Sunday, December 25, 2011

Эрхэмсэг оршихуй IV

Компани, ер нь байгууллага гэж юм анх яах гэж үүссэн, түүний мөн чанарын талаар өмнө нь бичсэн.

Эрхэм зорилго (буруу орчуулсан -mission statement), Алсын хараа (vision), Зорилго, Стратеги гэх мэт ойлголтууд аливаа байгууллагын суурь ойлголт болон гарч ирдэг.

Гэхдээ эдгээр ойлголтуудыг бүрэн төгс ухамсарладаг хүн бий билүү.

Эдгээрийг хэн нэгэн "ухаантан" анх томъёолоод цаашид мартаж орхидог. Түүнээс хойш Жилийн тайлангийнхаа нүүрэн дээр тавих төдийд хэлбэрддэг. Тэнд ажиллаж байгаа гүйцэтгэх захирал, дэд захирал, компанийн эзэн, албан тушаалтан, шинээр ажилд орж буй шинэков - хэн нь ч ойлгодоггүй. Ерөнхийдөө энэ дүр зургийг хугацааны хувьд нь шахаж үзвэл согтуу хүн ямар хурдтай, ямар машин, хаана жолоодоод, хаашаа явж байгаагаа мэдэхгүйтэй яг ижил харагдах юм.

Mission statement бол Эрхэм зорилго биш. Яагаад гэвэл зорилго чиглэлийг заадаг. Ирээдүйд хүрэх гээд байгаа зүйлийг агуулдаг. Өнөөдөр байхгүй байгааг илэрхийлдэг. Бүх байгууллага өөрчлөгдөж байдаг боловч өнгөрсөн, одоо, ирээдүйд тэр байгууллагыг тодорхойлох нь чухал юм.

Mission statement-г тийм учраас Эрхэм зорилго гэж орчуулах нь логикгүй юм.

Нэг бие хүн төрөөд, амьдраад, бушуухан үхээд дуусдаг учир эрхэмсэг оршихуйгаа ойлгохгуй байлаа гээд хүн төрлөхтөнд төдийлэн "харуусалтай" биш байж болно. Тэр хүнийхээ өнцгөөс. Гэтэл байгууллагын оршин тогтнох хугацаа нь хамаагүй урт (жишээ нь цагдаагийн алба 10 гаруй мянган жил оршоод байна, одоогоор) учир түүний мөн чанар өнгөрсөн, одоо, ирээдүйд бат орших учиртай. Шинж чанар байнга л өөрчлөгдөнө, хөгжинө, устана, шинээр бий болно. Мөн чанар өөрчлөгдөхгүй.

За, ийм төвшинд эрхэмсэг оршихуйгаа (mission statement) тодорхойлсон байгууллага дэлхий дээр хэд байна? Ричард Раммелтийн бичсэнээс ургуулж үзэхэд бол гарын 5 хуруунд багтах бололтой юм.

Хамгийн бүдүүлгээр хэлвэл эрхэмсэг оршихуй нь яагаад бид оршин байна вэ гэдгийн хариулт байх юм.

Байгууллага, компани ч байлаа гэсэн нийгмийн хамгийн чухал философийн байгуулалт. Байгууллага үгүйгээр нийгэм оршин тогтнохгүй. Асуудлыг ийм фундаментал төвшинд авч үздэг, заадаг газар дэлхийд байхгүй. Авч үзэх өдөр тутмын шаардлага үгүй.

Гэхдээ дугуйны философийн мөн чанарыг ойлгохын тулд дахин дахин зохиох хэрэгтэй. Би ч гэсэн "дугуйг дахиж зохиох хэрэг юунсан билээ, хэхэ" гэж цэцэрхдэг байсан. Үгүй, дахин дахин зохиож байж л мөн чанар, эрхэмсэг оршихуйг нь ойлгоно.

Байгууллагын Эрхэмсэг оршихуйг ийнхүү өнгөрсөн, одоо, ирээдүйд төгс үнэн байхуйцаар тодорхойлсоны дараа түүний "алсын хараа" - урт хугацаанд ямар хүрээнд ажиллах гэж байна, "зорилго" - алсын харааг гүйцэлдүүлэхийн тулд дунд хугацаанд ямар тодорхой үр дүн хүрэх, "стратеги" - зорилгодоо хүрэхийн тулд ямар алхамуудыг авч хэрэгжүүлэх гэх зэргийг тодорхой болгоно.

Ухаан нь, эрхэмсэг оршихуй хөдлөшгүй орших юм гэдгийг амархан харуулж болно. "Хүн төрлөхтөний сайн сайхны төлөө, ундаа үйлдвэрлэнэ" гэдэг эрхэмсэг оршихуйтай байгууллаг байсан гэж үзвэл -

1. Жижигхэн ундааны цех, зохицуулах үйлчилгээтэй хүнсний зүйлээр ундаа хийж ойр хавийн хэдэн дүүргийг хангадаг.

2. Генетик, биохими, биотехнологийн лабораторид олон арван эрдэмтэд ажиллаж хүн төрлөхтөний эрүүл мэндэд тустай технологи, найрлага гарган авч түүгээрээ ундаа хийдэг үндэстэн дамнасан корпораци.

Энэ хоёр хоёулаа эрхэмсэг оршиж байна. Гагцхүү эрхэмсэг орших цар хүрээ нь харилцан адилгүй байгаа нь харагдаж байна.

Тийм л учраас Монгол улсад 3 мод тарьчихаад эх орныхоо төлөө юм хийлээ, эсвэл эх орныхоо төлөө 1 шуудай хог түүх гэх мэтийн сармагчин шиг бодолтой залуус нэг их хэрэг болж гавихгүй. 3 мод тарьж байгаа нь сайн хэрэг, гэхдээ тэр нь эх орны хөгжлийн асуудалтай яаж холбогдоод байгааг бодож үзэх хэрэгтэй.

Энэхүү цар хүрээг харин алсын хараа, зорилго, стратегиуд харуулж өгдөг билээ.

Тэгэхээр цар хүрээ томхон шиг сэтгэж байгаа хүн алсын хараа, зорилгуудаа өндөрхөн шиг тавьж өгөөд - жишээлбэл 3 мод тарих төвшинд биш, харин дэлхийн хамгийн шилдэг нанофизикч болох гэх мэтчилэн төвшинд - тэрэндээ хүрэх хэний ч ухаан орохгүй стратегийг боловсруулж гаргах хэрэгтэй.

Алдарт генерал Сун Цы-ээс (Art of War ~500BC) авахуулаад, Ричард Раммелт (Good Strategy, Bad Strategy 2011) хүртэл Стратегийг Deception буюу өрсөлдөгчөө хэрхэн сул талд нь нам цохих вэ гэх байдлаар "том ташаарч" ойлгоцгоосон байгаа юм. Богино хугацаанд тийм байж болно. Нэг л дайнд ялах гэж байгаа бол өрсөлдөгчөө яаж ч хууран мэхлээд, ямар ч байдлаар ялалт байгуулж болно.

Гэхдээ тэгэж Эрхэмсэг оршдоггүй юм. Эрхэмсэг оршихуйн - тэр "эрхэмсэг" гэдэг үг нь өөрөө нарийн учир шалтгаантай. Эрхэмсэг оршин буй этгээдийн хувьд өрсөлдөгч гэдэг үг нь дайсан гэдэг үг лугаа адил утгатай буудаггүй юм.

Тэгэхээр стратеги гэдэг ойлголтыг дахиад шинээр тодорхойлох хэрэгтэй. Гэхдээ тухайн тодорхойлолт "ойлгодог" этгээдийн тархинд нь "ухамсарладаг" этгээдийн тархинд буухтай адил буухгүй учраас үр дүнгүй юм.

Эцсийн бүлэгт дээр бичсэн төвшинд аливаа байгууллагын эрхэмсэг оршихуйг ухамсарлуулах боломж бий эсэх дээр асуудал яригддаг. Харамсалтай нь онолын хувьд боломжтой боловч практикт 0.0001 хувь хүрэхгүй хувийн магадлалтай юм.

Яагаад гэдгийг нь ярихын тулд нийгмийн байгуулалтыг цэцэрлэгийн боловсрол яаж явагдах ёстой вэ гэдгээс нь эхлээд ярих болох тул ингээд зогсооё...

Monday, December 19, 2011

Good Strategy/ Bad Strategy - Richard Rumelt

Над дээр орчин үеийн стратегийн ухааны амьд эцэг Richard Rumelt -н Good Strategy/Bad Strategy хэмээх цоо шинэ ном нь ирэв.

Жижигхэн цайны газраас эхлээд Америкийн батлан хамгаалах стратеги хүртэл, Нью Йоркийн банкнаас Италийн үйлдвэр хүртэл бүх л төрлийн төсөл дээр стратегийн ажил хийсэн профессор байна. Үнэхээр мундаг туршлагатай хүн юм.

300 хуудсанд багтаан стратегийг олонлог (complex) талаас нь хөөж бүлэглэн тодорхойлж. Ингэхдээ Ромчуудыг будаа болгож байсан генерал Ханнибалаас (Phoenician) эхлээд CISCO системс хүртэл бүх л стратегийн түүхийг алдаатай, оноотой нь дэнсэлж.

Над мэтийн аливаа зүйлийг бүлэглэх, хуваах - олонлог талаас нь хөөж ойлгохын эсрэг байдаг - фундаментал байдлаар сэтгэхийг хичээдэг хүмүүст бол уншихад хэцүү л ном юм.

Гэхдээ бодууштай зүйлс ихийг бичжээ.

- Хүн төрлөхтөний сайн сайхны төлөө гэх мэтийн уриа лоозон бол зүгээр л худлаа. Форд Моторзт тухайн үед ажиллаж байсан бүх хар ажилчид "нээх" Америк хүн бүрийг машинтай болгочих гээд ажиллаад байсан гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Зүгээр л стратегич нар гэж өөрийгөө хөөрөгдсөн этгээдүүд тэгэж буруу оношилсон юм. Харин ноён Форд яг үнэндээ асар их мөнгө олох зөв стратегийг л хийж чадсан. Хар ажилчин бол цагийн хөлснийхөө л төлөө ажилласан.

- гээд биччихсэн байх юм даа. Мэдээж эрхэмсэг оршихуйн хүрээнд зорилтуудыг дэвшүүлж, түүнд хүрэх цогц аргачлал буюу стратегийг хэрхэн задлаж, ойлгомжтой гаргах тал дээр мань хүн шиг ойлгомжтой бичсэн ном ховор байх. (хэдийгээр би тэр төрлийн олон номыг уншиж үзээгүй боловч)

Гэхдээ суурь философийн хүрээнд манай зохиолч зоригтой дүгнэлтийг нөгөө талруу хуудас болгон дээрээ хийжээ. Түүний бодол нь миний яг 180 градус эсрэг юм.

Дээхнэ нэг манай монголын философич "хүн зөвхөн өөрийн тусын тулд л ажиллаж, амьдардаг - энэ өөрийн тусын тулд бусдад тодорхой хэмжээнд тус үзүүлэх учиртай байдаг" гэсэн гайхалтай материаллаг дүгнэлттэй их л адилхан сонсогдоод байгаа юм.

Байгууллагынхаа эрхэмсэг оршихуйг ажилтан нэг болгондоо ойлгуулж чадна гэж боддог үе надад байсан. Үнэндээ бол Critical mass нь ухамсарлахад хангалттай бөгөөд хүрэлцээтэй. Байгууллага бол цэцэрлэг биш. Байгууллага бол цэцэрлэг бас мөн. Байгууллагын эрхэмсэг оршихуй нь түүний хүн төрлөхтөнд үзүүлж буй эерэг нөлөөллийн цар хүрээгээр хэмжигддэг.

Facebook-н Zuckerberg тэрнийхээ эрхэмсэг оршихуйг "Facebook's mission is to give people the power to share and make the world more open and connected." гэж тодорхойлсон байна. Гэхдээ анх тэр үүнийг хийж байхдаа ийм зүйл бодоогүй. Нэлээн амжилттай явж байхад нь ч бодоогүй. Харин нэлээн томорсон хойно нь оноосон байгаа юм. Анх бол зүгээр л нэг бацаан байдаг л нэг динамик вэб хуудас хийсэн, юун хүн төрлөхтөнийг хооронд нь холбож гийгүүлэх. Facebook мэтийн хуудас аль 90-ээд онд ч байж л байсан.

Энэ нь үнэхээр Facebook-н бодитой эрхэмсэг оршихуй мөн юм уу эсвэл Rummelt-н хэлсэнээр зүгээр л хий хоосон хөөс юм уу. Түүнийг мэдэхэд их амархан. Facebook дэлхийн дундаж хүнд эерэг нөлөө илүү үзүүлдэг үү эсвэл сөрөг нөлөө үзүүлдэг үү гэсэн асуултанд хариулчихвал болох юм.

Юу ярьж байгаагаа мэдэхгүй байж "юм болгон л хоёр талтай байдаг ш дээ" гэх мэтчилэн худлаа цэцэрхэх хэрэггүй. Ганцхан талтай юм гэж бас байдаг юм. Тэр бол эрхэмсэг оршихуй.

Зөвхөн ойрын 2 жилд өрсөлдөгчөө нам дарж, ахиухан шиг мөнгө хийх гэж байгаа хүнд бол Rumelt-н энэ ном нь ховор олз юм шиг байна. Харин бодит, мөн чанарын тухайд бол их л холуур зөрөв бололтой.

Дараагийн бичлэг дээрээ байгууллагын эрхэмсэг оршихуй, алсын хараа, зорилго, зорилт, стратегийг ойлгомжтой хэлбэрээр тодорхойлж тавина.

Sunday, December 18, 2011

Nick Vujicic

http://www.youtube.com/watch?feature=endscreen&v=Oa37ExTNBaM

Би сайхан бие хаатай, хөл гар бүтэн, оюун санаа эрүүл маш олон залуус зүгээр л залхуураад хэвтэж байхыг хардаг. Монгол омогшил, би монгол хүн хэмээн юу ярьж байгаагаа ч ойлгохгүй цээжээ дэлдэх, баасан ахын төрсөн өдрийг тэмдэглэнгээ бусадтай гар зөрүүлэх. Аль нэг газар шахаа хийх, эсвэл нэг намын, бүлэглэлийн гар хөл болж амар хялбар аргаар мөнгөтэй болно хэмээн их санаж, цагийг хий хоосон өнгөрүүлдэг олон залуус бий.

Хорвоо дэлхий, бурхан, эцэг эхээсээ эрүүл саруул бие хаагаас илүү өөр юу хүсэх гэсэн юм бэ? Байнга буруутан хайж, шалтаг тоочиж - хоолыг нь огт үнэгүй хороож хороож олон хүний итгэлийг хөсөрдүүлээд хаяад явсан байгууллагаа хямдхан пивоны ширээнээс араас муулж, өөрт нь эрдэм заах гэсэн эрдэмт багш нараа билэнддэг, хүнийг байтугай өөрийгөө ч хайрлаж чаддаггүй, араатны шохоорхолыг хайртай эндүүрч хутгадаг тийм залуусыг харахаар миний ой гутдаг.

Африкийн шугуйд амьдарсан сармагчин, тийм овлигогүй этгээд хоёрын хооронд хүн төрлөхтөний өнцгөөс бол огт ялгаа үгүй. Хэрэв бид Хятадад байсан бол хамаа алга. 2 саяхан Монгол бид ийм цөөхүүлээ байж тийм хөгийн байж болохгүй. Хэзээ бид Монгол бахархалыг төрүүлэх юм бэ. Хэзээ Монгол гэдэг хүн дэлхий тавцанд цахиур хагалж, хүмүүс Монголчуудыг хүндэтгэсэн харцаар хардаг болох юм бэ, ийм байхад. Бид бүгдээрээ Хятадын топ 2 сая хүнээс илүү байж л тэгэж чадна.

Хүн өөрийгөө байгаагаар нь хайрлаад сурчих. Дараа нь бусад хүмүүсийг нөхцөлгүйгээр хайрлаж сурна гээд энэ хүн хэлж байна. Хэрэв чи хөлгүй, гаргүй байсан бол өөрийгөө хайрлаж чадах уу? Эсвэл бууж өгөөд амиа хорлох уу?

Хэрэв чи хөлгүй, гаргүй байсан бол бурханаас 1 сая доллар нэхэх байсан уу, эсвэл бусад энгийн л хүмүүстэй адилхан болохыг хүсэх байсан уу?

Энэ бичлэгийг бүхлээр нь ойлгож чадвал хүн гэж амьтны мөн чанар, түүний эрхэмсэг оршихуйг бүхэлд нь ойлгох болно. Ийм чухал зүйлийг ойлгохын тулд Англи хэл мэддэггүй нь англи хэл сурахад ч багадна.

Saturday, December 17, 2011

Complex...

Манайхан Checklist гээд эрсдлийн удирдлагын номыг орчуулаад дуусч байгаа удахгүй 1,000 эмчид үнэгүй тараана. Complex гээд үгийг орчуулж чадахгүй гацаад байгаа сурагтай. Хувилбар санал болгоё гэж бодсон боловч үнэндээ оноох зөв монгол үг олдохгүй байна.

Бас манай associate-үүд орчин үеийн психологийн ухааны эцгүүдийн нэг Ричард Тэлерийн Nudge гээд номыг орчуулж байгаа. Тэрийг дуусахаар энэ хот төлөвлөлтийн, бас бус нөхдүүдэд өгнө. Нийгэмийг яаж сайн сайхан замд уруу татах, яаж өөрийн өчүүхэн үйлдлээрээ нийгэмд сайн сайхан зүйл хийж болох талаар сайхан ном бий.

Миний нэг шавь санал болгосны минь дагуу Freakonomics-г орчуулж байгаа удахгүй дуусгаж хэвлэлтэнд өгнө гэнэ.

Их сүрхий философич, мундаг эрдэмтэн байж болно. Гэхдээ ахисан төвшний философич ганцхан л зүйлээрээ хэмжигддэг юм. Тэр нь хамгийн хэцүү философийг тэнэг хүнд ч ойлгогдохоор тайлбарлах явдал юм. Дээр дурьдсан номнуудын зохиогч нар нь үүнийг хийж чадсан учраас бид тарааж байгаа юм.

Энэ шалгуурын үндсэн дээр би Есүсийг агуу философич гэсэн. Дээхнэ нэг нийтлэл бичихдээ цаг дараалал, нэр томъёон дээр баахан ташаарсан юм шиг байна билээ. Яг үнэндээ би тэрийг судладаг хүн нь ч биш, надад бол Есүс 2000 жилийн өмнө байсан өчигдөр байсан, эсвэл Талмудаас Библиэ хуулсан энэ тэр нь хамаа үгүй.

Есүс философийн complex асуудлыг тэр Библи гээд номондоо тэнэг хүнд ч ойлгогдохоор бичсэн байгаа. Тэгээд тэрийгээ хүн төрлөхтөнд хүргэж чадсан. Тийм болохоороо л мань эр агуу болохоос тэр бурханы хүү гэж өөрийгөө худал-үнэн ярьсан энэ тэр нь огт хамаагүй. Тухайн үедээ л лав зорилгодоо хүрсэн бололтой харагддаг.

Эрдэнэ гээд хүн бий. Мань эр Super theory буюу ертөнцийн үндсэн онолыг нээсэн гэж зарлаад буй. Яг тэр нь юу юм гэхээр мянга гаруй хуудастай, 10 мянга гаруй томъёотой ном унших хэрэгтэй болчихоод байдаг. Хэлсэн, ярьсан зүйлсээс нь логикийн гаргалгаа хийж үзэхэд зарим зүйлс нь зөрүүтэй харагдаж байгаа боловч суурь шинжлэх ухааны мэдлэг нь хангалттай өндөр төвшинд бололтой байдаг юм. Би мань эртэй вэб сайтаар нь дамжуулж асуултууд тавиад зөрүүлж хариулт аваад сууж байна. Мань эр орчин үеийн физикийг бүхэлд нь бут цохисон гэх мөртлөө (зөв онол тэгэх л ёстой) үндэслэлүүд нь хуучин онолын ажиглалтууд дээр тулгуурлаад байх шиг байгаа юм. Тухайлбал энергийн 4 төрөл, сансарын тогтмол гэх зэрэг хийсвэр чанартай онолын ойлголтуудыг хэлж байна. Мухардалд орчихолгүй шиг ярилцлагыг цааш нь үргэлжлүүлэх болно.

Энэ их нэгдлийн гээд буй онолыг миний бодлоор хүн төрлөхтөн ойрын хэдэн зуун жилд гаргаж амжихааргүй харагдаж байгаа юм. Ньютоны физик, Эйнштэйний физик, орчин үеийн Цөмийн физик, Биологийн ухаан, Астрофизик - эд нар орчлон ертөнийн шинж чанар дээр л ажиллаад байгаа болохоос биш мөн чанарыг ойлгох тал дээр их санасан газар 900 мянга хонож байгаа.

Асуудал хүн төрлөхтөний хамгийн агуу, хамгийн сүүлчийн онолын төвшинд яригдаж байгаа үед түүнийг Монгол хүн, шар хүн, хар хүн нээсэн эсэх, энэ тэр нь философийн утгаа алддаг жамтай. Үнэхээр магадлал багатай ч, мань эр нээсэн байгаасай - тэгвэл бид хэд хүн төрлөхтөний түүхэнд урд хожид байгаагүй, дахиад хэзээ ч байхгүй тийм шийдвэрлэх (чухал биш) үед амьдарч байгаагаараа онцлогтой болох юм. (хэдийгээр технологид ашиглахыг нь харж амжихгүй ч)

Философийн ахисан төвшинд хүн төрлөхтөн л гэж нэг л төлөөллийг ярьдаг болохоос үндэс угсаа ярьдаггүй юм. Гэхдээ хүн гэж өчүүхэн амьтан учраас аль өнцгөөс ирж байгаагаа хэзээ ч нууж чадахгүй. Монгол хүн тэр гайхалтай зүй тогтолыг нээсэн байх болтугай.

Tuesday, December 13, 2011

"Do you want to sell sugar water for the rest of your life, or do you want to come with me and change the world?"

"Do you want to sell sugar water for the rest of your life, or do you want to come with me and change the world?" said Steve Jobs to Pepsi's then CEO, in order to get him away with him.

Tuesday, December 6, 2011

Keeping things cheap

Collateral damage гэж ойлголт байх. Хийсэн үйлдэлээс нь болж огт хаа хамаагүй хөндлөнгийн хохирол үүсэхийг хэлдэг. Тухайлбал автомашины онцгой татвар бол тэр юм.

5000 мотортой цоо шинэ машинд 7,000 доллар буюу 10 сая төгрөгний, өөрөөр хэлбэл нэг машины татвар төлөх нь. Одоо УИХ-н гишүүд хэрхэн өөрсдийн унадаг том мотортой машинуудаа бүгдийг нь сольж Эксель авч унахыг нь харах л үлдлээ. Яагаад гэвэл энэ татвар нь тэдэнд зориулсан шиг логикийн хувьд сонсогдоод байгаа.

Эсвэл дээхнэ нэг баян бацаан "бензиний үнэ хэдэн мянга болоосой, хотоор ганцаараа явахгүй юу" гэсэнтэй адил зүйл болох уу. Энэ бол collateral damage юм.

"Том мотортой машин илүү бензин иддэг, тэгээд жирийн иргэд том мотортой машин унаж "хэзээ" ч чадахгүй болчихвол агаарын бохирдол ихсэхгүй" гэж хэлвэл энэ хамгийн том монгол тэнэглэл болно. Ингэж хэлж байгаа хүнд хэлэх үг ч олдохгүй. Захын нэг албан тушаалтан зүгээр л ажлын байрны тодорхойлолтондоо заасан ажлуудын 60 хувийг хийхэд л Монголын бүх хүн ам 4500-аас дээш мотортой машин унах хэмжээний агаарын бохирдлыг хааж бууруулчихаар боломж хэдэн зуугаараа байна.

Саяхан нэг компани 20 сая төгрөгөөр нэгэн дүүрэгт мод тарьсан боловч олигтой ургаагүй гэнэ, бүүр АТГ-д очиж шорон орондоо тулсан юм байх. 20 сая төгрөгнөөс хэдэн ч төгрөгний авлига өгөх вэ. Гэтэл үнэн хэрэгтээ өвөл зам дээр цацсан давсаа бүгдийг нь хамж шүүрдээд ногоон зурвас дээрээ овоолчихоор тэнэг хүний ч ухамсарт нөгөө хэдэн мод нь үхнэ гэж буухгүй юу. Иймэрхүү ядарч ядаж яваа шудрага иргэддээ бол хаан заан. Гудамжаа ч яаж цэвэрлэх ухаанаа мэдэхгүй. Ногоон зурвас нь давсан зурвас болчихоод, хотын төвд нь шарилж ургаж байхад дэлхий дээрх хамгийн бага цалинтай ядарсан муу ард түмэндээ дандаа "үнэтэй" бэлэг барьж байх юм.

Тэр 4500СС мотор монголд хэрэггүй, харин тэрний салон нь мод, арьс, хөгжим нь Bose, суудал нь өвлийн хүйтэнд халдаг. Тэнэг сонсогдож байгаа байх. Гэхдээ би Монголчуудыгаа аятайхан юм хэрэглэж эдлэх эрхтэй гэж гүн бат итгэж байна.

Өнөөдөр дэлхийн үнэтэй хотуудын нэгэнд тооцогдох Бээжингийн хамгийн үнэтэй дүүрэгт, сайхан ресторанд, инээмэглэсэн үйлчилгээ аваад дүүрэн махтай, чанартай хоол аваад идэхэд 5-6 мянган төгрөг л болж байна. Дэлхийн хамгийн үнэтэй хот Нью Йоркод хувцас Монголоос хэд дахин хямдхан. Лондонгоос та хүссэн машинаа Монголоос дор хаяж 2 дахин хямдхан авна, энэ онцгой татварын дараа бол 3 дахин болж таарлаа.

Ер нь төр засгийн үүрэг юу юм бэ гэдэг нь дэлхийгээр тойроод идэж, уугаад, өмсч зүүгээд, байр сууцны үнийг нь сонирхоод явж байхад л их ойлгомжтой. Америк, Хятадад яагаад амьдрал боломжийн хямдхан байдаг юм бэ гэвэл тэнд тэгшитгэлийн нөгөө тал буюу нийлүүлэлт тал дээр нь ажилладаг юм. Манайх шиг нийлүүлэлт талынхаа үнийг нь байнга нэмээд, эрэлт тал дээр нь бүхэл бүтэн 4 жилийн турш ердөө 1 сая, 1.5 сая төгрөг өгмөр аядаж гийгүүлдэггүй юм. Эдийн засгийг ингэж удирддаггүй юм. Ядаж 10 жилийн хүүхдүүдэд заадаг анхан шатны 3 хуудастай тайлбар хэвлэмэл олж уншаасай.

Төр засаг ард түмэндээ хямдхан үнээр чанартай амьдрах боломж бололцоог хангаад өгчихөж байвал болох юм. Хэн ч төрөөс мөнгө гуйгаагүй. Багш нар цалингаа нэмүүлье гэж хэлээгүй - зүгээр л авдаг цалин амьдралд нь хүрдэг байя л гэж байгаа. Монголоос хувцас авна гэдэг бол амиа хорлохтой адил, байр сууцны үнэ удахгүй дэлхийд дээгүүр цохино, машин унах аргагүй болох нь, хоолны талаар ярилт ч үгүй. Монгол шиг нэг хүнд нь 20 гаруй толгой мал ногдчихоод махны үнэ нь олон улсын жишигт дөхөж очсон тийм утгагүй эдийн засагтай улс дэлхийн хаана байна.

Дандаа эерэг байхыг хичээж байна. Гэхдээ бодит байдлыг ойлгуулахын тулд негатив юм ярихаас өөр аргагүйд хүрч байна. Негатив байгаа энэ байдал нь өөрөө үнэндээ юу ч биш. Монгол шиг ийм эдийн засгийн парадигмтай улсыг хөгжүүлэхэд ямар амархан бэ. Гэтэл бодит байдал дээр албан тушаалтнууд, зарим хүмүүсийн ухамсар дорой, ийм хөгийн арчаагүй байдлыг харахаар ямар хэцүү вэ.

Saturday, December 3, 2011

Quantum bizarre

2 сарын өмнө нетрино гэрлээс хурдан хөдөлж байгааг туршилтаар тогтоов. (Opera Experiment) Би, мөн олон хүмүүс энэ нь аймшигтай туршилтын алдаа гэж бодож байгаа. Гэхдээ юмыг яаж мэдхэв ямар ч алдаагүй тохиолдолд бидний орчин үеийн физикийн ойлголтуудад бас нэгэн томоохон цохилт болно. Энэ нь магадгүй урд уулнаас цааш газар үгүй гэж боддог байсан хуучин хүүд үнэн хэрэгтээ урд уулнаас цааш газар бий гэж хэлэхтэй адил биз. Магадгүй бүүр хүнд ч юм болж мэднэ. Гэхдээ л эрсдэлийг сайтар судлаж мэдсэнээр шинэ боломжуудыг нээж болох юм гэсэн суурь логикийн дагуу бол яадаг ч байсан нааштай л юм болох нь тодорхой.

Нетрино бол та бидний мэдэхээс илүү мэддэг квант хэсэг. Секунд тутамд бидний биеийг хэдэн тэрбум нетрино бөмбөгдөж нэвтлэн гарч байдаг. Нетрино цэнэггүй, масстай эсэх нь Qүл мэдэгдэх (масс гэж ер нь өөрөө юу юм бэ), бусад квант хэсгүүдтэй харилцан үйлчлэлцдэггүй шахам хэсэг юм.

Мөн саяхан 2009 онд гарсан номны тухай мэдээлэл аваад дэлгэрүүлж үзлээ. Анхдагч эсийн мастер Robert Lanza Biocentrism гэж шинэ онол гаргасан. Би өмнө нь E8 онолын тухай бичиж байсан. Харин Ланзагийн онол ёсоор масс, оройн зай, цаг хугацаа орчлон ертөнц нь цөм үнэн хэрэгтээ зөвхөн бидний төсөөлөлд оршин буй юм байх. Ланза ер нь бол яг юм сонирхолтой болоод ирэхээр нь зогсчихсон. Цаашаа төсөөлөхөд үнэн хэрэгтээ бэрх юм билээ л дээ. Мань эр ч бас зогсчихоод буй.

Юутай ч мань эрийн онолын үндэслэлүүдийг нь бизарре кван үзэгдлүүд талаас нь тайлбарлая.

1. Quantum Entanglement буюу квант холбоос гэж нэг ойлголт бий. Хэрэв хоёр фотоныг нь хооронд нийлүүлээд, эргүүлж салгаад нэгийг нь ертөнцийн энэ мухарт, нөгөөг нь ертөнцийн нөгөө мухарт аваачиж хориод. Аль нэгнийх нь цэнэгийг өөрчлөвөл нөгөө фотоны цэнэг тэр даруйд дагаж өөрчлөгддөг. Энэ бол туршилтаар батлагдсан зүйл. Зарим физикчид энэ бол мэдээллийг маш хурдан солилцох үзэгдлийн дагуу боломжтой гэж байгаа. Харин Ланза бол орон зай гэж үгүй тийм учраас энэ нь боломжтой гэж байгаа.
2. Эгэл материйн хөдөлгөөн нь долгиолог хэлбэртэй байдаг. Гэхдээ хэн нэгэн этгээд ажиглалт хиймэгц долгиолог хөдөлгөөн нь хэвийн болж хувирдаг. Квант онол ёсоор аливаа эгэл материйг ажигламагц л түүний шинж чанар нь өөрчлөгддөг. Фэйнманы хэлсэн ёсоор ертөнц байж болох бүхий л түүхтэй. Түүнд нэг түүх гэж үгүй. Мөн аливаа матери өгөгдсөн цаг хугацаанд хаана ч байх магадлалтай. Өөрөөр хэлбэл чиний гар утасны эгэл хэсгүүд чамайг ажиглаагүй байхад андромеда галактик дээр, африкт ер нь хаана ч байж болно. Double Slit туршилтийн дагуу фотон буудсан нэг л замаар биш харин А цэгээс Б цэгт хүрэхдээ байж болох бүхий л арга замыг хэрэглэдэг.

Дээхнэ Нат Жиогоор хэд хэдэн сонирхолтой нэвтрүүлэг үзсэн юм. Энэ нь их сонирхолтой бөгөөд учир битүүлэг юм байна гэж бодогдож байсан. Тухайлбал нэгэн төрөлхийн сохор хүн тагнайгаа таших бөгөөд сарьсан багваахайтай адилаар эргэн ойж буй авиагаар орон зайн баримжаа, хана, хаалганы байршил, бүүр ямар материалаар хийгдсэнийг төвөггүй хэлж байлаа. Мэдээж хүн төрөлхийн сарьсан багваахай мэт чадваргүй бөгөөд хүлээн авах эрхтэнгүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ л энэ боломжтой байна. Бас харааны гажигтай өөр хүнд мэс засал хийхдээ нөхцөл байдлаас шалтгаалж дүр зураг тархинд урвуугаар буух байдлаар л хараа оруулсан. Гэтэл ердөө хэсэг хугацааны дараа тэр хүн хэвийн харж эхэлсэн. Учир нь мань эрийн тархи дунд нь орчуулга хийж эхэлсэн байна.
Бас оптикал илюжний дагуу хүний тархи хорвоо ертөнцийг бодит байдлаар бус харин хүнд ойлгомжтой хэлбэрээр хэрхэн хүлээн авдаг нь маш олон жишээгээр батлагддаг. Хүн ертөнцийг макро төвшинд хүртэл бодит байдлаар бус гуйвуулж ойлгодог нь оптикал илюжн гээч юм бий болоход хүргэж байгаа юм. Ланза өөрийн онолыг батлахдаа энэ талаас нь бас харж үзвэл дөхөм болно.
Мөн та бүгд мэднэ, бид үргэлж өнгөний тал дээр маргалдаж байдаг. Цэнхэр гэхэд хөх гэж хэлдэг. Эрдэмтэд 4 хүн тутмын 3 нь өнгөний хувьд "сохор" байдгийг баталсан. Өөрөөр хэлбэл тархинууд өнгийг өөр өөрөөр хүлээж авдаг.

Гэхдээ Ланза ч бай хэн нэгэн нь энэ санааг дараагийн шатанд аваачиж Их нэгдлийн онолыг гаргах л хэрэгтэй. Яг энэ тухай бодхоор шинжлэх ухааны хувьд бид ямар хөгийн өчүүхэн, хөгжлийн анхан шатандаа яваагаа мэдрэнэ. Ахисан шатны хуучин хүү. Хуучин хүү шинэ хүү болох цорын ганц алхам нь Их нэгдлийн буюу эцсийн онолыг гаргах.

Thursday, December 1, 2011

Risk Forum II

Эрсдэлийн форумд 280 гаруй мэргэжилтнүүд оролцож, 20 гаруй панелист, илтгэгч нараас сонсов. Purplebook-н цоо шинэ хэвлэмэл, Kaspersky вирусын үнэгүй програм зэрэг бэлэг сэлт гардуулав.

Арын албанд олон тооны хүмүүс нойр хоолгүй ажиллаж, хэдэн арван сая төгрөгний зардал гарч байгааг харж нүдээ олсон байх болтугай гэж бодов. 5 жилийн өмнө Анхны Mongolian Investment Banking Conference-г бид зохион байгуулж Хонг Конгийн Хөрөнгийн бирж, гадаадын хөрөнгө оруулалтын банкируудыг Монголд урьж авчиран хувьцаа гаргах, олон улсын зах зээл дээр мөнгө босгох асуудлыг хөндөж тавьж байлаа.

Тэр үеэс хойш, түүнээс өмнө зохиогдсон бүх хурал зөвлөгөөн дандаа үнэгүй болж, бид хармаанаасаа гаргаж, олон хүн ирвэл баярласаар - тийм л байх ёстой юм шиг болчихож. Харин гадуур сүржин сүржин сурталчилгаа бүхий хурлууд, олны танил хүмүүсээр илтгэл тавиулаад хуралд суугчидаас мөнгө авдагийг нь сайн ойлгодоггүй. Уул нь зөв ч байж магад.

"Компанийн сурталчилгаа юм болов уу гэж бодоод ирсэн чинь ийм нийгэмд хэрэгтэй зөвлөгөөн байсан юм уу" хэмээх хэн нэгэний нүдэнд оч гялалзахыг харах нь кайфтай.

Форумыг бид "Өнөөдөр Монголын байгууллагуудад байгаа хамгийн том эрсдэл нь эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэхгүй байгаа явдал мөн" хэмээн тэмдэглэж өндөрлөсөн.

Лэйтоны гүйцэтгэх захирал Марк "Эрсдэлийг таньж мэдсэнээр шинэ боломжууд нээгддэгийг ч бас мартаж болохгүй" гэж маш сонирхолтой, миний санаагүй пойнтыг хөндсөн. Бас нэг илтгэгч Колин "Боловсролыг тасралтгүй дээшлүүлэх нь эрсдлийн удирдлагын гол амин сүнс мөн" гэсэн бол Рио Тинтогийн Жон "Байгууллагын зорилгодоо хүрэх гол арга хэрэгслүүдийн нэг нь Эрсдлийн удирдлага юм" гэж тэмдэглэсэн. Манай Мэргэжлийн Хяналтынхан "Анхны эрсдлийн удирдлагын форумаас бид маш олон санааг амжилттай хэрэгжүүлснээр өнөөдөр Монголын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас 90 гаруй мянган аж ахуйн нэгжүүдэд эрсдлийн үнэлгээ хийх нүсэр ажлыг хийж байна" гэж хэлсэн нь үнэхээр зовхи өргөмөөр явдал байлаа.

Изинисийн Бат-Идэрийн "Чеклистэд суурилсан эрсдлийн удирдлага" илтгэлийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Бид Америкт эрсдлийн удирлагын шинэ феноменон болоод байгаа бестселлэр "Чеклист" номыг орчуулуулж байна. Орчуулга дуусмагц бид 1,000 хувь хэвлүүлж Монголын бүх цагаан халатнуудад тараана. Монгол хүн эмнэлгээс халдвар авдаггүй байгаасай.

Асар ахисан шатны ойлголтыг тэнэг хүнд ч ойлгуулж чадаж байвал тэр бол урлаг, тэр бол түүх, тэр бол гоц үзэгдэл. Юун Монголпоп.

Бид мод тарих, хог түүхээс арай ахисан төвшинд нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг байхыг эрмэлздэг. Гэхдээ л энэ намар бид 500 мод тарьсан. Тэрнийгээ рекламдаж явах харин шаардлага үгүй.

Эрсдлийн Эрдэм Шинжилгээний Институт байгуулагдлаа. Хүн ардын амар амгалан амьдрах орчинг бий болгоход жинтэй хувь нэмэр оруулаасай.