Wednesday, August 1, 2007

Монгол улсыг хөгжүүлэх стратегийн үндсэн асуудлууд

Монгол улсыг хөгжүүлэх стратегийн үндсэн асуудлууд

- Эдийн засгийн хөгжлийн үндсэн тулгуур нь тухайн эдийн засаг зөвхөн баялаг бүтээх явдлаар тодорхойлогдоно. Баялаг нь материаллаг, материаллаг бус эсвэл нэмэгдсэн өртөг зонхилсон хэлбэрээр бүтээгдэж болно.

- Эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөх нөхцөл нь баялаг бүтээх арга замыг тасралтгүй боловсронгуй болгох явдлаар тодорхойлогдоно.

- Баялаг бүтээх явцад үүсэх өрсөлдөөнийг минимум болгож, өрсөлдөөнийг бууруулах нь тогтвортой байдлын суурь мөн.

Монгол улсын хөгжлийн үндсэн стратегийн хувьд дараахь онцлогуудыг анхаарч үзэх хэрэгтэй.

  1. Монгол улс нь материаллаг баялаг бүтээх тал дээр бусад гүрнүүдээс хэдэн зуун жилээр хоцорсон, туршлага муутай, масс үйлдвэрлэл эрхлэх боломж хязгаарлагдмал, мөн нэгэнт үйлдвэрлэгдсэн материаллаг баялагыг тээвэрлэх зардал өндөртэй бүсэд оршиж байна. Энэ нь жижиг дунд үйлдвэрлэлд чиглэсэн эдийн засгийн хөгжлийн стратеги бүтэлгүй болох үндсэн шалтгаан нь болно.
  2. Монгол улс хязгаарлагдмал боловч хүн амын тоонд харьцуулахад ихээхэн хэмжээний байгалийн баялагтай. Сүүлийн жилүүдэд олборлолт огцом нэмэгдсэн нь байгалийн баялагийг мэдэгдэхүйц багасгах шалтгаан болж байна.
  3. Монгол улс хүн амын тоонд харьцуулахад хангалттай хэмжээний газар нутагтай тул газар нутгийг төрөл бүрээр ашиглах, түрээслэх байдлаар ашиг олох боломж нээлттэй байгаа.
  4. Монгол улс газар зүйн байрлалын хуьд Хятад, Орос гэсэн томоохон зах зээлүүдтэй ойрхон тул үүнийг боломж болгон ашиглах боломж өргөн.
  5. Монгол улс эдийн засгийн хувьд жижигхэн боловч газар зүйн онцгой байршилтай. Геополитикийн хувьд сонирхол татах боломжтой.
  6. 300 гаруй мянган өрхтэй 2.5 сая гаруй хүн амтай.

Хөгжлийн стратегиуд: Дээрх онцлогуудад тохируулан Монгол улсын хөгжлийн үндсэн стратегийг дараах хувилбараар тодорхойлж байна.

  1. Хүн ам бага, эдийн засгийн нөөц хомс тул хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай баялагийн цөөн тооны үйлдвэрлэлд төвлөрүүлэх замаар өртөг зардалыг багасгаж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
  2. Байгалийн баялагийн үнэ ханш өндөр байгааг ашиглан байгалийн баялагаас ирээдүйд олох орлогыг аль болох түргэн хугацаанд олж аван, уг орлогыг хамгийн үр ашигтай, ирээдүйтэй баялаг үйлдвэрлэх салбарт буюу хөгжлийн хөдөлгүүр салбарт /ХХС/ хөрөнгө оруулах байдлаар зарцуулна.
  3. Хөгжлийн хөдөлгүүр салбар нь материаллаг баялаг үйлдвэрлэдэг салбар байх боломжгүй. Харин технологи, оюуны бүтээлд чиглэгдсэн, дэлхийн эдийн засгийн хувьд хамгийн шинэлэг орчин үеийн салбар байх ёстой. Ингэснээр бусад орнуудын хувьд олон жилийн турш хийж, бүтээн ноу хау олж авсан, хамгийн хямд өртөгөөр бүтээж чаддаг салбаруудтай өрсөлдөхөөс зайлсхийх боломжтой.
  4. Импортыг орлуулах бүтээгдэхүүнүүдийг бий болгох нь бидний гол зорилго биш. Нэгэнт аль нэг улс хэдэн зуун жилийн турш хуримтлагдсан туршлага дээр үндэслэн тухайн материаллаг баялагийг хамгийн чанартайгаар, хамгийн хямд өртөгөөр бүтээж чадаж байгаа бол түүнийг худалдан авах нь Монгол улсын хувьд ашигтай гэдгийг ухамсарлаж байна. Импортын бүтээгдэхүүний нэр төрөл тус бүрээр өрсөлдөх гэж оролдох нь эдийн засгийн баялагийн үр ашиггүй хуваарилалт хийх үндсэн шалтгаан болохыг санах хэрэгтэй. Энд харин стратегийн шинж чанартай бүтээгдэхүүнүүдийн хувьд тусгай бодлого баримтлах ёстойг мартаж болохгүй.
  5. Хятад болон Орос улсуудын хүн амын амжиргааны төвшин Монгол улсынхаас ойрын жилүүдэд огцом даван гарах нь тодорхой болоод байгаа тул эдгээр орнуудын хувьд аутсорсинг хийх бааз нь болох замаар нэмэгдсэн өртөг бүтээх боломж байна.
  6. Буурай орон тул Хятадтай харьцуулахад экспортын зарим нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн хувьд Америк, Европийн холбоо зэрэг томоохон хэрэглэгч нараас гадаад худалдааны давуу тал гаргаж авах боломжтой. Нэгэнт гарсан давуу талаа ашиглан үндэсний үйлдвэрлэл эрхлэх буюу Хятадаас аутсорсинг авч болно.

Дээрх стратегиуд дээр үндэслэн хөгжлийн үндсэн стратегийг томъёолж байна:

Монгол улс байгалийн баялагаас олох орлогыг богино хугацаанд, үр ашигтай төвлөрүүлэх замаар эдийн засгийн чадвахийг нэмнэ. Байгалийн баялаг шавхагдахтай зэрэгцэн ажиллах хүчийг хамгийн үр ашигтай, орчин үеийн технологид чиглэгдсэн салбаруудад , ялангуяа материаллаг бус баялаг бүтээдэг салбаруудад /ХХС/ шилжүүлэх, уг салбаруудын боловсон хүчнийг бэлтгэх хамгийн сайн системийг төлөвшүүлэх, салбарт орох хөрөнгө оруулалт, материаллаг баазыг дээд зэргээр хангах замаар аажмаар байгалийн баялаг олборлогч улсаас материаллаг бус баялаг үйлдвэрлэгч улс болон хувирна. Хангалттай хэмжээний хөрөнгө оруулалтын дүнд уг салбартаа дэлхийд тэргүүлэгч улс болон хувирч эдийн засгийн урт хугацааны хөгжлийн гарцаа олж авна.

2 comments:

Anonymous said...

fuck, end chin ali deer ued bugdiig ni tomyolood tavitsan baina sh dee... damn... keep up good work...

Anonymous said...

Mash ih taalagdlaa. asuudliig devshuulj, shiidverleh arga zamiig erelhiilsen avuushtai xeregjuuluushtei sanaanuud devshuulsen ni setgeld niitslee.