Sunday, October 29, 2017

Магадлалыг "тэглэх" синдром


Алт олборлох бол амаргүй бизнес. Уул уурхайн ажлаас гадна алтны ханш энэ бизнест маш их нөлөө үзүүлдэг. Алтаа олборлоод гаргаад иртэл ханш уначихвал эрсдэл хүлээнэ.

Анх 21 настайдаа банкинд алтны дилерээр ажилд орж билээ. Монголын алт олборлогч нарт олон улсын алтны зах зээлийн анализ, ханшийн таамаглал дутагдаж байгааг харж мэдрэв. Ирэх сард, ирэх долоо хоногт алтны зах зээл хаашаа чиглэх вэ гэдгийг тэд мэдэх хэрэгтэй байлаа.

Ингээд манай улсад анхны 7 хоног тутмын "Алтны анализ" бий болсон юм. Олон улсын эдийн засаг, геополитик, зах зээлийн нөхцөл байдлыг сайтар судласны үндсэн дээр алтны ханшийг таамагладаг байсан гэсэн үг. Олон ч хүний талархлыг хүлээв. Банк дотроо ч бас намайг магтаж байв.

Ингээд 2 жил орчим явсны дараа манай нэг захирал "Ганзо, чиний орчуулгууд их сайн болж байна шүү, сайн байна" гэж хэлдэг юм. Тэр үеэс хойш олон ч жил өнгөрч дээ. Энэ тухай ч их удаан бодож.

Яагаад би өөрийнхөө тархи толгойгоор анализ хийж чадахгүй гэж? Яагаад Монгол хүн гэхээрээ заавал хүний юмыг хуулах ёстой юм?  Бүгд намайг зүгээр л хүний юмыг орчуулаад тавьдаг гэж бодож байж! гэсэн бодлууд тухайн үед толгойд эргэлдэж, миний ой гутаж байлаа.

Яагаад бидний сэтгэхүй ийм болсон учрыг нь олсоон. Энэ талаараа Философийн Фундаментал сургуулийн суралцагч нартайгаа хуваалцая гэж бодлоо. Ер нь үүний шалтгаан нь Монгол улс яагаад хөгжлөөрөө дэлхийд хойгуур жагсаж байгааг шууд тайлбарлана. Мөн үүнийг засахгүй бол Монгол улс 50 жилийн дараа ч ийнхүү ядуу дорой байх болохыг та ойлгох болно.

Энэ бол "Магадлалыг Тэглэх Синдром" хэмээх сэтгэлгээний гажуудал билээ.

Би сүүлийн 10 орчим жил сэтгэл зүйг философитой холбон судлаж байгааг манай сургуулийнхан мэдэх байхаа. Одоогоор хүн төрлөхтөн хүний сэтгэл зүйд байдаг 100 орчим сэтгэлгээний гажуудлыг (cognitive bias) олж илрүүлээд байгаа юм. Харин миний ажиглалтаар илрүүлсэн "Магадлалыг Тэглэх Синдром" бол цоо шинэ гажуудал бөгөөд миний зүгээс сэтгэл зүйн ухаанд нэмэрлэх жижигхэн хувь юм.

Одоо харин сидромоо нарийвчилж тайлбарлая.

Хэдэн жилийн өмнө би лекц уншиж байхдаа бяцхан сэтгэл зүйн сорил зохиосон юм.

Би танхимаас "Таны хүүхэд Нобелийн шагналтан болох магадлал бий юу?" гэж асуусан юм.

Ихэнх хүмүүс энэ асуултанд цочирддог. (Яагаад гэдэг нь ойлгомжтой) Цөөхөн хэд нь л гараа өргөж "миний хүүхэд нобелийн шагналтан болох магадлалтай" гэж хариулдаг. Харин ихэнх нь чадахгүй байх аа гэцгээдэг.

Миний дараагийн асуулт бол "Нобелийн шагналтан болох магадлал байгаа юм бол энэ магадлал нь хэд вэ?". Ингэхэд анх болно гэсэн хүмүүсийн зарим нь мөрөө хавчиж 0.1% юм болов уу гэнэ.

Ингээд миний удаах асуулт гарч ирдэг "За таны хүүхэд нобелийн шагналтан болох магадлалтай, тэр магадлал нь 0.1% юм гэж бодъё. Одоо бид яавал зохих вэ?" . Ингэхэд хүмүүс энэ магадлалыг нэмэгдүүлж 5%, 10% болгох хэрэгтэй гэж дуу нэгтэй хариулдаг.

Харин миний эцсийн асуулт нь "Та тэгээд энэ бүх хугацаанд 0.1% байгаа магадлалыг 5%, 10% болгохын тулд эцэг эхийнхээ хувиар яг юу хийв?" гэж орж ирдэг.   

-----------------------------------------------------------------------------------------------------------------

Цөмийн физикт 0 магадлал гэж байдаггүй. Бүх үзэгдлийн магадлал 0-ээс их. Цөмийн физикээр бол аль нэг электрон тухайн мөчид ертөнцийн хаана ч байж байх магадлалтай. Хайзенбергийн тодорхойгүйн зарчим, Шродингерийн муур, Double-Slit туршилт, Бодисийн долгиолог ба бодислог хосолмол шинж чанаруудаас бид энэ ертөнцөд 0 магадлал гэж байдаггүйг харж болно.

Хачирхалтай нь ертөнцөд 0 магадлал гэж байхгүй боловч магадлал 0 байж болдог нэг л газар байна. Тэр бол бидний тархи юм. Бидний төсөөлөлд л магадлал 0 байж болно.

Гагцхүү энэхүү магадлал 0 байж болно гэсэн ТӨСӨӨЛӨЛТЭЙГЭЭ тэмцэж, магадлал хэзээ ч 0 биш гэсэн БОДИТ БАЙДЛЫГ хүлээн зөвшөөрч чадсан хүн л гэгээрэлд дөхнө. Энд буддист, христ, ислам, атейст философич хэн байх нь хамаагүй.

Бид үндэстэний шинж чанараар нь бас миний Магадлалыг Тэглэх Синдромыг (МТС) хэмжиж авч үзэж болно. Өнөөдөр яг тэр манай банкны нэгэн захирал шиг (Ганзориг энийг орчуулсан л байж таараа, яагаад гэвэл түүний хувьд Монгол хүн тийм хэмжээний анализ бэлдэх магадлал "0") сэтгэлгээний гажуудалд бид үндэстэнээрээ нэрвэгдчихээд байна. Энэ нь олон шинж тэмдгээр илэрч харагдана. Огт ирээдүйгээ ярихгүй, зөвхөн өнгөрсөн түүхээрээ амьдарч байгаа явдал бол ердөө л энэхүү МТС синдромд улс орноороо гүн нэрвэгдсэн байдлыг л харуулж байгаа юм.

Сэтгүүлчид нь улс төрчидөөс ирээдүйн тухай огт асуухгүй, улс төрчид нь ирээдүйн тухай огт ярихгүй, бизнесмэнүүд нь хэрхэн ирээдүйг бүтээх тухай хэлэлцэхгүй байгаа нь бид бүгдээрээ энэ синдромд гүн нэрвэгдсэнийг илтгэнэ. Яагаад гэвэл бидний ухамсарт Ирээдүй сайн сайхан байж болох магадлал "0" байгаад байна шүү дээ.

Би нэгэн удаа лекц уншиж байгаад "Монгол улс 30 жилийн дотор Америк шиг өндөр хөгжилтэй болох магадлал бий юу" гэж асуухад ердөө хүмүүсийн 10 орчим хувь л байгаа гэж хариулсан бол. Үлдсэн 90 орчим хувийн дундаас "Яаж Монгол Америк шиг болохов дээ, юу асуугаад байна аа та" гэж ундууцах хүмүүс зөндөө байлаа. Тиймээ бидний бяцхан тархин дотор Монгол улс сайн сайхан болох, дэлхийг манлайлах, бидний үр хүүхдүүд нобелийн шагналтан болох магадлал "0" байгаа учраас үнэхээр л энэ улс хэзээ ч сайн сайхан болохгүй, бидний хүүхдүүд хэзээ ч нобелийн шагнал авахгүй юм шүү дээ.

Эцэг эхийн төсөөлөлд хүүхэд нь амжилтанд хүрэх магадлал 0, улс орныг удирдаж байгаа улс төрчдийн төсөөлөлд нь Монгол улс Америк шиг хүчирхэг болох магадлал 0 байгаа тохиолдлыг ярьж байна.

Гэхдээ философийн фундаментал сургуулийн суралцагч, философич та бүгд энэ ертөнцөд магадлал дандаа "0"-ээс их байдгийг ойлгож авлаа. Одоо ТӨСӨӨЛӨЛӨӨ давж БОДИТ БАЙДАЛТАЙ эвлэрч, 0.1 хувь байгаа магадлалыг 1, 5, 10, 30 болгохын төлөө тэмцэцгээ. Үүнд л амьдралын утга учир оршдог билээ.

Уулын оргил оройд нь биш бэлд нь оршмой.