Saturday, October 22, 2011

Strategy

Улс орны өрсөлдөх чадвар гэх мэт асуудлыг их ярьдаг болж. Бичдэг, хэлэлцдэг болж. Яг үнэндээ бодитой асуудал хөндөж чадахгүй байна.

Улс төрчид, засаг барьж байгаа хүмүүс сонин, телевизээр ярьж байнаа. "Эдийн засгийг уул уурхайд дан ганц суурилсан биш өөр олон секторт тулгуурласан эдийн засаг болгох талаар бодлого гарган ажиллаж байна, жишээ нь боловсруулах үйлдвэр, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэр..." гээд л нөгөө юмаа улиглах нь үнэхээр enough болж байна.

Хийж байгаа, хийх гэж байгаа юмаа ойлгохгүй байгаа хүн л нэг иймэрхүү юм бурна даа. Эрх биш хэдэн ном ноороглох аядаж, гадна дотно явж хүн амьтны ярьсан зүйлсийг халтар бултар ойлгохчоон болсон юм чинь нэг хэдэн хоосон өгүүлбэр нийлүүлээд хэлэх байлгүй дээ.

Өөрийнхөө очсон албан тушаал, ард түмний сонголтыг нуруун дээрээ үүрээд, Монголын 2.8 сая ард түмний хувь заяаны өмнө ямар хариуцлага хүлээснээ ухамсарлаж чадахгүй байгаа, чадах үе нь өнгөрсөн энэ generation өнөөдөр Монголын ард түмний ирээдүйг баллаж байна.

Өнөөдөр дөнгөж ертөнцөд мэндэлж буй Монголын иргэнийг 20 жилийн дараа ямар ирээдүй хүлээж байна вэ. Тэр ирээдүйг хэн өнөөдөр бэлдэх ёстой юм бэ?

Ардчилал гэж юу юм бэ, чөлөөт зах зээл гэж юу юм бэ.

Хүүхэд бүр нийгмийн тэгш эрхт гишүүн. Тэд аюулгүй, эрүүл орчинд бойжиж, дэлхийд тэргүүлэх боловсролыг олж авах ёстой. Би Улаанбаатарын утаа, 10 жилийн боловсролыг ярьж байна. Ингэж байж бид, энэ үеэ золиослон (золиослогдсон нь ойлгомжтой болсон) үр хүүхэддээ сайн сайхан нийгмийг бэлтгэж өгнө. Тэднийг өөрсөд шигээ муу биш харин дэлхийд өрсөлдөх сайн лидерүүд болгоно.

Хүүхэд бүрт тэгш боломж олгогддог байх ёстой. Монгол үндэстний ирээдүй, хувь заяа, Монгол улс 50 жил, 100, 500 жилийн дараа хаана байх вэ гэдэг нь бидний өнөөдрийн үйл ажиллагаа, алхам, шийдвэр, ухамсараас шууд хамаарна.

Уул уурхайн баялаг дуусахад тэр боловсруулах болоод хөнгөн үйлдвэрүүд чинь нэг шөнийн дотор хэрэггүй сэг болон хувирна. Уул уурхайгаас холдох нь байтугай харин ч улам илүү их хамааралтай болж байгаагаа ухамсарлаж ч чадахгүй ингэж хариуцлагагүй, судлагаагүй, бодлогогүй ярьж болно гэж үү дээ.

Бид дэлхийн хамгийн том жижиг дунд үйлдвэрийн зах зээлийн хажууд оршдог. Энэ зах зээл жижиг дунд үйлдвэр дээр тулгуурлаж хөгжихөөс өөр зам үгүй. Энэ зах зээл сүүлийн 10,000 жилийн турш жижиг дунд үйлдвэр дээр суурилан хөгжиж ирлээ. Бид өнөөдөр энэ зах зээлтэй өрсөлдөх тухай асуудал ярихад эртэднэ.

Импортыг орлуулах үйлдвэрлэлд анхаарлаа хандуулах шаардлага өнөөдөр алга. Олон улсын чөлөөт худалдаа, глобалчилал, харьцангуй давуу талын онол хаачиваа. Эсвэл тэд энэ талаар огт мэдэхгүй, "хар ухаанаараа" ярьдаг юм болов уу зайлуул.

Бид дэлхийн ард түмнүүдийн хямд, сайн чанартай хийж буй зүйлийг нь худалдаж авах хэрэгтэй. Хариуд нь харин зөвхөн бид л хийж чаддаг тийм бүтээгдэхүүнийг барих ёстой юм. Өнөөдөр бидэнд нүүрс байна. Харин маргааш нүүрс үгүй болоход бидэнд юу байх ёстой вэ.

Хэдэн эсгий бойтог үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэр, нүүрс угаадаг боловсруулах үйлдвэр байх уу.

Бид 1.Биотехнологийн ахисан төвшний үйлдвэрлэл 2.Нанотехнологийн ахисан төвшний материал үйлдвэрлэгч болох ажлыг өнөөдрөөс эхлэх ёстой. Яг Энэтхэг 1985 онд, Орос 1990 онд мэдээллийн технологийн салбарт стратегиа чиглүүлж өнөөдөр амжилт гаргаж байгаатай адил.

Биотехнологи, нанотехнологийн хууль эрх зүйн чөлөөт орчин, боловсролын тогтолцоо, хөрөнгө оруулалтын механизм, судлагааны чиглэлийг маш түргэн гаргах хэрэгтэй. Яагаад гэвэл эдгээр нь дэлхийд шинэ салбарууд. Бидэнд одоохондоо боломж байна.

Социализмийн үед нүүдэлчин ардыг иргэншүүлэх гэж маш их зүтгэсэн. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд олон улсын төвшинд хүртэл ажиллаж сайн үүлдрийн мал бий болгох (биотехнологи- их сүү, сайн мах, чанартай ноос) тал дээр маш их дэвшилт гарган ажиллаж байлаа. Баг бүрт малын эмч нар эдгээр хүрээлэнгүүдийн төлөөлөл болж малын гарцыг хянаж, нэгдсэн систем болон ажиллаж байв. Гэтэл 1990 он гармагц малыг иргэдэд тараан өгснөөр ганцхан шөнийн дотор бид 1921 ондоо буцаад оччихсон юм. Бидний өвөө, эмээ нарын хийсэн хайран хөдөлмөр зөвхөн энэ талбар дээр биш, өөр аймшигтай олон талбарт ийнхүү үнэгүйдэж хийссэн.

20 жилийн турш бид энийгээ засах тал дээр ямар ч алхам хийсэнгүй. Өнөөдөр Монголтой адилхан социалист байгаад шилжсэн улс орнууд, худлаа хэлсэн хүнд бүгдээрээ Монголоос илүү хөгжилтэй явж байна. Бид 1921 оноос 1990 он хүртэл хэр ахив. 1990 оноос хойш хэр унав гэдгээ харах цаг болсон.

Өнөөдөр их дээд сургуулийн багш оюутнууддаа цээж бичлэг хийлгэж байна. Бидэнд компьютер дээр хурдан бичдэг, хүний ярьсныг ойлгодог, харилцан ярилцдаг, асуулт, шүүмж хэлж чаддаг дээд боловсролтонгууд хэрэгтэй болохоос биш товчилсон хэлээр гараараа цээж бичдэг тийм хүн огт хэрэггүй.

Лекц бол багш өөрийн мэдлэг туршлагыг оюутнуудад уран илтгэлийн аргаар дамжуулах, оюутан сонсож ойлгон, шаардлагатай бол тэмдэглэл хийх, асуулт хариулт - харилцан ярианы хэлбэрээр мэдлэг шилжих гайхамшигтай сургалтын арга. Гэтэл их дээд сургуулиас бодсон сансанаа хүнд хэлэх нь байтугай боссынхоо юу ярьж байгааг ойлгох чадваргүй хүмүүс ихээр гарч ирж байна.

Хувийн ч бай, улсын ч бай дарга болгон хэлж байгаа. "Чадвартай боловсон хүчин алгаа - цалинг нь хангалттай өгье гээд ч алга" гэж. Монгол хүн өнөөдөр олон улсад гарч өрсөлдөхөд бэлэн биш байхад бид яагаад зүгээр суугаад байна вэ. Монгол хүн байтугай монгол мал ч өнөөдөр өрсөлдөх чадваргүй болсон. Нэг малын сүү, мах, ноос ноолуурын гарцаар, чанараар бүх үзүүлэлтээр бид сүүл барьж явж байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засгийн бүтээмжийн хувьд бид адагт байна. Ийм байж өрсөлдөх асуудал ярихгүй.

Тэгчихээд телевизороор УИХ-д 20 жил суусан эрхэм "Уламжлалт мал аж ахуйгаа хадгалах нь зөв" гэхчилэн ороо бусга юм ярьж болохгүй.

Энэ залуу үед ч халдварлаж буй. Нийгмийн прототип нь хийрхэлтэй, ухаантай биш байж ухаантай харагдах гэж худал дүр эсгэсэн, нэг шуудай хог түүх мэтхэнээр улс орондоо оруулах хувь нэмрээ үнэлдэг, 50-хан грамм архины пян даахгүй цэс нь цухуйдаг залуучууд болж ирж байгаа.

Ийм байхад бид өрсөлдөх чадварын талаар худлаа цэцэрхэх хэрэггүй...

No comments: