Saturday, September 16, 2017

Би хэн бэ? синдром


Хүний нүдэнд харагдах, гарт баригдах бүх л юмсыг Ньютоны физик судладаг. Харин энэ юмсын фундаментал төвшинг Квант физик судладаг.

Энэ хоёр физик нэг л зүйлийг судлаад байгаа боловч онол, хуулиуд нь тэс өөр.

Ертөнцийг бүхэлд нь ойлгохын тулд хоёр физикийг хослуулан хэрэглэх учиртай.

Яг л үүнтэй адилаар ХҮН гэж үзэгдэл үндсэндээ ФИЛОСОФИ, ПСИХОЛОГИ гэсэн хоёр хэмжүүрээс бүрдэнэ. Энэ хоёр бол хүн гэж зоосны хоёр тал юм.

Философи нь ҮНЭН гэж юу вэ гэдэгт хариулдаг бол Психологи нь БОДИТ БАЙДАЛ гэж юу вэ гэсэн асуултанд хариулна.

Ө.х. Философид нэвтэрсэн хүн Үнэнд ойртох бол, Психологид нэвтэрсэн (Сэтгэцийн хувьд эрүүл) хүн Бодит байдалд ойртоно. Аль нэгээр нь дангаар нь явах боломжгүй. Зэрэг л явна. Өөөрөөр хэлбэл үнэн ба бодит байдалд зэрэг ойртдог.

Жишээ авъя. Залуу бүсгүй ресторанд орлоо. Гэтэл найз залуу нь нэг бүсгүйтэй тэврэлдээд зогсч байв. Бүсгүй гүйн гарч, өндөр байшингийн дээрээс унахаар шийдэв. Гэтэл найз залуу нь үнэн хэрэгтээ эгчтэйгээ тааралдаад тэврэлдээд зогсч байжээ.

Энэ бол Төсөөлөл ба Бодит байдлын зөрүүгийн тухай классик жишээ юм. Та бидний төсөөлөл бодит байдлаас дандаа л зөрүүтэй байдаг. Харин энэ зөрүү хэр их байгаагаас бидний сэтгэцийн эрүүл мэнд хэмжигдэх юм. Хэрэв төсөөлөл бодит байдал хоёр асар хол зөрвөл бодит байдал дээр байхгүй зүйлийг хий харж эхлэх, шизофрения, дементия зэрэг сэтгэцийн эмгэг өвчтэй болох бол. Тэрнээс арай наагуурх өвчлөл нь "хардах", параной болох гэх мэтээр 200 гаруй төрөлд хуваагдан явж өгнө. Бодит байдлыг бодитоор нь харж чадаж байгаа хүн сэтгэцийн хувьд эрүүл юм.


Хүний итгэл үнэмшил ҮНЭНд хэр дөхөж байна, төсөөлөл нь БОДИТ БАЙДАЛД хэр дөхөж байна гэдгээр тэр хүний боловсролын төвшин тодорхойлогдох юм. Итгэл үнэмшилгүй хүн бол "0" дээр байна. Төсөөлөл нь "0" дээр байгаа хүн бол сэтгэцийн хурц өвчтэй хүн. 


Яг үүнтэй адилаар философийн ямарваа нэг боловсролгүй хүнийг амьтнаас салгаж авч үзэхэд туйлын бэрхшээлтэй. Учир нь амьтад дундаас зөвхөн хүн л "Би хэн бэ?" гэдэг асуулт дэвшүүлж, түүнийхээ хариуг олдог. Өөр бидний мэддэг ямар ч амьтан ийм асуулт асууж, хариуг нь олохоор тэмцдэггүй. "Би хэн бэ?" асуулт тавьж, түүнийгээ хайхгүй байгаа хүн амьтнаас ялгаагүй гэдэг нь ойлгомжтой болж байгаа байх.

Философидоно гэдэг бол угтаа "Би хэн бэ?" асуултын хариултыг хайх үйл явц юм. Түүнээс биш Аристотел гэж хүн байсан уу, тэгээд юу ярьсан, хэдэн онд нас барсан бэ гэдэг бол хэнд ч сонин биш. Философийн хичээл нь хүний дээрх асуултын хариултыг олоход туслах, аргачлал өгөхөд орших ёстой. Гэтэл бид философийн хичээлээр философичдийн амьдралын замналыг судлаад дуусдаг. Үр дүнд нь хүүхдүүд төөрөлдөж орхидог.

Философийн фундаментал сургуулийн зорилго бол аль болох олон хүнийг Үнэн ба Бодит байдалд ойртуулах. Тийм учраас бид хамгийн үнэн, хамгийн бодитой байдлаас асуултынхаа хариуг хайж эхэлдэг. Тэр нь ҮХЭЛ юм. Үхэх нь үнэн, үхэл нь бодит байдал билээ.

Төрөхөөс эхлээд Үхэх хүртэл хүний амьдрал үргэлжилдэг. Энэ бол бодит байдал юм. Харин энэ хооронд юу үнэн байх вэ. Бидэнд итгэл үнэмшил байна уу. Биднийг амьтнаас ялгадаг ИТГЭЛ ҮНЭМШИЛ гэж зүйл бидэнд байна уу. Эсвэл амьтан шиг идээд уугаад үржээд л явж байна уу. Бидний амьдралын зорилго юу вэ? Би хэн бэ?

-------------------------------------------------------------------------------------------------------------------


Маш олон мөнгөтэй хүн, өндөр албан тушаалтан, гадаадад магистр хамгаалсан хүмүүс өнөөдөр төөрөлдөж байна. Сэтгэцийн хувьд эрүүл биш байна. Яагаад гэвэл эд нар өөрсдийн толгойд орж ирсэн бодол бүрийг үнэн, нүдэнд үзэгдсэн үзэгдэл бүрийг бодит байдал гэж баталгаатай хүлээж авдаг. Учир нь мөнгөтэй байгаа нь, эрх мэдэлтэй учраас, гадаадын дипломтой учир "БИ УХААНТАЙ" гэсэн хуурамч намагт живдэг.

Энэ маш аюултай. Сэтгэцийн өвчлөл эндээс л эхэлдэг.

Харвардын магистрт лав л төсөөллөө давж бодит байдлыг харах мэлмий (вижн), өөрийн бодлуудыг давж үнэнийг хайх ухаан заадаггүй.

Үнэнийг хайх, бодит байдлыг олж харахад баримтлах гол зарчим бол өөрийн бодол, болон төсөөллийг тасралтгүй няцаах явдал юм. 

Гагцхүү ингэж өөрийгөө чамлаж, өөрийнхөө бодлуудыг няцааж, шалгаж сурвал бодит байдал болон үнэнд бага багаар ойртох болно. Энэ дэлхийд "ухаантай" хүн гэж байхгүй. Харин өөрийн мэдлэгийг байнга няцааж, сайжруулдаг хүнийг л "ухаантай" гэж жишээлж нэрлэж болох юм.

Гадаадын том сургуульд магистр хамгаалах, тооны олимпиадад түрүүлэх бол ердөө "ухаантай" байхын тулд хийх ёстой 100 зүйлийн 2 нь. Боловсрол философи, психологид хэр нэвтэрсэн гэдгээр хэмжигдэх болохоос биш Харвардын дипломтой хэдэн хулгайч, архичин, тооны олимпиадад түрүүлсэн хэдэн бүтэлгүй амьтан дэлхий дээр байдаг вэ. Бид андуураад байна.

Ийм мөнгө, албан тушаал, дипломоо боловсрол гэж андуурсан хүнтэй ярилцсанаас өөрийнхөө юу ч мэдэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн хөдөөний малчин хүнтэй ярилцаж суух нь хамаагүй хялбар байдаг. Яагаад гэвэл тэр малчин өөрийгөө юм мэдэхгүй гэдгээ зөвшөөрч байна. Энэ бол сэтгэцийн эрүүл байдал юм. Чи ч бас өөрийгөө юм мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрчих юм бол малчин та хоёрын яриа эрүүл яриа болж хувирах болно.

-----------------------------------------------------------------------------------------------------------------

Англи хэл сурах юмсан гэж яриад 20 жил болж байгаа, турна гэж яриад 10 жил болж байгаа хүмүүс эргэн тойронд чинь дүүрэн байгаа байх. 10 км гүйнэ, 100 суниаж сурна гэдэг амаргүй. Булчин мах өвдөнө. Бие чинь бүх л чадлаараа эсэргүүцнэ.

Яг үүнтэй адилаар "Би хэн бэ?" асуултынхаа хариуг хайхад хялбар биш. Англи хэл сурах, турахаас хэдэн зуу дахин хэцүү. Булчин мах өвдөхтэй адилаар тархи толгой чинь бүх чадлаараа эсэргүүцнэ. Нүдэндээ харсан юм бүрийг бодит байдал гэж хүлээж авах гэж дайрч давшилна. Толгойд орж ирсэн бодлоо шууд үнэн гэж итгүүлэхээр дайрна. Үүнийг эсэргүүцнэ гэдэг амар бишээ.

Яагаад гэвэл бид 2 сая жилийн турш амьтан байсан юм. Саяхан сүүлийн 10 мянган жил л хүн болох гэж үзэж байна. Юм бодоод зогсч байдаг, хажууд нь сүр сар хийхэд эргэцүүлээд хараад зогсч байдаг амьтан харсан уу?

Ямар сайндаа л Марк Твэйн "энэ хүмүүс 7 хоногт ядаж 2 цаг боддогсон бол." гэж хэлж байхав дээ.

Та нарын гавлын ясан дотор байгаа амьтны тархи чинь маш хурдан дүгнэлт хийхэд зориулж програмчлагдсан юм. Тэрийг нь эсэргүүцэж "Би хэн бэ?" асуултынхаа хариуг хайж философидохын тулд бид сэтгэцийн хувьд эрүүл байх учиртай.

Хэрэв бид "би хэн бэ?" асуултын хариугаа хайж олж чадахгүй бол амьтнаас ялгарахгүй.

Философич хүн ҮНЭНийг амьсгал хураах мөчдөө олсон ч жаргалтай. Тийм учраас Үнэнийг тасралтгүй хайдаг. Агуу философич Сократыг ард иргэдийн санаа сэтгэгдлийг үймүүлсэн хэргээр хор ууж үхэх ял өгөхөд түүний шавь нар шоронгоос нь оргуулахаар очсон байдаг. Гэвч Сократ үнэнийг хайх эрх чөлөөгөө боомилуулснаас үхсэн нь дээр гэж хэлээд татгалзаж ялыг хүлээн авсан байдгийг та бүгд мэднэ.

Яагаад хөгшин хүн илүү ухаантай, илүү мэргэн байдаг вэ?

Яагаад гэвэл ФИЛОСОФИ талаасаа үнэнд дөхсөн (үхэх дөхсөн учраас үхлийн тухай илүү их бодож эхэлнэ), ПСИХОЛОГИ талаасаа бодит байдлыг туршлагаараа олон удаа харж төсөөлөө харьцангуй давж сурсан (дээрх жишээний найз охины оронд байвал шууд гүйж гарч байшингаас үсрэх биш харин эгчтэйгээ байж магадгүй гэж туршлагаараа мэднэ) учраас. Гагцхүү хүн заавал хөгширч байж ийм болох албагүй юм. Хар залуугаараа ФИЛОСОФИ, ПСИХОЛОГИД нэвтэрч болно. Үүний тулд "Би хэн бэ" асуулттайгаа зогсоо зайгүй ноцолдох хэрэгтэй.

Философийн фундаментал сургуулийн шавь нар та бүгдэд "Би хэн бэ?" асуултынхаа хариуг хайж олох адармаатай, амттай аялалд тань амжилт хүсье.

Уулын оргил оройд нь биш харин бэлд нь оршмой.