Friday, October 26, 2012

triangle

Сүүлийн үеийн "элит"-үүдийг ажигласан ажиглалтаас.

Манай яг одоо манлайлж буй элитүүд - эд нар бүхэлдээ гутранги байдалд орсон харагдана.

Улс орны ирээдүй бол огт сонин биш. Зүгээр л өнөөдрийн улс төр, түүнийг дагасан мөнгө чухал.

Тэгэхээр гол зорилго нь мөнгө, харин бахархал биш. УИХ-д амьдралдаа ганцхан сонгогдож болно, гэхдээ өөрөө өөрөөрөө бахархах ганцхан зүйл хийхэд л хангалттай. Яахав мөнгө амьдралын зорилго юм бол сонгогдохын тулд өөрийгөө зарахад ч бэлэн байх ёстой байх л даа. "Өө наад ард түмэн чинь одоо өнгөрсөөн, юун Америк шиг болох, амь амиа бодоорой..." гэх хандлага бүүр өөрийн эрхгүй ярианаас нь, нүднээс нь, хөдөлгөөнөөс нь мэдрэгдэнэ. Оюу толгой бол зайлуул ганцхан муу орд, дээд тал нь хэдхэн мянган хүн ажиллуулах ганц компани ш дээ. ХААН Банкны ажилтанууд л гэхэд Оюу толгойтой тоогоороо зэрэгцэнэ гээд бод л доо. Тэгэхээр энэ толгой яагаад сонин болов - эдийн засгийн хариулт нь их амар - өнөөдрийн хялбар мөнгө учраас тэр.


Нөгөө талд нь харин бас өөр нэг элитүүдийг яръя. Энэ бол гадаадад сургууль төгсөөд, эсвэл амьдарч байгаад ирсэн манайхан. (мэдээж бүгдийг нь хэлээгүй нь ойлгомжтой, нийтлэг төрх яриад байна)

Эд нараас харин тийм манарсан байдал үнэртэнэ. (deep confusion) Яах гээд ч буцаад ирчихсэн юм. Нүднээс нь шууд л ойд төөрсөн хүний харц анзаарагдана. Ам ажил хоёр нь зөрнө. Амаараа бол нэг л их мундаг баатар алс холын харь орноос нутгаа санаж ирээд улсаа хөгжүүлэх гээд байгаа юмаа даа. Ажил дээрээ бол таг. Тэгэж хэлчихээд л шууд цалин агнаад нэг уул уурхайн компанид орж өлөнтөнө.

Ер нь бол эд нар хойшоо сайхан алхаад гэр хороолол дундуураа яваад үзчих хэрэгтэй л дээ. Дэлгүүр хоршоогоор нь ороод, хүн ардтай уулзаад яг ямар улсад ирчихээд байгаагаа ойлгох, бүүр болж өгвөл ухамсарлах хэрэгтэй. Тэгэхгүй сэтгэл нь Америктаа, (даан ч тэнд нь хямрал болчихсон юм шүү дээ, юун ажил олдох) санаа нь энд, яриа нь шоктой - тэгээд нэг хотын төвийн хэдэн баараа хэсч нөгөө л нэг уулздаг өрөөсөн дугуй элитэнцэрүүдтэйгээ цаг өнгөрөөвөл амьдрал ямар харуусалтай вэ. Тэр хойно чинь дэлгүүрт талхыг хэрчмээр нь есийн тосыг (юу гээд байгааг нь мэдэх билүү, наранцэцэгийн тос) нь пенцилины шилээр (бас юу вэ?) зардаг юм ш дээ.

Харин соцын үеийн хуучны эрдэмтэд, манай академиа бас л их гунигтай харагдана. Би уг нь нэг л амьдрах юм чинь ямар ч гэсэн доктор хамгаалчихая гэж бодож байлаа. Тэгээд хэд хэдэн докторын шүүмж дээр суув аа. Үнэндээ реферат бичиж доктор хамгаалдаг юм бол тэрийг аваад ч яадаг юм. Энүүгээрээ би жинхэнэ нээлт хийж (докторын зэрэг авахын тулд нээлт хийх, эсвэл шинэ аргачлал зохиох ёстой - тэрнээс биш тэр номонд ингэж, энэ номонд ингэж гээд бичдэг юм биш) доктороо авсан олон сайхан эрдэмтэдээ үгүйсгээгүй юм шүү. Өнөөдөр манай шинжлэх ухааны салбар ийм л болчихож. Эдийн засаг оролддог хүний хувьд үүний шалтгаан нь их л энгийн.

Мөнгө байхгүй болохоор тэр. Яагаад. Яагаад гэвэл мөнгө гэдэг чинь хүний бүтээмжийг нийлүүлэх зориулалттай зохиогдсон эдийн засгийн зэмсэг юм. Бүүр хамгийн боловсронгуй нь гээч.

Мөнгө байхгүй газар доктор үнэгүйдэнэ. Би сайн санаж байна. Засгийн газар хэдэн жилийн өмнө монгол улсын тэргүүлэх салбараа зарлаж, тогтоосон. Жишээ нь биотехнологид хэдэн төгрөг өгсөнийг нь мэдэх үү. 10-20 сая төгрөг. Харин монголын ямаануудад хэдэн төгрөг өгсөнийг нь мэдэх үү. 30 тэрбум төгрөг, нэг жилд. Мал уг нь хувьд шилжээд удсан санагдах юм. Хувьд шилжээгүй шинжлэх ухаандаа түрүүлж мөнгө өгвөл, нөгөө эрдэмтэд нь генийн селекц хийж ноолуурын чанараа өвөр монголын ямаадыг давж гарах ч юм билүү.

Элитгүй монголд ард түмний харц өрөвдөлтэй.

Телевизээр нь харин бумба нь галзуураастай. Монголын ухаант өвгөд 100,000 жилийн өмнө 5 янзын энергийн эх үүсвэрийг нээсэн юм шүү дээ гээд л - соён гэгээрүүлж өгнө биз дээ. (Уг нь өнөөдрийн байдлаар хамгийн эртний хүний үлдэгдэл 75,000 жил, 100,000 жилийн өмнө хомо сапиенс үүсээгүй байхад Монголчууд энерги нээгээд тэрийгээ бичиж үлдээгээд - тэрийг нь нэг хүн номлоод байгаа юм уу даа). Яахав ээ. Орон гаран хүмүүс Америкт ч байж л байдаг. Гэхдээ тэрнийг CNN-ээр лекцийг нь бүтэн хэдэн цагаар, хэдэн сар дамнуулж гаргадаггүй л байхгүй юу. Ингээд харанхуй нүхэндээ бүрэн жив гээд байгаа юм уу хаашаа юм. Хятадын явуулга ч юм уу эсвэл. Өөрсдийгөө бас оюун ухааны удирдагч гээд нэрэлчихжээ.

Энэ бол зүгээр л ДУУДЛАГА. Энэ бүхэн нь өөрөө элит лидерүүдийг дуудаж байгаа ард түмний цөхөрсөн ДУУДЛАГА юм.

Тэгээд нөгөө элит лидерүүд нь хаана ч байгаа юм дээ. Уулны төлөө биш ард түмний төлөө л байлддаг юм ш дээ - жинхэнэ байлдаанд. Эдийн засгийн онол ч гэсэн Харвардын хамраа сөхсөн бацаануудад бие биендээ цэцэрхэхэд нь зориулж биш харин эгэл жирийн ард түмний тусын тулд л бичигддэг ухаантай.

ДУУДЛАГЫГ ухамсарлаж хүлээн авсан хүн ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ болно. ИТГЭЛ ҮНЭМШИЛ нь харин хүнийг элит лидер болгоно. Тэрнээс гудамжинд архчидад мөнгө төлж жагсаал зохион байгуулдаг шантаажлагчидийн тухай яриагүй байна.

Wednesday, October 10, 2012

Барьцалт

Дэлхийн банкнаас Монгол улсын санхүүгийн секторыг бүтэн 6 сарын турш үнэлж тайлан гаргажээ. Удахгүй вэб хуудсан дээр нь гарна гэнэ.

Ерөнхийдөө тайланг танилцуулах хурал нь уламжлалт маягтай. Тухайлбал Монголын засгийн газар, Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо нар нь ямар гайхамшигтай амжилттай ажиллаж, яг зөв үед нь онож шийдвэр гаргаж байсныг бахдаж яриагаа эхлэв.

Арга ч үгүй биз дээ.

Хүн амынхаа талыг хядчихсан Камбожид эсвэл цэргийн дэглэмтэй, бодол санаагаа илэрхийлмэгц алуулчихдаг Мянмарт өнгөрсөн долоо хоногт ажиллаж байгаад ирсэн дэлхийн банкны шинжээчидэд Монгол бараг л диваажин шиг санагдаж таараа. Ганц болсон болоогүй журам гаргасан нь бараг л шинэ технологи нээчихсэн аятай санагддаг байлгүй.

Үүнийг сонсож суусан миний сэтгэлд хүүдээ Харвардад сурч дэлхийн хэмжээний хүн болоорой гээд өгсөн мөнгөөр - хүү нь шоудаад гудамжинд явж байгааг харж байгаа эцэг хүн шиг л харуусал төрнө.

Ер нь Монголын байгууллагуудад ч гэсэн их анзаарагддаг. "Тэр ажил хийхгүй байгаа юм чинь би ч ажил хийхгүй." "Энэ юу ч хийхгүй байна, тэр ажлаа хийж чадахгүй байна"

Монголын өрхүүдэд бас ийм ярих их сонсогдоно. "Ядуу айлын хүүхдүүд өдрийн хоол ч үгүй, өмсөх хувцасгүй байна - тэгэхэд чи өөрийгөө хар! ямар сайхан амьдарч байна?"

Тиймээ тийм, бид нар Мянмар, Камбожтой барьцвал зөндөө юм хийсэн байх л даа. Монгол бараг л диваажин байж таарна биз дээ.

Бид нар ингээд л доошоо барьцаад, тэнэг хүмүүстэй харьцуулахад бид арай бага тэнэг байна гэж тэнэглэн бодоод байвал яах юм болж байна.

Хүн гэж амьтан дандаа дээшээ харж, дээшээ барьцаж, дээшээ тэмүүлж амьдрах учиртай байтал өөрсдийгөө "юу ч хийхгүй байж болох байтал, ганц журам гаргасан байна шүү, мундаг аа" гэж хөөргөвөл - энэ нь харин жинхэнэ ухамсарын доройтол буй заа.

Бид нар дандаа доошоо барьцаж амьдарвал манай улс хэзээ ч Америк шиг болохгүй.

Америкийн төр захиргааны байгууллагууд өнгөрсөн сард 1000 ажил хийсэн байна, бид харин ердөө 100-г л хийсэн байна шүү - Америкийн компаниуд I-Phone хийж байхад бид ердөө бэлэн байгаа нүүрсээ л ухаж зөөсөн байна шүү - Америкийн оюутнууд сургуулиа төгсөхдөө ийм мундаг мэдлэгтэй төгсч байхад бид хажууд нь муу байна шүү - гэж бид дээшээ барьцаж байж л Америк шиг болох байлгүй дээ.

Хуралд суусан Монголын төр, захиргааны байгууллагуудын олон дарга нар эрх биш дотроо нэгийг бодож, хоёрыг тунгаасан байлгүй дээ.

Wednesday, October 3, 2012

OT

Оюу толгой бол яах аргагүй Монголын толгой юм. Харин Рио Тинто болон түүний охин компани тэрхүү толгойг ашиглах эрхийн лицензийг авсан нь үнэн юм.

Харин сонирхолтой юм болж, өөрийнхөө толгойг хүнд ашиглуулах эрхийнхээ хувийг нь худалдаж авна гээд зүтгэх.

Оюу толгой бол хар ухаанаар бодвол Монгол улсын эзэмшилд буй тоёота машин юм. Энэ машинаа бид хүн түрээслүүлэх гэрээ хийсэн. Тэр гэрээгээ ашиглалтын лиценз гэж байгаа. Мэдээж нэгэнт ашиглагдсан машин хуучирч муудах нь тодорхой. Тэр нь манайхаар бол байгалын баялаг шавхагдах асуудал юм. Гэхдээ юу юугүй мөргөлдүүлж, моторыг нь цохиулж болохгүйг гэрээгээр зааж өгөх нь ойлгомжтой. Тэр нь бол харин байгалын нөхөн сэргээлтийн, байгал орчинд хор хохиролгүйгээр уул уурхайн үйл ажиллагаа явуулах асуудал юм.

За ийм түрээсийн гэрээний хувьд, ганцхан л санхүүгийн харилцаа яригдана. Тэр нь түрээсийн төлбөрийн асуудал. Манай Оюу толгойн хувьд бол энэ нь элдэв татвар, төлбөрийн асуудал билээ.

Оюу толгойг ажилуулах дэд бүтцийг барьж байгуулахын тулд мэдээж олон тэрбум долларыг газарт булна. Ингээд дараа нь ашгаа авч эхэлнэ. Харин бид татвараараа дамжуулаад тэр ашгаас нь боломжийнхоо хэрээр ахиухан аваад, байгал орчноо хянаад сууж байхад болоо.

Оюу толгойн ашиглалтын лицензийг гадаадын компани эзэмшдэг. Гэтэл бид яахаараа тэр компанийх нь хувьцааг худалдаж авна гээд байдаг билээ? Өөрөөр хэлбэл оюу толгойн ордыг хүн өөрийнхөө мөнгөөр бүх эрсдлээ хийгээд ажиллуулж эхлэх гээд байхад тэр хүний компанийн хувьцааг нь мөнгө төлөн худалдаж авах тийм хэрэгцээ байх уу.

Монгол улсын хувьд Оюу толгойд эдийн засгийн хэдхэн л тодорхой ашиг бий. Эдгээр ашгийг эрсдэл хүлээхгүйгээр олж болно.
- Оюу толгойг ажилуулж олсон ашгаас авах татвар - хэдэн хувь?
- Манай байгал орчинд хор хохирол учрахгүй байх - баялаг бол мэдээж шавхагдана.
- Манай хүмүүсийг төсөлдөө ажиллуулах, сургах, хөгжүүлэх.
- Манай компаниудаас төсөлдөө худалдан авалт хийх.
Ингээд л болоо. Бидэнд тэдний хувьцааг нь худалдаж авч, мөнгөгүй ядаж байхад нэмж мөнгө гаргах шаардлага алга.

Дээрх 4 байдлаар олсон орлогоо харин бусад ордоо хөгжүүлэх, эдийн засгийн бусад салбарыг тэтгэхэд зарцуулаад сууж байхад болно.