Компани, ер нь байгууллага гэж юм анх яах гэж үүссэн, түүний мөн чанарын талаар өмнө нь бичсэн.
Эрхэм зорилго (буруу орчуулсан -mission statement), Алсын хараа (vision), Зорилго, Стратеги гэх мэт ойлголтууд аливаа байгууллагын суурь ойлголт болон гарч ирдэг.
Гэхдээ эдгээр ойлголтуудыг бүрэн төгс ухамсарладаг хүн бий билүү.
Эдгээрийг хэн нэгэн "ухаантан" анх томъёолоод цаашид мартаж орхидог. Түүнээс хойш Жилийн тайлангийнхаа нүүрэн дээр тавих төдийд хэлбэрддэг. Тэнд ажиллаж байгаа гүйцэтгэх захирал, дэд захирал, компанийн эзэн, албан тушаалтан, шинээр ажилд орж буй шинэков - хэн нь ч ойлгодоггүй. Ерөнхийдөө энэ дүр зургийг хугацааны хувьд нь шахаж үзвэл согтуу хүн ямар хурдтай, ямар машин, хаана жолоодоод, хаашаа явж байгаагаа мэдэхгүйтэй яг ижил харагдах юм.
Mission statement бол Эрхэм зорилго биш. Яагаад гэвэл зорилго чиглэлийг заадаг. Ирээдүйд хүрэх гээд байгаа зүйлийг агуулдаг. Өнөөдөр байхгүй байгааг илэрхийлдэг. Бүх байгууллага өөрчлөгдөж байдаг боловч өнгөрсөн, одоо, ирээдүйд тэр байгууллагыг тодорхойлох нь чухал юм.
Mission statement-г тийм учраас Эрхэм зорилго гэж орчуулах нь логикгүй юм.
Нэг бие хүн төрөөд, амьдраад, бушуухан үхээд дуусдаг учир эрхэмсэг оршихуйгаа ойлгохгуй байлаа гээд хүн төрлөхтөнд төдийлэн "харуусалтай" биш байж болно. Тэр хүнийхээ өнцгөөс. Гэтэл байгууллагын оршин тогтнох хугацаа нь хамаагүй урт (жишээ нь цагдаагийн алба 10 гаруй мянган жил оршоод байна, одоогоор) учир түүний мөн чанар өнгөрсөн, одоо, ирээдүйд бат орших учиртай. Шинж чанар байнга л өөрчлөгдөнө, хөгжинө, устана, шинээр бий болно. Мөн чанар өөрчлөгдөхгүй.
За, ийм төвшинд эрхэмсэг оршихуйгаа (mission statement) тодорхойлсон байгууллага дэлхий дээр хэд байна? Ричард Раммелтийн бичсэнээс ургуулж үзэхэд бол гарын 5 хуруунд багтах бололтой юм.
Хамгийн бүдүүлгээр хэлвэл эрхэмсэг оршихуй нь яагаад бид оршин байна вэ гэдгийн хариулт байх юм.
Байгууллага, компани ч байлаа гэсэн нийгмийн хамгийн чухал философийн байгуулалт. Байгууллага үгүйгээр нийгэм оршин тогтнохгүй. Асуудлыг ийм фундаментал төвшинд авч үздэг, заадаг газар дэлхийд байхгүй. Авч үзэх өдөр тутмын шаардлага үгүй.
Гэхдээ дугуйны философийн мөн чанарыг ойлгохын тулд дахин дахин зохиох хэрэгтэй. Би ч гэсэн "дугуйг дахиж зохиох хэрэг юунсан билээ, хэхэ" гэж цэцэрхдэг байсан. Үгүй, дахин дахин зохиож байж л мөн чанар, эрхэмсэг оршихуйг нь ойлгоно.
Байгууллагын Эрхэмсэг оршихуйг ийнхүү өнгөрсөн, одоо, ирээдүйд төгс үнэн байхуйцаар тодорхойлсоны дараа түүний "алсын хараа" - урт хугацаанд ямар хүрээнд ажиллах гэж байна, "зорилго" - алсын харааг гүйцэлдүүлэхийн тулд дунд хугацаанд ямар тодорхой үр дүн хүрэх, "стратеги" - зорилгодоо хүрэхийн тулд ямар алхамуудыг авч хэрэгжүүлэх гэх зэргийг тодорхой болгоно.
Ухаан нь, эрхэмсэг оршихуй хөдлөшгүй орших юм гэдгийг амархан харуулж болно. "Хүн төрлөхтөний сайн сайхны төлөө, ундаа үйлдвэрлэнэ" гэдэг эрхэмсэг оршихуйтай байгууллаг байсан гэж үзвэл -
1. Жижигхэн ундааны цех, зохицуулах үйлчилгээтэй хүнсний зүйлээр ундаа хийж ойр хавийн хэдэн дүүргийг хангадаг.
2. Генетик, биохими, биотехнологийн лабораторид олон арван эрдэмтэд ажиллаж хүн төрлөхтөний эрүүл мэндэд тустай технологи, найрлага гарган авч түүгээрээ ундаа хийдэг үндэстэн дамнасан корпораци.
Энэ хоёр хоёулаа эрхэмсэг оршиж байна. Гагцхүү эрхэмсэг орших цар хүрээ нь харилцан адилгүй байгаа нь харагдаж байна.
Тийм л учраас Монгол улсад 3 мод тарьчихаад эх орныхоо төлөө юм хийлээ, эсвэл эх орныхоо төлөө 1 шуудай хог түүх гэх мэтийн сармагчин шиг бодолтой залуус нэг их хэрэг болж гавихгүй. 3 мод тарьж байгаа нь сайн хэрэг, гэхдээ тэр нь эх орны хөгжлийн асуудалтай яаж холбогдоод байгааг бодож үзэх хэрэгтэй.
Энэхүү цар хүрээг харин алсын хараа, зорилго, стратегиуд харуулж өгдөг билээ.
Тэгэхээр цар хүрээ томхон шиг сэтгэж байгаа хүн алсын хараа, зорилгуудаа өндөрхөн шиг тавьж өгөөд - жишээлбэл 3 мод тарих төвшинд биш, харин дэлхийн хамгийн шилдэг нанофизикч болох гэх мэтчилэн төвшинд - тэрэндээ хүрэх хэний ч ухаан орохгүй стратегийг боловсруулж гаргах хэрэгтэй.
Алдарт генерал Сун Цы-ээс (Art of War ~500BC) авахуулаад, Ричард Раммелт (Good Strategy, Bad Strategy 2011) хүртэл Стратегийг Deception буюу өрсөлдөгчөө хэрхэн сул талд нь нам цохих вэ гэх байдлаар "том ташаарч" ойлгоцгоосон байгаа юм. Богино хугацаанд тийм байж болно. Нэг л дайнд ялах гэж байгаа бол өрсөлдөгчөө яаж ч хууран мэхлээд, ямар ч байдлаар ялалт байгуулж болно.
Гэхдээ тэгэж Эрхэмсэг оршдоггүй юм. Эрхэмсэг оршихуйн - тэр "эрхэмсэг" гэдэг үг нь өөрөө нарийн учир шалтгаантай. Эрхэмсэг оршин буй этгээдийн хувьд өрсөлдөгч гэдэг үг нь дайсан гэдэг үг лугаа адил утгатай буудаггүй юм.
Тэгэхээр стратеги гэдэг ойлголтыг дахиад шинээр тодорхойлох хэрэгтэй. Гэхдээ тухайн тодорхойлолт "ойлгодог" этгээдийн тархинд нь "ухамсарладаг" этгээдийн тархинд буухтай адил буухгүй учраас үр дүнгүй юм.
Эцсийн бүлэгт дээр бичсэн төвшинд аливаа байгууллагын эрхэмсэг оршихуйг ухамсарлуулах боломж бий эсэх дээр асуудал яригддаг. Харамсалтай нь онолын хувьд боломжтой боловч практикт 0.0001 хувь хүрэхгүй хувийн магадлалтай юм.
Яагаад гэдгийг нь ярихын тулд нийгмийн байгуулалтыг цэцэрлэгийн боловсрол яаж явагдах ёстой вэ гэдгээс нь эхлээд ярих болох тул ингээд зогсооё...
No comments:
Post a Comment