Saturday, August 28, 2010

Яах вэ?

Сүүлийн үед энэ нэг сэдэв миний нервийг барж байна.

Гадуур дүүрэн л ингэмээр байна тэгмээр байна гэсэн хүмүүс. Дахиж тийм юм сонсохоос залхаж байна.

Манай нэг танил "англи хэл сурах юмсан, англи хэл сурмаар байна" гэж анх ярьж эхлээд даруй 5 жил өнгөрсөн байна. Гэтэл англи хэл нь байдаггүй ээ, таг. Дахиад нөгөөхөө улиглахаар нь би өдөрт хэдэн үг цээжилж байгааг нь асуулаа. Гэтэл нэг ч үгүй цээжилдэггүй гэж байна.

Би тэгэхээр нь дахиж хэзээ ч англи хэл сурахын төлөө нэг ч дусал хөлс гаргаагүй байж англи хэл сурмаар байна гэж хэлээрэй гэж захилаа. Яагаад гэвэл энэ чинь аймшигтай бүдүүлэг сонсогдож байна.

Хэрэв хүн хөдөлмөрлөж байвал тэр нэг зүйлийг хүсчээ гэж дүгнэж болно. Хэрэв хүн аль нэг зүйл, зорилгын төлөө хөдөлмөрлөхгүй байвал тэр хүн тэрнийг хүсэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр дахиж битгий хүсээгүй байж тэгмээр байна, ингэмээр байна гэж хэлцгээж бай гэмээр байна. Яагаад гэвэл энэ чинь нийгмийн өвчин болж хувирчихлаа.

Монголын шилдэг банкир болмоор байна уу? Ангил хэл сурмаар байна уу? Мөнгөтэй болмоор байна уу? Лаг болмоор байна уу? Тэгвэл яг тэгэж хүссэн секундээсээ эхлээд түүндээ хүрэхээр хөдөлмөрлөж эхэл. Хэрэв хөдөлмөрлөж чадахгүй юм бол дахиж битгий тэгэж ярь.

Dexter нэртэй уншигч - "би санхүүгийн менежментээр лаг мэдлэгтэй болмоор байна, ямар номноос уншвал бүгдийг нь мэдэж болох вэ" гэжээ.

Одоо та нөхдүүд анхааралтай уншаарай.

Би тэгэхээр нь өөрийн болон миний мэдэх бусад хүмүүсийн туршлага дээр үндэслэн хэлэх гээд байна
1. Эхлээд чи зорилгоо тодорхой, хэмжигдэхүйц байдлаар тодорхойлох ёстой. "Санхүүгийн менежментийн лаг мэдлэг" гэдэг чинь хэмжигдэхгүй байна. Харьцуулах байдлаар хэмжиж болохоор байвал их зүгээр байдаг. Хүрэх цэг чинь тодорхой байх ёстой. Тухайлбал "Монголын хамгийн шилдэг санхүүгийн менежер болно" , эсвэл " Нью Йоркийн Вол Стрит-эд ажиллах төвшинд санхүүг мэдэх" гэх мэтээр тодорхойлвол хэмжигдэх байдал нь хамаагүй илүү болж ирж байна.
2. Чи өөрөөсөө үнэхээр энийг хүссэн үү гэдгээ асууж баталгаажуул. Хэрэв тийм бол чи зорилгодоо хүрэхийн тулд сахилга баттай байх ёстой. Чи өдөр бүхэн, тасралтгүй сургуулилах ёстой. Кунг Фу-ийн эрдмийн нууц нь их энгийн - яг нэг цохилтоо өдөр бүр 10,000 удаа давтаж хийх. Үүний дараа цохилт төгс, оновчтой, хамгийн хурдан болдог. Кобэ Брайнт өдөр бүр "бэлтгэлийн дараа" 2,000 удаа шидэлт хийдэг. Харин тэгтэл өрөвдөлтэй лүүзерүүд Кобэ Брайнтийг төрөлхийн тийм байсан гэж боддог. Үгүй тийм юм байхгүй. Энэ дэлхийд залхуу, хөдөлмөрч гэсэн хоёрхон төрлийн хүн байдаг. Энэ дэлхийд лүүзерүүдийн боддог шиг гений, ухаантай, баян айлын, азтай гэсэн тийм хүмүүс байдаггүй юм.
Чи Монголын хамгийн шилдэг санхүүгийн менежер болохыг хүсч байгаа бол өдөр бүр 2 цаг мэргэжлээрээ англи хэл дээр сургуулилах ёстой. Санхүү, бизнесийн чиглэлээр Монгол хэл дээр бичигдсэн номнууд ихэнх нь хог. Тэгээд ч энэ мэргэжлийн хэл нь өөрөө англи учраас. Мөн security гэдэг ганцхан үгийг Үнэт цаас гэж 2 үг болгон Монгол хэлнээ орчуулдаг учраас чи Монгол хэлээр юм уншаад хэрэггүй.
3. Мөн энэ дэлхий дээр бүх мэдлэгийг олгодог ЦОР ГАНЦ ном эсвэл хүн гэж байхгүйг хатуу анхаарах хэрэгтэй. Санхүүгийн бүх мэдлэгийг өгөх нэг л ном гэж хэзээ ч, хаана ч байхгүй.
Ном өөрөө харьцангуй бичигддэг. Өөр арга ч байхгүй. Дэлхий санхүүгийн бүх практик, зах зээлийг багтаасан нэг ном бичиж онолын хувьд болох боловч унших огт боломжгүй. Тэр номд уншигч олдохгүй байсаар номын зохиогч шууд дампуурах болно.
Тийм учраас миний бодлоор чи ойролцоогоор 3-5 номын мэдлэгийг өөрийн мэдлэг болгох (би унших гэж хэлээгүйг анхаарна биз) ёстой.
4. Үүний дараа магадгүй чи аль нэг олон улсын шалгалтанд бэлтгэх нь хамгийн зүйтэй болох болно. CFA, CPA гэх мэтчилэн 7-8 олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, IVY лигийн магистрийн дипломтой тэнцэх шалгалтууд бий. Шалгалтыг чи өөрийн өдөрт ажиллах цаг, тархины физик хурдаас хамаараад 2-5 жилийн дотор өгч дуусгана.
Америк бол шудрага орон гэдэг. Шудрага гэдэг нь юун дээр харагддаг вэ гэхээр - Harvard MBA сурч төгсөхөд 120 орчим мянган доллар хэрэгтэй бол түүнтэй онолын хувьд бараг ойролцоо үнэлэгдэх CFA шалгалтыг өгч давахад ердөө 2-3 мянган доллар хэрэгтэй.
5. Мэдээж 7 тэрбум хүмүүсийн ойролцоогоор 6,999,999,900 хүн нь "компьютер" шиг толгойтой биш тул чамд ном, сонингоос уншиж олж авсан мэдээллээ мэдлэг болгон батжуулах хамгийн дөхөм арга зам нь яг тэр мэргэжлээрээ давхар ажил хийх явдал мөн. Ингэснээр чи суралцсаныхаа төлөө цалин авч байна гээд ойлгочихож болно. Лүүзерүүд л цалин бага гэж гомдоллодог.

Чи ядуу байж болно, чи азгүй байж болно, чи царай муутай байж болно - гэхдээ чи хүсэлтэй байвал зорилгодоо хүрнэ. Тэрийг л би чамд амлая.

3 comments:

Anonymous said...

Санал нийлж байна. Манай нэг найз бас англи хэл сурмаар байна гээд одоо 10 жил болчихжээ. Бахь байдгаараа.

Харин "security" гэдгийг монголчууд бид орчуулаагүй юм шүү. Оросууд "ценная бумага" гэж орчуулсныг л манайхан хуулбарласан юм. Дээр хэлж байсан "derivative" шиг. Харин өөрөө "security" гэдгийг монголоор юу гэж хэлмээр байна? Хоосон муулж байхаар өөрөө саналаа хэлээч.

Anonymous said...

Гэхдээ бусад зөвлөгөө чинь үнэхээр үнэн шүү. Тэр найздаа таны энэ зөвлөгөөг уншуулна аа. Тэгвэл надад ирж үглэхээ болих байх. Хэхэ.

abcd said...

Энэ бичлэгийг хэвлэж аваад өглөө бүр ажлаа эхлэхээсээ өмнө уншиж байх хэрэгтэйн байна. Яг л safety induction шиг. Эсвэл ажлын тоног төхөөрөмжийн pre-inspection шиг хэхэ.

It's a compliment though :-).

Good post!!