“Монголын баялаг“ шинэ зууны шилдэг бизнес
Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын уул уурхайн салбараас олж буй их мөнгөний талаар шуугиж байна. Гэхдээ энэ мөнгө нь ердөө хайгуулын лицензийн ар тал дээр босч буй мөнгө юм. Одоогийн байдлаар Монголд ямар нэг хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй барууны 30 гаруй компани нийлбэр дүнгээрээ хэд хэдэн тэрбум долларыг Монголд явуулж буй хайгуулын үйл ажиллагаандаа зориулж бий болгоод байгаа аж. Энэхүү мөнгийг эдгээр компаниуд барууны хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах буюу банкнаас зээл авах замаар бий болгодог байна. Эдгээрээс хамгийн амжилттай яваа нь Айванхоу майнз. Айванхоу майнз Оюутолгойн орд газрыг эзэмшиж эхэлснээс хойш компанийн үнэлгээ нь даруй 23 дахин өсч 130 сая доллараас 3 тэрбум доллар хүрсэн байна. Энэ өсөлтийн үндсэн шалтгаан нь Айванхоу майнзын эзэмшиж буй Оюу толгойн орд газрын хайгуулын лиценз. Гэхдээ Айванхоу майнз Монголд орж ирэхдээ 130 сая доллартай орж ирсэн бол огт ямар ч эх үүсвэргүй орж ирсэн компаниуд зонхилох хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна. Эдгээр компаниудын ихэнх хувь нь зөвхөн Монголд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдний хувьцаа гаргаж буй гол хөрөнгийн баталгаа нь Монголд эзэмшиж буй хайгуулын лиценз нь гэнэ. Энэ чиглэлээр хувьцаа гаргаж хөрөнгө, мөнгө босгож болох хамгийн том хөрөнгийн бирж бол Канадын хөрөнгийн бирж бөгөөд түүний дараа Австрали, Хонг Конг, Английн биржүүд удаалж байна. Энэ нь Монголчууд бидний зөвхөн гадаадын хөрөнгө чинээ ихтэй компаниуд л өргөн цар хүрээтэй олборлолтын үйл ажиллагаа явуулж чадна гэсэн ойлголтыг үндсээр нь эвдэж байгаагийн тод жишээ юм. Эдгээр компаниудын санхүүгийн байдлыг нарийвчилан судлаж үзэхэд үнэн хэрэгтээ ихэнх нь Монгол дээр “босч” /Ялангуяа Айванхоу майнз компани/ хөлөө олсон, Монголоор дамжин дэлхийн зах зээлд танигдсан байх юм.
Монголд ихэнх үйл ажиллагаагаа явуулж буй зарим компаниудын нэрсийг толилуулбал:
1. Asia Gold Corporation | 13. Magnum d'Or Resources Inc |
2. Bayfield Ventures | 14. Major Drilling Group |
3. Centerra Gold | 15. Mega Uranium |
4. East Asia Mineral Corporation | 16. East Asia Minerals Corp |
5. Entree Gold Inc | 17. QGX Ltd |
6. Erdene Gold Inc | 18. Solomon Resources |
7. Khan Resources Inc | 19. Red Hill Energy |
8. International Uranium | 20. Western Prospector Group Ltd |
9. Ivanhoe Mines Ltd | 21. UGL |
10. International Uranium Corp. | 22. Falcon energy |
11. CGL | 23. Bluerock |
12. Uranerz | 24. Mega uranium |
Мөн дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэх компаниуд болох BHP Billiton, Rio Tinto, Cameco, Phelps Dodge, Freeport McMoran зэрэг компаниуд дээрх компаниудын хувийг эзэмших буюу бүтээгдэхүүн эзэмших гэрээний дагуу шууд бус хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна.
Дээрх компаниудын ихэнхийг нь Монголчууд бид өнөөг хүртэл сонсож байгаагүй бөгөөд энэ нь бидний бизнесийн чадвар ямар төвшинд явж байгааг харуулж байна. Монголчууд бидний хэн нь ч эх нутгийнхаа байгалийн баялаг бүхий хэсэгт лиценз эзэмшиж, гадаадын хөрөнгийн биржээс “босгосон” мөнгөөрөө зөв хайгуул хийж, хэрэв ирээдүйтэй орд олвол “долларын тэрбумтан” болох боломж нээлттэй байна гэдгийг энэхүү нийтлэлээр харуулахыг зорилоо.
No comments:
Post a Comment