Qalawun султаны хүү An-Nassir султаны 1318 онд барьсан сүм. Каир, Египет |
1260 оны 9-р сард Иерусалемийн дэргэд болсон Айн Жалутын тулаанд Хитбуха ноёны удирдсан 10 гаруй мянган цэрэгтэй Монголын арми хиар цохиулсан. Энэ байлдаанд Хитбухаг алагдсан гэж түүхчид тэмдэглэдэг.
Тухайн үед Монголчууд Иран, Иракийг бүхэлд нь, Сирийн ихэнх хэсгийг эзлэн аваад байв. Монголчуудын гол зорилго тэр үед Египетийг эзлэн авах байсан боловч Сириэс цааш ахиж чадахгүй байв. Учир нь Мөнх хаан нас эцэслэснээр Хүлэгү хаан нутгийн зүг жолоо залахаас өөр аргагүй болсон. Мөн Египетийг тэр үед Туркийн мамлюк султанууд захирч байсан бөгөөд цэрэг арми нь тун хүчирхэг байсан гэдэг.
Айн Жалутын ялагдлын дараа Монголчууд Сири дэх хотуудаа алдаж эхэлсэн тул газар нутгаа буцааж авах зорилгоор 1260 оны 12-р сард, Айн Жалутын явдлаас 3 сарын дараа ердөө 6000 гаруй цэрэгтэй жижиг арми илгээсэн нь Хомсын 1-р тулаан гэж түүхэнд тэмдэглэгдсэн. Энэ тулаанд Монголчууд мөн ялагдал хүлээсэн.
Энэ тулааны үеэр Хитбуха нэртэй ойрад монгол мамлюкуудад олзлогдсон байна. Энэ хүн нь өмнөх алагдсан гэх Хитбуха мөн эсэх эсвэл тохиолдлоор ижил нэртэй хүн эсэхийг хэн ч мэдэхгүй.
Олзлогдсон Хитбухаг Египетийн султан Qalawun худалдан авч олзноос чөлөөлсөн байна. Сонирхолтой нь султан Qalawun өөрөө анх кипчак гаралтай боол цэрэг байсан бөгөөд 1000 алтан динараар зарагдсан учир 1000т гэдэг хочтой байжээ. Араб хэл бараг мэдэхгүй кипчак залуу хааны бие хамгаалагчаас эхлээд өсөн дэвшсээр Египетийн султан хаан болсон байдаг.
Султаны ордонд очсон Хитбуха 1260 оноос 1290 он хүртэл Qalawun султаны дэргэд байхдаа энгийн цэргээс эмир, эмирээс дэд султан хүртэл дэвшсэн байна.
Удалгүй 1294 онд Хитбуха нь Египет, Сири улсын султан хаанаар өргөмжлөгдөн төр барьжээ.
Хитбуха султаны сурвалжит араб нэр нь - al-Malik al-Adil Zayn-ad-Din Kitbugha Ben Abd-Allah al-Mansuri al-Turki al-Mughli байсныг анзаарвал, хамгийн сүүлчийн al-Mughli гэдэг нь Монгол гэдгийг тодотгосон нэр үг юм. Al-Mansuri гэдэг нь Qalawun султаны кипчак гарлыг илтгэх бөгөөд мөн мамлюкуудын дийлэнх нь түрэг гаралтай байсан учир Al-Turki гэж бас тодотгосон бололтой.
1281 оны 10-р сард Илхаан Абага өөрийн дүү Мөнх Төмрийг 80,000 орчим цэрэг бүхий армитайгаар Сири, улмаар Египетийг дайлахаар явуулсан. Энэ нь өмнөх 1260 оны Айн Жалут, Хомсын 1-р тулаан мөн 1277 онд Албистанд мамлюкуудад ялагдаж алдсан нутгаа эргүүлж авах зорилготой байсан юм.
Түүхэнд Хомсын 2-р тулаан гэж тэмдэглэгдсэн энэ тулаанд бас л Монголчууд ялагдсан билээ.
Хомсын 2-р тулаанд Египетийн султан Qalawun ялалт байгуулсан.
Ингээд бодоод үзэхэд Qalawun Хитбухыг олзноос чөлөөлж дэргэдээ авч бүүр эмир цолоор шагнасан нь учиртай. Зүгээр ордонд сууж байгаа хүнд ийм хүндэтгэл үзүүлэхгүй нь лавтай.
Хитбуха Qalawun-ий дэргэд 1260 оноос 1290-ээд он хүртэл цуг байсан.
Магадгүй Хитбуха Албистан болон Хомсын 2-р тулаануудад Монголчуудыг ялахад онцгой гавъяа (Египетийн талд) байгуулсан байх өндөр магадлалтай.
Энд Монголын армийн ялагдлыг яриад байгаадаа хүлцэл өчиж нэг тайлбар хийе.
Ер нь Илхаадын улс Египетийн султануудтай байлдахад саад болж хүчийг нь сулруулж байсан гол бэрхшээл нь ар талаас нь тасралтгүй довтлох Монголын Алтан ордны улс болон Цагаадайн улс байсан гэдгийг санах хэрэгтэй. Анх Хүлэгү хаан Багдадыг товоргоход Алтан ордны лалын шашинт хаан Бэрх "лалын шашны төвийг сүйтгэсэн Хүлэгүд заавал зохих шанг нь хүртээх болно" гэж тангаргалаж байсан гэдэг.
Тийм ч учраас Египетийн мамлюкууд Алтан ордны Монгол улстай холбоо тогтоож Илхаадын Монгол улсыг хоёр талаас нь довтолж байсан нь түүх юм.
Эргээд энэ нийтлэлийн гол баатар Хитбухагийн талаар авч үзэцгээе.
Түүнийг султан байх үед буюу 1296 онд Перс дэх Монголын илхаадын улсын хаан Газанаас зугатаасан 10 мянга гаруй ойрад цэргүүд Египетэд очижээ. Эдгээр ойрад цэргүүдийг Хүлэгү хааны (Газан хааны өвөө) хүргэн хүү Турхай удирдаж очсон гэдэг.
Хитбуха султан эдгээр монгол цэргүүдэд онцгой их хайр халамж түгээж байсан нь түүний эмирүүдийн зэвүүцлийг төрүүлсэн, мөн тухайн үед Египет улсад ган гачиг нүүрлэж эдийн засаг нь хүндрэлтэй байсан зэргээс болж тэрээр суудлаасаа унасан байна.
1296 оны сүүлчээр Хитбухыг дэд султан Лажин нь унагааж өөрийгөө султанд өргөмжилсөн. Лажин султан болоход түүний дэд султанаар Мангу-Төмөр хэмээх монгол өргөмжлөгджээ. Энэ хэсэг үймээн самууны дараа 1299 онд Qalawun султаны хүү (дээрх зурган дээрх сүмийг бариулсан) An-Nassir хаан ширээнд суухад түүний дэд султанаар Seif Ad-Din Salar нэртэй монгол хүн өргөмжлөгдсөн байна.
Монголын арми 1260 оноос 1303 он хүртэл Египетийн мамлюкуудтай тулалдсан. Энэ бүх хугацаанд египетийн гол жанжид нь монголчууд байсан бололтой.
Египетэд очсон 10 мянган монгол цэрэг, түүнээс өмнө очсон татар цэргүүд, Хитбухын үр удам өнөөг хүртэл Кайр хотод амьдарсаар буй. Харин тэд өөрсдийнхөө гарал угсааг одоо мэдэхгүй болсон бизээ.
Египетийн султан хаан Хитбухын алтан зоос, 1295 он орчим. |
Эх сурвалжуудыг: Араб-Египетийн түүх, wikpedia дахь Илхаад болон Мамлюк султануудын дайны түүхээс авав.
Таалагдсан бол доорх айконууд дээр дарж фэйсбүүк, твиттер найзууддаа шэйрлээрэй.