Saturday, December 19, 2009

Хавтгай эдийн засаг: Онолууд худлаа болсон нь...

Хавтгай эдийн засаг: Онолууд худлаа болсон нь...
Макро эдийн засагчид сүүлийн үед хурц шүүмжлэлд өртсөн. Учир нь тэд орчин үеийн эдийн засгийн хямралын гарцыг харж чадахгүй байна.
Хүний нийгэм дэх бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт, үнэ тогтоолт, баялагийн хуваарилалт, хөдөлмөрийн хуваарь зэрэг “эдийн засгийн” үзэгдлүүдийг тайлбарлахаар хэдэн мянган жилийн өмнөөс онол, тайлбаруудыг гаргаж иржээ. Эднээс хамгийн дорвитой нь Адам Смитийн “далд гарын онол” (классик онол) ба Жон Кейнсийн “төрийн зохицуулалтын” (Кейнсизм) онолууд юм. Эдгээрийн орчин үеийн урсгалууд нь нео-классик ба нео-кейнсизм нар юм. Нео-классикчууд зах зээлийн өөрөө өөрийгөө зохицуулах чадварт итгэдэг бол Нео-Кейнсчүүд эдийн засагт төрийн оролцоо байх ёстой гэж сургадаг.
Саяны эдийн засгийн хямралаас болж нео-классикчууд бүрэн цохилтонд орсон бол нео-кейнсчүүд харин нэлээн сэргэж ирсэн.
Гэсэн хэдий ч эдгээр урсгалуудын аль альнийх нь онолын суурь таамаглалууд хэрэгжихгүй байгааг орчин үеийн санхүү, эдийн засгийн хямрал харууллаа.
1. Зах зээл нь эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтож үнэ тогтоогдоно гэсэн онолын суурь зарчим зарим талаар хэрэгжихгүй байгааг харж болно. Маш олон жишээ харагдаж буй боловч зөвхөн бидний хамгийн сайн мэддэг алтны хувьд авч үзэхэд алтны ханш өсөх тутам түүний эрэлт нэмэгдэж байгааг бид харж болно. Гэтэл орчин үеийн эдийн засгийн зарчмаар бол үнийн өсөлт нь эрэлтийг бууруулах нөлөөлөл үзүүлэх ёстой ба энэ нь эрэлт нийлүүлэлтийн шинэ тэнцвэрийг тогтоодог. Шудрага үнэ буюу fair value-н талаарх ойлголт үндсэндээ том цохилтонд ороод байгааг эндээс харж болно. Шудрага үнэ хаана байгааг хэн ч тодорхойлж чадахгүй мэт харагдаж байна.
2. Эдийн засгийн цор ганц агент болох хүний шийдвэр гаргалт нь ухаалаг (rational) байна гэсэн таамаглал буруу болох нь олон талаар харагддаг. Үнэндээ хүний шийдвэр гаргалт зах зээлд оролцогчийн хувьд олон тохиолдолд ухаалаг бус гэж нэрлэхээр байдаг бөгөөд богино хугацаат сэтгэл хөдлөлөөс хамаардаг болох нь психологийн олон судлагаагаар тогтоогдсон. Эцсийн эцэст энэ нь мөн шудрага үнийг тогтооход учирч буй бэрхшээлтэй адилаар аль шийдвэр гаргалт нь ухаалаг вэ гэсэн асуултын хариултыг төвөгтэй болгож байгаа юм. Эдийн засгийн онолчдын ухаалаг гэж нэрлээд байгаа шийдвэр нь үнэн хэрэгтээ ухаалаг шийдвэр мөн үү?
3. Зах зээл дээрх мэдээлэл тэгш тархдаг буюу зах зээлд оролцогчид нь боломжтой бүх мэдээллийг авсан байна гэсэн таамаглал нь үндсэндээ огт байх боломжгүй юм.
Олон улсын санхүүгийн зах зээл бол үнэн хэрэгтээ хамгийн их эргэлттэй, хамгийн олон оролцогчидтой зах зээл юм. Өөрөөр хэлбэл эдийн засгийн онолуудын суурь таамаглалууд хүчинтэй байгаа эсэхийг ажиглахад хамгийн тохиромжтой газар юм. Миний бие дилерээр ажиллах явцдаа эдийн засгийн талаар хэд хэдэн ажиглалт хийж дүгнэлт гаргасан юм. Эдийн засгийг загварчлах нь үнэн хэрэгтээ боломжгүй зүйл мэт байв. Учир нь эдийн засгийн онолын загваруудад байдаг хувьсагчдаас өөр олон төрлийн хүчин зүйлс үнэ ханшид нөлөөлдгийг мэдэрсэн юм. Аливаа эдийн засгийн үзэгдлийг (үнэ ханшийн огцом савалгаа г.м) эдийн засагчид анализ хийж тайлбарладаг. Гэтэл эдийн засагчид тухайн эдийн засгийн үзэгдлийг эдийн засгийн онолын дагуу тайлбарладаг нь ихэвчилэн бодит байдалтай нийцдэггүй. Учир нь орчин үеийн онолууд өөрсдөө эдийн засгаа хангалттай таньж мэдэж чадаагүй байна.
Энэ талаар ерөнхий сайд асан эрхэм гуайтай хэдэн жилийн өмнө маргаж байсан санаанд орж байна. Энэ эрхэм гуай эдийн засгийг загварчлах хэрэгтэй бөгөөд уг загварын дагуу удирдах боломжтой гэж үзэж байв. Тухайлбал Америк өөрийн эдийн засгийг аль 1950-иад онд боловсруулсан загварын дагуу удирдаж байгаа гэж хэлсэнтэй миний бие огтоос санал нийлээгүй юм. Учир нь эдийн засгийн оролцогч болох хүний үйлдэл, хариу үйлдэлийг загварчлах боломжгүй. Ердөө нэг хүний үйлдэл, хариу үйлдэлийг загварчилж чадахгүй байгаа тохиолдолд олон хүмүүсийн нэгдэл буюу нийгмийн үйлдэл хариу үйлдэлийг загварчилна гэдэг нь байх боломжгүй зүйл. Хүний шийдвэр гаргалтыг ерөнхийлөн таамаглахаар оролдлоо гэхэд түүнээс үүдэн гарах үр дүн нь “хаос” шинжтэй. Өөрөөр хэлбэл “эрвээхэйн далавчны нөлөө” ёсоор бол Өмнөд америкт нисч яваа эрвээхэй далавчнаас үүссэн агаарын хуйлрал нь ирээдүйд Хойд америкт хар салхины учир шалтгаан болж болдог. Тийм учраас өгөгдөл буюу шийдвэр гаргалт өчүүхэн төдий буюу математик загварт тусгагдахааргүй хэмжээнд өөрчлөгдөхөд л үр дүн асар ихээр хэлбэлздэг. Уншигч авгай санаж байгаа бол үүнийг судлаж тогтоосон онолыг Хаос онол гэдэг билээ.
Тийм ч учраас эдийн засгийн онолыг боловсруулахдаа макро эдийн засгийн - субъектив байдлаар буюу хуулиуд эдийн засгийн үзэгдлийг удирддаг мэтээр ойлгох уламжлалт сэтгэлгээнээс зайлсхийж харин объектив буюу эдийн засгийн агент болох хүмүүсийн үйл хөдлөлийг тусгайлан судлах микро эдийн засагчийн хандлагийг ашиглах нь зохимжтой юм. Тухайлбал энэ талаар анхны томоохон бүтээл болох 2005 оны Freakonomics номыг дурьдаж болно.
Өмнө хэлсэнчлэн эдийн засаг бол баялагийг хуваарилагч, хөдөлмөрийг хуваарилагч тул яаралтай үеэ өнгөрөөсөн онолуудыг сольж шинэ зохистой онолыг гаргах хэрэгтэй болоод байна. Шинэ зохистой онолын урсгалыг гаргаснаар эдийн засгийн хүсээгүй үр дүнгээс сэргийлэх, эдийн засгийг зөв зүгт нь залуурдах боломж бүрдэх юм. Эс тэгвээс дахин шинэ шинэ хямралууд гарахад тун ойрхон ирээд байгаа юм. Миний бодлоор үүний хамгийн ноцтой дохио бол 2007-2008 оны олон улсын хүнсний хямрал юм. Мэдээж саяны эдийн засгийн хямралын цар хүрээг анзааралгүй өнгөрөх аргагүй.
Эдийн засгийн онолын шинэ урсгал гарахад дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй байгаа юм...
Хавтгай дэлхий
Дэлхий хавтгай болж буй талаар саяханыг хүртэл баахан сурталдсан. Харин сүүлийн үед ярихаа огт больсон нь дэлхий аль хэдийн даяарчлагдаж хавтгай болчихсон гэсэн үг. Нэгэнт өнгөрсөн юмыг дахин дахин яриад яах билээ. Саяны олон улсын эдийн засгийн хямралыг харахад л бүх зүйл ойлгомжтой болно. Үнэндээ Америкийн фермер эр Жон байраа авахад нь Аравын газрын тосны эзэн Али зээл олгосон байна шүү дээ. Тийм ч учраас Америкийн моргэжийн зээлийн зах зээл дээр эхэлсэн хямрал Америкийн санхүүгийн хямрал болоод тэр нь олон улсын санхүүгийн зах зээлийн хямрал бүүр даамжраад олон улсын эдийн засгийн хямрал болов.
Өмнөх эдийн засгийн онолууд тухайн улсын эдийн засгийг хаалттай байдлаар авч үзэх хандлагатай байсан бол бидэнд хавтгай дэлхийд тохирсон хавтгай онол хэрэгтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл өөр өөр сонирхол, баялагийн хэмжээ, нөөц бололцоо бүхий олон улсын худалдааны орчинд эдийн засгийг хэрхэн шийдэх талаарх аргуудыг өөртөө багтаасан байх ёстой. Зах зээл нь нэг болсон дэлхийд социалист, дарангуйлалт, ардчилсан гэх мэт олон нийгмийн хэлбэрүүд зэрэгцэн оршиж байгаад хамгийн томоохон асуудал оршино.
Мэдээллийн технологи
Эдийн засгийг удирдахад зах зээлд нөлөөлөл үзүүлж байгаа мэдээллийн асуудал их чухал юм. Мэдээлэл нь эдийн засгийн агент хүний шийдвэр гаргалтанд чухал мэдээлэл үзүүлнэ. Одоо ноёлож буй эдийн засгийн онолууд гарах үед олон нийтийн мэдээллийг төр манипуляци хийдэг байсан бол ердөө сүүлийн 10 жилийн дотор тэр нь огт боломжгүй боллоо. Мэдээллийн технологийн хөгжлийн цогц асуудлыг интернетээр төлөөлж авахад ойлгомжтой болно. We think - we share философи сүүлийн жилүүдэд хүн төрлөхтөний мэдээллийн соёлыг асар хурдтай өөрчлөв. Мэдлэгийг олж авах үнэ, хугацаа Google-ийн ачаар урьд хожид төсөөлж байгаагүйгээр буурав. Wikipedia, Meebo гэх зэрэг ашгийн бус олон нийтийн цоо шинэ “үзэгдэлүүд” бий болов. Мэдлэг “хүч” байхаа больж үнэ цэнэ нь буурч эхэллээ. Ийм we-share санаачлагуудад хүмүүс сайн дураараа цалингүй ажиллаж байна. Blog, Twitter зэрэг хэрэгслийг дамжуулан мэдээлэл үйлдвэрлэх боломжтой болов. Төрөл бүрийн messenger ашиглан мэдээллийг агшин зуур дуу, дүрсийн хамтаар өөрийн мэддэг бүх хүндээ тараах боломжтой боллоо.
Улаанбаатарт өглөө 9 цагт нэг хүн сенсаци бүхий мэдээ олж аваад тарааж эхлэхэд хэдэн цаг гэхэд хотын хүн амыг бүхэлд нь хамрах вэ? Ердөө 10 жилийн өмнө үүнд 1-2 хоног шаардлагатай байсан бол одоо мессенжер ашиглан тарааж эхэлсэн мэдээ хэдхэн минутын дотор компьютер нь асаалттай байгаа бүх хүнд хүрнэ. Өглөө 9 цагт компьютер нь асаалттай байгаа хүн гэдэг бол эдийн засгийн идвэхтэй хүн байж таарна.
Эдийн засаг тэр чигээрээ хэрэглэгчийн, байгууллагын, улс төрийн шийдвэр гаргалт юм. Харин энэ гурван төрлийн этгээд шийдвэр гаргахдаа зөвхөн олж авсан мэдээлэл дээр үндэслэдэг. Гэтэл энэ мэдээлэл бий болох, тарах асуудлыг интернет бүхэлд нь өөрчилчихсөн байна. Өөрөөр хэлбэл одоо бидний ашиглаж байгаа эдийн засгийн онолын урсгалууд мэдээллийг төр харьцангуй байдлаар хянаж чадна, эсвэл мэдээлэл зах зээлд оролцогч бүх хүмүүст ижил байна гэсэн үндэслэл дээр суурилдаг бол орчин үед энэ нь бодит байдлаас хэтэрхий зөрүүтэй болжээ. Шинэ онол маань мэдээллийн технологийн энэ талыг өөртөө тооцож үзсэн байх ёстой.
Өөр соёл, өөр сэтгэлгээ – Хятад, Энэтхэг
Өнөөг хүртлэх бүх эдийн засгийн онолууд Христийн үзэл баримтлалтай орнуудын сэтгэлгээн дээр тулгуурлаж гарсан . Харин орчин үеийн эдийн засагт “өөр” сэтгэлгээтэй ард түмнүүд чухал үүрэг гүйцэтгэх болсон тул эдгээр улс гүрнүүдийн онцлогийг анхаарч үзэх хэрэгтэй болж байна.
Орчин үеийн ардчилалын үнэт зүйлс нь ихэнхдээ “библи“дээр суурилдаг. Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд нь библийн үнэт зүйлтэй улсууд юм. Ямар сайндаа л хамгийн ардчилсан Америкийн мөнгөн дэвсгэрт дээр “in god we trust” гэж байхав дээ. Орчин үеийн эрх зүйн систем хүртэл библийн философи дээр суурилжээ.
Олон улсын чанартай эдийн засгийн сэтгүүлүүд дээрх нийтлэлүүд ихэвчилэн барууны зах зээл, барууны харилцагчид суурилж бичигдсэн байхыг анзаарч болно. Саяханыг хүртэл үүнд буруу зүйл байгаагүй юм. Яагаад гэвэл олон улсын эдийн засгийн харилцааны 60-аас дээш хувийг эдгээр барууны орнууд эзэлж байсан.
Харин сүүлийн 18 жилийн турш хурдацтай явагдсан өөрчлөлт бид нарыг өөр цаг үед авчирсан. Энд би Хятад, Энэтхэг хоёрыг онцолж хэлэх гээд байна. Ялангуяа Хятад одоо олон улсын тавцан дээр эргэлт буцалтгүй гарч ирлээ. Эд бол библийн үнэт зүйлтэй орнууд биш. Ардчилалын тухай ойлголт эдгээр шинэ тоглогч нарт өөрөөр буудаг. Харин эдийн засгийн онолууд нь ажиглалт дээр үндэслэж гардаг бөгөөд одоо байгаа голлох онолуудын ажиглалтын нэгж нь дандаа барууны орнуудын эдийн засаг байв.
Хятад ба Энэтхэгийн иргэд Англи саксоны иргэдээс тодорхой ялгаатай. Бид тухайлбал Хятадын иргэд банкнаас авсан моргэжийн зээлээрээ байр авалгүй харин хөрөнгийн зах зээл дээр очиж хувьцаа авсанаас болж Шанхайн хөрөнгийн зах 2005 онд хэрхэн хямарсаныг харж л байсан. Хятадад бол энэ ердөө ч гайхалтай биш, гэтэл барууны дундаж иргэний хувьд энэ бол төсөөлөшгүй зүйл. Ялгаатай нийгмийн философиудын хувьд тохирох онолыг бий болгох нь чухал юм.
Эрвээхэйн дэвэлтийн нөлөөлөл – Хар хун – Хаос онол
Өмнөд америкт нисч яваа эрвээхэйн далавчны дэвэлтээс үүссэн агаарын хуйлрал даамжирсаар цаашдаа хойд америкт болох хүчит хар шуурганы буруутан болж болох юм. Хаос ажиглалт ердөө 30 гаруй жилийн өмнө гарсан шүү дээ. Тэр үед харин одоогийн эдийн засгийн онолын голлох урсгалууд аль хэдийн хөлөө олчихсон байв. Хачирхалтай нь нийгэм эдийн засаг дах огцом өөрчлөлт нь дандаа хэний ч төсөөлөөгүй, бодож олоогүй хүчин зүйлээс (хар хун үзэгдэл) үүдсэн байгаа бол ердөө хэсэгхэн хугацааны дараа тэр зүйл нь хүн бүрийн мэддэг зүйл болж хувирдаг. Үнэндээ эдийн засгийг хэн нэгэн хүчин (тухайлбал төр) төлөвлөөд нэгдсэн байдлаар удирдаад байгаа нь огт ажиглагдаж батлагдахгүй байгаа. Түүний оронд бүлэглэлүүдийн (заавал төр байх албагүй) гаргасан шийдвэрийн хаос чанартай (өөрсдөө үр дүнг нь сайн таамаглаж чадахгүй) үр дүнгүүдийн үрээр эдийн засаг огцом өөрчлөгддөг гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаа юм.
(энэ тал дээр хангалттай хэмжээний судлагаа хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрье)
Хүнсний хямрал
Дэлхийн хүн ам 7 тэрбум хүрэхтэй зэрэгцээд тэдгээр хүн амыг хооллох асуудал, экологийн тэнцвэрийн асуудал хурцаар тавигдаж эхэлсэн.
Хүнс бол хүний хамгийн анхдагч хэрэгцээ. 2005 оны Катрина хар салхины үед Америкийн Шинэ Орлеанд юу болсоныг бид харсан. Тэнд хүмүүс золтой л бие биенээ барьж идээгүй.
2006-2008 онд дэлхий хүнсний хямралд өнгөц ороод гарсан. Хэрэв дахиад давтагдавал хүний ухамсарын тухай асуудал яригдаж эхэлнэ. Хүнснээс болж өмнө нь олон удаа дайн гарч байсан. Хүн амын тоо их болж байгаа нь асуудлыг хурцатгаж байгаа. Аливаа төр хяналтаа алдах боломж нь улам бүр нэмэгдэж байгаа юм.
Түүхэн индикаторууд
Эдийн засгийн ихэнх голлох индикаторууд ердөө эдийн засгийн өнгөрсөн үеийн түүхийг харуулдаг. Эдийн засгийн түүхэн индикаторуудад суурилж эдийн засгийн ирээдүйн төлөвийг таамаглах нь төвөгтэй ажил юм. Энэ нь киноны эхний 30 минутыг үзээд үлдэх хагаст болох үйл явдлыг таамаглахтай адил юм. Түүхэн индикаторуудад суурилж (тухайлбал инфляци) эдийн засгийг удирдах нь бэрхшээлтэй, заримдаа хохиролтой болохыг бид өөрсдийн туршлагаас харсан. 2007 онд инфляци өндөр байснаас улбаалан 2008 оны эхээр Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг хумих бодлого явуулсан нь тодорхой зэмлэл хүлээж байсан билээ. Гэтэл 2007 оны инфляци бол ердөө түүхэн үзүүлэлт бөгөөд 2008 онд инфляци хаачих талаар “тодорхой” мэдээлэл өгч чадахгүй. Энэ нь мөнгөний бодлогоо өөрчлөх хангалттай бөгөөд хүрэлцээтэй мэдээлэл болох уу?
Үүний эсрэг ирээдүйн дүр зургийг харуулахыг оролддог хандлагын индикаторуудыг сүүлийн 50 орчим жилд олон улсад идвэхтэй ашиглаж эхэлсэн билээ. Үүний нэг жишээ нь Хэрэглэгчийн хүлээлтийн индекс юм.
Өнгөрсөн онд инфляци өндөр байсан гэдэг нь эдийн засгийн түүх болохоос биш энэ онд инфляци бас өндөр байна гэсэн үг биш. Харин энэ онд инфляци ямар хандлагатай байгааг Хэрэглэгчийн хүлээлтийн индекс болон үйлдвэрлэгчийн хүлээлтийн индексүүдээс баримжаалж болдог.
Угтаа бол эдийн засгийг хэрэглэгч, бизнесмэн, улс төрч гурав хөтлөж явуулдаг болохоос биш эдийн засагчид эдийн засгийг удирдаж явуулдаггүй юм. Эдийн засагчдийн ажил нь урьдчилан таамаглах, тохирох бодлогыг санал болгох, харамсалтай нь ихэнх тохиолдолд болоод өнгөрсөн зүйлийг өөрийн ойлгоцоор тайлбарлах явдал билээ.
Хангалттай ухамсартай бус дундаж анги
Энэ бол орчин үеийн олон улсын эдийн засгийн хамгийн том сорил юм. Дэлхийн хүн амыг нэгдсэн ухамсарын төвшинд хүргэх ажлыг ах нар хийж амжаагүй байхад хүн амын тоо 7 тэрбум хүрчлээ. Энэ нь бидэнд улам бага хугацаа үлдэж байгааг харуулж буй. Улс орнуудын хөгжлийн төвшин, орлого, ойлголтын төвшин маш зөрүүтэй байгаа нь санаа зовоож байна. Ялангуяа энэ 7 тэрбум хүний талаас илүү нь ядуу ангилалд хамрагдаж байгаа нь маш бэрхшээлтэй асуудал мөн. Өөрөөр хэлбэл хүнсний төлөө бүгдийг хийхэд бэлэн 3 тэрбум гаруй хүн энэ гариг дээр оршин байна. Энэ тохиолдолд урт хугацааны нийгмийн үнэт зүйлийг ярих нь утгагүй зүйл болно. Яаралтай энэ зөрүүг арилгах шаардлагатай. Энэ тал дээр хөгжилтэй орнуудын хийсэн ажлуудын ихэнх нь үр дүн багатай болсон. Тухайлбал тэдний голлох үүрэгтэй, санаачилсан олон улсын агентлагууд болох НҮБ, ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагуудын ядуу буурай орнуудыг дэмжих бодлогын үр дүн сүүлийн жилүүдэд маш их шүүмжлэл хүлээж байгааг бид сонсож байгаа. Яг одоо эдгээр байгууллагууд стратегиа өөрчлөх шатандаа ажиллаж байх шиг байна.
Нөөцийн валют – долларыг хэвлэсээр байх уу, алт хаачих вэ
1945 оноос хойш АНУ-ын доллар дэлхийн нөөцийн валютын үүрэг гүйцэтгэж байгаа. Гэтэл Америкууд өөрсдийн хэрээс хэтэрсэн хэрэглээгээ санхүүжүүлэх зорилгоор долларыг хэвлэн зах зээлд нийлүүлж байгаа нь долларын ханшийг олон улсын зах зээл дээр 2002 оноос хойш тасралтгүй унагаж байна. Ялангуяа 2008 оноос хойш долларын тогтвортой байдалд эргэлзэх болсоноо дэлхийн улс гүрнүүдийн удирдагчид илээр илэрхийлэх болсон. Хамгийн харамсалтай нь доллараас татгалзахад түүнийг орлох валют байхгүй байгаа юм. Алтыг төв банкууд худалдан авч буй нь үнэн боловч энэ нь үнэндээ цаг нөхцөөсөн арга төдий зүйл. Алтны эдийн засгийн утга учир бага багаар алдагдаж буй нь нууц зүйл биш. Бид ердөө алтны эрэлт нийлүүлэлтийн бүтцийг сүүлийн 10 жилээр авч үзэхэд үүнийг тодорхой мэдэж болно. Гэхдээ алтны ханшийн өсөлт ирэх жилүүдэд үргэлжилэх хандлага байна. Яагаад гэвэл еврог шинэ нөөцийн валют болгон сонгох нь тэнэг алхам болохоор харагдаж байна. Евро бүсийн орнуудын эдийн засгийн суурь хүчин чадал нь Америкийнхаас үнэндээ дээрдэхээргүй байгааг олон үзүүлэлтээс харж болох юм.

Дериватив буруутан биш
Эдийн засагчид орчин үеийн хямралд деривативыг буруутган ярьж байвал битгий итгэ. Учир нь тэд деривативийн арилжаа хэзээ ч хийж үзээгүй учраас тэгэж байгаа юм.
Дериватив анх үүсэхдээ эрсдлийг бууруулах, эрсдлээс хамгаалах зорилгоор үүссэн санхүүгийн даатгалын хэрэгсэл билээ. Одоо ч тэр л зорилгоор арилжаалагдсаар буй. Түүнийг бизнесүүд хөшүүргээ нэмэгдүүлэх зорилгоор буруугаар ашигласан юм.
Хутгыг бид хүний олон ажлыг хөнгөвчлөх гэж зохиосон болохоос биш хүний амь таслах гэж зохиогоогүй. Тийм ч учраас хүн аминий хэргий буруутан нь хэзээ ч “хутга” биш харин түүнийг буруу зорилгоор ашигласан алуурчин байдаг юм.



Үргэлжлэл бий...

9 comments:

Anonymous said...

http://www.nytimes.com/2009/09/06/magazine/06Economic-t.html?_r=1&scp=4&sq=Paul%20Krugman%20fresh%20water&st=cse

Read this article by Paul Krugman. Interesting parallels with your writing.

Anonymous said...

http://independence.blog.banjig.net/post.php?post_id=98257

та энд бичсэн зүйлтэй санал нийлэх үү. энэ ер баталгаатай зүйл байсан уу эсвэл зүгээр аз тохиолдсон зүйл байсан болов уу.
үүнийг хараад энэ тухай дүгнэлтээ хэлээд өгөөч

Unzo said...

http://www.nytimes.com/2009/09/06/magazine/06Economic-t.html?_r=1&scp=4&sq=Paul%20Krugman%20fresh%20water&st=cse

Баярлалаа!

Миний эдийн засгийн сэтгэлгээний түүхийн талаарх мэдлэг zero тул бичлэг маань ихээхэн ойлгомжгүй болсон гэдгийг мэдэж байсан юм. Харин таны энэ линк дээр сэтгэлгээний түүхийг сайхан базаж бичжээ. Миний нийтлэлийг дээрхтэй нийлүүлээд уншвал их зүгээр юм байна.

Enkhtaivan Gantulga said...

"Маш олон жишээ харагдаж буй боловч зөвхөн бидний хамгийн сайн мэддэг алтны хувьд авч үзэхэд алтны ханш өсөх тутам түүний эрэлт нэмэгдэж байгааг бид харж болно"

Commenting on this, "we are on our own" will answer this phenomenon, will it not? No surprise that chief brains and key players are left puzzled, because they are not searching in the simple side of complicated world.

When Enron collapsed in 2001, TIME magazine came with this article "YOU ARE ON YOUR OWN, BABY". Enron's story had become a painful reality of what we always are missing to understand - we are on our own.

When it comes to bankruptcy, thousans of stockholders are on their own, thousands of employees are on their own, thousands of investors are on their own. Generally speaking everyone is on their own.

This pattern is evident in all walks of life and specially in the increasingly uncertain world we are living in, it is not surprising to note that the hope, the ONLY hope unwittingly lands on GOLD. Because you cant TRUST HUMANS. History shows that, the latest being ENRON or LEHMAN BROTHERS and so on.

Now could there be a GOD to trust more than GOLD at all, I wonder? Could this frenzy buyin on GOLD, solve our ultimate fear of being left all alone?

Well hath prophet Esaias said, as it is written "Wherefore do ye spend money for that which is not bread? and your labour for that which satisfieth not?". And again, another saith in certain place "Why do the heathen rage and the people imagine a vain thing?"

Unzo said...

Peace,

I do not think the "key players" have lost their minds. I am gonna explain this very soon.

As you shall see, economists are not the key "players", arent they?

_____________________________ said...

Thanks for the interesting article.
Two comments, first, most of your explanations regarding the flaws in the prevailing economic views seem to be directed against the market fundamentalism. That is to say that there are very few facts and assertions disproving Keynesian economic view. Related to that, economists such as Krugman claims that basically Keynesian view of economy has been completely ignored for the past two decades and only with the repeat of the crisis on par with the great depression do we finally understand that indeed the market cannot function on its own.
Second, related to the need for new theory that can better grasp the realities of the market there is an interesting idea proposed by George Soros which essentially addresses the problem of boom bust process that has become the norm in the financial markets and in broader economy in general. In his reflexivity theory Soros claims that because of the two way connection between the market and the market participants, supply and demand are not independently given and are not independent of the market price. As an example, people buy and sell stocks in anticipation of the future stock prices which themselves are contingent on the investors’ expectations. In this way market participants’ expectations can alter the market fundamentals thus creating self-reinforcing pattern that lead to boom bust cycles. Modern day gold rush can also be explained by investors’ biased view that gold price will continue to climb which in effect caused the unprecedented rise in gold price that we’re witnessing today.

millhouse said...

UGAASA UNEN SH DE, EZ MASH HURDAN UURCHLUGDUJ BIDNI URID UMNU SONSOJ BGA BUH SUURI HUDLAA BOLJ BGA SH DE, VALUTIN HANSHIIG MUN TEHNIK SHINJILGEEGEER TAAMAGLAH BHA DAA KEKE, CHAMD AMJILT HUSIE, ULAM IHIIG BICHEJ BGARAI THX

Anonymous said...

hi. tanii bichsen zuiluud taalagdlaa gehdee neg shuumjlel bna.Suuliin uyd delhiin ediin zasagt bolj bui uil yvtsiig tovch todorhoi bichheer orldsn bolovch denduu olon zuilsiig orhigduulsn bn.Deerees n bichij bhdaa unshij bui hund oilgomjtoi bolgohiin tuld uchir shaltgaaniig n bas bichmeer bna.Bi odoo 'The World Is Flat: A Brıef History Of Yhe Twenty-First CenturyThomas L. Friedman' nomiig unshij bgaa.Unshsaniihaa daraa sanal bodloo uldeenee.

Anonymous said...

http://graphs.gapminder.org/world/ haygnaas delhiin hun am, ediin zasgiin osoltiin talaar sonirholtoi medeelluudiig uzeerei. Mash oilgomjtoi haruulsan bgaa:)