Wednesday, October 15, 2008

Predatory marketing

Араатанлаг маркетинг| Хямрал эхэлсэн нь
Яг хэзээ хаанаас энэхүү хямрал эхэлсэн болохыг нарийн тогтоох боломжгүй. Ямартай ч бид 1930-аад оноос хойших дэлхийн хамгийн томоохон санхүүгийн хямралыг үзэж өнгөрүүлж байна. Улбаалсан эдийн засгийн хямрал ямар төвшинд гарч ирэхийг одоохондоо хэн ч тооцоолж чадахгүй байна. Харин дэлхийн томоохон гүрнүүдийн төрийн тэргүүн, санхүүгийн тэргүүд энэ улбаалсан нөлөөг хамгийн бага байлгахын тулд бүхнийг хийнэ гэдгээ амлаад байгаа. Дэлхий даяар үйлдвэрлэгдэж байгаа нийт бүтээгдэхүүний ¼ -ийг дангаараа хэрэглэдэг Америкийн эдийн засаг 1991 оноос 2001 он хүртэл үргэлжилсэн түүхэн дэх хамгийн урт эдийн засгийн өсөлтийнхөө эцэст 2001 оны 3 сараас 11 сар хүртэл түр зуурын уналтанд ороод түүнээс цааш эргээд өсч эхэлсэн. Өөрөөр хэлбэл энэхүү уналт нь маш түр зуурын байсан тул эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөө нь бага. Үүнээс хойш л дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах дээр шинэ шинэ рекордууд тогтоогдож эхэлсэн билээ. Эрүүл чийрэг Америкийн эдийн засгийн хажуугаар BRIC-ийн орнууд гэж нэрлэгдэх буюу Бразил, Орос, Энэтхэг ба Хятадын эдийн засгууд маш хурдацтай өсч, хэрэглээний шинэ хил хязгааруудыг нэвтэрч эхэлсэн нь бараа таваарын эрэлтийг ихээр нэмэгдүүлж бараа таваар хийхэд ашиглагддаг түүхий эдийн үнийг урд хожид байгаагүй өндөр төвшинд хүргэсэн юм. Эдийн засгийн нөхцөл байдал маш сайн байсантай холбогдож Америкт санхүүгийн үйлчилгээний бизнесээс хүлээх эрсдлийн төвшин түүхэн доод хэмжээндээ хүрсэн. Өөрөөр хэлбэл банкнаас зээл олгосон 100 хүний 99-ээс дээш хувь нь эргэн ирж зээлээ төлж байв. Нөгөө талаас олон улсын эдийн засагт мөнгөн хөрөнгийн хуримтлал ихээр хуримтлагдаж банкууд сул чөлөөтэй эх үүсвэр ихтэй болов. Нэгэнт Америкийн банкууд яриангүй дэлхийд тэргүүлэгч тул олон улсын зах дээрээс ч өртөг багатай эх үүсвэр олох боломж улам өргөн болсон. Энэ нь жижиглэнгийн банкны /иргэдийн банк/ зах зээл дэх өрсөлдөөнийг маш ширүүн болгосноос гадна, банкны эрсдлийн хяналтын тогтолцоог сулруулсан. Америкийн орон нутгийн шинжтэй банкууд моргэжийн буюу урт хугацаат орон сууцны зээл олгохдоо “араатанлаг” /predatory/ хэмээн томъёологдсон аргаар бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн. Монголд иргэн моргэжийн зээл авахаар банкинд очиж түмэн материал бүрдүүлж өгдөг бол Америкт банк иргэн дээр очиж зээл өгдөг тогтолцоо тогтжээ. Ялангуяа 2005 оноо эхлэн зээлийн чадвар муутай иргэдэд хүртэл өргөнөөр зээл олгож эхэлсэн байна. Харин яг эдгээр зээлээ эргэн төлөх магадлал багатай иргэд 2006 оны сүүлчээс эхлэн зээлээ эргүүлэн төлөхөө больсон.
Хөшүүрэг хийгээд орон нутгийн чанартай асуудал хэрхэн дэлхийнх болж өссөн нь
Америкийн орон нутгийн жижгэвтэр банкны хувьд нөөц хязгаарлагдмал тул олж ирсэн эх үүсвэр нь түргэн хугацаанд шавхагдана. Гэтэл банкны удирдлагын хувьд “боломжит” зах зээл их харагдаж байсан тул томоохон хөрөнгө оруулалтын банкуудад хандсан байна. Америкийн томоохон хөрөнгө оруулалтын банкууд хариуд нь санхүүгийн инженерчилэлийн сүүлийн үеийн арга хэрэгсэлүүдийг цогц байдлаар санал болгожээ. Хэдийгээр арга хэрэгслүүд нь MBS, CDO, ABS, SIV зэрэг олон төрлөөр зохион байгуулагдах боловч үндсэндээ энэ нь арилжааны банк өөрийн зээлдэгчдээс авах моргэжийн зээлийн авлага буюу олгосон зээлээ барьцаалж үнэт цаас гарган хөрөнгө оруулалтын банкуудад борлуулах явдал юм. Хөрөнгө оруулалтын банк эргээд хэд хэдэн арилжааны банкнаас авсан моргэжийн зээлийн багцаар баталгаажсан үнэт цаасаа багцлан олон улсын банкуудад борлуулж эхэлсэн. Доорх цикл яг хэдэн удаа давтагдаад байгаа талаар хэн ч нарийн тооцоолж чадахгүй байгаа нь том асуудлыг бий болгож байгаа юм.


Одоогийн байдлаар зээлжих зэрэглэл муутай Америкийн фермэрийн зээлээ төлж чадаагүйгээс үүсээд буй хохирлын хэмжээ нийтдээ 635 тэрбум доллар. Банкны бизнес бол бусдаас хөрөнгийг төвлөрүүлэн хөрөнгө шаардлагатай байгаа хэсэгт зээлдүүлэх явдал юм. Ингэхдээ олон улсын жишгээр нийт бусдаас татан төвлөрүүлж буй хөрөнгийн хэмжээ нь өөрийнх нь хөрөнгийн хэмжээнээс дээд тал нь 10 дахин их байна гэсэн ерөнхий шалгуур тавигддаг. Үүнийг санхүүгийн хөшүүрэг гэж нэрлэх ба энэ нь таны эрхэлж буй бизнесийн нийт эргэлтийн ямар хэсгийг нь таны өөрийн хөрөнгө, ямар хэсгийг нь бусдаас зээлж авсан хөрөнгө эзэлж байгааг харуулдаг билээ. Зурагт харуулсан цикл хэдий чинээ олон давтагдах тусам арилжааны банкуудын үйл ажиллагаа томрох боловч нийт олгосон зээлийн хэмжээнд ногдох өөрийн хөрөнгийн хэмжээ буурах болох нь харагдаж байна.
Энд бүх нөхцөл байдлыг дурдвал ном болох боловч дурьдалгүй өнгөрч болохгүй бас нэг асуудал бол дэлхийн хамгийн том Зээлийн зэрэглэл тогтоодог агентлагууд болох S&P, Moody’s, Fitch Rating нарын үйл ажиллагаа юм. Хэдийгээр зээлийн багцын чанар үнэн хэрэгтээ төдийлөн сайн биш байсан боловч тэрхүү багцаар баталгаажсан үнэт цаасны зэрэглэлүүд нь маш өндөр байсан нь олон улсын зах дээр түргэн, бага хүүтэйгээр борлогдох нөхцөлийг бий болгосон. Энэ нь эдгээр агентлагуудаас тогтоодог зэрэглэл хэр найдвартай байдаг вэ гэсэн асуултыг зүй ёсоор тавихад хүргэж байгаа юм.

Уналтаас хэрхэн гарах вэ| Эдийн засгийн өгссөн ба унасан спирал
Дэлхий даяар хүлээгээд байгаа алдагдлын хэмжээ маш том мэт сонсогдовч нийт санхүүгийн секторын активтай харьцуулахад харьцангуй бага тоо. Америкийн иргэдээс хадгаламж татах эрх бүхий санхүүгийн байгууллагууд дээр төвлөрсөн нийт хадгаламжийн хэмжээ 13.3 триллион доллар. Дахиад нэлээн хэдэн триллион доллар тэтгэвэрийн сан, хөрөнгө оруулалтын сан, эрсдлээс хамгаалах сангуудад хөрөнгө оруулалт хэлбэрээр байршсан байдаг. Банкууд нэгэнт 100 орчим мянган ажлын байрыг үгүй хийгээд байгаа боловч энэ нь 2 жилийн өмнөхөн Америк нэг сард 440 мянган ажлын байр шинээр бий болгож байсантай харьцуулахад бага тоо.
Одоо үүсээд байгаа хамгийн гол асуудал нь итгэлцэлийн асуудал юм. Санхүүгийн секторт итгэх итгэлийг аль болох түргэн хугацаанд сэргээх нь хямрал даамжирч эдийн засгийн бусад секторуудад илүү гүн гүнзгий орохоос сэргийлнэ.Эдийн засгийн унасан спирал нэгэнт үүсээд байна. Эдийн засгийн унасан спиралыг тайлбарлахаас өмнө эдийн засгийн өссөн спиралыг товч тайлбарлая. Эдийн засаг өсч эхлэхтэй зэрэгцэн эрэлт нэмэгдэх бөгөөд компаниуд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ, борлуулалт сайн байх тул ажилчидын тоо, цалин хөлсөө нэмж эхэлнэ. Энэ нь эргээд шинэ шинэ худалдан авагчдийг бий болгож борлуулалтын хэмжээ улам нэмэгдэнэ. Улс орны тэргүүн, компаний удирдлагаас авахуулаад жирийн иргэн хүртэл бүх хүн амын ирээдүйдээ итгэх итгэл нэмэгдэж эхэлнэ. Тодорхой төвшинд хүрсэний дараа эдийн засагт, ирээдүйдээ итгэх итгэл дээд цэгтээ хүрэх ба энэ нь алдаа гаргах үндсэн шалтгаан болж эхэлнэ. Тухайлбал түүхий эдийн үнийг байж боломгүй төвшинд хүртэл хөөрөгдсөнөөс бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжгүй төвшинд аваачина, эсвэл бизнест учирч болзошгүй эрсдэлүүдийг тооцох мэдрэмжээ алдана, мөн энгийн иргэдийг өөрийн төлж чадах хэмжээнээс илүү их зээлийг зоригтой авах сэтгэлзүйн нөхцөлийг бүрдүүлнэ. Ийнхүү эрсдэлтэй алхамууд хийж эхлэх нь эргээд эдийн засгийн өссөн спирал дуусч унасан спирал эхлэх дохио болно. Аль нэг салбарт томоохон алдаа гарснаас тухайн салбарын бизнесүүд алдагдал хүлээж эхэлнэ, ажилчдаа халж, цалин хөлсөө бууруулна. Хэрэглэгчдийн худалдан авах чадвар мэдэгдэхүйц буурснаас борлуулалт дахиад буурна. Банкууд зээл олгох үнэлэмжээ өндөрсгөж, хүүгийн төвшинг нэмэх нь бизнесүүдийн зардал, үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулна. Эргээд иргэд, компаниуд санхүүгийн секторт итгэхээ больж эхэлнэ. Энэ үед төр засгийн зүгээс хөрөнгө оруулалт хийх замаар уруудаж яваа эдийн засагт итгэлцэлийн очийг хаях арга зам байна. Одоо олон улсын томоохон улс гүрнүүдийн хийж буй үйлдэл бол төр засгийн оролцоотойгоор итгэлцэлийг сэргээж, шинэ итгэлийг зах зээлд төрүүлэхийн төлөө хийж буй алхамууд юм. Ялангуяа санхүүгийн сектор улс орны амин сүнс нь болж байдаг тул банк санхүүгийн байгууллагуудад засгийн зүгээс урт хугацаат зээл олгох, тэдгээрийн давуу эрхийн хувьцааг худалдан авах арга замыг хэрэгжүүлж байна. Энэ бүхэн нь хүмүүст шинэ итгэлийг бэлэглэж шинэ эдийн засгийн өссөн спиралийг эхлүүлэх цаг мөчийг бид хүлээн суух үлдлээ.
Монгол орны эдийн засаг санхүүгийн секторт ямар нөлөө үзүүлэх вэ
Олон улсын санхүүгийн зах зээлд болж буй энэхүү үйл явдал та бидний сайн мэдэх зарим орнууд тухайлбал Казахстаны банкны секторт том цохилт өгсөн. Учир нь Казахын банкууд Гадаадын банкуудаас ихээхэн хэмжээний богино хугацаат зээл авсан боловч зээлийн үлэмж хэсэг нь 10-15 жилийн хугацаатай орон сууцны моргэжийн зээлийн багцад зориулагдсан байв. Өнгөрсөн оны дунд үеэс эхлэн хүнд байдалд орсон гадаадын банкууд өмнө олгосон байсан 5 хүртэл жилийн хугацаатай зээлээ сунгахаас татгалзаж буцаан төлүүлэхээр шаардах үед Казахын банкууд мөн хүнд байдалд орж төр засгаасаа тусламж эрэхэд хүрсэн байна. Монголын хувьд Казахаас ялгаатай нь урт хугацаат моргэжийн зээлийн багц нийт зээлийн багцийн багахан хэсэг буюу 7,8 хувийг эзэлж байхад Казахад 2008 оны эхээр нийт зээлийн багцийн 30 гаруй хувийг эзэлж байсан байна. Мөн Монголын банкуудын олон улсын санхүүгийн захаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг нийт банкны секторын активтай харьцуулахад үлэмж бага юм. Тэгэхээр олон улсын санхүүгийн хямралаас манай зах зээлд тэр даруйд нь шууд үзүүлэх нөлөө харьцангуй бага гэж үзэж болно. Мэдээж олон улсын санхүүгийн зах дээрх хямрал даамжирч нийт дэлхийн эдийн засгийн хамарч эхэлбэл зарим үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг түүхий эд, тухайлбал зэсийн үнэ унах эрсдэл гарч ирэхээс гадна Монгол оронд орж ирэхээр хүлээгдэж байсан гадаадын хөрөнгө оруулалтууд зогсох, шинээр нэмж хөрөнгө оруулалт орж ирэхээ болих гэх мэт сөрөг үзэгдлүүд гарч магадгүй болоод байна.

1 comment:

dddd said...

Delhiin Niit GDP 54.9 trillion $
Derivative 1,114.9 trillion $

ta uund yamar dugnelt ogoh be. jinhene buble gedeg yum chin end baigaa bish uu. hezee ene buble uussen be gevel 1971 onoos hoish.
Choloot zah zeeliin onol uilchlehgui bolson gedeg her ortoi ug be.