Хэдэн жилийн өмнө миний бие Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн байв.
Мөнгөний бодлогын зөвлөл бол улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж эдийн засгийн суурь хүүг өөрчлөх шийдвэр гаргадаг хурал юм. Шийдвэр гаргах ч гэж дээ, шийдвэрийг нь Монголбанкны ерөнхийлөгч гаргаад, харин энэ хурлаас зөвлөмж л гардаг юм.
Гэвч тун удалгүй намайг банкинд ажилд орсон гэсэн шалтгаанаар мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн байхыг болиулсан билээ.
Энд би Монголчууд бидний, чөлөөт зах зээлийн маш олон ойлголтыг яаж буруу ойлгож, буруу тайлбарлаж байдгийн зөвхөн нэг жишээг Сонирхлын зөрчилөөр авч яръя.
Чөлөөт зах зээл 800 гаруй жил хөгжсөн. Ер нь бол хүн үүссэн цагаас л зах зээл гэдэг юм үүссэн боловч (социализмаас бусад үед худалдаа наймаа чөлөөтэй байсныг сануулах юун) 800 орчим жилийн өмнө Италид орчин үеийн банкны систем хөгжиж эхэлсэнээр орчин үеийн чөлөөт зах зээлийн үндэс тавигдсан гэж ярьж болох юм.
Энэ урт удаан хугацаанд олон улс орон, олон систем нуран унаж байсан боловч чөлөөт зах зээлийн тогтолцоо харин тасралтгүй хөгжиж, нэг улс орны алдаанаас бэхжиж нөгөө улс оронд очихдоо улам боловсронгуй болсоор байлаа.
Энэ дунд зах зээлийн Эдийн засгийн бөгөөд Философийн мөн чанарууд нь тун гүн гүнзгий бэхжсэн билээ. (Аливаа юмс үзэгдэл эдийн засгийн ба философийн гэсэн хоёр мөн чанараар бүрэн тайлбарлагдана гэж би өмнө нь бичсэнийг олж уншаарай)
Харин чөлөөт зах зээлийн талаар ердөө 1990 оноос эхлэн ойлголт авч байгаа бидний хувьд эдгээр эдийн засгийн болон философийн мөн чанарыг нь ойлголгүйгээр дур мэдэн тайлбарлах нь элбэг. Тэдний нэг бол Сонирхлын зөрчил билээ.
Эхлээд сонсоход (сонирхлын зөрчил гэж юу вэ гэдгийг үнэн хэрэгтээ хаанаас ч уншаагүй, гэхдээ л мэдээж юм шиг санагдах хүний хувьд) эргэлзээгүйгээр банкны захирал хүн, Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн хийж таарахгүй - асар том сонирхлын зөрчилтэй сонсогдоно.
Энэ нь 2 шалтгаантай.
1. Мөнгөний бодлогын ажил үүргийг сайтар ойлгоогүй учраас.
2. Профессионал гэдэг ойлголт манайд 1990 оноос хойш устаж үгүй болсон учраас.
1-р асуудлын хувьд - энэ бол энгийн логикийн асуудал юм. Эдийн засгийн суурь хүү нь цаашлаад Хадгаламж, Зээлийн хүүнд нөлөөлж, улмаар эдийн засгийн нийт өсөлт бууралтад эерэг сөрөг нөлөө үзүүлж байдаг энгийн зүй тогтолтой. Тэгвэл энэ эдийн засгийн суурь хүүг тогтоох зөвлөлд хадгаламж, зээлийн институтын төлөөлөл суухгүй өөр хэн сууж таарах вэ.
Жишээ нь Америкийн төв банк 12 салбар төв банкаас бүрддэг. Эдгээрийн хамгийн том нь болох Нью Йоркийн төв банкны удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнхийг арилжааны банкны удирдлагууд бүрдүүлдэг. Өөр хэн бүрдүүлэх ёстой юм бэ? Эмч нар, инженерүүд үү? Энэ төв банкнаас гарч байгаа шийдвэр харилцагчидад нь яг яаж нөлөөлөхийг хамгийн сайн мэдэх хүмүүс л бүрдүүлж таарахгүй юу.
Энгийн жишээ авъя. Барилгын яам дэргэдээ Монгол улсын барилгын салбарыг хөгжүүлэх зөвлөл байгуулжээ. Гишүүд нь хэн байх вэ? Сонирхлын зөрчилгүй байх үүднээс Баахан банкирууд, багш нар, барилгатай холбоогүй хүмүүс байх уу? Эсвэл барилгын компанийн захирлууд байх уу?
Энэ бүгдийг уншсан ч гэсэн л бидний дотор нэг "хар" яваад байна аа даа. Энэний учир их энгийн. Бид 1990 оноос хойш профессионал хүн байдаг гэдэгт итгэхээ больсон - бүх хүнийг хувьдаа юу хусч байгаа бол гэж хардах болсонтой холбоотой.
2-р асуудлын хувьд - энэ Америкчууд яагаад төрийн төв банкныхаа удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхоор хувийн арилжааны банкны хүмүүсийг тавьчихав аа?
Учир нь их энгийн. Чөлөөт зах зээлийг бэхжүүлдэг, авч явдаг, хайрлан хамгаалдаг хүч нь төр байдаггүй. Харин энэ зах зээлийн эрэг шураг болсон профессионалууд байдаг юм. (мэргэжилтэн гэж ойлголтоос өргөн ойлголт юм)
Монголд нягтлан бодогчоор төгссөн, олон жил ажилласан хүн өөрийгөө нягтлан бодогч мэргэжилтэй, мэргэжилтэн гэж боддог.
Тэгвэл профессионал нягтлан бодогч бол зөвхөн мэргэжлийн мэдлэг, туршлагатай байгаад зогсохгүй МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙТЭЙ хүн юм. Тэр мэргэжлээ хайрладаг. Нийгмийн өмнө өөрийнхөө нэр төрөөр хариуцлага хүлээж чаддаг хүнийг профессионал гэж хэлээд байгаа юм.
Бараг тэртээ дээр сүйрч мөхсөн үлэг гүрвэлийн тухай бичсэн юм шиг уншигдаж байгаа биз. Үнэн. Манай нийгэм ингэтлээ ухамсарын доройтолд орчихоод байгаа юм. Гэхдээ ийм профессионалууд Монголд цөөхөн ч гэсэн байгааг баттай хэлье.
Америкт бүх мэргэжлийн холбоод байдаг. Энэ холбоо нь тухайн мэргэжлийнхээ ёс зүйг авч явдаг. Хэрэв холбооны хэн нэг гишүүн ёс зүй зөрчвөл тэр гишүүний өмнө бүх үүд хаалга хаагддаг. Манайд харин ямар ч холбоо байхгүй, ёс зүйн зөрчил гаргасан хүн хожоод, баяжаад явахаас зах зээлээс арчигддаггүй. Ийм газар зөв яваа хүн буруу харагдаж, буруу яваа хүн зөв харагддаг нь жам.
Тухайн мэргэжлийн хүрээлэлдээ өндөр байр суурь эзэлсэн, өндөр ёс суртахуунтай, нийгмийн өмнө чухал үүрэг гүйцэтгэдэг, ард түмний сайн сайхны төлөө алд биеэ зориулдаг профессионалууд улс орныг авч явдаг болохоос улс төрчид улс орныг авч явж, хөгжүүлж байсан түүх дэлхийд байдаггүй билээ.
6 comments:
Аа, таны шинэ бичвэрийг ч удаан хүлээлээ шүү.
хүмүүс ёс зүйг уландаа гишгэсэн дээ одоо ч
Сайн байна уу,
Өчигдрөөс таны блогийг уншиж эхэллээ. Залуу удирдагч хүн, философи судлаач, банкир хүний амьдарлыг харах өнцгөөс, илэн далангуй бичдэг тань их таалагдаж байна гэдгийг юуны өмнө хэлье.
Профессионал хүмүүс улс орныг хөгжүүлдэг улс төрчид биш гэсэн сүүлийн хэсэгт эргэлзээ төрөв.
Сингапурын хөгжлийн эцэг гэгдэг ноён Ли Куан Ю-гийн тухай юу гэж бодож байна вэ? мөн Солонгос улсын удирдагч асан Пак Чон Хи? эдгээр хүмүүс улс орноо үнэхээр хөгжилд хөтлөөгүй гэж үү?
Мэргэжилийн хүмүүс нэгдэж холбоо байгуулан тэр салбараа ёс зүйтэй нь авч явдаг гэж үнэн.Ж нь:эмч нар нэгдэж холбоо байгуулан өвчтөнийг хэрхэн эмчлэх,ямар эм тариагаар эмчлэх,өвчтөнтэй яаж харьцах гэх мэт мөн жор бичээд ямар төлбөр авахаа шийддэг байх.Үүнийг тухайн яамны хүмүүс бодлого боловсруулахад оролцуулах зэрэг үе шаттай байх хэрэгтэй. Тэрнээс биш сэтгүүлч хүүхэн эрүүл мэндийн яамны сайд болчихоор доор нь ажиллаж бгаа эмч сувилагч бодлого боловсруулдаг хүмүүс нь яахаа мэдэхээ болино байх.Ийм байхад хөгжих тухай яриад яахав.Улс төрд гэхэд залгамж холбоо дутагддаг.
Мэргэжилийн хүмүүс нэгдэж холбоо байгуулан тэр салбараа ёс зүйтэй нь авч явдаг гэж үнэн.Ж нь:эмч нар нэгдэж холбоо байгуулан өвчтөнийг хэрхэн эмчлэх,ямар эм тариагаар эмчлэх,өвчтөнтэй яаж харьцах гэх мэт мөн жор бичээд ямар төлбөр авахаа шийддэг байх.Үүнийг тухайн яамны хүмүүс бодлого боловсруулахад оролцуулах зэрэг үе шаттай байх хэрэгтэй. Тэрнээс биш сэтгүүлч хүүхэн эрүүл мэндийн яамны сайд болчихоор доор нь ажиллаж бгаа эмч сувилагч бодлого боловсруулдаг хүмүүс нь яахаа мэдэхээ болино байх.Ийм байхад хөгжих тухай яриад яахав.Улс төрд гэхэд залгамж холбоо дутагддаг.
Сайн байна уу
Өчигдрөөс хойш таны блогийг уншиж эхэлж байна үнэхээр өөрт минь бас одоо үеийн залуусын юуны төлөө сурч боловсорч байгааг ухааруулах зөв нийтлэл байна. Баярлалаа
Хүндэтгэсэн Б.Эрхэмбаяр
Post a Comment