико бактериа мэдэхгүй өчнөөн жил явж байна гэдэг бол үнэхээр ой гутам хариуцлагагүй явдал мөн. Гэхдээ энэ бүгдийн цаана хөрөнгө оруулалтын асуудал байгаа юм.

Энэ эмнэлэгийн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулахгүй бол болохоо байлаа. Эрүүл мэндийн салбарыг "төсөв-идэх" гэсэн байдлаар хараад, өөрсдөө гадагшаа явж эмчлүүлчихээд - энэ салбараас хусаад байвал энэ байдлаараа л үлдэнэ. Цэвэрлэгчээс бага цалинтай хүнээр эмчлүүлж байна гээд төсөөл л дөө. Цэвэрлэгчээс бага цалинтай хүн хүүхдэд чинь эрдэм ном зааж байна гээд төсөөл л дөө. Асуудлыг эдийн засгийн үүднээс нь шийдэхэд амархан байна аа. 5 жилийн дотор энэ улсыг орвонгоор нь эргүүлээд авилгач нарт ид шидийг үзүүлж ч болно. Гэхдээ авилга гэдэг систем нь эзэн биегүй маш том мангас билээ. Энэ мангасаас ангижрахын тулд ухамсарын хувьсгал хийх ёстой.

Гэтэл бидний ухамсар өдөр өдрөөр доройтсоор. Гал гаргадаг Өнөрөө, нисдэг таваг, дэлхийн сүйрэл, эзотерикийн балай үедээ буцаад очиж байх шиг байна.

Ер нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж үзээгүй, хүний хийсэн юмыг авчирч дамлаж зардаг наймаачид баахан мөнгө олчихоод өөрсдийгөө учиргүй шилдэг бизнесмэн энэ тэр гэж сэрүүн зүүдэлж эргүүтдэг юм шиг байна даа хараад байхад. Мөнгөтэй гэдэг чинь гэгээрсэн гэсэн үг огтхон ч биш, мөнгөтэй гэдэг чинь элит ч гэсэн үг, мөнгөтэй гэдэг чинь олон түмэнд амны зоргоор чалчих зиндаанд хүрсэн ч гэсэн үг биш, мөнгөтэй гэдэг чинь УИХ-д сууж ард түмнийг хувь зохиолыг бичнэ гэсэн үг ч биш.

Инжинаш 200 орчим жилийн өмнө бичсэн байна.
-Богд хүн тэнгэр газарт итгэмжилмүй
- Мэргэд Сайд өршөөл журамд итгэмжилмүй
- Үтэл ард эрх хүчинд итгэмжилмүй
- Өчүүхэн хүн эд ашигт итгэмжилмүй... гэжээ.

Энэ тэнгэр газар гэдэг нь бөө мөө огт биш юм шүү. Мөчид мэдлэгтэй хүн ахисан шатны юм уншихаараа шууд хэллэгээр нь ойлгоод цааш нь дэвэргээд буруу зөрүү юм их ярицгаах юм. Богд хүн гэж гэгээрсэн хүнээ хэлж байна. Хүн гэгээрэхийн наад алхам нь бусад хүмүүсийг нигүүлсэх, мөн ёс журмыг ягштал баримтлах байдал байдаг учраас тэр.
Хамгийн дорд буюу эд ашигт итгэмжилэгч гэдэг нь зөвхөн гадна харагдах байдал, өнгө мөнгөний боол бологсодыг хэлж буй юм. Ийм хүмүүс мөнгийг хурааж чадах боловч их үйлийг бүтээж хэзээ ч эс чадна. Тийм учраас манай ард түмэнд сонголт хийхдээ үүнийг нь харах ёстой юм даа.

Одоогийн байдлаар дэлхий дээрх хамгийн агуу маркетерууд бол Луи Вуитоны маркетингийнхан юм шиг байна.

Яаж тэд нар Монголын наймаачин баячууд өчүүхэнээр сэтгэж эд ашигт итгэмжилнэ гэдгийг мэдэж манайд дэлгүүрээ нээв ээ. Харилцагчийг бараг өөрөө өөрийгөө ойлгоогүй байхад нь танина гэж энэ дээ. Бүүр ахисан шатны маркетинг бол харилцагчийг манипуляц хийхэд оршдог. Жишээ нь эд ашигт итгэмжлэгч өчүүхэн хүмүүнд Луи Вуитоны логог дарвайтал нялсан резинэн цүнх мөрөндөө өлгөвөл эсвэл логотой бүсийг нь ташаандаа хэдэрвэл арай гэж хүн шиг харагдана гээд тархийг нь угаачихаж байгаа юм.

Монголд ер нь яг өөрөө бүтээлээ бүтээдэг хэдэн компани байдаг юм бол. Бэлэн байгалийг эсвэл хүний хийсэн юмыг л наймаалдаг нь олонх юм шиг.

Tuesday, December 11, 2012

Giving or Taking


Гадаадад магистр хийсэн, мундаг чадвартай боловч зөвхөн өнөөдрөөрөө сэтгэдэг хүмүүсийг зөндөө харсан. Өнөөдөр хүсэхгүй, чадахгүй, боломжгүй, эсвэл боломжтой санагдвал үйлдэл хийж л байдаг. Тэгээд тэр нь дандаа балардаг. Яагаад хүн өнөөдрөөр сэтгээд эхэлдэг вэ гэхээр зөвхөн өөрийгөө бодоод эхлэхээр тэр.

Саяхан олон улсын үндэстэн дамнасан, ашгийн бус бодлого тодорхойлогч байгууллагын глобал даатгалын захиралтай уулзав. Глобал захирал гэхээр бүгдийг нь баздаг нөхөр нь гэсэн үг. Монгол улсад эрсдэл ямархуу байгааг тандаж яваа нь тэр.

Монгол улсаас маш их эрсдэл Монголын даатгалын салбараар дамжилгүй шууд гадаадын даатгагч нарт явж байгаа, түүнээс зарим хэсгийг нь авч үлдээх хэрэгтэй байгаа талаар хэлэв. Мань хүн эрс эсэргүүцэж бид хоёр бяцхан маргасан юм.

Монгол хүн мөртлөө Монголын компаниуд дээр очиж манай дотоодын даатгалын компаниуд мяаа, шууд гадаадад даатгуулчих гээд явж байдаг хүн жишээ нь байж л байдаг.

Би маргааш тавих лекцээ бэлтгэх зуур манай залуусын бэлдсэн Монгол улсын эрсдлийн матрицыг харж суув. Ер нь бол хөгийн дүр зураг буудаг л даа. Товчхондоо бол Монгол улс ажиллахад, амьдрахад, бизнес хийхэд эрсдэлтэй газар л болчихож. Хүүхдээ гадаа тоглуулахдаа л араас нь айж суудаг ийм л газар болсон байна. Жишээ нь Улаанбаатар хотод газар хөдлөхөд газар хөдлөлтөөс болж бус харин бэлтгэлгүйгээс болж энд тэнд нурангид дарагдсан барьсан, галын аюулгүй систем байхгүйгээс болж шатсан түлэгдсэн хүмүүсийн үхлийн тоо хэдэн мянгаараа л тоологдоно. Эрсдэл гэж ийм л юм байдаг юм. Газар хөдлөсөнд нь бус харин түүнд бэлтгэлгүй байснаас болж хүмүүс үхдэг юм.

Яагаад ийм байгаа талаар олон шалтгаан бий. Гэхдээ энэн дундаас нэгэн том шалтгаан тодроно. Энэ бол дотоодын даатгалын компаниудын хөгжил сул байгаа асуудал билээ. Гэтэл эд хөгжихийн тулд санхүүгийн чадвар сайтай байх ёстой билээ. Чадвахиа сайжруулахын тулд гадагшаа гараад байгаа даатгалаасаа тодорхой хэсгийг нь авч үлдэх л учиртай.

Ухаандаа бол даатгал гэдэг нь туйлын өвөрмөц, зүгээр л даатгалын компани фундаментал мөн чанарынхаа хувьд яаж ажиллах ёстой - түүгээр нь ажиллуулахад л нийгмийн агуу хариуцлагыг хэрэгжүүлчихдэг - үндсэн бизнесийнхээ хажуугаар балай юм шиг очиж хог түүж - түүнийгээ нийгмийн хариуцлага гэж зарлах шаардлагагүй ийм л сонин бизнес.

Гэтэл Нью-Йоркт суудаг Герман энэ эрхэм бол - Дотоодын компаниуд угаасаа чадахгүй юм чинь даатгал авах хэрэггүй ш дээ гээд өөдөөс хэрэлдээд байгаа. Би харин өмнөөс нь 100 жилийн өмнө танай Ханновер Ре чинь ч гэсэн бяцхан компани байсан шүү. Яаж харин томорсон билээ - сануулаад өгөх үү гээд л сууж байгаа.

Аргагүй л дээ, аргагүй. Үхсэнээ ч хийж герман хүн Нью-Йоркт явж байдаг юм. Ямар ч эмпати, ард түмэндээ хүлээх хариуцлагагүй - зүгээр л нэг кариерист эр.

Монголын даатгалыг шууд Хонг-Конгод хэлцэл хийгээд авсан тэр гадаадын даатгалын компанийн захирал Монголд ирчихсээн монголын ард иргэдийн эрсдлийг бууруулах уу яахав гээд өдрийн бодол шөнийн зүүд болоод явдаггүй л байхгүй юу. Эсвэл Эрсдлийн Удирдлагын Форум хийж хүн амьтанд номын дуу сонсгоно гээд хүн амьтаныг гуйж гувшаад, нүүрээ улалзуулаад ч явахгүй л юм.

Монгол компаниуд нь олон улсын зах дээрээс очоод тэрбум тэрбумаар нь хийчихсэн юм шиг л аашилж - Хонг-Конг нисч даатгуулаад л.

Уул нь энэ муу хэдэн дотоодын даатгалын компаниуд нь том байвал гудамжинд хөөрхий гэмгүй оюутан залуу алхаж яваа секундын дотор төмөр турбанд цохиулж үхэхгүй л байсан юм. Өдөр болгон нэг хүн замын хөдөлгөөний ослоор нас барахгүй байсан юм. Байдал ийм л байгаа.

Нэг л их өөртөө юм унагах гэсэн, өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй хүмүүс. Бодол нь хүртэл богино, ухаан хүртэл мөчид.

Дэлхийд эхний 4-т жагсдаг санхүүгийн үйлчилгээ явуулдаг компани -  Олон улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын захирлуудаас эрсдлийн санал асуулга явуулахад хамгийн чухал эрсдлээр өрсөлдөөнийг нэрлэсэн байх жишээтэй. Өрсөлдөөн гэж эрсдэл байдаггүй юм ш дээ гэж намайг хэлэхэд тэр судлагаа авсан компанийн захирал англи эрхэм надруу ярьдаг сармагчин харж байгаа аятай харж байх шиг. Монгол болохоор тэр.

Гэтэл Монгол улсын эрсдлийн тайлан гээд баримт бичиг олж үзтэл - түүн дээр - Засгийн газар буруу шийдвэр гаргах эрсдэл гээд биччихсэн ч байх шиг. Монгол улсын хамгийн том эрсдэл нь тэр юм гэнэ дээ. Үүнийг жишээ нь тэр баруунд чинь доктор, магистрийг нь хийсэн хүн бичсэн байгаа юм.

Ер нь бол яг үнэндээ задгай сэтгэж чаддаггүй, улс төрийн хувьд зөв, академикийн хувьд зөв тийм хүмүүс өрсөлдөөнд ялагддаг хуультай.

Тийм болохоор залуусаа, боломж маш их байна. Маш олон тэнэг хүмүүс энэ дэлхийд том том албан тушаал хашиж байна. Мэдээж тэдний хажууд Стив Жобс мэтийн өөрөөсөө илүү гарч, хүмүүсийн төлөө хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн хүмүүсийн мөрөөдлөөр жигүүрлэн дэлхий хөгжинө. Тэдний далбаан дор яахав хэдэн алиалагч нар байх л байлгүй.

Фундаментал асуудал бүүр дэндүү энгийн. Too simple to understand.

Амьдрал гэдэг чинь авахад биш харин өгөхөд оршдог юм. Амьдралаас яаж авах тухай л бодвол Харвард ч бай, дэлхийн хамгийн ухаантай хүн ч бай, аавын чинь мундаг тоо боддог ген ч бай юу ч чамд тус болохгүй. Чи бүтэлгүй амьтан болно эсвэл ялзарсан бэртэгчин болно.

Чи яаж харин амьдралд, хүмүүст өгөх тухай бодож эхлэвэл чи өөрийгөө олж авч, мөнгөтэй ч бай мөнгөгүй ч бай сэтгэл хангалуун болох болно.

Мэдээж энэ нь "Би ядууст тусалдаг төрийн бус байгууллага байгуулмаар байна" гэж хашгирахыг хэлэхгүй нь ойлгомжтой. Энэ бол найзуудтайгаа урьд шөнө Бриксдээд өглөө нь шартсан хэвтэж байхдаа бодож олдог мэргэн санаа ч биш. Энэ бол ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ЗОРИЛГО, ТЭМЦЭЛИЙН тухай асуудал билээ.

Хэдэн захирлуудтай ярихад нэг л зүйл дээр гомдоллоно. Ажилд орох гээд ярилцлаганд орж байгаа хүмүүс дотор би байгууллагадаа ийм зүйл өгнө гэж хэлсэн нэг хүн байна уу гэж бие биенээсээ асуух. Нээрэн бодоод үзсэн чинь - би тэдэн төгрөгийн цалин авмаар байна - би их юм сурч авмаар байна - зөвхөн л авах тухай нөгөө утгагүй яриа.

Тэгээд ажлаа хийж чадахгүй болохоороо дэлхий ертөнцөд байж болох бүх л зүйлст бурууг тохдог юм гэнэ дээ, цаана чинь.