Friday, March 10, 2017

Мал уу, Хүн үү: Би хэн бэ?

2487 жилийн өмнө төрсөн Сократ үнэн мөнийг хайж философидсоныхоо төлөө "иргэдийн санаа сэтгэлийг үймүүллээ" гэдэг шалтгаар шүүхээс цаазын ял сонссон. Шавь нар нь түүнийг оргуулахаар очсон ч тэрээр "үнэн мөнийг хайх эрхээ хаалгаснаас үхсэн нь дээр" гээд хөнөөгдсөн байдаг.

Энэ бол философич хүний үнэн, зөв, мөн чанарын төлөөх тууштай тэмцлийн жишээ юм.

Өнгөрсөн 2487 жилийн хугацаанд хүн төрлөхтөн огтхон ч өөрчлөгдсөнгүй. Гар утас барьж, ганган хувцас өмсч, хурдан онгоц хөлөглөсөн боловч харанхуй, төөрсөн байдал нь яг л ижил байна.

Фундаментал сургуулийг дагагч нар тасралтгүй хүний мөн чанар, өөрсдийнхөө амьдралын учир шалтгааныг хайж байх учиртай.

Хөгжлийн онол гэхээр үндсэндээ ХҮНИЙ асуудлыг л ярина гэсэн үг. Хүн өөрөө хөгжих дизайнтай амьтан. Нөгөө талаас энэ хөгжлийг хойш нь чангааж байдаг чанаруудтай.

Үүнийг ойлгохын тулд хүн гэж амьтны мөн чанарыг бид ойлгох ёстой.

Мөн чанарыг нь задлаад үзэхээр амьтан мөн чанар, хүн мөн чанар гэсэн үндсэн хоёр эсрэг тэсрэг хүчин үйлчилж байгааг бид амархан мэдэж болно.

Хүн бол эхлээд амьтан байсан. Олон сая жил хувьсаж өөрчлөгдөөд саяхан л хүн болж яваа амьтан. Тийм учраас бидний далд болон ил ухамсараар дүүрэн амьтан мөн чанар шингэсэн байгааг юуны өмнө сайтар ойлговол зохино.

Гагцхүү үүнийг ойлгож, ялгаж харж байж л хүний хүн мөн чанарыг гаргаж ирэх, та бүгд өөрсдийн амьдралын утга учрыг ойлгох бололцоотой болно.

Бид бүгд залхуу. Гэтэл залхуу гэдэг бол хөгжил дэвшлийн эсрэг зүйл. Энэ залхуу гэдэг зүйлийг бид буруу л гэж хардаг болохоос мөн чанарыг нь таньдаггүй.

Фундаментал сургуулийн суралцагч бид нар аливаа юмс үзэгдлийн шинж чанарыг биш мөн чанарыг ухаж таних үндсэн зарчим баримталдаг билээ.

Залхуу бол буруу биш. Залхуу бол харин бидний далд ухамсарт байгаа мөн чанарын шинж чанар юм.

Амьтан мөн чанараа ухаж ойлгохын тулд амьтадыг авч үзье. Амьтад амьд гарах, үр төлөө үлдээх гэсэн үндсэн хоёр мөн чанар дээр суурилж байдаг гэж бодъё. Тэгвэл энэ бол амьтадын мөн чанар юмаа гэж тодорхойлоё.

Тэгвэл бидэнд энэ мөн чанар байна уу? Байна!

Амьд гарахын тулд бид хамгийн хямд, хялбар аргыг эрэлхийлэхээр програмчлагдсан. Залхуурал бол тэрний илрэл. Үнэхээр аминд тулсан шаардлагагүй байхад ойлгомжгүй үйлдэл хийгээд л энергиэ бараад сууж байдаг амьтан гэж байх уу.

Арслан барс дайраад орж ирэхэд амь насаа хамгаалж, амьд үлдэх хүчтэй зөн бидэнд суусан байдаг. Тухайн үедээ хэрэгтэй байсан учраас бид энд өнөөдөр сууж байгаа. Гэхдээ өнөөдөр бидэнрүү арслан барс дайраад байгаа юм алга. Энэ бидэнд нэг үе хэрэгтэй байсан мөн чанар одоо янз бүрийн залхуурал, айдас, амин хувиа хичээлт, өөрийгөө бусадтай харьцуулах үзэл, хариуцлагаас зугатах хандлага, бусдыг чичлэх зан, ахиуг нь өөртөө хусах сэдэл гэх мэт үй түмэн бохир заваан зан чанар болон илэрч гарч байна.

Залуу гэр бүл салалт Америкт бараг 50 хувь хүрсэн гэж байгаа. Яагаад.

Өнөөх л амьтан мөн чанартай холбоотой. Үр төлөө үлдээх гэдэг бол амьтадын, тэр тусмаа хүн амьтаны мөн чанар. Эсрэг хүйстнээ хараад шохоорхоно гэдэг бол амьтан далд ухамсартай ихэвчлэн холбоотой.

Олон гэр бүл анхны харц (хоёр амьтан бие биенээ харсан л харц - тэрнээс нэг хараад итгэл үнэмшил, зан төлөвийг тодорхойлох боломжгүй), дурлал, шохоорхол дээр үндэслэсэн сэтгэл хөдлөл, цаашдаа ичсэн хүн хүн ална гэдэг аксиомд захирагдаж суусан байдаг. Гэтэл эцсийн эцэст бид амьтан биш хүн л учраас, үзэл бодол, итгэл үнэмшил, хэв маяг, сонирхол зорилгын ялгаа гарснаас болж салдаг. Амьтад байсан бол салахгүй тэр чигтээ явах л байх.

Дашрамд хэлэхэд Ромео Жулиетта хоёр хэрэв тэр орой амь алдалгүй цаашид үргэлжилэн амьдарсан бол бараг 50 хувийн магадлалтай сэтгэл ханамжгүй салах байж. Ичсэн хүн хүн ална гэдгийн учир нь хэрэв хоёр талын эцэг эх дургүйцэх маягтай байвал дурлалын хүч хэд дахин нэмэгддэг гэж судлагаа гарсан байдаг. Энэ бол амьтан мөн чанарууд яваад байнаа л гэдгийг харуулж байгаа хэрэг.

Тэгэхээр бид амьдралын ханиа сонгохдоо амьтан мөн чанартаа удирдуулж, догдолж, яарч, бодлогогүй шийдвэр гаргах биш харин хүн мөн чанар дээрээ суурилж шийдвэр гаргавал гэр бүл салалт яаж багасах вэ гэдэг нь ойлгомжтой харагдана.

Шохоорхол, дурлалыг (амьтан мөн чанар, үр удам үлдээх, хавьтах зөн) Хайр, итгэлцэл, хүндлэлээс салгаж ялгах ухааныг 14-тэй, 15-тай залуу үед суулгачихад л хангалттай. Боловсролын систем, дунд сургууль ийм зүйлд л зориулж оршдог. Тэрнээс логарифм заах, математикийн олимпиадад медал авах бол 178 дугаар асуудал юм. Тооны олимпиадад түрүүлсэн хэрнээ буруу хань сонгоод хүүхэд өнчрүүлсэн хичнээн хүн байдаг юм. Амьтан мөн чанартаа дийлдэгдэхэд тэр математикч тоочин байх, харвардад магистр хамгаалсан ямар ч нэмэр болохгүй.

Хүн философич байж л амьтан мөн чанараа, хүн мөн чанараараа дарангуйлж, дийлж чадна.

Би ажилд авахдаа горилогчдоор эссэ бичүүлдэг. Маш олон хүн хань ижилтэй болоод үр хүүхдээ үлдээсэн/үлдээх маань миний амьдралын хамгийн том амжилт гэж бичдэг. Арслан ч, сармагчин ч, бүх л амьтан тэгдэг. Би амьд үлдэх, үр удмаа үлдээх хүнийг оруулаад бүх амьтанд байдаг мөн чанарыг туйлын ихээр хүндэтгэж үзэж, ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Харин хүн болохынхоо хувьд юугаар ялгарах гэж байна даа?

Би хэн бэ? асуултынхаа хариултыг цөхрөлтгүй хайж, хүний хүн мөн чанарыг илрүүлж, өөрийн амьтан мөн чанараа дарж авах их ажилд шамдаж байгаа нийт философичиддоо амжилт хүсье.

1 comment:

Batbileg Amartsogt said...
This comment has been removed by the author.